СЭЗИС-ийн ахисан түвшний профессор, Компанийн засаглалын хөгжлийн төвийн гүйцэтгэх захирал, доктор Т.Цэнд-Аюуштай төрийн өмчит компаниудын хувьчлалын талаар ярилцлаа.
-Нэг жишээ ярья л даа. Эрчим хүчний салбар жил бүр алдагдалтай ажилладаг. Нэг хэсэг хүмүүс энэ салбарыг аваръя гэдэг. Харин бизнес талаас өмчлөх эрх нь төрд байгаа салбарыг аваръя гэдэг бол төрийн нэр барьж авлига хийж байгаа хүмүүст тусалъя гэсэн үг гэж тайлбарлаж байгаа. Эндээс улбаалаад төрийн өмчит компаниуд яагаад алдагдалтай ажилладаг, тэдгээрийг яагаад хувьчлах ёстойг та тайлбарлаж өгөхгүй юу?
-Компаниудыг яагаад төрд авч байна вэ гэдгээс эхэлж харах ёстой. Төр стратегийн ач холбогдолтой компаниудыг өмчилдөг, эсвэл үнэ барих, инфляцыг барих гэх мэт төрийн аль нэгэн үүргийг гүйцэтгэж байгаа компанийг төрд авч болно. Эсвэл нийтийн бараа үйлчилгээ буюу хэн ч орж ажиллахгүй, ашиггүй хэрнээ нийгэмд байх ёстой салбарын компанийг авдаг. Мөн төрөлхийн монополууд төрд байна. Ийм зорилгоор төр өмчтэй байх нь дэлхийн жишиг л дээ. Таны ярьснаар эрчим хүчний салбар гэхэд аль ангилалд орох юм. Магадгүй энэ бүх үүргийг гүйцэтгэдэг үү. Жишээ нь, төрөлхийн монопол уу, үнийг барьж байгаа юу, стратегийн ач холбогдолтой юу гэдгээ харах хэрэгтэй. Үүнийг манай улс яаж тодорхойлсон бэ гэдэг чухал. Ингээд тэр тодорхойлолтдоо нийцэж байна уу гэдгийг эргээд харах хэрэгтэй. Стратегийн ач холбогдолтой гэдгийг юугаар хэмжээд байгаа юм бэ гэдгийг тодорхой болгочих юм бол түүнд эрчим хүч орох уу гэдэг нь гараад ирнэ. Эндээс төр ерөөсөө өөртөө өмчтэй байя гэвэл шалтгаан нь тодорхой байх ёстой гэсэн үг. Яагаад МИАТ-ыг төр өөртөө байлгадаг юм бэ. Яагаад өөр компани нэмж аваад байна, эдгээр нь бүгд үндсэн шалтгаанууддаа орчихсон байх ёстой. Тэдгээрийг хэмждэг хэмжүүрүүдтэй байх хэрэгтэй. Гэтэл “чухал юм аа” гэсэн агуулга байж болохгүй. Тодорхой хэмжүүрүүдээ гаргаж ирээд хуульчилсан байх ёстой.
Зүгээр тогтоолуудаар өөрчлөөд байж болохгүй. Тогтоол гаргаж байгаа хүний эрх мэдлийн түвшин дор байдаг. Төрийн өмчийн талаарх бодлого аль нэг яам, Засгийн газрын тогтоолоор ойр ойрхон өөрчлөгдөөд байж таарахгүй.
-Тэгвэл манайх энэ шалгууруудыг хангаж чаддаг уу?
-Манайд төрийн өмчийн хэмжээ маш данхар байгаа. Үнэхээр хувьчлах нэгийг яаралтай хувьчилмаар байгаа юм. Яагаад төрийг муу менежер гэдэг юм бэ гэхээр угаасаа л тийм. Цаанаасаа төр тийм л байх тогтолцоотой. Төр сайн менежер байх хэцүү. Зарим хүмүүс боломжтой гэдэг, үгүй боломжгүй. Эдийн засгийн хуулиараа боломжгүй зүйл. Төр хувь хүн шиг, эзэн шиг байж чадахгүй. Тийм учраас төрийн өмч аль болох бага байх ёстой. Нөгөө талаар төрд өмч байдаг бол тэр нь маш тодорхой шалтгаантай, шалгууртай. Тэр шалтгаан, шалгуураараа жил бүр үнэлгээ хийж, энэ компани энэ шалгуурт өмнө нь нийцээд төрийн өмч болсон. Одоо энэ шалгуурын хэрэгцээ байхгүй болсон, тиймээс үүнийг хувьчилъя гэх мэт тодорхой байх шаардлагатай. Харин манайх сонирхлоороо, улс төрийн шалтгаанаар нэг мэдэхэд л 17 компани хувьчилна, эсвэл 11-ийг хувьчилна гээд зарладаг. Түүнийг хэн гаргаад ирсэн юм, тэр жагсаалтад тухайн компани яагаад орчихов гэдэг тодорхой үндэслэл байдаггүй.
-Төрийн өмчит 98 компани, аж ахуйн нэгж өнөөдөр байна. Эдгээрээс бараг тал хувь нь алдагдалтай ажилладаг тооцоолол байдаг. Үнэхээр алдагдалтай ажиллах нөхцөл шаардлага нь байгаад байна уу, улсаас заавал татаас өгөх ёстой хэрэг үү?
-Төр яагаад муу менежер юм бэ гэхээр удирдлагад, ТУЗ-д мэргэжлийн хүмүүс байдаггүйтэй холбоотой. ТУЗ-д төрийн аль нэгэн албаны мэргэжилтнүүд очдог. Тэр утгаараа тэр хүн бизнесийн туршлага, мэдлэг байдаггүй. Одоо манайд төр зохицуулагчийн үүрэг болон хувьцаа эзэмшигчийн үүргээ ялгадаггүй. Бүгдийг сайхан хольж хутгаад тавьчихдаг. Сангийн яамнаас төлөөлж байгаа ТУЗ-ийн гишүүн яамаа төлөөлж байгаа гэдэг сэтгэлгээтэй, тийм ажлын чадвар туршлагатай л хүн байдаг. Тэр хүн төрийн өмчит компанийн үйл ажиллагаанд компанийн эрх ашгийг төлөөлж оролцож байгаа гэдгээ ойлгодоггүй. Тиймээс компанийн эрх ашгийг хөндсөн асуудалд яамны эрх ашгаар ханддаг. Компани гэдэг ангилал бизнес гэсэн үг шүү дээ. Нэгэнт л тэр төрийн аж ахуй нэгж компани ангилалд байгаа л бол тэнд үр ашигтай үйл ажиллагаа явуулж байх ёстой. Түүнийг хэмждэг хэмжүүр нь тодорхой байх ёстой. Гүйцэтгэл нь ч тэр. Түүнийх нь дагуу ТУЗ нь чиглүүлдэг, удирддаг, хөдөлдөг байх ёстой. Манайд удирдлагууд нь мэргэжлийн бус. Мэргэжлийн хараат бусуудаа оруулах сонирхол байхгүй. Орсон ч ажиллах нөхцөл байхгүй.
Түүнээс гадна төрийн өмчийн томоохон компаниуд дээр гарч байгаа нэг асуудал бол их хэмжээний хэлцэл гэдгийг тодорхой тавьдаггүй. Үүний дор маш том авлига, хулгай үүсэх нөхцөл бүрдчихсэн. Хуулийн цоорхой шиг л болчихсон. Хэрэв эзэн хүн хувийнхаа компанийг удирдаж байсан бол их хэмжээний хэлцлийг бушуухан хязгаарлаж өгнө. Тэдээс дээш мөнгөн дүнтэй гэрээ хэлцлийг гүйцэтгэх захирал мэднэ, түүнээс дээш ТУЗ мэднэ, тэдээс дээш бол хувьцаа эзэмшигчид мэдэж, шийдвэр гаргана гэнэ. Түүнийг хянадаг аудитын хороо, хараат бус мэргэжлийн гишүүд нь байх ёстой. Гэтэл төрд тийм зүйл байхгүй. Гэрээ хэлцлийн хэмжээг тавих сонирхолгүй. Хуулиараа явж байгаа л гэдэг. Хууль ёсны хулгай хийх нөхцөл нь ингээд бүрдчихсэн байдаг. Энэ бол маш том асуудал болж байгаа юм.
-Төрийн өмчийн ТУЗ үүрэг хариуцлагатай, хараат, бус, мэргэжлийн ажиллах ёстой гэлээ. Яагаад тэд мэргэжлийн байж чадахгүй байна вэ?
-Үндсэн суурь хуулийн гаргалгаа нь байдаггүй. Зохицуулж байгаа хуулийнхаа хүрээнд сэтгэл байвал хийж болно л доо. Гэхдээ түүнийг хийх мэргэжлийн хүсэл сонирхол, улс төрийн сонирхол байдаггүй. Ингэхээр тэнд яг нөгөө л эзний бус сэтгэлгээгээр ханддаг. За хэл амны нэмэр гээд орхичихдог. Хэрэв тэнд эзэн нь байсан бол зүтгэж байгаад ТУЗ-өө мэргэжлийн байгуулна. Үнэхээр мэргэжлийн байгуулах нөхцөл бий. Хэрэв хүсвэл тухайн компаниас шаардаж байгаад олон нийтэд мэдээлж байгаад явж болно. Гэхдээ л намуудын цавчаанд ороод, намуудаас томилогдсон захирлууд байгаа учраас олон юм ярихгүй шүү дээ. Хэрэв гүйцэтгэх удирдлага нь ч тэр, ТУЗ нь ч мэргэжлийн байчих юм бол нам халдаад байж чадахгүй. Сайд нар солигдлоо гэхэд шинэ хүмүүс хэмжээ хязгааргүй эрх мэдлээ хэтрүүлэхгүй. Даанч тэнд мэргэжлийн хүмүүсийг тавихгүй байгаад л асуудал байгаа юм.
-Төрийн өмчийн компаниуд яагаад алдагдалтай ажилладаг талаар лавшруулж асуумаар байна?
-Үүнийг ялгах хэрэгтэй. Манайх төрийн өмчийн компани, төрийн өмчийн аж ахуйн нэгж гэж юу вэ, төсөвт байгууллага гэж юуг хэлэх вэ гэдгийг ялга. Жишээ нь, төрийн өмчийн компани гэдэг ангилал руу орсон л бол ашиг алдагдлаа тэнцүүлж явах ёстой. Бүр ашигтай ажиллах ёстой. Эсвэл төсөвт байгууллага юм бол сургууль, цэцэрлэг шиг төсвөөс татаас аваад явна. Манайх энэ ангиллаа бас л хольж хутгачихсан. Зуун хувийн төрийн өмчтэй мөртлөө хувьцаат компани ч байх шиг. Жишээ нь, МИАТ. Ийм л замбараагүй ангилалтай. Энэ хэрээр шаардлага тавигддаггүй л гэсэн үг.
Олон улсад компаниудад төрөөс санхүүжилт өгч болно. Гэхдээ компани төсөвт байгууллага биш учраас яг ямар үйл ажиллагаан дээр санхүүжилт авч байгаа нь маш тодорхой байх болно. Жишээ нь, нийтийн тээврийн хувийн компани үнэ өсгөхгүй байх төрийн үүргийг гүйцэтгэж байна гэж бодъё. Төр тэр ажлаа хийлгэхийн тулд тухайн компанид яг эдийн засгийн үндэслэлтэй татаас олгох ёстой. Татаасаас бусад хэсэг дээр компани ашигт ажиллагаагаа хангаж байх ёстой.
Гадны улс орнуудад аливаа компанийн үйл ажиллагааг төрийн татаастай холихгүйн тулд хоёр төрлийн данс ашигладаг. Наймааны данс, наймааны бус данс гэж. Найманы данс гэдэг нь илүү өрсөлдөөнөөр өөрсдөө олдог орлого. Наймааны бус гэдэг төрийн үүргийг гүйцэтгэж байгаагийн төлөө авсан татаасаа хийгээд түүнээсээ тодорхой зориулалтаар ашигладаг. Тэр нь хувьцаа эзэмшигчид, бусад бүх хүмүүст ойлгомжтой, нээлттэй байх ёстой. Харин манайд бол хольж хутгаад тэр мөнгө нь өөр зориулалтаар зарцуулагдаад явдаг. Түүнийг ТУЗ нь хэмжихэд ч хэцүү, тайлангаа гаргаж байгаа хүмүүст ч ойлгоход түвэгтэй. Үүнийг зохицуулах ёстой.
-Тэгвэл төрийн өмчит компаниуд алдагдалгүй ажиллах боломжтой юм биш үү?
-Төрийн өмчит компанийн ангилалд зөв ороод ирчихсэн бол алдагдалгүй л ажиллах ёстой. Хоёрт, элдэв татаас хөнгөлөлт авч байгаа бол компани түүнийгээ арилжааны үйл ажиллагаанаас салгах хэрэгтэй. Ингэснээр хяналт тавих бололцоо үүснэ. Төр ч өөрийнхөө өгсөн хөрөнгийг хянана, компани ч юмаа хянах бололцоотой. Ингэж татаас авсан компани зах зээл дээрх өрсөлдөөнийг эвдэхгүй байх ёстой. Хувийн компаниуд үйл ажиллагаа явуулж байхад баахан татаас хөнгөлөлттэй зээлтэй төрийн нэг компани орж ирээд нөгөө хэдийнхээ үнийг будаа болгож болохгүй. Олон улсад, Европын орнуудад хувийн компаниудын өөрийн хөрөнгө өр зээлийнх нь харьцаатай балансалж үздэг. Энэ нь тэнцүү байх ёстой. Илүү их өр зээл, илүү их тэтгэлэг авчихсан бол зах зээлийг эвддэг. Үүнээс хамгаалсан арга барил хэрэглэдэг байх хэрэгтэй. Манайд юун тэр арга барил хэрэглэх манатай.
-Нэгэнт төр данхар байна. Хувьчлах хэрэгтэй гэдэгтэй бүх нийтээрээ санал нийлдэг. Тэгвэл яаж хувьчлах ёстой вэ?
-Олон улсын туршлагаар улс орон болгон өөр өөрийн онцлогтой. Жишээ нь, Англид нэг хэсэг төр компаниудаа төрдөө аваад сүүлдээ буруу юм байна гээд тултал нь хувьчилсан. Манайд угаасаа данхар байгаа нь ойлгомжтой.
Манай төр аж ахуйн ажил руу орох маш их сонирхолтой. Тиймээс манайд хариуцлагын тогтолцоог сайжруулчихвал төр олон компани авах сонирхолгүй болно. Манайд энэ систем тодорхойгүй учраас болж л өгвөл төрд аваад, явж очоод мөнгө хөрөнгөө угаагаад байдаг. Үүн дээр компанийг төрд авбал ямар хариуцлага хүлээх вэ гэсэн хариуцлагыг тодорхой болгочих. Хувьцаа эзэмшигчдийн эрхийг хэрэгжүүлж байгаа яамдуудтай хариуцлага ярина. Тэнд байгаа мэргэжилтэн, яг тэр ажлыг хашиж байгаа хүнтэй хариуцлага тооцдог болчих юм бол аяндаа хэрэггүй юмнаасаа салж эхэлнэ.
Төрийн өмчит компанийн хувьчлалыг мэргэжлийн хараат бус зөвлөл байгуулах хэрэгтэй. Жишээ нь, төрийн өмчийн тухайн компанийн үнэлгээн дээр маш сайн хяналт тавиад өгөх ёстой. Одоо манайд төрийн битгий хэл хувийн компаниуд хувьцаа гаргадаг. Гэтэл үнэлгээ нь маш асуудалтай. Хөрөнгө, бизнесийн үнэлгээ нь маш үндэслэлгүй. Тэгээд 10 хувиа гаргах нэрээр хувьцаа авч байгаа хүмүүсээ шулдаг. Орж ирсэн мөнгөө өөр зүйлд зарцуулаад л явж байна. Эцэст нь хувьцаа авсан хүмүүс л хохирч байгаа. Хэзээ ч хувьцааных нь үнэ нь өсдөггүй.
Тэгэхээр үнэлгээг хэн хийж байна, ямар үнэлгээ гаргаж байнга, үнэн юм уу гэж харах ёстой. Түүн дээр мэргэжлийн хүмүүс байх ёстой юм. Манайд бизнесийн үнэлгээ хийж байна гэхээр зүгээр л хөрөнгө үнэлдэг хүмүүс хийчихдэг. Тэд бизнес үнэлж чадахгүй. Бизнесийн үнэлгээг олон улсын хэмжээнд гаргаж ирж үнэлээд түүнийхээ хэчнээн хувийг хувьчлах вэ, ямар үе шаттай явагдах вэ. Шилжилтийн үед төр өөрийнхөө хяналтыг яаж тавих вэ гэдгийг тодорхой зааж төр өөрийнхөө үүргээс бага багаар холдох ёстой. Анхны цэнхэр ягаан тасалбар шиг болгож болохгүй.
Б.Энхзаяа /Өдрийн сонин/