Сангийн яам “Улсын төсвийн хөрөнгө оруулалт”-ыг иргэд олон нийтэд нээлттэй, ил тод болгох ажлыг тасралтгүй хийж байна. 2024 оноос эхлэн төсөл, арга хэмжээ бүрийг төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын “PIMIS” цахим системээс дахин давтагдахгүй кодоор коджууллаа.
Ингэснээр,
1. Төслийн “анх” батлагдсан үеийн төсөвт өртгийн мэдээлэл
2. Тухайн онд төслийн батлагдсан мэдээлэл
3. Төслийг гүйцэтгэх гэрээний мэдээлэл
4. Төслийг захиалагч, гүйцэтгэгч, хянагч байгууллагын мэдээлэл
5. Төслийг гүйцэтгэж, хэрэгжүүлэх үеийн мэдээлэл
6. Төслийг гүйцэтгэх үеийн зураг, хяналтын тайлан болон санхүүжилтийн дүн зэрэг мэдээллийг авах, хянах боломжтой болно. Мөн төсөл ашиглалтанд орох үед “төр болон орон нутгийн өмч”-д бүртгэхэд энэ кодыг үндэслэнэ.
Төслийн захиалагч, гүйцэтгэгч, иргэд, олон нийт төсвийн хөрөнгө оруулалтын www.publicinvestment.gov.mn вэб сайт болон гар утасны аппликейшнээр дамжуулан төслийн үйл явцын мэдээллийг авч, хяналт тавих, төслийн гүйцэтгэлтэй холбоотой санал хүсэлт ирүүлэх боломжтой гэж Монгол Улсын Сангийн яамнаас мэдээллээ.