Өнөөдөр Монголын зар сурталчилгааны зах зээлийг твиттер, фэйсбүүк бүрэн атгаж байгаа. Компани аж ахуйн нэгжүүд бүгд өөрсдийн цахим хуудастай болсон. Түүнийгээ дагуулаад фэйсбүүк пэйж хуудас нээнэ. Түүгээрээ л зар сурталчилгаагаа явуулдаг болсон. Энэ нь хүртээмжтэй, хялбар байдаг давуу талтай нь үнэн. Харин төлбөр мөнгөний хувьд бол хямд биш л дээ. Олон давтамжтай хямд үнэтэй явдаг болохоор нэг мэдэхэд л овоо хэдэн төгрөг гараад явчихсан байдаг.
Нэг жишээ хэлье л дээ. 2020 оны сонгуулиар “нэг нэр дэвшигч сурталчилгааны бүхий л хугацаанд 3000-5000 ам.доллараар фэйсбүүкт төлбөртэй пост тавьж байна” гэсэн судалгааг Шударга сонгуулийн төлөөх иргэний нийгмийн хяналт сүлжээнийхэн танилцуулж байлаа. Энэ бол сонгуулийн 14-хөн хоногийн хугацаанд зөвхөн фэйсбүүкт зарцуулсан мөнгө. Твиттер, инстаграм зэрэг бусад сүлжээгээр тооцвол бүр ч их дүн гарна. Эндээс үзэхэд Монголын аж ахуйн нэгжүүдийн зар сурталчилгааны бүх мөнгө ийшээ урсаж байна. Тэгвэл сурталчилгааныхаа тодорхой хувийг үндэсний хэвлэл мэдээллүүдээр явуулдаг болмоор байна. Яагаад ингэх ёстой юм бэ гэж. Үндэсний хэвлэл мэдээллээ авч үлдэх нийгмийн хариуцлага тухайн үндэстэнд байх ёстой. Яагаад хэвлэл мэдээллээ авч үлдэх болоод явчихав гэвэл хэвлэл мэдээллийн амьдрах үндэс болсон мөнгө олох үндсэн аргуудын нэг нь зар сурталчилгаа байсаар ирсэнд гол учир бий. Иймээс үндэснийхээ хэвлэл мэдээллийг дэмжиж зар сурталчилгааныхаа тодорхой хувийг Монголынхоо хэвлэл мэдээлэлд тавьж байх нь журамт үүрэг юм. Зөвхөн үүрэг байгаад зогсохгүй үүнийг хуульд тусгах хэрэгтэй. Гадаадын хөрөнгө оруулагчдыг ч мөн зар сурталчилгааныхаа тодорхой хувийг үндэсний хэвлэл мэдээллээр явуулдаг болгох үүргийг хуулиар хүлээлгэмээр байна.
Яагаад заавал дотоодын хэвлэл мэдээллээр гарга, хуульчил гээд байна гэхээр үндэсний том эрх ашиг үүний ард байгаа юм. Хэвлэл мэдээллийн байгууллага зах зээлийн жамаар, зөв замаар хөгжих гол үндэс нь бие даасан эдийн засагтай, хэн нэгнээс хараат бус байх явдал. Ер нь хэвлэл мэдээллийн байгууллага ч тэр, аливаа байгууллагын үйл ажиллагаа явуулах “шатахуун” нь мэдээж мөнгө санхүү. Тиймээс хэвлэл мэдээллийн байгууллага шударгаар санхүүжилт олдог байх нь хараат бус бие даасан эрүүл сэтгүүл зүйг сая бий болно.
Хэвлэл мэдээллийн байгууллага эдийн засгийн хувьд чадамжгүй бол хэн нэгэн мөнгөтэй хүний гарт ордог. Энэ бол зах зээлийн хууль. Хэн мөнгөө өгсөн нь дуугаа захиалдаг биз дээ. Тухайн цаг үед хэвлэл мэдээллийг мөнгөөр “халааслах” этгээд нь голдуу эрх баригчид, төр барьж байгаа намынхан байдаг. Ингээд тухайн хэвлэл мэдээлэл эрх баригчдын дуу хоолой болохоос аргагүй болчихдог. Учир нь үйл ажиллагаа явуулах гол хөдөлгөгч хүч болох мөнгийг нь өгч байгаа шүү дээ. Тиймээс хэн нэгнийг магтан дуулдаг, хэн нэгний үзэл суртлыг хамгаалдаг хэвлэл мэдээлэлтэй болохгүй байх, чөлөөт хэвлэлийг авч үлдэх арга нь компаниуд зар сурталчилгаагаа дотоодын хэвлэлээр явуулах юм. Энэ бол дотоодын хэвлэл мэдээллийг эрүүлээр дэмжиж байгаа зүйл.
Энд зар сурталчилгааны-хаа тодорхой хувь гэдгийг дахин тодотгоё. Мэдээж цахимаар сурталчилгаа явуулдагаараа явуулдаг л юм байгаа биз. Зар сурталчилгаанд зориулсан мөнгөнийхөө тодорхой хувийг заавал үндэснийхээ хэвлэл мэдээлэлд өгөөрөй л гэсэн санаа юм.
Хэвлэл мэдээлэл нь гадныхны гар хөл болчихгүй байхад энэ туйлын чухал. Мөн хэн мөнгө өгсөнд үйлчлээд ард түмнийхээ эсрэг явдаг болчихгүй байхад ч хэрэгтэй. Эрх баригчдыг дагаж намираад ард түмний дуу хоолойг хүргэхгүй байдаг хэвлэл олшрохгүй байхад хөрөнгө мөнгөтөй хүмүүс, том компаниудын дэмжлэг чухал байдаг нь ийм учиртай. Тиймээс компаниуд зар сурталчилгааныхаа тодорхой хувийг дотоодын хэвлэлд өгснөөр чөлөөт сэтгүүл зүйг, мөн үндэсний тусгаар тогтнолоо, ардчиллаа хамгаалах том үйл хэрэг болно.
Хэвлэл мэдээлэл эрүүл байх нь иргэдээ өмөөрөх, эрх баригчид ард түмний эсрэг хийж байгаа зүйлийг шударга, ил тод нийтлэх, болох бүтэхгүйг шүүмжилдэг, хуулийн лобби бүхнийг илрүүлж чаддаг. Зөрчилдөөн бүрийн ард мөнгө явж байдаг. Мөнгөөр хэвлэлийг дуугүй болгохыг ямагт зорьдог. Хэвлэл мэдээлэл санхүүгийн эрх чөлөөгүй бол дорхноо л амаа үдүүлдэг. Тиймээс хэвлэл мэдээллийн байгууллага эдийн засгийн эрх чөлөөтөй байснаар эрүүл саруул шударга нийгмийг улс эх оронд бий болгодог.
Ер нь ч дэлхий нийтэд хэвлэл мэдээллийг дөрөв дэх засаглал хэмээн үздэг. Гэтэл өнөөдөр хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглалын үйл ажиллагаа явуулах санхүүг хуулиар хангалттай олгочихоод хэвлэл мэдээллийн эдийн засгийг болж л өгвөл боомилох сонирхлыг эрх баригчид цаг мөнхөд агуулж байна. Шударга хэвлэлтэй байхаас үе үеийн эрх баригчид жийрхдэг. Тиймээс болж л өгвөл эдийн засгаар хараат байлгах сонирхолтой байдаг нь тэр юм.
Хэвлэл мэдээлэл эрүүл байх нь ардчиллын баталгаа. Ардчилал нь тусгаар тогтнолын баталгаа. Тиймээс явж явж хэвлэл мэдээлэл тусгаар тогтнолын нэг баталгаа болж байгаа юм. Иймд хэвлэл мэдээллийг эдийн засгийн хувьд хэн нэгнээс хараат бус байлгах нь нэн чухал ач холбогдолтой.
Ийм учраас гадаад, дотоодын компаниуд зар сурталчилгааны тодорхой хувийг хэвлэл мэдээллээр дамжуулах нь ардчилал, тусгаар тогтнолоо дэмжиж байгаа гэсэн үг. Ардчилалтай, тусгаар тогтнолтой байна гэдэг нь авлига устаж, дотоодын компаниуд хөгжиж дэвших суурь нь болдог. Гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд хуулийн дагуу шударгаар үйл ажиллагаа явуулах, дарамт шахалтгүй байлгах үндэс нь ардчилал. Энэ бүгдийн эх сурвалж нь хэвлэл мэдээллийн байгууллага. Тиймээс л ардчилсан хүмүүнлэг нийгэм байгуулах гэж байгаа бол зар сурталчилгааныхаа тодорхой хувийг дотоодын хэвлэлд өгөх үүрэгтэй гэж үзэж байна.
Р.Хишигжаргал /Өдрийн сонин/