Хууль зүйн сайд Х.Нямбаатар сайдын суудлаа сайн дураараа орхиж, УИХ-ын гишүүний бүрэн эрхээ тайлснаас хойш цөөхөн хоног өнгөрч байна. Улаанбаатар хотын захирагч бөгөөд Нийслэлийн Засаг дарга болсны дараах анхны хэвлэлийн бага хурал нь тун чиг дуулиантай болж өнгөрөв. Хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчийн асуултад хариулахаас татгалзсанаас болж Төрийн ордны хоёрдугаар давхар боксын ринг болохоо шахав. Сайд асан, хотын дарга сэтгүүлч эмэгтэйн гарыг өчсөн гэнэ ээ. Хүнгүй газар газар хоёулхнаа таарсан бол бүр “мөчийг санжуулаад” явуулах нь л дээ.
Атал болсон явдлын дараа УИХ-ын Тамгын газар, Төрийн ордны хамгаалалтын албанаас сэтгүүлч эмэгтэйг дуудаж, Төрийн ордонд нэвтрэх эрхийг нь хасах асуудлаар анхааруулга өгчээ. Тэгвэл хотын дарга Х.Нямбаатар төрийн ордонд хэвлэлийн бага хурал зохион байгуулаад, асуулт тавьсан сэтгүүлчийн гар хөлийг өчөөд явж байх эрхтэй хүн үү? "Хүчтэй нь хүчгүйгээ" гэдэг энэ нэг дээрэнгүй байдал хэдий болтол үргэлжлэх вэ?
Уг нь бол сэтгүүлч эмэгтэйн Х.Нямбаатарт тавьсан асуулт хотын даргын өөрийнх нь гаргасан шийдвэртэй холбоотойн дээр нийслэлийн иргэдийн эрх ашигт шууд хамаатай, иргэдийн өмнөөс хариулт нэхэх ёстой асуулт байсныг энд үглэх нь илүүц биз. Харин Х.Нямбаатар сайд “Ёс зүйгүй сэтгүүлчийн асуултад хариулахгүй” гэж хэлснээрээ өөрөө өөрийнхөө нүд рүү хуруугаа хийчихлээ.
Иргэн бүрт 0,07 га газар өмчлүүлэх хуулийн заалт яагаад хэрэгжихгүй байгаа, ямар үндэслэлээр зогсоосон бэ? 1,7 сая хүнтэй нийслэлийн асуудлыг шийдэх гэж ирсэн нь үнэн юм бол яагаад мэргэжлийн хүн авчирахгүй, цагдаагийн хурандаа авчираад байгаа юм бэ? гэдэг асуултад хотын дарга хариулт өгөх үүрэгтэй. Ийм асуултад хариулж чадахгүй бол хотын даргын албан тушаалаа ч өгчих хэрэгтэй. Гэтэл хотын шинэ дарга сэтгүүлчийн зүй ёсны асуултад (эхнэртэйгээ шөнө хэдэн удаа юу яасныг нь асуусан биш дээ, ямар) хариулт өгөхөөс татгалзаж, ёс зүйтэй, ёс зүйгүй сэтгүүлч гэсэн ялгаварлал гаргаж байгаа нь нийтийн албан тушаалтанд байх ёс зүй лав биш.
Ингэхэд хуулиараа бол хотын даргыг нийслэлд олонх болсон нам, эвсэл нэр дэвшүүлж сонгох ёстой. Атал Х.Нямбаатар гэдэг хүнийг хамаатных нь дүү шууд нэр цохоод гаргаж ирээд томилчихсон. Түүгээр зогсохгүй “Засгийн газар хотын асуудалд шууд оролцоно” гээд зарлачихсан. Орон нутгийн бие даасан байдал, Үндсэн хуульд заасан нутгийн өөрөө удирдах ёсны зарчмыг үгүйсгэсэн. Нэг үгээр Ерөнхий сайдын хийсэн энэ томилгоо Үндсэн хуулийн зөрчил болоод явж байгаа. Атал энэ тухай хэн ч дурсдаггүй. Бүлх залгисан аятай бүгдээрээ гүлдийгээд сууж байгаа. Ийм том артай учраас хотын шинэ даргын бяр нь амтагдаад, биедээ багтахаа больсныг өчигдөр болсон үйл явдал харууллаа.
Б.ЗАЯА
Сэтгэгдэл (2)