Ирэх 2024 онд ДНБ-ний 5 хувьтай тэнцэх хэмжээний улсын төсвийн хөрөнгө оруулалт хийнэ. Хөрөнгийн дийлэнхийг боловсрол, зам, барилга, эрчим хүч, эрүүл мэнд, хөдөө аж ахуйн салбарт хуваарилахаар байна.
Тодруулбал, Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2024 онд нийт 1050 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлнэ. Эдгээр төслийн 60 гаруй хувийг ирэх онд 100 хувь дуусгах бол 22 хувийг 2025, үлдсэн 16 хувийг 2026 онд бүрэн дуусгахаар төлөвлөсөн байна.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтын онцлох төслүүдэд 140 тэрбум төгрөгийн өртөгтэй “Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төв”, 15.6 тэрбум төгрөгөөр дэд бүтцийн ажлыг нь эхлэх “Зүрх судасны үндэсний төв”, “Халдвартын үндэсний төв-2”, 591 тэрбум төгрөгөөр хэрэгжих Хөшигийн хөндийн дэд бүтэц, 10 аймгийн дулааны станцын дэд бүтэц, Барилгын материалын чанар, стандартыг сайжруулах лаборатори, Аймгийн төвүүдийн цахилгаан, дулаан, инженерийн дэд бүтцийн 142 төсөл багтжээ.