УИХ-ын гишүүн, Хуульзүйн сайд асан Х.Тэмүүжинтэй ярилцлаа.
-Монгол, Оросын парламент хоорондын комисс байгуулагдаад багагүй хугацаа өнгөрчихлөө, эхний хуралдаанаа хийчихлээ. Энэ асуудал дээр эхнээс нь эсрэг байр суурьтай байсан хүний хувьд тантай ярилцахыг хүссэн юм?
-Парламент хоорондын комисс байгуулна, энэ нь байнгын ажиллагаатай байх болно гэх үйл ажиллагаа энэ зун болж өрнөлөө. Сонирхоод судаллаа, үзлээ. Судлаад үзэхээр энэ бол Оросуудын өөрсдийнхөө нөлөөлөл, хяналт дор байлгах гэж оролддог улс орнуудтай ажилладаг нэг арга барил нь юм байна. Парламент хоорондын комисс байгуулах замаар тухайн улсын гол шийдвэр гаргагчид буюу хууль тогтоогчидтой хамтын ажиллагаа бий болгодог. Энэ хамтын ажиллагаагаар дамжуулж өөрсдийн хүсч байгаа шийдвэрийг гаргуулах, хууль эрх зүйн орон зай үүсгэх гэж оролддог. Гэхдээ энэ нь яг манайхтай хийсэн шиг бодитой явсан тохиолдол бараг алга.
Хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан нэлээд хэдэн оронтой ийм хамтарсан комисс байгуулсан боловч хамтарч хуралдсан тохиолдол бараг байхгүйтэй адил. “Байгуулсан” гэж байгаа боловч нөгөө улс орнууд нь Оросын нөлөөнд орохоос болгоомжлоод хурал зохион байгуулах болон ямар нэг үйл ажиллагаа явуулахаас цааргалаж тойрч бултсан маягтай байх нь элбэг аж. Эхний хурлаа хийсэн ч дахин хуралдаагүй тохиолдол ихэнх нь байна. Оросын хүч, нөлөөллийг шууд сөрж чадахгүй боловч эс үйлдлээрээ татгалзах байр суурьтай явсан тохиолдлууд маш их байна. Манайх бол маш идэвхитэйгээр үүнд нь орчихож. Хамтарсан комисс байгуулсан төдийгүй хуралдах хэлбэрүүдээ хүртэл шийдээд явчихаж. Тэгэхээр бид дахиад эхнээс нь бодох хэрэгтэй болж байна.
Анхнаасаа айлын тал энийгээ барьц болгодог, барьцаа лавшруулаад шахалт үзүүлдэг, өөрсдийн ашиг сонхирхол хаана гацаж, няцаж болохоор байна, тэр газарт нь цэвэрлэгээ хийдэг, тэгэж байж хүслээ гүйцэлдүүлдэг хуучин туршлагатай. Ийм туршлагатай хамтрагчийн барьцанд бид өөрсдөө үсрээд орчихжээ. Ийм л дүр зураг харагдаж байна.
-Манай хоёр улсын хооронд шийдэгддэггүй хэдэн асуудал бий. Нефть бүтээгдэхүүний, эрчим хүчний хязгаарлалтад байн байн ордог, манай улсаас гаргаж байгаа бараа бүтээгдэхүүнд 40-60 хувь хүртэл худалдааны татвар тавьдаг гээд. Уг нь энэ бүхнийг шийдэх зорилгоор хамтарсан Комиссийг байгуулсан гэж ойлгосон. Гэтэл энэ асуудлууд маань цаашид явах нь уу? Анхны хуралдаан дээр бол Думын дарга “Орос, Монголын ерөнхийлөгч нарын хүрсэн тохиролцоог парламентын шийдвэр болгоход анхаарч ажиллах” үүрэг өгөөд явчихсан шүү дээ?
-Хоёр улсын хамтын үйл ажиллагаа, эсвэл ашиг сонирхлуудаа хангах уулзалт, тохиролцоог ихэнхдээ Засгийн газрын хамтарсан комисс буюу тухайн асуудал, чиг үүргийг хариуцсан байгууллагуудын хамтарсан үйл ажиллагаагаар шийдэх гэж оролддог. Яагаад парламентыг ийш нь татаж оруулдаггүй вэ гэвэл, хэрвээ Засгийн газар болон тэдгээр байгууллагуудын байгуулж байгаа гэрээ хэлцэлд Монгол Улсын суурь эрх ашиг, үндэсний аюулгүй байдлын асуудал хөндөгдөх юм бол түүнийг зогсоох ганц хүч нь парламент. Тийм учраас парламент өөрөө үзэл санааны болоод зохион байгуулалтын дархлаатай байх ёстой. Нэгдүгээрт, парламент өөрийн улсын ард түмнийг төлөөлдөг болохоос биш өөр ямар нэг улсын ард түмнийг төлөөлж хуралддаг байгууллагатай хамтарсан зохион байгуулалтад орж болохгүй. Энэ бол нэг талаас ардчиллын, нөгөө талаас тусгаар тогтнолын суурь зарчим.
Гэтэл парламент хоорондын комисс байгуулснаар Монолын ард түмэн, Оросын ард түмэн хоёрыг төлөөлдөг дундын байгууллага, бүтэц бий болгох гэж оролдож байгайтай адил ойлгогдож байна шүү дээ. Энэ чинь холбооны улсын зарчим, нэг улс нөгөө улсад дагаар ороход хэрэглэгддэг зохион байгуулалтын хэлбэр. Тэгэхээр Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал чинь энэ парламент хоорондын Комиссоор гоожоод гарчих хэмжээний “нүх” бий болж байгаа юм биш үү гэдэг болгоомжлол хамгийн түрүүнд төрнө. Монгол Улсын Үндсэн хуульд маш тодорхой байгаа. Монгол Улс өөрийн дотоод асуудлаа өөрөө шийдэх бүрэн эрхтэй бүгд найрамдах улс. Гэтэл БНУ-ын хамгийн гол илэрхийлэл болсон төрийн эрх барих дээд байууллага буюу ард түмнийг төлөөлөх интитуцийг өөр улсын парламентын бөөрөнд аваачиж наана гэдэг холбооны улсын систем рүү гулсаж байгаа юм шиг, манайх Орост дагаар орж байгаа юм шиг үйл явц болно.
-Найдах юм гэвэл албан ёсны бүтэц биш байх гэж бодож байна. УИХ-ын тухай хуульд ийм зохицуулалт байхгүй шүү дээ?
-Тийм болохоор энэ үйл явцтай холбоотой хэд хэдэн асуулт гарч байна. Нэгдүгээрт, УИХ-аас ийм шийдвэр гарсан уу? Хэзээ хуралдаж, ямар шийдвэрийг ямар бүрэлдэхүүнтэйгээр гаргав? Аль байнгын хороо санаачилсан бэ, эсвэл УИХ-ын дарга санаачилсан уу? УИХ-ын шийдвэр байхгүй бол улс хоорондын буюу олон улсын чанартай гэрээ хэлцлийг УИХ-аас давж Засгийн газар ч хийх эрхгүй. Тэгэхээр хэрвээ УИХ-ын шийдвэр байгаа бол Үндсэн хууль зөрчсөн байж болзошгүй энэ шийдвэр хаана байна вэ? “Монгол Улсын нэгдэн орж байгаа олон улсын гэрээ Монгол Улсын Үндсэн хуульд нийцэх ёстой” гэдэг Үндсэн хуулийн зарчим байгаа. Үндсэн хуулийн агуулга маань эрх мэдэл хуваарилсан, хүний эрхийг хамгаалсан. Дээр нь Монгол Улсын тусгаар тогтнолыг илэрхийлсэн баримт бичиг.
Хоёрдугаарт, УИХ-аас ийм шийдвэр гараагүй бол УИХ-ын дарга толгой мэдээд шийдчихэв үү? УИХ-ын даргын өөрийнх нь гаргасан үүнтэй холбоотой албан ёсны баримт бичиг юу байна?
-Одоохондоо байхгүй л харагдаж байгаа...?
-Одоохондоо бол харагдахгүй байна. Гуравдугаарт, УИХ-ын дарга ийм шийдвэр гаргаагүй бол УИХ-ын даргад ийм гэрээ хэлцэл хий, хамтын үйл ажиллагаа бий болго гэдэг заавар, чиглэл, зөвлөмжийг ҮАБЗ-өөс гаргаад өгчихөв үү? ҮАБЗ дээр үүнтэй холбоотой баримт бичиг байна уу, үгүй юу? Эсвэл энэ нь Засгийн газрын ямар нэгэн шийдвэр, тэр дундаа гадаад бодлоготой холбоотой учраас гадаад хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээс УИХ-д ийм чиглэл өгөөд УИХ-ын дарга ийм алхам хийчихэв үү? Өөрөөр хэлбэл, албан ёсны шийдвэр гаргаж болох институцүүдийн хэнээс нь ийм шийдвэр гарчихав аа? Гарсан шийдвэр байгаа бол тэр нь ямар хэмжээ, хүрээнд юм бэ гэдгийг асуухаас өөр аргагүй.
-Уг нь бол хуулийн дагуу Засгийн газар хоорондын комисс байгуулах, асуудлаа ярих эрх мэдэл, үүрэг функц нь Ерөнхий сайд дээр байдаг юм байна. Тэгэхээр Ерөнхий сайд үүнээсээ хойшоо суугаад, бултаад, УИХ руу шидчихлээ гэж харж болох уу?
-Ер нь бол гадаад хамтын үйл ажиллагаанд бодлого тодорхойлж, хоёр хөрштэйгээ болон гуравдагч хөрш, “цонх” гэж ярьдаг тэр чиглэл рүү бодлогыг тодорхойлж, үйл ажиллагаа явуулдаг гол бүтэц нь Засгийн газар. Засгийн газар дотроо Гадаад харилцааны яам, сайдын эрхлэх асуудал. Энэ бодлого дээр маш хүчтэй хоёрдагч түлхүү тоглогч буюу оролцогч нь Ерөнхийлөгч байна. Тэгэхээр энэ Ерөнхийлөгчийн зүгээс үү, эсвэл Засгийн газрын зүгээс юм уу, эсвэл бүр ҮАБЗ-өөс ийм алхам хийх санаачилга, үүрэг чиглэл өгсөн үү, мэдэхгүй. Тэгэхээр энэ талаарх баримт бичгийг эрж хайж олох хэрэгтэй болох байх. Хоёрдугаарт, Ерөнхийлөгчийн зүгээс ч байсан бай, Засгийн газрын зүгээс ч бай, угаасаа энэ хоёр институц чинь парламентад үүрэг чиглэл өгдөг байгууллага биш шүү дээ. Эсрэгээрээ парламентад үйл ажиллагаагаа тайлагнадаг эрх мэдлүүд. Тэгэхээр Засгийн газрын, эсвэл Ерөнхийлөгчийн үгээр явж байгаа УИХ-ын дарга “УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага юм” гэдэг эрх мэдлийн хуваарилалтыг зөрчөөд, өөр хянах ёстой инстит, хүнийхээ гар хөл болоод явж байна л гэсэн үг.
Тийм биш, УИХ-аас ийм шийдвэр гарсан бол юуг үндэслэж, яаж гаргасан бэ? гэдэг асуудал яригдана. Ард түмнийг төлөөлөөд, тэдний нэрийн өмнөөс хууль тогтоох ёстой байгууллага өөрсдийнхөө бүрэн эрхт байдлаа өөр улсын парламенттай хуваалцах гээд сууж байгаа бол энэ парламентын гишүүд нь “Үндсэн хууль зөрчсөн” гэдэг үндэслэлээр бүгд эргүүлэн татагдах, парламент тарах ёстой болох байх. УИХ ийм шийдвэр гаргаагүй дарга нь том толгой гаргаад ганцаар шийдсэн бол УИХ-ын бүрэн эрхийг нэг хүн дур мэдэн хэрэгжүүлсэн тухай асуудал хөндөгдөх байх.
-Уг нь бол манай Ерөнхийлөгч чинь гадаад бодлого болон бусад асуудлаар дангаараа, бие дааж шийдвэр гаргадаггүй. Гадаад улсад явахдаа ч гэсэн манай тогтоосон хууль, үндэсний эрх ашигт халгаатай гэж үзвэл “Би шийддэггүй юмаа, ард түмнээс сонгодсон парламент шийддэг” гээд хойш суух боломж нь байсан. Гэтэл сая Оросын Төрийн Думын дарга нь “Хоёр улсын ерөнхийлөгч нарын тохиолцсон асуудлаар парламентын шийдвэр гаргуулахад хамтарч ажиллах” үүрэг ч юм уу, сануулгыг хамтарсан Комиссийн гишүүдэд өгөөд явчихлаа шүү дээ. Тэгэхээр Ерөнхийлөгчийн оролцоо үүнд байж болох уу?
-Айлын талын зорилго бол ойлгомжтой. Өмнөх 30 жилийн хугацаанд монголчууд өөрсдөө таалагдахгүй байгаа шахалт дарамт, эсвэл гаднын нөлөөтэй, манай үндэсний эрх ашиг дээр үндэслэгдээгүй, үндэсний аюулгүй байдалтай зөрчилдөх хэмжээний шийдвэр, бодлогоос яаж зугтаж ирсэн бэ? гэхээр “Манайх парламентын засаглалтай улс, шийдвэрүүд тэнд гардаг, тэнд нь олон намууд байдаг. Тэр намуудын байр суурь зөрөөтэй байгаа учраас бид энэ асуудлаар шийдвэр гаргаж чадахгүй байна аа” гэж хэлдэг. Тэр нь нэг төрлийн дархлаа, бамбай байлаа. 30 жил тогтсон энэ дархлаа, бамбайг урж, цуулж байгаа үйлдэл болж байна. Бид өөрсдөө “Парламент хоорондын хамтарсан комисс хэл балгүй байж болох байх” гэж хараад байгаа боловч бодит байдал дээр манай тусгаар тогтнол, үндэсний суурь эрх ашгийг халхалдаг хамгийн чухал хамгаалалтыг урж тасдаж байгаа үзэгдэл. Ийм учраас болгоомжлол төрөөд байгаа юм, нэгдүгээрт. Нөгөө талаасаа Үндсэн хуулийн суурь зарчмуудыг үгүй хийж байгаа үйлдэл. Илт Үндсэн хуулийн хуулийн бус, Үндсэн хуультай зөрчилдсөн энэ үйл ажиллагаан дээр Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэх нь үү, үгүй юу харъя. Угаасаа энэ асуудлаар Цэцэд хандана. Баримтуудаа шаардаад, баримтууд нь байхгүй бол зарчмуудаа бариад явахаас өөр аргагүй. Парламент бол хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү өөртөө хадгалдаг төрийн эрх барих дээд байгууллага. Дотооддоо Ерөнхийлөгч болон гүйцэтгэх эрх мэдэлтэй хуваалцдаггүй энэ эрх мэдлээ гадаад улсын төрийн эрх барих байгууллагатай хуваалцана гэдэг бол Үндсэн хуулийн хамгийн том зөрчил. Эрх мэдлийн хуваарилалтыг үгүйсгэж байгаа үйлдэл. Үүгээр чинь дамжаад манай шүүх рүү, гүйцэтгэх эрх мэдэл рүү орж ирээд бүрэн дүүрэн тонгочих хэмжээний нөлөөлөл орж ирнэ.
Гурав дахь зүйл нь 2024 оны сонгууль байна. Бид УИХ-ын гишүүдээ шинээр сонгоно. Хэрвээ Г.Занданшатарын бий болгочихоод байгаа шиг хамтарсан Комисс гэдэг нэртэй байнгын үйл ажиллагаатай албан ёсны бүтэц гэрээ хэлцлийн үр дүнд бий болох гэж байгаа бол 2024 оны сонгуулиар бид дотооддоо УИХ-аа сонгох биш, Оросын хууль тогтоох байгууллагын хавсарга Комиссийн гишүүдийг сонгох үйл явц болж хувирна. Нэг хэсэг бид чинь “Тайванийн парламентад Монголыг төлөөлөөд сууж байдаг хүмүүс байдаг гэнэ” гэж ярихад дотор арзасхийдэг, Монголын төрийн бүрэн эрхэт байдлыг үгүйсгэлээ гэж шүүмжилдэг байсан улс. Одоо гэтэл “Монгол, Оросын парламентын хамтарсан Комиссийн гишүүнийг сонгох” үйл явц болох нь байна шүү дээ. Комиссийн анхдугаар хурал дээр УИХ-ын гишүүдийг босгож танилцуулаад, бараг мөргүүлэх нь холгүй юм боллоо. Магадгүй хойтон гэхэд бүр албан ёсны бүтэц болоод, шийдвэр гаргаад, Монголын парламент дотор хоёр зэрэглэлтэй парламентын гишүүд орж ирэх нь байна. Нэг хэсэг нь “Бид хамтарсан Комиссийн гишүүд учраас бидний гаргасан шийдвэрийг та нар батлах ёстой” гэдэг гаднын төлөөний маягийн нөхөд бий болох нь байна. Өөрийн тань асуултанд ч гарлаа шүү дээ. Хоёр ерөнхийлөгчийн ойлголусон шийдвэрийг хууль зүйн хувьд албан ёсны болгох бүтцийг бий болгох тухай ярж байна гэдэг чинь тийм төлөөний албан ёсны УИХ-ын гишүүдтэй болно оо л гэсэн үг.
-Гэхдээ цаг хугацааны хувьд яагаад ингэж таарав? Өнгөрсөн 30 жилд ийм асуудал яригдаж байгаагүй, сонсож байгаагүй шүү дээ?
-Яах вэ, 1990 оноос хойш Оросууд биднийг нэг хэсэг “зөнд нь” гэж болохоор нөхцөлд орхисон. Өмнөх 70 жилд манайд хандаж байсан хандлага нь ойрын үед маш хүчтэйгээр сэргэж байна. Гадагшаа явуулж байгаа түрэмгийлэлтэй нь холбоотой юу, ямар ч байсан өмнө хяналтандаа байлгаж байсан улс орнуудаа дахиж хянах тухай бодлого маш хүчтэй явуулж эхэллээ. Энэ бодлогын нэг хэсэг нь Монгол руу орж ирж байна. Хуучин бол МАХН гэдэг нэг намтай, нам нь нэг даргатай, тэр дарга нь бүх сайд нарын зөвлөлийг толгойлдог, нэг удирдагчтай байсан. Тэр удирдагчийг нь болохгүй бол Орост аваачаад буудчихдаг, өөрсдийн хүүхэлдэйг авчираад удирдагч болгоод тавьчихдаг, хүссэнээрээ залж чиглүүлж болдог байсан. Одоо тэр аргаараа явж болохгүй. Тэр үетэй харьцуулахад арай өөр, зохион байгуулалтад орчихсон байгаа улс оронд тэр зохион байгуулалтад нь таарсан өөр ямар нөлөөллийг бий болгож болох вэ? гэдгийг бодож олж, шийдэж байгаа л нэг хэлбэр нь.
Биднийг ШХАБ-д элсүүлэх гэж байнга оролддог. Гуравдагч буюу өөрийг нь давж харьцах гэсэн улс орнуудтай харилцах харилцааг тасалдуулах гэж байнга эрмэлздэг. Харьцангуй өөрсдөөс нь хамааралгүй, бие даасан байх гэхээр эрчим хүч, тээвэр, нефть гээд маш олон зүйлээр уятай байлгахыг оролддог. Тэгээд “Бие даасан байдлаар асуудлаа шийдээд, гадаад бодлогоо тодорхойлоод яваад байгаа цөм нь ардчилал юм байна. Ардчиллынх нь гол цөм нь болсон парламентын институц нь юм байна. Тэгэхээр парламентын институцийг нь барих хэрэгтэй” гэдэг л ийм бодлого явлаа. Энэ нь Монголын эрх ашиг биш, гаднын эрх ашиг юмаа гэдгийг мэдсээр атлаа парланментын эрх мэдлийг хадган дээр тавиад бэлэглэж байгаа спикер, УИХ-ын даргатай байна гэдэг харамсалтай. Спикер буюу УИХ-ын дарга бол парламентын хуралдааныг зохион байгуулагч болохоос биш УИХ-ыг дангаар төлөөлж шийдвэр гарган гэрээ хэлцэл хийдэггүй, ганц хүн шиг ажиллаж болдоггүй юм. 76 гишүүний нэг л байх ёстой.
Ганц хүн шиг шийдвэр гаргах эрх мэдэл хоёр институцид байгаа. 100 хувь би шийдвэр гаргана гэж хэлж болох хэмжээний хүн бол Ерөнхийлөгчийн инситуц. Гэхдээ тэр Ерөнхийлөгчийн иституц нь билэгдлийн шинж чанартай учраас Монгол Улсын гадаад, дотоод бодлогыг бүрэн дүүрэн илэрхийлэх боломжгүй. Нөгөөх нь Ерөнхий сайд. Ерөнхий сайд бол Засгийн газрын эрх мэдлийн 50 хувь, салбарын нэг сайд нэмэгдэхэд Засгийн газрын шийдвэр бүрэн гарах боломжтой, кабинетынхаа зарчмаар. Тийм учраас “Ийм шийдвэрийг ингэж гаргалаа” гэж толгой мэдэж дуугарах боломжтой институц мөн боловч түүнийг нь хянах зорилготой байгуулагдсан ардчиллын дархлаа нь парламент.
-Өмнө нь Х.Баттулга Ерөнхийлөгчийн үед “ШХАБ-д улсаа зарлаа барилаа” гээд бөөн эсэргүүцэл болж байсан, парламентад олонхи болчихсон байсан МАН-ын гишүүд хүртэл хүчтэй шүүмжилж байсан. Гэтэл одоо төрийн гурван өндөрлөг буюу хууль тогтоох, гүйцэтгэх засаглал нь Ерөнхийлөгтэйгээ хамт нэг нам болоод зогсчихоор Оросын тал үүнийг давуу байдал болгосон байж болох уу? Эсвэл бүр удахгүй болох сонгуультай холбоотой юм болов уу?
-Өнгөрсөн 30 жилд Монгол Улсын тусгаар байдал, бие даасан бодлогын уг сурвалж, дархлаа нь парламенын засаглал юмаа гэдгийг түрүүнд хэллээ шүү дээ. Энэ парламентын засаглалыг эвдэх санаачилга байнга гардаг байсан. Яаж ийгээд л Ерөнхийлөгчийн засаглалтай болгочих юмсан. Хэн нэг хувь хүн бүх шийдвэрийг гаргах хэмжээний эрх мэдлийн төвлөрөл үүсэх юм бол бидний нөлөөлөл төдий чинээ баталгаажина гэдэг л зорилготойгоор олон жил гаднаас нөлөөлж байгаа шүү дээ. Ганц хойд хөрш биш шүү. Сая бол бас нэг давхцал үүсчихлээ. Парламентад цөөнх хэтэрхий жижиг, хүч султай байна. Товчхондоо, бодит байдал дээр МАН дангаараа эрх мэдлийг атгаж байна. Ерөнхийлөгчийн эрх мэдлийг мөн МАН авчихлаа, Засгийн газар бүрэлдэхүүнээрээ нэг намын гарт байна. Хуваарилагдсан байсан энэ эрх мэдэл, институцүүд бүгдээрээ нэг намын гарт орчихлоо. Түүхэн талаас нь ярих юм бол угаасаа МАН-ыг Ар Хиагтад оросууд байгуулж өгсөн. Монголыг өөрсдийн төлөөний инситуцээрээ дамжуулж бүрэн хянах зорилготойгоор анх үүсгэн байгуулсан нам учраас энэ туршлага, зуршлаараа “Одоо бид Монголыг юунд ч шахаж, нөлөөлж болох хэмжээнд ирчихлээ” гэдэг тэр дохиог авчихлаа. Тэрнийхээ үр дүнг ч үзчихлээ шүүдээ, саяны үйл явдлаар.
Таны асуусан асуулттай холбоотой бас нэг зүйл байна. 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө “Оросоос 20 сая доллар орж ирлээ, ҮАБЗ-ийн ажилтан оруулж ирлээ” гээд одоо эрх барьж байгаа МАН-ынхан өөрсдөө кино болгож цацсан шүү дээ. Өмнө нь бол “Сонгуулийн өмнө томоохон хэмжээнийн санхүүжилт гаднаас орж ирээд байгаа юм биш биз. Сонгуульд нөлөөлөөд байгаа юм биш биз” гэдэг таамаг, хардалт байсан. Нотолж чадахгүй байсан. Монгол Улсын сонгуульд гаднаас нөлөөлөөд байна аа гэдэг үр дүнгүүд тодорхой харагдаж байсан. Шийдвэр гаргах түвшинд дандаа тэр зүгийн, тэр талыг баримтлагчид гарч ирдэг. Тэдэнтэй өрсөлдөж байсан хэсгийг нь зохион байгуулалттайгаар харлуулдаг, үгүй хийдэг орос маягийн технологи явж ирсэн шүү дээ. Сүүлийн хоёр сонгуулийг Ерөнхилөгчийн сонгуультай нийлүүлээд харахаар “Энэ бол таамаг, хардалт биш юм байна аа. Бодитой юм байна” гэдэг нь харагдаж байсан. Хорин сая долларын асуудал гарч ирэхэд “за бараг нотлогдож байгаа юм биш үү” гэж бодоцгоосон. Сая Украины дайнтай холбоотой задарч буй мэдээллүүдээс ч харагдлаа. Троллууд нь яаж ажилладаг, улстөрчдийг нь яаж худалдаж авдаг, хэдий хэмжээний мөнгийг бүс нутгийн хэмжээнд тараасан бэ? гэдэг баримтууд нь бүгд гарлаа. Энэ бүхэн чинь Монголд ч бас бодитой байгаа.
Тэгэхээр сонгуульд нөлөөлөх замаар улс төрийн бүх эрх мэдлийг нэг намд өгөөд, “Эрх мэдлийг та нарт өгсөн, тар нар ийм эрх мэдэлтэй болсон, одоо яах гээд байна?” гэдэг байдлаар шахалт үзүүлж, хүссэнээ хийх боломжтой болчихсон юм биш үү. Түүнийг нь Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа болсон парламенын институцийг гадаад улсын хамжлага шийдвэр гаргагч болгож хувиргаж байгаа энэ үйл явдал нотолж байгаа юм биш үү? Тэгж л харагдаж байна.
-Яг үнэндээ ШАХБ-ын асуудал дээр дуугарч байсан МАН-ын гишүүд хүртэл дуугарахаа больчихлоо шүү дээ. Танай намынхан бол дуугарсан байх гэж бодож байна, тодорхой хэмжээгээр. Олон нийтэд хүрсэн, үгүй нь ямар юм гэхээс...
-Сөрөг хүчин бол их сул байгаа. Сөрөг хүчний дуу хоолой болж байгаа нэг, хоёрхон л гишүүн байна. Бусад нь бүгдээрээ барьцаалагдчихсан, эрх баригчидтай наймаа тохироонд орчихсон, тэдний хүслийг хангагч маягтай явж байна. Өөрөө харсан л байлгүй дээ. 2019 оны ҮХНӨ-өөр давхар дээлийг хориглочихсон. Гэтэл 2020 оны сонгуулийн дараа эрх баригчид “Бид Засгийн газартаа хамгийн их мөнгөтэй, хамгийн их эрх мэдэлтэй, нөлөөтэй бүлгүүдээ оруулмаар байна” гэж ярьсан. УИХ-ын гишүүд нь чуулганы танхимд ил цагаан гомдоллож үгээ хэлсэн шүү дээ. Бид хамаг байдгаараа мөнгө зарж, төрөөс хулгайлсан, цуглуулсан хамаг хөрөнгөө тарааж, хахуульдаж байгаад УИХ-ын гишүүн болсон чинь Засгийн газрын гишүүн болж болохоо больчихсон байна. Засгийн газарт яахаараа хэн ч мэдэхгүй юмнууд тонгочоод байгаа юм бэ? Хөл толгой нь мэдэгдэхээ болилоо гэсэн. Шууд тэгж хэлсэн дээ. Тэгээд үүнийгээ гүйцэлдүүлэх, төлөөний хүнээ төрд томилох, ууж идэх мөнгөө төрөөс олж авахын тулд Үндсэн хуулийн цэцийг ашиглаж, Үндсэн хуулийг хулгайлах гэж оролдсон доо.
-Хулгайлчихсан биз дээ?
-Хулгайлчихсан л даа. Тэр хулгайгаа хийхийн тулд АН-ын хоёр нөхрийг өргөдөл баиулаад Цэц рүү гүйлгэсэн. Хамгийн сурцтай, зохион байгуулалттай, мэргэшсэн хулгайч нар яадаг вэ? Бусдын гараар л могой бариулдаг. Тэгэхээр бид өөрсдөө илүү хэрсүү, илүү ухаалаг байхгүй бол энэ хулгайч, луйварчин, заримдаа бүр урвагч гэж хэлж болохуйц энэ хэсэг чинь үнэхээр мэргэшчихсэн байна. Нүүрсний хулгайг нь хар, ЖДҮХС-гаас авсан зээлийг нь хар, Хөгжлийн банкийг нь хар. Жинхэнэ хулгайч нар нь, цаад эзэд нь ямар ч хуулийн хариуцлага хүлээхгүй байна. Нэг удаагийн бээлий шиг ашигласан хэсгээ олон нийтийн өмнө гаргаж ирж дүүжилж харуулчихаад үлдсэн хэсэг нь, жинхэнэ эзэд нь ард үлдээд, бээлийгээ солиод дараагийнхаа хулгай руу орж байна шүү дээ. Бодит байдал дээр. Дотооддоо хийж байгаа хулгай, авилга нь ингэж төгсөрчихсөн байхад гадагшаагаа эх орноо зарж үрэх, улс орныхоо бүрэн эрхт байдлыг эвдэх хэмжээний яриа хэлцэл нь ч гэсэн энэ хэмжээнд төгсөрчихсөн юм биш биз гэдэг эмзэглэл төрж байна.
-Би ч гэсэн эхэндээ “Парламент хоорондын комисс бол албан ёсны бүтэц биш. Тийм болохоор хамтарсан Комиссийн өмнө манай парламент, Засгийн газар ямар нэг хариуцлага үүрч, үүрэг хүлээх тухай асуудал байхгүй. Зүгээр харилцан ойлголцлын нэг хэсэг юмаа” л гэж бодож байсан. Тэгвэл дам нөлөөлөл нь үнэхээр аюултай байх нь ээ?
-Мэдээж хэрэг, аль ч улс орон хөршүүдтэйгээ олон улсын түвшний найрсаг харилцаа, хамтын ажиллагаа бий болгохын тулд албан бус зохион байгуулалт хийдэг. Орос-Монголын, Франц-Монголын гэх мэт албан бус бүлгүүдийг байгуулж болно. Парламент хоорондын уулзалтын хэлбэр байж болно. Гэхдээ энд “уулзалт” гэдэг үг хэрэглэж байгааг сайн анзаараарай. Түүнээс биш хамтарсан Комисс байгуулаад, хоёр өөр улсын парламентын гишүүд нэг дор хамтарч хуралдаад шийдвэр гаргадаг тогтолцоо огт байх ёсгүй. Энэ бол Оросуудын өөрийн нөлөөг чангалах, хамаарлаа хүчитгэх зорилготойгоор хийдэг хэрэгсэл байна. Бусад ардчилсан улс орнууд бол мэдэж байгаа. Парламент бол тухайн орны ард түмний төлөөллийн байгууллага учраас тэр төлөөллийн байгууллагатай нь хамтарсан зохион байгуулалт хийх юм бол тухайн улсын тусгаар тогтнол руу халдсан хэрэг болно. Эсвэл өөрийн улсын бүрэн эрхт байдлыг сэмэлсэн явдал болно гэдгийг. Тийм учраас ардчилсан улсуудын парламент хамтарсан комисс байгуулдаггүй. Албан бус гишүүдийнхээ бүлгээр, эсвэл Засгийн газраараа дамжуулж ажилладаг. Энэ бол дэлхийн нийтийн, ардчилсан соёл. Энэ соёлоос гажууд, арай өөр тогтолцоо яваад байна. Тэгэхээр бид болж байгаа үйл явдал дээр зүй ёсны гарч ирж байгаа асуултуудаа тавьж, хариултуудаа аваад, алдаа байвал засч, хариуцлага тооцох ёстой. Дахиад ийм алдаанд хүрэхгүйн тулд сэрэмжилсэн бодлого гаргах ёстой.
-Ярилцсанд баярлалаа.
Үргэлжлэл бий...
Б.СЭМҮҮН