УИХ-ын гишүүн Х.Ганхуягтай ярилцлаа.
-НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгох асуудлаар иргэдээс санал авах санаачилгыг та бүхэн гаргасан. Таван хувь болгосноор иргэдэд ямар ашигтай вэ?
-Иргэд хууль батлалцдаг, хуульд иргэдийн саналыг авах тогтолцоог D- Parliament-аар өнгөрөгч онд бий болгосон. Тэгвэл үүний үргэлжлэл болгож өчигдөр D-petition нийтийн цахим өргөдөл, гомдлын системийг нэвтрүүллээ. Ингэснээр тодорхой нэг асуудлаар 33 мянган иргэний санал гаргавал тухайн асуудлаар ажлын хэсэг байгуулна. 70 мянган иргэн санал ирвэл тухайн асуудлаар Хяналт шалгалтын түр хороо байгуулж, сонсгол хийх боломжийг олгож байна. Үүнийг УИХ-ын тухай хуулийн 31.1 дэх заалтад оруулсан. Харин 100 мянган иргэний санал ирвэл тухайн асуудлаар холбогдох байнгын хороо хууль санаачилна. Ингээд УИХ-аар хэлэлцэж батлах боломжтой болж байна.
Өөрөөр хэлбэл, иргэн бүр УИХ-ын 77 дахь гишүүн болно гэсэн үг. Хэрвээ иргэний эрх зөрчигдөж байгаа ямар нэгэн асуудал, эсвэл хүүхдийн эрх зөрчигдөж байна гэж үзвэл та тухайн асуудлаар өргөдөл гаргаж иргэдээс санал авна. Таны саналыг 100 мянган иргэн дэмжвэл түүнтэй холбоотой хуулийг холбогдох байнгын хороо санаачилна гэсэн үг. Харин 70 мянган иргэн дэмжвэл тухайн асуудлаар хяналт шалгалтын түр хороо байгуулж, сонсгол хийнэ. Жишээлбэл, НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгох санаачилгыг иргэний хувиар гаргаж иргэддээ хандлаа. Буцаан олголтыг таван хувь болгосноор ойролцоогоор 600 тэрбум төгрөгийн дарамт төсөвт ирнэ. Гэхдээ буцаан олголтыг нэмэгдүүлснээр татварын бааз суурь өргөжинө.
Буцаан олголтыг олгодог болсноор НӨАТ-ын орлого 2.7 их наяд байсан бол хоёр хувь болгосноор 4.7 их наяд болж өссөн. Ихэнх худалдааны төв, захууд НӨАТ олгохгүй байна. Учир нь иргэд НӨАТ-аа нэхэхгүй байна. Хоёр хувийн төлөө и-баримт руугаа шивж оруулахаас залхуурч байгаа хэсэг ч бий. НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгосноор иргэдийн оролцоо идэвхжинэ.
Сугалаа гэж байхаар таван хувийн буцаан олголт өгдөг болчихвол татварын бааз суурь нэмэгдэнэ гэж үзэж байгаа.
Магадгүй дараа жил 4.7 их наяд төгрөгийн татварын орлого тав, долоон их наяд гэдэг ч юм уу татварын орлого нэмэгдэнэ. Товчхондоо олон талын ач холбогдолтой. Иргэдийн орлого нэмэгдэнэ. Хяналт сайжирна. Татварын бааз суурь нэмэгдэнэ.
-НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгох хууль батлагдчихвал хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ?
-Хууль батлахдаа хэзээнээс хэрэгжиж эхлэх саналаа оруулдаг. Магадгүй ирэх жилээс хэрэгжих боломж нь бүрдэнэ. 100 мянган иргэний саналаар дэмжигдвэл тухайн байнгын хороон дээр хуулийг санаачилж УИХ-ын чуулганаар хэлэлцэнэ.
-НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгосноор аж ахуйн нэгжид татварын дарамт очих болов уу?
-Аж ахуйн нэгжүүдэд татварын дарамт нэмэгдэхгүй. НӨАТ төлөгч компани тоо нэмэгдэнэ. Учир нь ямар нэгэн худалдан авалт хийхээр зарим компаниуд нь НӨАТ төлөгч, зарим нь НӨАТ төлөгч биш байдаг. НӨАТ төлөгч биш компаниас худалдан авалт хийхээр дахин 10 хувийн зардлыг тухайн компанийн өмнөөс төлөх ч гэдэг юмуу зардал үүсдэг. Тэгвэл НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгосноор иргэд НӨАТ-аа нэхэж эхэлнэ. Компаниуд худалдан авагч хийхдээ НӨАТ төлөгчөөс илүү худалдан авалт хийх их сонирхолтой байдаг. Ингэснээр НӨАТ төлдөггүй аж ахуйн нэгжүүд НӨАТ төлөгчөөр бүртгүүлэх сонирхол нь нэмэгдэнэ.
-Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг санаачилсан. Энэ хуулийн гол ач холбогдлыг ярихгүй юу?
-Дэлхийд цөөн хэдэн эдийн засаг байгаа. 190 орон буюу 190 эдийн засаг хэдийгээр хамтарч ажилладаг ч гэсэн ямагт өрсөлдөж байдаг. Тэр дундаа хөгжиж байгаа орнуудын хувьд худалдааны орлого илүү олох, хөрөнгө оруулалт татах зэргээр өрсөлддөг. Хөрөнгө оруулалт оруулах хэрэгтэй юу, үгүй юу гэдэг асуулт Оюу толгойн гэрээ хийгдсэнээс хойш нийгэмд их явлаа. Тийм ч хөрөнгө оруулалт хэрэггүй, ийм ч хөрөнгө оруулалт хэрэггүй. Энэ салбарт хөрөнгө оруулалт хэрэггүй гэхчлэнгээр маргаан их явсан. Үүний улмаас ямар үр дүнд хүрэв гэхээр 2020, 2021 онд жилд 1800-2500 аж ахуйн нэгж гадаадаас шинээр хөрөнгө оруулагчаар бүртгүүлдэг байсан бол 5-10 компани болтлоо буурсан. Хөрөнгө оруулалт яагаад хэрэгтэй вэ гэхээр нэгдүгээрт, төлбөрийн тэнцэлд ашигтайгаар нөлөөлдөг. Хоёрдугаарт, ноу-хау шилжиж орж ирдэг. Шинэ технологи нэвтэрч байдаг. Ажлын байрыг шинээр бий болгодог. Татвар төлөгч шинээр нэмэгддэг. Энэ талаасаа дэлхий даяар хөрөнгө оруулалтыг татахаар өрсөлдөж байдаг. Гэхдээ nationalism буюу байгалийн баялгийн хараалд орсон орнууд ихэнхдээ гадаадын хөрөнгө оруулалтыг жадлан эсэргүүцдэг. Жадлан эсэргүүцдэг шалтгаан нь гадаадын хөрөнгө оруулалтын бий болсон баялаг, хөрөнгийг булааж авах зорилгоор иргэдэд хөрөнгө оруулах хэрэггүй гэж ухуулан, ойлгуулдаг. Хоёрдугаарт, цөөн тоглогчтой олгиополь зах зээл гадаадын хөрөнгө оруулалтыг оруулах сонирхолгүй байдаг. Учир нь гадаадын хөрөнгө оруулалт орж ирснээр тухайн салбарт өрсөлдөөн нэмэгддэг. Энэ нь тухайн барааны үнэ өртөг буурахын сацуу эргээд тухайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын ашиг буурч байдаг. Бодит жишээ нь, И-март манай худалдааны салбарт орж ирлээ. Ингэснээр барааны үнэ тодорхой хэмжээнд буурч эхэлж байна. Хоёрдугаарт, үйлчилгээний өрсөлдөөн бий болж эхэлж байна. Өмнө нь дотроо машины зогсоолтой худалдааны төв гэж ер нь байгаагүй. Үнийн өрсөлдөөн, бүтээгдэхүүний чанарын болоод үйлчилгээний чанарын өрсөлдөөнийг гадаадын хөрөнгө оруулалт үргэлж нэмэгдүүлж байдаг. Тиймээс олгиополь зах зээлтэй салбарууд гадаадын хөрөнгө оруулалтыг жадлан эсэргүүцдэг. Үүнийгээ иргэдэд маш сайхнаар тайлбарладаг.
Яаж тайлбарладаг гэхээр тухайн ард түмний хамгийн дургүй субъектээр эсэргүүцдэг. Жишээлбэл, Солонгосын иргэд Японд дурамжхан байдаг. Учир нь дайн гарч байсан ч гэдэг юм уу. Ингээд Солонгост Японы хөрөнгө оруулалт нэмэгдсэнээр япон новшнуудын нөлөө ихсэх гээд байна ч гэдэг юмуу иймэрхүү байдлаар эсэргүүцлийг бий болгодог байсан. Монгол хамгийн түгээмэл нь “Хятадын хөрөнгө оруулалт нэмэгдэх гээд байна. Хятадууд Монголд их болох гээд байна” гэхчлэнгээр эсэргүүцдэг. Иймэрхүү зүйл дэлхий дахинд түгээмэл бий. Учир нь ихэнхдээ хөрш орнууд ямар нэгэн байдлаар түүхэн хугацаанд үл ойлголцол үүсч байсан байдаг. Үүнийг нь пиар болон олон нийтэд ухуулж сэнхрүүлэх байдлаар жадлан эсэргүүцэж хөрөнгө оруулалтыг царцааж байсан түүх их бий. Манайд ч гэсэн үүнийг давтлаа. Манайд нэгдүгээрт төмөр зам, дэд бүтцээс гадна хөрөнгө оруулалтыг зогсоосноор сүүлийн 15 жилийн хугацаанд эдийн засаг 12 тэрбум ам.долларт гацсан байдаг.
Сөрөг пиар иргэдийн сэтгэхүйд нөлөөлснөөр гадаадын хөрөнгө оруулалт, дэд бүтцийн ажлуудыг зогсооход нөлөөлсөн. Сүүлийн хоёр жил “Шинэ сэргэлтийн Засгийн газар”-ын бодлогын үр дүнд хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэж ирсэн. Хамгийн том хөрөнгө оруулагчидтай хэл амаа олж чадсаны үндсэн дээр хөрөнгө оруулалт бага багаар нэмэгдэх үүд хаалга нээгдэж эхэлж байна. Тиймээс үүнийг хуулиар нээж өгөх ёстой.
Одоо үйлчилж байгаа хөрөнгө оруулалтын тухай хууль нэгдүгээрт, өндөр босготой. 10 мянган ам.доллараас дээш хөрөнгө оруулалт хийж байж хөрөнгө оруулагч гэж үзэж зөвшөөрлийг нь өгдөг. Ийм өндөр босго дэлхийн 20-иод оронд бий. Хоёрдугаарх нь, энэ энэ салбарт хөрөнгө оруулахыг хязгаарласан зүйл заалт байдаг.
Тухайлбал, стратегийн салбарт хөрөнгө оруулалт хийхэд заавал зөвшөөрөл авч байж хөрөнгө оруулдаг. Тухайн компани төрийн өмчит компани бол зөвшөөрлөө авдаг гэхчлэнгээр хоёр гурван босготой, хязгаарлалттай хууль үйлчилдэг байсан. Үүнийг нь эргэж харах хөрөнгө оруулалтын шинэчилсэн найруулгыг өргөн барьж байгаа юм.
-Шинэчилсэн найруулгаар хуулийн энэхүү тээг гацааг яаж зохицуулж байгаа вэ?
-Нэгдүгээрт, босгыг байхгүй болгоно. Хоёрдугаарт, гадаадад суугаа элчин сайд төлөөлөгчийн газруудад хөрөнгө оруулалт гадаад хамтын ажиллагаа хариуцсан субъекттэй болно. Атташа ч гэдэг юм уу. Анзаарсан бол гадаадын аж ахуйн нэгжүүд тухайн оронд ирсэн бол хамгийн түрүүнд Элчин сайдын яамныхантай уулзалт хийдэг. Ингэж тухайн орныхоо хууль тогтоомж, орчин нөхцөл, асуудлыг судалдаг. Үүнийхээ дараа дараагийн алхмаа хийдэг бол манайх гадагшаа яваад Элчин сайдын яамныхантайгаа уулздаггүй. Элчин сайдын яамныхан нь ч тоодоггүй. Энэ хандлагыг нь өөрчилье гэж байгаа юм. Тухайн орны Элчин сайдын яам нь өөрсдийн аж ахуйн нэгждээ үйлчилдэг байх, хөрөнгө оруулагчийг нь олоход тусалдаг байх, Монгол руу хөрөнгө оруулалт татахад гарц болох, эдийн засагжуулдаг. Тиймээс энэ чиглэлээр өөрчлөлт оруулж байгаа.
Гуравдугаарт, хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалахад зохицуулалт орж байгаа. Гэнэт лицензийг нь цуцалдаг ч юмуу, эсвэл өмч хөрөнгө рүү нь халддаг. Тухайн хөрөнгө оруулагчийг хар тамга дарж хөөж гаргаад дараа нь тэрхүү компани дээр нь янз бүрийн үйл ажиллагаа явуулдаг тохиолдол нэг бус удаа гарч байсан. Тиймээс Эдийн засаг, хөгжлийн яам дээр хөрөнгө оруулагчийн маргааныг шийдэх зөвлөл байгуулна. Эхний ээлжид өргөдөл, маргааныг нь авч хэлэлцдэг байя гэж байгаа юм. Үүнийхээ дараа шүүх рүү шилжинэ.
Ирэх долоо хоногоос салбар бүр дээр хэлэлцүүлэг хийх бодолтой байгаа. Одоо үйлчилж байгаа хууль нь том хөрөнгө оруулагч юмуу, уул уурхайн компаниудад зориулсан хөрөнгө оруулалтын хууль байгаа юм.
Уул уурхайн бус эдийн засагтай болмоор байна. Эдийн засгаа солонгоруулах хэрэгтэй байна гэчихээд Хөрөнгө оруулалтын хуулиа зөвхөн уул уурхайн компаниудад зориулаад биччихээр бусад салбарт хөрөнгө оруулалт орж ирэхгүй байна. Тиймээс тогтворжуулалтын гэрээг магадгүй хөдөө аж ахуйн салбарт хийвэл дүн нь бага байх боломжтой. IT-ийн салбарт тогтворжуулалтыг бүр ч багаар хийх боломжтой. Бусад орнуудад нэг сая ам.долларт тогтворжуулалтын гэрээг хийж байгаа юм. Салбараасаа хамаарч байна. Манайд 100 тэрбум ам.доллар гээд тавьчихдаг. Тиймээс ийм байдлаар салбаруудад нь тодорхой хэмжээний тогтворжуулалтын гэрээ байдаг ч юмуу, дэмжих хөшүүргийг хуульд оруулах нь зөв гэж харж байгаа.
-Гадаадын хөрөнгө оруулагчид манай эрчим хүчний салбарт хөрөнгө оруулах сонирхолтой байдаг. Манайх эрчим хүчний хувьд хараат шүү дээ. Тиймээс энэ салбарт ямар зохицуулалт хийх вэ?
-Эрчим хүчний хөгжилтэй хамгийн их харшилддаг зүйл нь энэ салбар 100 хувь төрийн зохицуулалттай байдаг. Хоёрдугаарт, эрчим хүчний салбарыг хөгжүүлье гэхээр сэргээгдэх эрчим хүчний салбарт л гадны санхүүжилт, хөрөнгө оруулалт олдоно. Энэ салбарт нь хөрөнгө оруулалт хийе гэхээр төрийн захиргааны төв байгууллага нь дургүй байдаг. Учир нь сэргээгдэх эрчим хүчний тариф нь хатуу зохицуулалттай, өндөр үнэтэй байгаа. Тиймээс энэ салбарт сэргээгдэх эрчим хүчний хөрөнгө оруулалт хийе гэхээр лиценз эзэмшиж байгаа сэргээгдэх эрчим хүчний хувь нь 10-15 ирчихсэн. Манай эрчим хүчний салбар 80-аад тэрбум төгрөгийн алдагдалтай ажилладаг. Гэсэн хэрнээ сэргээгдэх эрчим хүчний салбар 70 гаруй тэрбум төгрөгийн ашигтай ажилладаг. Тариф нь үнэтэй байдаг. Тиймээс төрийн захиргааны төв байгууллага нь нэмэгдүүлэх сонирхолгүй байдаг. Орж ирж байгаа мөнгөнийх нь өрмийг сэргээгдэх эрчим хүчний компаниуд аваад байдаг гэсэн үг. Тиймээс цаашид бид сэргээгдэх эрчим хүчний үнэ тарифыг үнийг нь чөлөөлөх ёстой. Өөрөөр хэлбэл, үнээр нь өрсөлдүүлж байж зөвшөөрлийг нь өгөхгүй бол хатуу тариф тогтоочихоор шинэ хөрөнгө оруулалтыг дэмжиж чадахгүй нөхцөл байдал байна. Цаашид энэ салбарт хөрөнгө оруулалт татъя гэвэл Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулиар тарифыг шинэчлэх ёстой. Хамгийн хямд үйлчилгээ үзүүлэх боломжтой компанийг сонгох байдлаар явбал технологи нь хөгжөөд тариф нэлээд буурах боломжтой болсон.
Эх сурвалж: Өдрийн сонин