“Синдикат ярилцлага–Эксклюсив” 18 дахь дугаарын зочноор “The Filmbridge”, ”Mongol Films Distribution” компанийг үүсгэн байгуулагч Н.Цогтбаяр уригдлаа.
-Та хэзээ, хэрхэн яаж кино урлагийн салбартай холбогдсон бэ?
-Би багаасаа энэ салбартай холбогдсон. Манай ээж 25 жил телевизийн салбарт ажиллаж, үндэстийн телевизийн програмын захиргааны дарга хүртэл хийж байсан, “Глоб Интернэйшнл” ТББ-ыг үүсгэн байгуулсан Наранжаргал гэдэг хүн бий. Бага байхаасаа ээжийн ажил дээр телевизийн студийн том цонхон дээр унтаж өссөн. Би анх сэтгүүлч болохыг хүсдэг байсан. Шалгалтыг нь өгөөд тэнцсэн ч “Харцага” кино урлагийн дээд сургуулийн рекламыг үзээд сэтгүүлч биш кино урлагаар сурахаар шийдсэн. Багадаа маш олон кино үзсэн өссөн. Манайх хамгийн анхны видео тоглуулагчтай айлуудын нэг байлаа. Улмаар Бунтар багшийн шавь болж “Харцага” кино урлагийн дээд сургуулийн хоёр дахь элсэлт нь болж орсон. Тэр сургуульд эхнэртэйгээ танилцсан түүхтэй. Одоо эхнэр маань АНУ-д уран нугаралтын сургууль ажиллуулдаг. Европт “Алтан охин” гэж танигдсан уран нугаралтын мастер багш хүн бий. Сургуульд найруулагчийн ангид сурч байхдаа АНУ руу явах шийдвэр гаргасан. Тэр жилийн хавар Бунтар гуай өөд болсон. Хэл заавал сурах ёстой юм байна гэдгийг мэдрээд АНУ руу хэлний бэлтгэлд явж англи хэлийг сайн сурч чадсан. Үргэлжлүүлж сураад АНУ-д мэргэжлээрээ төгсч чадсан. Хүн байнга өөрийгөө хөгжүүлж, сурч байх ёстой юм билээ.
Монгол киног дэлхийд гаргах зорилгоор “Mongol Films Distribution” компанийг АНУ-д байгуулсан. Хамгийн анхны оролцсон кино наадам маань АНУ-ын Калифорни мужийн Санта Моника хотын олон улсын наадам байсан.
Анхны хамтрагч маань ӨМӨЗО-ны баримтат киноны найруулагч Чагдарсүрэн гэж хүн бий. Энэ хүн “Аравт” киноны гол хөрөнгө оруулагч. Монгол Улс гэдгийг сонсоо ч үгүй хүмүүст газрын зураг гарган харуулж байгаад монгол киногоо танилцуулдаг байлаа. Тэр үед шилмэл кинонуудыг сонгож авч чадсан. Тухайлбал, “Шарга даага”, “Аравт”, “Ар хударга” гэх мэт аятайхан хийцтэй, продакшнийн үнэ цэнтэй кинонууд. Тухайн үед нэг сая ам.доллар зарцуулж хийсэн кино Монголд байгаагүй. Харин “Аравт” кино нэг сая ам.доллараар бүтсэн. Бусад нь бага төсвөөр бүтсэн боловч хийцийн хувьд өндөр үнэтэй бүтсэн киноноос ялгарахгүй өрсөлдөж чадаж байсан.
Улмаар дэлхийн киног Монголдоо үзүүлэх зорилгоор “The Filmbridge” компанийг байгуулсан. Олон хүн дэлхийн кино урлагийг Холливүүдийн алдартай кинонуудаар л төсөөлж ойлгодог байж магадгүй. Олон улсын кино наадмуудаар явж байхад үүнээс өөр маш олон гоё кинонуудтай таардаг. Гадаад явж энэ гоё кинонуудыг үзэх боломжтой хүмүүс мөн цөөхөн шүү дээ. Энэ кинонуудыг хэл устай, хоббитой хүмүүс нь хайж олж үздэг болохоос жирийн үзэгчдэд хүргэж чаддаггүй байв. Одоо хүртэл бид Монголд “Алтан гэр”, “Улаанбаатар” гээд хоёрхон олон улсын кино наадамтай. Иймээс дэлхийн бусад орны гоё кинонуудыг монгол үзэгчдэд хүргэе, тэр дундаа Independent буюу том студи, продакшнийн биш кинонуудыг зорилтот зах зээлээ болгосон. “Motion Picture Association of America”-г Paramount Pictures, Sony Pictures, Universal Pictures, Walt Disney Studios, Warner Bros зэрэг зургаан том студи өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалахын тулд байгуулсан байдаг. Алдарт Lions Gate, Miramax, Voltage хүртэл энэ том зургаан студийн тоонд багтаж чаддаггүй. Иймээс эдгээрийг Independent буюу бие даасан студиуд гэж томъёолдог бөгөөд эдгээрийн кинонуудыг Монголд оруулж ирэхийг зорьсон.
Тэр үед Монголд кинотой холбоотой оюуны өмчийн хулгай замаа алдсан байсан. Телевизүүд нь хулгайлаад гаргадаг байлаа шүү дээ. Учир нь эдгээр кинонуудыг албан ёсоор оруулж ирдэг хүн, байгууллага нь байхгүй байсан. Тэдний хувьд Монгол том бөгөөд сонирхолтой зах зээл биш хэдий ч оюуны өмчөө хамгаалах зорилгоор бид нартай хамтран ажиллаж эхэлсэн түүхтэй. Бидний хувьд маш өндөр өртгөөр энэ компаниа эхлүүлж байсан. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд гадаад хэл дээрх киноны зах зээлийн талаас илүүг нь эзэлж чадсан. Өнгөрсөн найман жилийн хугацаанд 500 гаруй нэг ангит уран сайхны гадаад киног Монголын зах зээлд нийлүүлээд байна. Үүн дээр баримтат, анимэйшн, олон ангит кинонууд нэмэгдэнэ.
-Кино урлагийн дэлхийн зах зээлийн тухай товч мэдээлэл өгнө үү. Монгол уран бүтээлчид дэлхийд гарахын тулд юу анхаарах ёстой вэ?
-Кино энтертайнмент чиглэлд багтдаг. Энэ чиглэлд Америк дэлхийд тэргүүлдэг. Иймээс Америкт од болж чадвал та дэлхийд од болно. Эд Ширан Англидаа гурван цомог гаргасан мундаг артист, агуу Элтон Жонтой бараг шахуу адил түвшинд хүрсэн ч дэлхийд хэн ч таньдаггүй байв. Иймээс мань эр Америк явж андерграунд чиглэлээр хар арьстнуудын хүрээлэлд орж, өөрийгөө хүлээн зөвшөөрүүлж байж америкийн зах зээлд хөл тавьж байсан. Кино урлаг үүнтэй яг адилхан. Өөрийн улсдаа том од байж болох ч Холливүүдээр дамжиж байж л дэлхий рүү гарна. Америкийн зах зээлд гарч чадсан киноны үнэлгээ олон улсын зах зээл дээр даруй 25-аас 30 хувь өсдөг.
-Монголын киноны зах зээл, монгол киноны чанар чансааны талаар таниас асуумаар байна.
-Бусад газартай харьцуулбал Монголд өрөвдмөөр төсвөөр кино хийдэг. Тэрбум төгрөг давсан өртгөөр хийсэн кино Монголд асар үнэтэй бүтсэнд тооцогдоно. Үүнээс үүдээд ашгийн болон зохиогчийн гээд кино хоёр хуваагддаг. Эхнийх нь цэвэр арилжааны буюу мөнгө олж кино бүтсэн зардлаа нөхөж, хөрөнгө оруулагчдаа өгөөж хүртээх зорилготой. Хоёр дахь нь зохиогчийн буюу энд тэндэхийн хөтөлбөр, сангууд, буцалтгүй тусламжийн эх үүсвэрээр бүтдэг олон улсын фестивалиудаар явдаг арилжааны биш кинонууд. Энэ чиглэлээр дагнасан борлуулалтын агент компаниуд олон улсад байдаг.
-Кино продакшн компани, дистрибюшн компани, борлуулалтын агентуудын ялгааг тайлбарлаж өгнө үү. Монголд нэг хүн энэ бүх ажлыг хийгээд яваад байдаг. Тэр нь зөв үү, буруу юу?
-Манайд ганцаараа бүгдийг хийгээд явж байгаа кэйс бий. Нэг талаараа төсөв мөнгөндөө баригдаад тэр байх, нөгөө талаасаа манай кино урлагийн хөгжил их сонин үсрээд үсрээд явчихсан байдаг. Кино урлагаа бүтэн таньж мэдээгүй явж байхад Оросууд орж ирж тусалсан. Оросуудаас сурах юмаа сураад арай гэж өөрсдөө хийх гэж байтал ардчилсан хувьсгал болж бүх үйлдвэрлэл зогссон. Тэр үед зөрөөд дижитал видео үүссэн нь кино уран бүтээлчдэд маш том дэмжлэг болсон. Холливүүд ч гэсэн энэ үед дараагийн хөгжлийн шат руу маш хурдан шилжиж, Independent кино уран бүтээлчид хөгжлийн дараагийн шат руугаа үсэрсэн. Үүнийг дагаад B, C үнэлгээтэй буюу бага төсвөөр бүтсэн, эргэлт хурдан кинонууд хүчээ авсан. Тухайлбал, аймшиг болон акшн төрлийн кинонууд. Дэлхий хэдийнэ туулаад өнгөрсөн үе шатыг бид яг одоо араас нь давтаад явж байна.
-Энэ процесийг давтахгүй товчлох арга байна уу?
-Тэр замаар нь явж давж туулж байж дараагийн шат руугаа орно шүү дээ. Зовлонгоо мэдэрч хөгжих ёстой. Мөлхөж сураагүй байхад нь шууд босоод яв гээд хүнийг загнаж болохгүй. Монголчууд олон талын авъяастай, хувирамтгай, элдэвтэй хүмүүс. Энэ хэрээр янз бүрийн орчинд нь тааруулж хувьсан өөрчлөгдөж чаддаг. Үүн дээрээ хэт дулдуйдаад зарим тал дээр мэргэжлийн байх дээр алдаад байдаг. Хэрвээ чи зураглаач болохыг хүсч байвал яаж ийж байгаад буюу камерны утас татдаг ажил хийж байгаад ч болтугай хүчээр зүтгэж болохгүй. Зураглаач болъё гэж бодож байвал ядаж зураглаачийн туслахаас л ажлаа эхлэх ёстой гэж манай багш надад хэлж байсан. Өөрөөр хэлбэл, зураглаач, камерийн утас татдаг мэргэжлүүд шал тусдаа зүйл. Мэргэжил, функц болгон тусдаа хөгжиж, энэ чиглэлийн мэргэжилтнүүд нь тусдаа ажиллаж байж мэргэжлийн хувьд өсч чаддаг. Нэг эзэмшсэн мэргэжлээ тултал хөгжүүлэх ёстой гэдэг санаа.
Хуучин манайд эвлүүлэгч нь өөрөө өнгө тавьдаг байсан бол сүүлийн үед өнгө тавьсан тусдаа хүмүүс ажилладаг болж байна. Гэхдээ эвлүүлгийн найруулагч гээд балай юм яриад байдаг. Үүнийг болих хэрэгтэй. Ийм мэргэжил дэлхийд байхгүй. Эвлүүлэгч хүн өөрөө л эвлүүлэх ёстой. Үүний тулд мэдрэмжтэй байх ёстой. Найруулагч киногоо найруулах ёстой болохоос биш эвлүүлгийн найруулагч гэж тусдаа мэргэжил, ажил байхгүй. Киноны дуу, зургийн найруулга дээр тусдаа хүмүүс гарч ирж байгаа ахиц байгаа. Зургийн найруулагч зураг авдаг. Манайд заримдаа хэтэрхий туйлшраад би зургийн найруулагч болохоос камерны ард суудаг жижиг гар биш гэдэг хандлага гарах гээд байдаг.
Продакшн компани дээр хөрөнгө оруулагчид орж ирээд кино төсөл хэрэгжүүлдэг. Америкийн том студиуд гаднаас мөнгө босгодоггүй. Кино төслүүдээ өөрсдөө дотроосоо санхүүжүүлээд явчихдаг. Жишээлбэл, алдарт найруулагч Стивен Спилберг өөрийн том компанитай. Энэ хүн киноны санаа, бэлтгэл ажлаа өөрөө санхүүжүүлээд хийдэг. Улмаар дараагийн шатанд аль нэг студиод киногоо өгч хамтран ажилладаг. Үүнээс цааш нэмж мөнгө босгох, ашиг ба эрсдлээ хуваах тал дээр нөхцлүүдээ тохирдог. Үүнийг опшн (option) гэж нэрлэдэг. Талууд тохиолцож чадвал урьдчилгаа мөнгөө аваад ажил руугаа бүтэн хүчээр ордог. Энэ нөхцөлд дараа дараагийн мөнгө хурдан босдог.
Индепендент уран бүтээлчдийн хувьд бүх мөнгөө өөрсдөө босгодог. Хувь хүн, банк санхүүгийн байгууллагууд, хөрөнгө оруулалтын сангуудаас мөнгө босгох, зээл авах замаар аижлладаг. Энэ бүх ажлыг продюсер хүн хийдэг. Зарим тохиолдолд индепендент студиуд хоорондоо хамтарч ажилладаг. Нэг нь зохиол дээр ажиллаж байсан бол нөгөө нь орж ирээд борлуулалтын функцийг нь хариуцан авдаг. Борлуулалтыг нь хариуцна гэдэг тэр студи тухайн кинонд хөрөнгө оруулна гэсэн үг биш бөгөөд нэрээ ашиглуулж байна гэсэн үг.
Жүжигчид хүртэл ийм зарчмаар ажилладаг. Жишээ нь, би өөрийн кинондоо алдартай жүжигчин болох Брэд Питтийг тоглуулахаар боллоо. Мань эр надаас 10 сая ам.долларын хөлс нэхнэ. Pay or Play гэдэг зарчим байдаг. Тэр нь өнөөдөр би Брэд Питтэд 2 сая долларын урьдчилгаа төлбөр өгч, тухайн жилд зураг авалтанд орох боломжтой өдрүүдийг нь сугалж авдаг. Үлдсэн төлбөрийг нь кино зураг авах явцдаа босгож төлнө гэж тохиролцдог гэсэн үг. Хэрвээ би үлдсэн хугацаанд мөнгөө босгож зураг авалтаа хийж чадахгүй бол Брэд Питт нөгөө 2 сая доллараа авч үлдээд дараагийн өөр кино төсөл рүүгээ явна гэсэн үг. Гэхдээ нөгөө талаас Брэт Питтийг би кинондоо тоглуулахыг баталгаажуулж чадвал бараг бүх кино борлуулалтын агент компаниуд өөрсдөө гүйж ирээд борлуулалт дээр хамтран ажиллах саналыг тавьдаг. Америкт ийм зарчмаар ажилладаг. Ийм учраас кино одуудтай хамтран ажиллах чухал. Энэ нь одуудын нөлөө гэхээс илүү тухайн алдартай жүжигчин уг кино төсөлд оролцвол хэдэн төгрөг гаднаас босгох боломжтой, дараа нь кино нь хэр сайн зарагдах вэ гэдгийг л хардаг. Хичнээн од байлаа гээд түүнийг дагаад кино төсөлд мөнгө босохгүй, дараа нь кино нь борлуулагдахгүй байвал нэмэргүй гэсэн үг.
-Дээрх дурдсан шиг зохиолч, жүжигчид тогтсон төлбөртэй ажиллахаас гадна төлбөр авахгүйгээр киноноос ашиг авах замаар хувь нийлүүлж хамтран ажилладаг кэйс байдаг биз дээ?
-Байгаа байгаа. Холлүвүүдийн хамгийн том хүч нэтворк буюу хүн хоорондын харилцаа, танилуудын сүлжээнд байдаг. Энэ зүйл монголын киночдод маш ихээр дутагддаг. Ямар нэг шинэ санаа гарлаа гэхэд америкчууд би гэдэг үзлээсээ татгалзаж чаддаг. Тухайлбал, энэ дүрийг надаас илүү чи бүтээх юм байна, энэ зохиолыг би бичиж чадахгүй харин чи хамгийн сайн хийх юм байна, энэ киног би биш та хамгийн сайн найруулах юм байна гээд бие биендээ туслаад дэмжээд хамтраад багаар ажилладаг. Энэ харилцаа нь нөгөө талаас өнөөдөр би чамд тус болж байгаа бол маргааш та надад эргээд туслана гэдэг зарчим тэнд ажилладаг. Бүгд хоорондоо байнга холилдож ажилладаг. Өнөөдөр Disney-д ажиллаж байсан хүн маргааш Paramount-д ажиллаад явж байх жишээтэй. Гадны киног Монголдоо оруулж ирэхээр ажиллаж байхдаа үүнийг би яг нүдээрээ харсан. Олон улсын гол кино наадам, киноны зах шинэ он дөнгөж гараад Америкийн Sundance-с эхлээд дараа нь Берлин, Хонг Конг, Канн гээд тойроод явдаг. Тэгэхэд Канн дээр уулзсан залуу дэлхийн том компанид ажилладаг байснаа сүүлд уулзахад ажилгүй болсон байсан. Тэр үедээ надтай кофе шопт уулзах санал тавьсан. Сарын дараа уулзахад Lions Gate-ийн дэд ерөнхийлөгч болсон байх жишээтэй. Хэрвээ би тэр үед чи ажилгүй болсон юм чинь гээд кофе шопт дуудахад нь очоогүй байсан бол Lions Gate дээр очоод уулзах нүүргүй болох байсан.
Монголд “Би чадна”-уудын эгог дарж чадвал амжилтанд хүрнэ.
Манайд мэргэжилдээ сайн, мундаг хүмүүс зөндөө бий. Энэ мундаг хүмүүс хөдөөний олон салаа замаар биш харин нэг замаар хамтдаа явах юм бол амжилтанд маш хурдан хүрнэ. Хоорондоо нэгдэх тухай би яриад байна. Бие биедээ хэлэхгүй байж байгаад энд тэнд тааралддаг. Энэ хэрээр нөөц боломжоо алдаж, үр өгөөжгүй зарцуулдаг. Хуучин би гадаадад голцуу ганцаараа явдаг байсан бол одоо “Кино Урлагийн Зөвлөл” байгуулагдаж, монгол уран бүтээлчдэд олон улсад гарах шүхэр болж байна. Энэ шүхэр дор нэгдэж чадвал олон улсад гарах том боломж үүсч байгаа. Харин энэ бүтэц дотор хэн нэг болохгүй хүн орж ирээд хор хутгаад баллачих вий дээ гэдгээс л эмээж байна. Энэ эрчээрээ яваад бид Солонгосын түвшинд хүрэх хэрэгтэй. Солонгост кино урлагийн зөвлөлийн ерөнхийлөгчөөр нэг хүнийг гурваас дээш жил огт ажиллуулдаггүй. Засаглал, ёс зүй талаасаа байнга сольж өөрчилдөг. Гэсэн ч дор нь бүрдсэн систем зогсолтгүй ажилладаг учраас шинэ даргатай болсон ч машин огт зогсдоггүй.
Буцаад үндсэн асуулт руу ороход кино бүтэх яг тогтсон стандарт гэж байхгүй. Солонгосын продакшн компаниуд америкаас шал өөрөөр ажилладаг. Монголд бас өөрөөр ажиллаж байна. Продакшн компаниас уран бүтээл гарсны дараа борлуулалтын компани руу шилждэг. Sales agent буюу энэхүү борлуулалтын компани түгээлт хийдэггүй. Гэхдээ түгээлт хийдэг дистрибюшн компаниудтай холбож өгдөг. Харин кино театр, ОТТ суваг, телевизүүд бол дистрибютерүүд буюу киноны эцсийн харилцагчид (End users) гэсэн үг. Кино театрууд өөрсдөө киногоо цуглуулдаг байсан бол тогтолцоо алдагдана гэсэн үг. Үүний оронд дистрибюшн компаниуд хэнд ямар контент, кино нийлүүлэх ажлыг зохион байгуулдаг. Манайхан контент гэдгийг зөвхөн кино гэж ойлгож яриад байдаг. Энэ бол буруу. Контент гэдэг дотор киноноос гадна дуу хөгжим, анимэйшн, сошиал дээрх бүх контентууд багтана. Иймээс киног кино л гэж нэрлэж занших хэрэгтэй.
-Продакшн компани борлуулалт болон дистрибюшн компаниудтай ямар үндсэн зарчим дээр тохирон ажилладаг вэ? Ялангуяа санхүү талаас нь асуумаар байна.
-Борлуулалтын компани зарим кино төсөл дээр эхнээс нь ороод санхүүжилт дээр нь тусалж, хөрөнгө оруулж болдог. Ихэнх тохиолдолд пост продакшн дээр нь орж ирээд, Executive Producer буюу Гүйцэтгэх продюсерээр ажиллаж, уг киног цаашид дэлхий нийтэд түгээж амжилттай зарж борлуулах ажлыг хариуцдаг. Постер, трэйлэр, пресс кит дээр ажиллана. Паблисист нэмээд орж ирвэл уг киног дэлхийн медиа сувгуудаар тараах, шуугиан үүсгэх, ПР хийх ажлуудыг хийдэг. Энэ бүхэнд мөнгө төлөх ёстой. Паблисистууд өндөр үнэтэй. Дор хаяж нэг кинон дээр 25 мянган ам.доллараар ажиллана. Гэхдээ энэ хүмүүсийн хийж чаддаг ажил нь агуу. Тэд дэлхийн бүх кино фестиваль, бүх борлуулагчдын анхаарлыг татаж чадна. Борлуулалтын стратеги гаргаж, кино уран бүтээлчдийг нэг дуу хоолойтой болгож чадна. Тэд л кино жүжигчдийг од болгодог. Монголд одоогоор ийм хүн алга.
Монголд ер нь байхгүй юм их байна. Дистрибюшн компани нь ч алга. Ийм учраас киночид нь өөрсдөө кино театртай очиж гэрээгээ хийдэг. Ингэж шууд гэрээ байгуулдагаас болоод өөрсдийгөө их хүнд байдалд оруулдаг. Уг нь уран бүтээлчид уран бүтээлээ л хийх ёстой, тэр нь ч өөрсдөд нь дээр шүү дээ. Энэ тогтолцоо удахгүй бага багаар өөрчлөгдөнө. Техник, тоног төхөөрөмжөөрөө бид дэлхийтэй хөл нийлүүлээд алхдаг болсон. Black Magic, ARRI, Red бүгд Монголд байна. Дэлхийн бүх технологийг мөнгөөр зодоод оруулаад ирж болж байна. Гэвч тогтолцоо, суурь бүтцээ өөрчлөх ёстой болчихоод байна. Кино театр, IPTV-үүдээр арай ч дээ гэхээр олон кино гарч байна. Яг энэ үзэгдэл бүх газар давтагдсан. Солонгост ч гэсэн яг ийм байсан. Хошин шог, маазрал маягийн кино Зүүн Өмнөд Азид маш сайн явдаг. Энэ нь тухай улс орон, бүс нутгийн боловсролоос хамаардаг байж магадгүй. Казакстанд жишээ нь топ кинонууд нь нэг бол хайр сэтгэл, уйлуулдаг кино, эсвэл инээдмийн кинонууд байдаг. Дээр үед ч гэсэн Хонг Конгууд яг манайхтай адилхан зохиолгүй байж кино зурганд гарч алдаг байсан. Зодолдож байгаа жүжигчид найруулагчаасаа юу гэж ярилцах вэ, хэлэх үгээ асуухад зүгээр тоо тоолчих, дараа нь амыг чинь бариад дуу оруулаад тексттэй болгоно гэж хүртэл хэлдэг байсан түүхтэй. Энэ тухай Жаки Чан, Жет Лигийн дурсамж дээр байдаг.
Кино зохиол зургийн талбай дээр солигдох зүйл дэлхий даяар байдаг л даа. Гэхдээ зохион байгуулалт сайтай төсөл дээр ийм зүйл ховор гардаг. Бусад газартай харьцуулахад монгол кино хэтэрхий яараад байна. Киног маш хурдан хийж байна, кинонд мөнгө оруулсан хүн ч мөнгөө хурдан эргүүлж авахыг хүсч байна. Ингэж яарсны улмаас дутуу төлөвлөлт хийж санхүүгээр шатдаг. Хэрвээ энэ уран бүтээлчид, хөрөнгө оруулагчид кино дистрибюшн, маркетингийн компаниудаар дамждаг байсан бол энэ бүх эрсдэлтэй тулахгүй. Нэг нэгнийхээ урдуур дайрч ордог, боломжийг нь хулгайлдаг, би би гэсэн үзлээсээ болоод манай уран бүтээлчид хоёр талаасаа хамт шатдаг, эсвэл нэг нь бүр үнс нурам болтлоо шатдаг. Харийн улсад хүртэл ийм зүйл манайхны дунд тохиолддог. Хэдэн долоо хоногийн өмнөөс киногоо гаргах гээд бэлдэж байтал өөр нэг кино гэнэт шууд давхиж орж ирээд үзэгчдийг нь хуваадаг. Хоорондоо нэгдэж ажиллаж чаддаггүй.
-Таны бодлоор монгол уран бүтээлчид хэдэн жилийн дараа энэ үеэсээ сугарч дараагийн хөгжлийн шат руугаа шилжинэ гэж харж байна вэ?
-Мэдэхгүй байна. Олон улсын кино наадмуудад монгол киночид амжилттай оролцдог боллоо, гадныхантай хамтарч уран бүтээл ихээр хийж байна. Олон улсын зарчмуудад манай залуус маш сайн суралцаж байгаа гэж бодож байна. Энэ суралцаж байгаа зүйлсээ алдахгүйгээр цаашаа явах хэрэгтэй. Гадныхантай олон улсын стандартаар ажиллаж байгаад өөрөө дангаараа уран бүтээл хийхдээ яг буцаад монгол аргаараа хийгээд эхэлдэг харамсалтай зүйлс анзаарагдсан. “Энэ бол Монгол” гэдэг шиг энэ дээр л хамаг алдаа гардаг. Гадны зүйлийг тэр чигээр нь хуулахаас илүү болж бүтэж байгааг нь суралцаад нутагшуулах хэрэгтэй. Жишээ нь, кино зохиолд Холливүүд стандарт гэдэг зүйл бий. Энэ стандартыг дагах нь бид Холливүүдийг дуурайж байна гэсэн үг огт биш. Энэ стандарт яагаад амжилттай ажиллаад байна вэ гэвэл 100 гаруй жилийн турш батлагдсан учраас юм шүү дээ. Хуудасны тоо, фонтны хэмжээ, загвар, форматыг нь хүртэл заасан байдаг.
Кино зохиолыг нэг бүрчлэн уншдаг Script readers гээд тусдаа хүмүүс байдаг. Продюсер болгон олон хуудас зохиол уншиж амждаггүй, бардаггүй. Иймээс зохиол уншдаг хүмүүс тусдаа ажиллаж манай продюсер энэ зохиолоор кино хийвэл амжилт гаргахаар байна гээд зохиолыг нь сонгож өгдөг. Зохиол уншдаг эдгээр хүмүүс эхний 10-15 хуудсыг уншаад хамгийн эхэнд уг зохиол нөгөө Холливүүд стандарт, олон улсын форматаар бичигдсэн эсэхийг л хардаг. Учир нь зохиол уншигчид хийх ажлаа тэмдэглэгээгээр эхэлдэг. Энэ тэмдэглэгээг хийх газаргүй, уншихаар ойлгомжгүй, синопсис шиг юм ороод ирвэл ажлаа хийж чадахгүй гэсэн үг. Дэлхий даяар ингэж ажилладаг зүйлд би заавал суралцаж, Орос өгүүллэг бичдэг шиг стилиэсээ салах ёстой.
Дүрсээр илэрхийлж чадахгүй байгаа зүйлээ кино зохиол дээр бичдэгээ болих хэрэгтэй.
Олон улсын кино фестивалиудын тухай мэдээлэл өгнө үү. Хамгийн алдартайнууд нь аль вэ, ямар зэрэглэл байдаг вэ? Энд дунд Монгол уран бүтээлчдээс хэн хамгийн өндөр амжилтыг гаргаад байна вэ?
Киног зөвхөн арилжааны болон фестивалийн гэж хоёрхон төрөлд хуваадаггүй. Дунд нь богино хэмжээний, experimental гээд төрлүүд орж ирнэ. Арилжааны кино нийт масст зориулагддаг. Зохиогчийн кинонууд хүний дотоод бачуурал, дэлхий даяар тулгамдаж буй асуудлуудыг хөнддөг. Дэлхий даяар жил бүр 5000-6000 кино наадам зохион байгуулагддаг. Эдгээр наадмууд төрөлжсөн байдаг. Жишээлбэл, зөвхөн тулаантай кино, эсвэл амьтантай, шашны, эмэгтэйчүүд, ЛГБТ, Ази кино гэх мэт. Эдгээр дунд олон улсын гэсэн тодотголтой кино наадмууд бий. Энэ дотор А зэрэглэлийн кино наадмууд байдаг. Яг энэ зэрэглэлийг албан ёсоор өгдөг байгууллага байхгүй. Харин тухай наадамд хэр их одууд очиж байна, хэр том цар хүрээнд зохион байгуулагдаж байна, хэр их хүний анхаарлыг татаж буйгаараа ялгардаг. Фестиваль бүрийн зорилго нь шинэ уран бүтээлчийг эрж хайж олж ирээд өөрийн кино наадмаараа дамжуулан дэлхийд гаргаж ирэх, уг киноны дэлхийн нээлтийг өөр дээрээ хийх байдаг. Киноны дэлхийн нээлтийг хийнэ гэдэг фестивалиуд ихэвчлэн А зэрэглэлийн олон улсын кино наадмууд байдаг. А зэрэглэлийн наадам дэлхий дээр 15 орчим л байдаг. Москвагийн кино наадам А зэрэглэлд ордог байсан ч дайны улмаас байр сууриа алдаж байна. Бусаны наадам дэлхийн нээлт авна гээд маш том амбицтай байгаа. Энэ жил манай Венец, Каннд шалгарсан хоёр ч кино Бусаны өрсөлдөөнт хэсэгт нь багтаж чадаагүй.
Харин Оскар бол кино наадам биш. Энэ бол Хойд Америкийн кино академийн шагнал гардуулах ёслол. Энэ ёслол дэлхийн улс бүрээс нэг киногоо шалгаруулалтанд оруулах үнэ төлбөргүй эрх өгдөг. Энэ эрхийг анх Ганди гишүүн Монголд оруулж ирж байсан ч сүүлдээ хэсэг замхарсан. Харин саяхнаас “Кино Урлагийн Зөвлөл” дээр энэ эрх шилжиж ирлээ. Каннын олон улсын кино наадамд маш олон одууд нэг дор цугладаг. Үүний хажуугаар киноны зах ажиллаж худалдаа явагддаг. Гэхдээ миний хувьд дэлхийн номер нэг олон улсын кино наадам бол Венец гэж хэлнэ. Венецэд шалгарсан кинонуудын дараагийн зогсоол Торонто болж хувирдаг. А зэрэглэлийн наадмууд дэлхийн нээлтээ хийсэн киног уралдаант хэсэг дээрээ авдаггүй. Гэхдээ өөр буюу уралдаант бус хэсэг дээр орох магадлал өндөр. Канн, Венец бараг л авдаггүй юм аа. Жишээ нь, Бусанд нээсэн киног Канн хэзээ ч авахгүй.
Солонгосчуудын дэлхийн кино урлагийн тайз руу богино хугацаанд хүчтэй гарч ирсэн нууц нь юундаа байна вэ?
Солонгос хүмүүсийн нэгдмэл чанар гэж хэлмээр байна. Нэмээд кино урлаг, хөгжмөөр дамжуулж зөөлөн бодлогын хүчээ хэрэгжүүлж байгаа болов уу. CJ Entertainment компани Солонгос улсдаа энэ салбарын мангас нь болж чадсан. Энэ компани АНУ руу маш том хөрөнгө оруулалт хийж байсан. Нэг том кино театрынх нь 40%-ийг эзэмшиж байсан. Зөвхөн Америк төдийгүй Зүүн Өмнөд Азийн олон оронд кино театруудынх нь сүлжээг нь худалдаж авсан. Өөрсдийн форматаа хийгээд энэ бүс нутагт маш амжилттай дэлгэрүүлж байгаа.
Оскарын шагнал гардуулах ёслол дээр Мими гээд солонгос эмэгтэй үг хэлсэн. Энэ эмэгтэй CJ Entertainment-г Самсунгаас салган гаргаж үүсгэн байгуулсан гол хүн юм. Олон хүн энэ хүнийг амжилтыг үгүйсгэдэг, нөгөө талаас олон хүн дэмждэг юм билээ. Анх Америкт очоод DVD дээр киногоо хуулж тараагаад, манай солонгос киног үзээч ээ гээд явж байсан хүн. Bong Joon Ho Оскарын шагнал аваад хэлсэн үгийг санаж байна уу? Мань эр “Та нар хоёрхон инчийн хаалтыг (субтитрийг хэлж байна) даваад гарчих юм бол өмнө чинь дэлхийн ямар олон гоё бүтээл дэлгэгдэнэ гэж бодно” гэж хэлсэн байдаг. Энэ бол маш хүнд жинтэй үг байсан. Дэлхийн кино урлагийн топ зах зээл болох Америк доороо субтитртэй кино үздэггүй байсан. Кино урлаг зөвхөн төрөл жанр биш бас хэлнээсээ болж хуваагддаг. Зөвхөн англи хэлтэй киноны төрөл жанр, том зах зээл тусдаа байдаг. Энэ зах зээлд ам барьж англиар орчуулгын дуу оруулсан кино ч орж чаддаггүй. Энэ зах зээл рүү орохын тулд англиар кино хийхээс өөр аргагүй. Хятадын кинонууд Америкийн зах зээл рүү орохдоо тусгай мэргэжлийн компаниар дамжин дандаа даббинг хийж байж л ордог. Сая манай компани Дон Лигийн “The Roundup: No Way Out” гээд солонгосын киног яг энэ стандартаар бүтэн даббинг хийж (бүх дуу шуум) Монголд гаргасан ч шүүмжлэлд өртсөн. Манайхан даббинг гэдэг зүйлд хараахан дасаагүй байна гэсэн үг.
-Кино урлагийн салбарын мэргэжлийн хөрөнгө оруулагчдийн тухай таниас бас асуумаар байна. Ийм хувь болон институшиональ хөрөнгө оруулагчид Монголд байна уу?
-Өөрсдийнхөө платформууд дээр гаргах кино дээрээ л хөрөнгө оруулж буй хүмүүс бий. Тэр нь Юнивишн, Номадиа, Хүлэгү гэх мэт. Ямар ч гоё кино хийсэн эцсийн эцэст хаана, яаж зарж борлуулах вэ гэдэг асуудал дээр тулдаг. Иймээс өөрийн гэсэн дэд бүтэц, зарах лангуугүй хүн ашигтай хөрөнгө оруулалт хийж байгаагаа мэдэхэд хэцүү.
-Үүнийг заавал Монголын зах зээлээр хязгаарлан бодох албагүй биз дээ? Гоё санаа гараад дэлхийн бүтээл, дэлхийн зах зээлд гарч яагаад болохгүй гэж?
-Ер нь бол тийм. Монголд баян хүмүүс зөндөө байгаа байх. Кинонд оруулах хөрөнгө оруулалт эрсдэлтэйд тооцогддог. Зарим хөрөнгө оруулагчдад мөнгө сонин биш харин одуудтай улаан хивсэн дээр цуг алхах нь чухал байдаг.
Баян айлын хүүхдүүд жишээ нь кино одуудтай найзлах, цуг зургаа авахуулах, инстаграм дээрээ тавихын тулд кинонд хөрөнгө оруулдаг. Тэдний хувьд мөнгө биш статус чухал.
Ийм хүмүүс нэг удаагийн л хөрөнгө оруулагчид байдаг. Тэд кино урлагт тууштай хөрөнгө оруулдаггүй. Тууштай оруулдаг хүмүүсийг олоход маш хэцүү. Гэхдээ Монголоос тийм хүмүүс гарч ирэхийг үгүйсгэхгүй. Манай хөрөнгөтнгүүдийн гурав дахь үе дээр л ийм тууштай хөрөнгө оруулагчид гарч ирэх болов уу даа. Нөгөө талаас монгол кинонд хөрөнгө оруулаад хулхидуулсан зөндөө хүмүүс байдаг. Мөнгийг нь авчихаад киногоо хийхгүй алга болчихдог уран бүтээлчид байдаг. Энэ эрсдэлтэй учрахгүйн тулд Америкт жишээ нь ийм хэлцэл дээр даатгалын компани заавал давхар орж ирдэг. Бонд гэж ярьдаг. Бондтой кино юм уу, үгүй юу гээд. Бондтой бол найруулагч тэр киног заавал дуусгах ёстой хатуу үүрэг хүлээдэг. Индепендент киноны хөрөнгө оруулагчид ихэнх тохиолдолд уран бүтээлчдэд яг банк шиг үйлчилдэг. Оруулсан хөрөнгийнхөө хүүг тохирно, урьдчилгаа төлбөр, барьцаа хөрөнгөө ярьж баталгаажуулна.
Канад зэрэг улс кино хийхийн тулд газар нутаг дээр нь гаргасан нийт зардлын 45 хүртэлх хувийг буцаан олгодог. Бараг шахуу бүх улсад ийм урамшууллын схем бий. Энэ бүхэн дээр хөрөнгө оруулагч анхааралтай ажилладаг. Англид сүүлийн жилүүдэд маш их кино хийгдсэн. Учир нь Англи Ковидын үеэр уран бүтээлчдэд иж бүрэн эрүүл мэнд, бизнесийн даатгалыг санал болгосон. Ковидын үеэр нэр хүн өвдөхөд бүтэн кино багийн үйл ажиллагааг зогсоож байсан. Тэр үед Англи даатгалын системээрээ дамжуулж дэлхийн бүх уран бүтээлчдийг өөрийн орондоо урьсан. Ковидын эрсдэл гарвал түүнтэй холбоотой бүх зардлыг даатгалаас нөхөн төлнө гэж амласан учраас цар тахлын үед хийгдсэн ихэнх киноны зураг авалт Англид хийгдсэн.
-Орчин цагийн киног олон хүмүүс Монгол киноны Алтан үетэй харьцуулж шүүмжилдэг. Энэ үеийн монгол кино дэлхийд гарахын тулд хаанаа юугаа нэн тэргүүлж сайжруулж хөгжүүлэх ёстой вэ?
-Энэ асуултанд хариулахын тулд их юм ярих шаардлагатай болоод байна. Зохиогчийн кино гэдэг талаасаа монгол уран бүтээлчид олон улсын кино наадмуудад амжилттай оролцоод шагнал авдаг болсон. Оскарын тайзнаа хүртэл монголчууд алхаад үзчихсэн шүү дээ. Бямбасүрэнгийн “Ингэн нулимс” гэдэг киног хэлж байна. Саяхан монголчууд Венецийн тайзан дээр алхаад үзчихлээ. Өмнө нь хамтарсан байдлаар гадны продакшнтай хийсэн киног Монгол кино гэж тооцохгүй. Гадныхан ирээд Монголд хийсэн болохоос биш монгол найруулагчийн нүдээр бүтээгүй гэдэг утгаараа. Венецт өмнө нь бид “Хадаг” гэдэг киногоор орж байсан. Гэхдээ тэр бол цэвэр монгол кино биш монголын тухай, Монголд зургийг нь авсан л кино байсан. Гэтэл сая манай Дулмаагийн “Сэр сэр салхи” кино Венецэд шалгараад улаан хивсэн дээр алхаад, гол дүрийн шагналыг нь аваад үзчихлээ. Каннд бид анх удаа бүрэн хэмжээний киногоороо улаан хивсэн дээр алхаад үзчихлээ. Үүний өмнө Дулмаа богино хэмжээний киногоороо Каннд шалгарч орж байсан. “Алсын удирдлага”, “Од ба Гэгээ” кино Бусанаас шагнал авч байсан. “Шарга даага” кино энэ наадмын уралдаант хэсэгт шалгарч байсан. Энэ мэтчилэн бид амжилт гаргаад явсаар л байна.
Гэхдээ арилжааны кинон дээрээ олон улсын зах зээл дээр бид одоог хүртэл амжилт гаргаж чадахгүй байна. Яагаад гэвэл гадаад хэл, авъяас чадвар, киноны төрөл жанр, хийц, чанар гээд олон хүчин зүйл үүнд нөлөөлдөг. Тухайн орны кино урлагийг яг хэн төлөөлөх юм бэ? Олон улсын кино наадамд амжилт гаргаад байгаа кинонууд мөн үү? Олон улсад амжилт гаргаж байгаа кинонуудыг улсдаа нутгийн хүмүүс нь тэгтлээ үздэггүй. Энэ зовлон дэлхий даяар байна. Нөгөө талаас улс дотроо алаад байдаг кинонууд бий. Монголдоо 200-аас 300 мянган билет зарж, түүхэн рекорд эвдэж буй кинонууд байна шүү дээ. Гэтэл эдгээр уран бүтээлчид дэлхий гаръя гэхээр таньдаг хүн байдаггүй, гадаадад гараад хэн ч биш болдог. Энэ хүмүүсийг дэлхийд гаргая гэхээр Монголдоо хангалттай олдог юм уу хаашаа юм дэлхийд гарах ямар ч сонирхолгүй байдаг. Дэлхийд зориулж уран бүтээл огт хийдэггүй. Гэтэл чөлөөт уран бүтээлчдийн хийж байгаа кино нь дэлхийн үзэгчдэд зориулагдсан болохоор олон улсад амжилт гаргаад яваад байдаг.
Бид боловсрох хэрэгтэй байна, гадаад хэл сурах хэрэгтэй байна.
Монголд кино хийгээд амжилт олохоос гадна шатаж байгаа маш олон уран бүтээлчид бий. Манайд бараг долоо хоног болгон кинотеатрт шинэ кино нээлтээ хийж байна. Энд IPTV дээр орж байгаа кинонуудыг оруулаагүй шүү. Жилд ийм замбараагүй олон кино хийдэг үндэстэн дэлхийд ховор. Энэ тоогоор нэг хүнд ногдох үзүүлэлтээрээ Энэтхэгээс давна шүү. Тэгсэн атлаа кино хийгээд яагаад шатаад байгаа учир шалтгаанаа олж харж чадахгүй байгаа нь хоорондоо хамтарч ажилладаггүй, гадаадны зах зээл рүү гарах сонирхолгүйтэй нь холбоотой болов уу. Иймээс манай уран бүтээлчид хэлгүй гээд хойш суухгүй, ойлгохгүй ч гэсэн амралтаа аваад олон улсын кино наадам тааруулж гадагшаа яваасай гэж хүсч байна. Тэгж байж суралцаж хөгжинө.
-Монгол үндэстний тодотгол, ижилсэл, ондоошлын тухай таниас ярилцлагынхаа төгсгөлд асуумаар байна.
-Монгол хүмүүс шинэ юм хурдан сурдаг бас орчиндоо түргэн хувьсан өөрчлөгдөж чаддаг. Энэ чанараараа монголчууд гадаадад гарахаараа маш ажилсаг болдог. Гадаадад байгаа монголчуудын дөнгөж хоёр дахь үе нь нас биенд хүрч эхэлж байна. Тэгэхэд л гадаадад байгаа монголчууд хэдийнэ том компанийн эзэд, жилийн олон сая долларын орлого олдог болж чадсан. Америкт хувийн онгоцны компанитай монголчууд хүртэл бий. Энэ утгаараа гадныхан биднийг хөдөлмөрч гэж хардаг байх.
Харин монголчууд дотроо нэг нэгэндээ хайргүй хүмүүс. Бие биендээ үнэхээр хайргүй хүмүүс.
Дөрвөн монгол хоёр хоёроор талцдаг, гурав болохоороо нэгнийгээ ад үздэг, хоёр болохоор хоорондоо зодолддог гэдэг яриа хүртэл байдаг. Ганцаараа л явж байх ёстой мэт нүүдэлчин ахуйн зүйл цусанд нь байдаг юм шиг. Жилдээ хоёр сар л Монголдоо байж, гадаадад голцуу ажиллаж амьдардаг хүний хувьд нэг зүйл маш тод ажиглагддаг. Тэр нь монголчууд эх орондоо хүрч ирээд их муухай дээрэлхүү болдог. Нөгөө аливаа зүйлд хүлээцтэй ханддаг чанар нь алга болчихдог. Хил гааль дээр хүртэл ажилчдыг нь загнаад аархаад зогсож байдаг.
Орчин их нөлөөлдөг болов уу. Америкийг эрх чөлөөний орон гэдэг. Яг үнэндээ үгүй. Монгол хажууд нь жинхэнэ эрх чөлөөний өлгий. Энэ эрх чөлөөгөө хайрлаж, бие биенээ хайрлаж чадах юм бол мундаг үндэстэн болно. Бид үнэхээр нэг нэгнийхээ хайрладаггүй юм билээ. Энэ нь бизнесийн хамтрал дээр, хувь хүмүүс хоорондын найз нөхөрлөл дээр хүртэл тод харагддаг. Бие биендээ худлаа хэлнэ, залилана, нэгнээ хулхидана, нэг удаа ашиглаад найзаа хаяна. Үүний дараа ямар ч найз нөхдийн нандин харилцаа байхгүй болдог. Үүнээс болоод хоорондоо дайсагналцаад эхэлдэг. Үүний оронд анхнаасаа бие биедээ үнэнээ хэлээд явдаг бол нөгөө хүн нь ч гэсэн хүлээцтэй хандах боломжтой шүү дээ. Бид бүгдээрээ нэг нэгнийнээ төлөө амьдарч чадах юм бол мундаг үндэстэн болно.
-Ярилцлагын урилга хүлээн авч хүрэлцэн ирсэн танд баярлалаа!
В.Ганзориг /baabar.mn/