УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Та сайхан намаржиж байна уу?
-Тавтай сайхан намаржиж байна, намаржаа тавлаг уу.
-Тавлаг сайхан. Та бид хоёр малын бэлчээр дээр уулзаж байгаа юм шиг санагдчихлаа?
-Сая тойрогтоо ажиллаж байгаад ирлээ. Сар шахам хугацаанд 48 багаар явж ард иргэдтэйгээ уулзаж санаа бодол, төрд хэлэх үгийг нь сонсож, хийсэн ажлаа тайлагнаж, цаашдаа хийх ажлын даалгавар захиасыг нь аваад ирлээ.
-Сонгууль дөхөөд гишүүд тойрогтоо их ажиллаж байх шиг байна, тийм үү?
-Би сонгогдсон цагаасаа хойш жилдээ 2-3 удаа ингэж тойрч иргэдтэй уулзаад хэвшил болсон зүйл. Сонгуультай холбоотой ч юм биш. Зөвхөн сонгогдсон тойрогтоо ажиллахаас гадна бусад аймаг сумдуудаар ч явж ард иргэдтэй уулзаж учирч явдаг. Сая гэхэд л Архангайн аймгийн 5-6 сумдаар уулзалт хийгээд ирлээ. Сүүлийн долоон жилд нийтдээ 16 аймгийн 90 гаруй суманд ард иргэдтэй уулзсан байна.
-Ямар зорилготой болоод өөрт хамаагүй тойргоор уулзаад байдаг юм бэ?
-Үндсэн хуулинд УИХ гишүүн нь нийт ард иргэдийн төлөөлөл, тэдний ашиг сонирхлыг харгалзаж ажиллах ёстой гэж заасан байдаг. Тиймээс би өөрийн тойрог гэлтгүй өөр аймаг сумдын иргэдтэй уулзалт хийдэг. Цаашдаа Монголын бүх 330 сумын иргэдтэй уулзана гэж төлөвлөсөн байгаа. Малчдын ажил хөдөлмөр ачааллыг бодохоор намар л уулзалт хийхэд арай илүү тохиромжтой байдаг. Ер нь мэргэн ард гэж үг байдаг даа. Иргэдтэй уулзаж, тэднээс л хийх ёстой ажил, санаачлах хууль, шийдлийг сонсож олж мэддэг. Иргэд л надад эрч хүч, урам зориг өгдөг.
-Намрын чуулган эхэллээ. Сонгуулийн жилийн төсөв гэж айхтар юм хэлэлцэнэ. Сөрөг хүчний хувьд, төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргын хувьд тун завгүй, тэмцэлтэй чуулган болох нь дээ?
-Сөрөг хүчин гээд заавал бүх юман дээр тэмцээд эсэргүүцээд байдаг юм биш л дээ. Шүүмжлэх юмаа шүүмжлэнэ, эсэргүүцнэ. Зөв зүйтэй юмыг хөндлөн хэвтээд эсэргүүцээд байдаггүй. Мэдээж сонгуулийн жилийн төсөв маш их данхайж, ил далд сонгуулийн мөнгөө босгох ч юм уу, дахин сонгогдчих гээд пиарын зорилготой ч гэх үү, элдэв хэрэгтэй хэрэггүй зардлыг гишүүд төсөвт суулгах гэж зүтгэдэг.
-Та бас юу суулгах гэж зүтгэх вэ?
-Тэтгэврийг долоо биш таван жилийн дунджаар тогтоох хууль, долоон жилийн дунджаар тогтоолгосон иргэдэд таван жилийн дунджаар тогтоож, зөрүү гарвал нөхөн олговор олгох гээд хоёр хууль өргөн барьж батлуулсан. Тэрэнд зарцуулагдах хөрөнгийг дараа жилийн төсөвт суулгахгүй бол хууль маань хэрэгжихгүйд хүрнэ. Гишүүдийг ч энэ ажил дээр хамтрахыг уриалж байна.
–Тойрогтоо байшин барилгын төсөв суулгаж, тендерээс сонгуулийн мөнгөө босгохгүй юм уу?
-Сөрөг хүчин нэг хазгай гишгэхэд л ачаад явчихна. Ер нь мөнгө төгрөгний асуудалд би хутгалддаггүй. Ховдод хөрөнгө оруулалтын ажлыг МАН-ынхан шалгаруулдаг.
-Нүүрсний хулгай гэж сенсаци дэгдэхээс өмнө та нүүрсний тээвэр дээр нэлээд их дуугарсан даа?
-Тэр ч бүр арай дэндсэн хулгай байсан л даа. Төсөвт орох ёстой байсан мөнгийг л тээвэр нэрээр хулгайлсан асуудал. Тэрийг хууль хяналтынхан бас шалгах байлгүй дээ. Нүүрсний хулгайг сөхөж олны анхаарлыг хандуулж чадсанаар нүүрсний экспортын хэмжээ өдөртөө 350 мянган тонн болж өссөн. Үүний үр дүнд төсвийн орлого хагас жилээр 23 хувиар давсан. Гэхдээ энэ эдийн засгийн өсөлт нь ард түмэнд хүртээлгүй байгаад байгаа нь харамсалтай. Тоо баримт харахаар улс орны эдийн засаг өсөөд байгаа боловч ард иргэдийн орлого, амьжиргаа улам муудаад байдаг. Үнийн өсөлт, инфляци, аж ахуйн нэгжүүдийн дампуурал маш их байна. Олонхоороо хүч түрээд нүсэр төсөв батлаад байхаар инфляцидаа идүүлээд төрийн албан хаагчид, багш эмч нарын цалин хаанаа ч хүрэхээ байж байна шүү дээ. Үүнээс улбаалаад мэргэшсэн боловсон хүчнээ гадагш нь алдаж эхэллээ.
-Үүнээс гарах арга зам юу байна гэж хараад байна вэ?
-Юуны өмнө инфляциа хязгаарлаж төсвийн зарлагыг эрс багасгаж төгрөгийн худалдан авах чадварыг дээшлүүлэх хэрэгтэй. Тэрнээс уралдаж барьцалдаад цалин тэтгэвэр нэмээд байвал яван явсаар хэт инфляци руу л ордог жишээг бусад орны гашуун туршлагаас харж болно. Хоёрдугаарт, хувийн хэвшлийг дэмжих үүднээс татвар хураамжуудаа багасгах хэрэгтэй, ингэснээр тэд цалин хөлсөө нэмэх, ажилчдынхаа нийгмийн асуудалд анхаарах боломжийг бий болгоно. Гуравдугаарт, нийгмийн бүх л давхаргад шууд ордог орлогын эх үүсвэрүүдийг нээж, төрийн элдэв зөвшөөрөл лиценз квотоос чөлөөлж өгөх хэрэгтэй. Жишээ нь махны экспортонд төр оролцоод, квот тогтоогоод хэн гаргаж болно, хэн нь болохгүй гэдгийг шийдээд байхгүй бол төрөөр дамжиж хувиарлагдахгүй иргэдийн орлого шууд нэмэгдэх боломжтой. Ийм сувгуудыг шинээр бий болгох, өргөжүүлэх, төрийн оролцоогоо багасгах л чухал байна.
-Гадны хөрөнгө оруулалт чухал юм биш үү?
-Гадны хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого хоёроо уялдаа холбоотой болгомоор байна. Одоо бол тийм юм харагдахгүй байна. Гадны хөрөнгө оруулагчдыг дэмжинэ, хамгаална гэчихээд л эхнээс нь дээрэмдүүлсэн, залилуулсан хөрөнгө оруулагчдын асуудлыг шийдэхгүй замхруулна. Нэмээд газрын ховор элемент, уран зэрэг олон улсын хөрөнгө оруулагчдын сонирхол татсан төслүүдээ элдэв шалих шалихгүй шалтгаанаар гацаадаг, эс үйлдлээр эсэргүүцдэг баймааргүй байна.
-Та уран олборлохыг дэмждэг юм уу?
-Дэмждэг, магадгүй улс төрчдөөс хамгийн их дэмждэг нь байх. Хүн төрөлхтөн гал эзэмшин харьцаж сураад сая жил болсон. Харин цөмийн эрчим хүчийг нээж ашиглаад зуун жил ч болоогүй боловч энэ хугацаанд техник технологийн дэвшил сая жил эзэмшсэн галнаас илүү аюул багатай, хяналттай ашиглах боломжтой болголоо. Цаашдаа ч улам боловсронгүй болно. Тиймээс Монгол Улс уран олборлож, экспортлож, улмаар Монголдоо ч цөмийн эрчим хүч үйлдвэрлэж, экспортлох боломжтой гэж үздэг.
-Цөмийн хог хаягдал, цацраг идэвхитэй олборлолт гээд ард иргэд эсэргүүцээд байдаг шүү дээ?
-За хоёулаа ярьсаар цэвэр мэргэжилтнүүдийн ярилцдаг шийддэг асуудал руу хазайж орох нь. Мэргэжлийн бус ч шинжлэх ухааны наад захын ойлголтоор бол цацрагын үндсэн фон гэж байдаг. Уран олборлох газар ялимгүй өндөр, бусад газар ерөнхийдөө харилцан адилгүй ч тодорхой цацрагийн фонтой. Бүх амьд бодьгал тэр фонд дасан зохицоод, амьдраад үржээд ирсэн. Шар нунтаг ч тодорхой фонтой, олборлож буй газрын фоноос хэтрэхгүй. Шар нунтагаас хойш хоёр өөр боловсруулалтад ороод, идэвхижүүлж байж цөмийн түлш болдог. Тэрнийг манайд хийхгүй. Тэгэхээр уранаа олборлож борлуулахыг би дэмждэг. Ойроос гэвэл манай хоёр хөрш, Казахстан, Узбекистан уран олборлож экспортлож байна. Казахстан дэлхийн хэрэгцээний бараг тэн хагасыг ганцаараа гаргаж байна. 2022 онд зөвхөн уранаас 2.6 тэрбум ам.долларын орлого олсон байна. Нөөцөөрөө бол манайх Казахстанаас илүү байх ч боломжтой гэж мэргэжилтнүүд үздэг юм байна лээ.
–Нутгийн ард иргэд эсэргүүцдэг шүү дээ?
-Тодорхой зорилготой, гадны санхүүжилттэй бүлэглэлүүд очиж үймүүлдэг, нутгийн ард иргэдийг турхирдаг гэж би хардаг. Үнэндээ цахилгаан, машин, уурын тэрэг, радио гээд өнөөдөр бүгд мэддэг хэрэглэдэг зүйлсийг тухайн үедээ бас л ард иргэд нь эсэргүүцээд бөөн юм болж л байсан түүх бий. Таньдаг мэддэг болохоороо дайсагнахаа больчихдог л доо.
-Ураны асуудлаар Францын ерөнхийлөгч манай улсад айлчилсан. Уг айлчлалын дараагаас урантай холбоотой асуудал олны анхаарлыг их татаж байна л даа…?
-Монгол Улсын Ерөнхийлөгч Франц улсад удахгүй төрийн айлчлал хийх гэж байна. Уг айлчлалаар олон жилийн турш шийдэгдээгүй байсан Улаанбадрах дахь ураны ордын хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурах ажил байгаа. Тус орд газар ашиглалтад ороод бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадвал Монгол Улсын төсөвт жилдээ 700 гаруй тэрбум төгрөгийн татварын орлого оруулах боломжтой. Уран бол стратегийн том бүтээгдэхүүн. Тэгэхээр Монгол Улсын ураны салбарт НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд байдаг таван орныг орж ажлаасай гэж хувьдаа боддог.
-Ямар таван орныг аль орд газарт оруулна гэж…?
-ОХУ-ыг Мардайн ордод, Франц бол Улаанбадрахын ураны ордод ороод явна. БНХАУ хоёр гурван ордуудад хөрөнгө оруулалт хийхээр байгаа. Цаашлаад Англи, Америк улсыг бусад ураны томоохон ордуудад хөрөнгө оруулалт хийж ороосой гэж боддог. Эдгээр таван орон тавуулаа автомын цахилгаан станцтай улс. Өөрөөр хэлбэл цөмийн эрчим хүч үйлдвэрлэдэг орнууд. Тиймээс эдгээр орнуудын хөрөнгө оруулалтыг татсанаараа илүү том боломж манай улсад бий болно гэж харж байгаа.
-Уран гэснээс таны сонгогдсон тойрог буюу Ховдод Халзан бүргэтэйн орд газар бий. Үүнийг ашиглана, ашиглахгүй гээд янз бүрээр л бичдэг. Таны хувьд ямар байр суурьтай явдаг юм бэ?
-Засгийн газрын зүгээс тодорхой шийдвэр гаргасан юм билээ. Ер нь аливаа уул, уурхайн орд газруудыг ашиглах, хайгуул хийх эсэхийг тухайн орон нутгийн иргэдээс заавал асуух ёстой. Асуухаас гадна асуудлаа нээлттэй хоёр талдаа ярилцаж, маш сайн ойлголтыг өгсний үндсэн дээр тохиролцох ёстой. Өөрөөр хэлбэл орон нутгийн ард иргэдтэй ойлголцсоны дараа л орд газрыг ашиглах асуудлаа ярих учиртай юм. Хэрэв ард иргэд нь эсэргүүцээд, ойлголтын зөрүү үүсэж байгаа бол хайгуул болон ашиглалт явуулж огт болохгүй.
-Таны хувьд хуурамч шатахууны асуудал олон удаа ярьсан. Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг ч өргөн барьж, улмаар таны төслийг унагасан. Дахиад энэ хуулийн төслөө өргөн барих уу?
-Миний энэхүү хуулийн төслийг Цэцээр хүчингүй болгуулсан. Тэгэхээр дахиад өргөн барих эсэхээ одоогоор шийдээгүй байна. Хамгийн гол нь хуурамч шатахууны хор хохирлын асуудлыг олон нийтэд таниулах, сайн мэдээллээр иргэдийг хангах нь илүү чухал байгаа.
-Ярианыхаа төгсгөлд нэг зүйл асууя. Эрх баригчид нийгмийн бухимдсан салбар дээр халаа сэлгээг шуурхай хийж байна. Хүнийг нь солиод асуудал өөрчлөгдөнө гэж байх уу?
-Орон нутаг, УИХ-ын сонгуулиар тухайн нэр дэвшигчийн олон жилийн хөдөлмөрөөр бий болж ялалт авдаг. Ялалт авснаараа ИТХ болон УИХ-ын гишүүнээр сонгогддог. Гэтэл энэ хүмүүсийн олон жилийн хөдөлмөрийг уландаа гишгэж, Ерөнхий сайд нь шууд тухайн орон нутгийн засаг даргыг томилож, чөлөөлж байна. Ерөнхий сайд шууд ийм шийдвэрийг бие даан гаргаж байгаа нь нутгийн өөрөө удирдах ёсонд шууд халдаж байгаа үйлдэл болоод байгаа юм. 2022 оны сүүлээр батлагдсан Засаг захиргаа, нутаг дэвсгэр түүний нэгж, удирдлагын тухай хуулиар маш олон багийн болон сум, аймгийн ИТХ-ын эрх мэдлийг хязгаарласан. Цаашлаад хуучин нийгмийн босоо удирдлагын систем рүү чиглэсэн хуулийг баталсан. Тухайн үед би хэлж л байсан. Ерөнхий сайд гэдэг хүн өөрийнхөө намын ялсан орон нутгийн болоод нийслэлийн засаг дарга, удирдлагуудыг шууд халах, солих, өөрчлөх эрх мэдэлтэй болж байна шүү гэж. Яг л энэ дагуу л болж байна. Ер нь нутгийн өөрөө удирдах ёсны эрх рүү шууд ингэж халддаг байдал нь цаашдаа орон нутагт ажиллаж байгаа төрийн албан хаагчдын итгэл, зоригийг мохооно. Сум, багийнхаа иргэдийн итгэлийг хүлээгээд төлөөлөгчөөр очдог. Дараа нь аймаг руу явдаг зарчим алдагдана. Өөрөөр хэлбэл намын анхан шатны гишүүдийн итгэл, урам зоригийг хугалсан үйлдэл боллоо гэсэн үг. Тэгэхээр иймэрхүү үйлдэл дээрх хуулийн алдаатай байдал нь яваандаа МАН-ыг том доголдол руу чирнэ. Даргад ойрхон байсан нь дарга болдог зарчим МАН-д томоор үйлчилж байна.
Өдрийн сонин