x

Б.Энхболд: “Худал мэдээлэл тараах” зүйл анги хүний эрх, эрх чөлөөг зөрчих маш өндөр эрсдэлтэй

Хүний Эрхийн Үндэсний комиссын гишүүн, Хууль зүйн ухааны доктор Б.Энхболдтой ярилцлаа.

-НҮБ-ын Хүний эрхийн ээлжит чуулган өнгөрсөн сард Женев хотноо болсон. Чуулганаар “Монгол улсын хүний эрхийн зөрчил дээд цэгтээ хүрсэн” гэдгийг онцолж, танилцуулсан. Та энэ чуулганд оролцож, Монгол Улсын Их хурал, Засгийн газар олон улсын зөвлөмжийн дагуу хууль тогтоомжийг боловсронгуй болгож байгаа гэдэг байр суурь илэрхийлсэн байсан. Ямар хуульд хэр их өөрчлөлт хийхээр ажиллаж байгаа вэ, ажлын явц хэр байна вэ?

-Монгол Улсын 2022 оны аравдугаар сарын эхний долоо хоногуудад НҮБ-ын Дур зоргоор баривчлан саатуулахаас урьдчилан сэргийлэх ажлын хэсэг ирж ажиллаад, урьдчилсан дүгнэлтээ танилцуулсан байгаа. Энэ урьдчилсан дүгнэлтэд Монгол улс дахь хүний эрх, эрх чөлөөний нөхцөл байдалд анхаарал татсан хэд хэдэн асуудал байна. Нэгд, шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах ажиллагаа 98-99 хувьтай байна. Хоёрт, хорих ангиудын нөхцөл байдал их таагүй байна. Гуравт, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөрдөгч, өмгөөлөгч нарын хүрэлцээ, хэмжээ харилцан адилгүй байна гэсэн дүгнэлт гарсан. Мөн цаашлаад зарим гэмт хэргүүдийг эрүүгийг хуульд хуульчилсан нь оновчгүй байна гэдэг дүгнэлтүүдийг урьдчилж гаргаад явсан.

Энэ дүгнэлтийг НҮБ-ын ажлын хэсэг эцэслэн боловсруулаад 2023 оны долдугаар сарын 5-ны өдөр НҮБ-ын ерөнхий ассамблейгийн 54-р хэлэлцүүлэг болох ажлын хэсэгт хүргүүлсэн. Ингээд НҮБ-ын Хүний эрхийн ээлжит чуулган дээр энэ дүгнэлтийг сонсох ажиллагаа явсан. Дүгнэлт гарснаас хойш Монгол улсын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, ХЭҮК-ийн байр суурийг илэрхийлж оролцсон.

НҮБ-ын ажлыг хэсэг монгол улсад ирээд явсны дараа ХЭҮК үнэхээр энэ 98-99 хувь байна уу, үгүй юу гэдгийг сүүлийн гурван жилийн баривчилгааны бүх материалууд дээр дүн шинжилгээ хийж үзсэн. Эндээс нийт баривчилгааны 70 орчим хувь нь шүүхийн хяналтанд бүрэн ороогүй байна, үүнийг оруулах нь зүйтэй гэдэг дүгнэлтийг хийсэн. Энэ дүгнэлттэй холбогдуулаад Хүний эрх чөлөөний байдлын тухай 22 дахь удаагийн илтгэлд тусгаад УИХ-д өргөн мэдүүлсэн.

УИХ үүнийг хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, баривчилгаа, цагдан хорио, хүний эрх чөлөө хязгаарладаг арга хэмжээнүүдийг олон улсын эрх зүйн хэм хэмжээнд нийцүүлье гэдэг 49-р тогтоолыг батлан гаргаад, Засгийн газарт үүрэг чиглэл өгсөн. Үүний дагуу өнгөрсөн тавдгаар сард Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгийг байгуулсан. Энэ ажлын хэсэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хэд хэдэн өөрчлөлтийг оруулахаар хуулийн төслийг бэлтгэсэн байгаа.

Энэ дээр нэгд, шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах ажиллагааг шүүхийн хяналтад бүрэн оруулах эрх зүйн зохицуулалтыг тусгасан. Хоёрт, цагдан хорионы асуудлуудыг тусгасан. Гуравт, шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах ажиллагаанд шүүх хэрхэн хяналт тавих, хэрхэн ажиллах гэдэг асуудлуудыг тусгасан. Энэ хүрээнд шүүх байгуулах тухай хуулийг хамт оруулж ирж, санал авах шатандаа явж байгаа. Үндсэндээ НҮБ-ын ажлын хэсгийн дүгнэлт, ХЭҮК-ийн 22 дахь илтгэлтэй холбоотойгоор хууль тогтоомжийг сайжруулах дээрх арга хэмжээнүүдийг авч ажиллаж байна.

Мөн үйл ажиллагаандаа хүний эрхийг зөрчихгүй байх талаар цагдаа, мөрдөх байгууллага, прокурор, шүүхийн байгуулга дотооддоо хандлагаа өөрчлөхөд чиглэсэн олон төрлийн нөлөөллийн ажиллагааг ХЭҮК-той хамтарч болон бие даан явуулж байгаа.

-Сургалт явуулж байгаа гэсэн үг үү?

-Жишээ нь, ЦЕГ мөрдөх алба дотооддоо энэ хуулийн заалтыг ингэж ойлгоно, ингэвэл зөрчил болно шүү, үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд ингэх ёстой шүү гэдэг сургалтыг зохион байгуулж байна. Прокурор, шүүх бас тодорхой сургалтуудыг хийж байна. Зарим байгууллагууд дээр Хүний эрхийн комисс зөвөлгөө өгч, сургалтуудыг тодорхой сэдвүүдээр дагнан зохион байгуулаад явж байна.

-Эрүүгийн хуулийн өөрчлөлт дээр “Гүтгэх, доромжлох” заалтыг өөрчлөх ажил явж байгаа юу? Сэтгүүлчдийн хувьд таамаглах, хардах эрхэнд нь энэ хуулийн заалт нөлөөлж, ажлаа хийхэд нь дөнг болдог шүү дээ?

-Нэгдүгээрт, Хүний эрхийн үндэсний комиссийн байр суурь маш тодорхой байдаг. Хүнийг гүтгэх, доромжлох үйлдлийг эрүүгийн журмаар хариуцлага хүлээлгэх нь учир дутагталтай гэж үздэг. Үүнийг Иргэний хууль болон бусад хууль зүйн хариуцлагын хүрээнд шийдвэрлэх боломжтой гэдэг саналыг ХЭҮК-оос удаа дараа өгдөг, байр сууриа илэрхийлдэг. Өнгөрсөн жил Монголд ирж ажилласан ажлын хэсэг мөн энэ Эрүүгийн хуулийн 13.14 буюу худал мэдээлэл тараах энэ зүйл анги хүний эрх, эрх чөлөөг зөрчих маш өндөр эрсдэлтэй юм байна аа, үүн дээрээ бас нэмэлт өөрчлөлт оруулах, засч залруулах тал дээр ажил гээд тайландаа дурьдаад, зөвлөмж өгчихсөн байгаа.

Засгийн газраас бол Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг бол хэд хэдэн удаа боловсруулсан байгаа. Өөрөөр хэлбэл, 2023 оны тавдугаар сард байгуулсан ажлын хэсэг дээр зөвхөн “хүний халдашгүй чөлөөтэй байх эрх” буюу баривчлах, саатуулах, хорих үйл ажиллагаатай холбоотой цогц нэмэлт өөрчлөлтүүдийг л хөндөж оруулсан байгаа. Үүний өмнө Хууль зүй, дотоод хэргийн яам хуулийн төсөл боловсруулсан байгаа. Иргэдээс мөн санал авч байгаа. Энэ төсөл дээр 13.14 буюу худал мэдээлэл тараах гэдэг зүйл дээр дорвитой өөрчлөлтийг оруулаагүй хуулийн төсөл явж байгаа. Хуучнаараа байна аа л гэсэн үг.

-ХЭҮК дээр сэтгүүлчид болон хүний эрхийн байгууллагуудаас яг энэ заалтын талаар гомдол ирвэл УИХ-д өөрчлөлт оруулах талаар төсөл, тайлан явуулах боломжтой юу?

-Хүний эрх чөлөөний байдлын 22 дахь удаагийн илтгэл дээр хэвлэн нийтлэх эрх чөлөөний асуудлыг тусгайлан бүлэг болгож УИХ-д танилцуулсан. Илтгэлд Монголын хэвлэл мэдээллийн салбарын үйл ажиллагааг бүтэн том зургаар нь дүгнэсэн байгаа. Сэтгүүл зүй өөрөө юуг хийж чадах, чадахгүй байх, ямар эрсдэлтэй байна, сэтгүүлчийн зүгээс бас ямар ёс зүйн алдаатай үйл ажиллагаа явуулж байна гэх мэт ХЭҮК-оос хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах цогц тайланг оруулсан. Энэ хүрээнд 13.14-ийг өөрчлөх, хууль тогтоомжийн давхардлыг арилгах саналуудыг маш тодорхой өгсөн байгаа. Үүнд нийцүүлээд хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль болон холбогдох хууль тогтоомжуудыг өөрчил гэдэг шийдвэрийг УИХ-д танилцуулсан. Үүний дагуу тодорхой шийдвэр гараад УИХ-аас Засгийн газарт үүрэг, чиглэл өгсөн. Харин энэ дагуу засаж, сайжруулах, хэвлэлийн эрх чөлөөний тухай цогц хууль болон дагаж гарах хуулийн төсөл өнөөдрийн байдлаар хийгдээгүй л явж байна.

Хэвлэлийн эрх чөлөөний хуулийн ажлын хэсэг гарсан гэж сонссон. Гэхдээ боловсруулагдсан хуулийн төсөл алга, хэний ч гар дээр байхгүй байна. Тэрийг дагсан эрүүгийн хууль, зөрчлийн хууль, иргэний хууль дээр оруулах дагалдах хуулийн төслүүд нь ч гараагүй байна.

Нөгөө талаараа, ХЭҮК хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль ийм байх боломжтой юм аа гэдэг загвар хуулийг УИХ-д хүргүүлсэн байгаа. Загвар хуульд Хэвлэлийн хүрээлэн, Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Хэвлэл мэдээллийн зөвлөл зэрэг бүх талуудыг оролцуулсан хуулийн төсөл боловсруулаад өнгөрсөн жил танилцуулсан.

-Тэр нь ажил болоогүй л байгаа юм байна?

-Ажил болгох нь Засгийн газрын үүрэг. УИХ-ын тогтоол нь гарчихсан.

-Цахим орчинд зарим тохиолдолд нэр бүхий улстөрчдийг шүүмжлэх, мийм хийх зэргээр үзэл бодлоо илэрийлэхэд цагдаагаас дуудах, цахим хаягыг нь хаах тохиолдол гардаг. Энэ нь хүний эрх, үзэл бодлоо илэрхийлэх эрхэнд халдаж байгаа үйлдэл мөн үү?

-Хүний эрхийг хязгаарлахад тавигдах зарчим гэж байдаг. Хүний эрхийг хуульд заасан үндэслэл журмаас гадуур хасаж, хязгаарлаж болохгүй гэдэг заалт байгаа. Хуульд заасан байна аа гэдэг нь тодорхой биччихсэн байна аа гэсэн үг. Тэр бичсэн хуулийн дагуу л субьектүүд мэдээллийг устгах, хаах, хязгаарлах ажиллагаанууд явагдана.

-Эрүүгийн хуулийн гүтгэх, доромжлох заалт дээр ХЭҮК-ын байр суурь ямар байгаа вэ?

-Комиссын байр суурь энэ заалтыг Эрүүгийн хариуцлагаас болиулаад Иргэний гэх мэт бусад хууль зүйн хариуцлагын механизнуудаар шийдвэрлэх боломжтой юм аа гэдэг саналаа УИХ-д удаа дараа өгч байгаа. УИХ хүлээж аваад Засгийн газартаа чиглэл өгчихсөн. Бид нар араас нь хэрэгжүүлэх тал дээр ажиллаад явахыг үгүйсгэхгүй.  

Нөгөө талд бас хэлмээр зүйл байна. ХЭҮК-д сэтгүүлчидтэй холбоотой гомдлууд бас ирдэг. Сэтгүүлч миний нэр төрд халдлаа, ор үндэслэлгүй мэдээлэл явуулж байна аа гэх мэдээллүүд ирдэг. Аливаа зүйл баланстай байх ёстой. Хэвлэлийн эрх чөлөө гэдэг хязгаартай. Яг хүний нэр төрд халдсан, илт худал мэдээлэл тараасан бол хариуцлага хүлээх ёстой. Энэ хэвлэлийн ёс зүйн дүрмэнд ч байгаа. Гэхдээ хүлээлгэх, хүлээж байгаа энэ хариуцлагыг Эрүүгийн хуулиар шийдвэрлэх шаардлагагүй. Бусад хууль тогтоомжоороо шийдвэрлэгдээд явах ёстой. Энэ нь илүү ардчиллын үнэт зүйл, зарчимд нийцнэ. Ийм байр суурийг ХЭҮК барьж байгаа. Түүнээс биш нэг талыг бариад сэтгүүлч хариуцлага хүлээх ёсгүй гэдэг өрөөсгөл ойлголттой байж болохгүй.

-Саяхны судалгаа дээр иргэд өөрийн эрхээ хэрхэн зөрчигдөж байгааг мэддэггүй гэсэн байсан. Сэтгүүлч “миний эрх зөрчигдчихлөө” гэхэд иргэдийн зүгээс “чиний буруу” гэдэг илэрхийлэл үзүүлдэг. Иргэн өөр дээр нь тулах үед л эрхээ хамгаалах талаар ярих нь хуулийн мэдлэггүй байдалтай нь холбоотой байна уу?

-Хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх боломж, зэвсэг нь мэдлэг. Хүний эрх гэж яг юу юм, хүний халдашгүй чөлөөтэй байх эрх гэж юу юм, миний эрх зөрчигдсөн үү үгүй юу гэдгийг хүн өөрөө маш сайн мэддэг байх ёстой. Хэдий чинээ хүний эрхийн боловсрол нь өндөр байна төдий чинээ өөрийнхөө эрхийг хамгаалах чадвар сууж байдаг. Хүн өөрийн эрхээ зөрчигдсөн гэдгийг мэдэхгүй байдгаас болж хүний эрхийг хамгаалах тогтолцоонд гомдол гаргахгүй байх тохиолдол маш түгээмэл байдаг.

ХЭҮК-ын нэг чиг үүрэгт хүний эрхийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх байдаг. Энэ хүрээнд бид хүний эрх гэж ийм ойлголт байдаг юм, ингэсэн тохиолдолд зөрчил болдог юм, таны эрхийг ийм тохиолдолд хязгаарлаж болно, ийм тохиолдолд та хүний эрхийн байгууллагуудад хандаж болно гэх боловсролыг боломжийнхоо хэрээр түгээн дэлгэрүүлэх ажил хийгээд явж байна.

Нөгөө талаасаа, хүний эрхийн боловсрол, хүний эрхийн нарийвчилсан мэдлэг байхгүй байх тусам хүн бусад руу дайрч эхэлдэг. Ийм хандлага массаараа байх юм бол сайн үр дүн авчрахгүй.

-Хүний бас нэг үндсэн эрх болох амьд явах эрхийг хөнддөг нэг зүйл бол цаазын ялын асуудал. Манайхан олны анхаарал татсан ямар нэг хүн хэрэг гарангуут цаазын ялыг сэргээх тухай асуудал босоод ирдэг. Үүнээс ямар аргаар зайлсхийх ёсой вэ?

-Сүүлийн үед янз бүрийн шалтгаанаар цаазаар авах ялыг сэргээх ёстой, цаазаар авахгүй бол гэмт хэрэг буурахгүй байна, энэ зөв гэх мэдэгдлүүдийг олон нийтийн танил улстөрч, хуульч нар маш их хийдэг. Үүний дор байгаа олон нийтийн санаа бодол, сэтгэгдэлийг уншаад үзэхээр бараг 70 хувь зөв ярьж байна гэж хариулдаг. Энэ нь яагаад цаазын ял үр нөлөөгүй юм, яагаад хүний эрхийн зөрчил болдог юм, цаазын ялыг хуульчилснаар эерэг, сөрөг ямар үр авчрах талаар үндэслэл бүхий дүгнэлт хийх чадвар сул байгааг харуулж байгаа үзэгдэл.

Энэ мэтчилэн зүйл дээр манай олны танил, нэр нөлөө бүхий хүмүүс хүний эрхийн талаар мэдлэг, хандлага нь нэмэгдэж ядаж байгаа иргэдийг буруу зүйл рүү битгий уриалаад бай гэж хэлмээр санагддаг юм.

-Ярилцсанд баярлалаа.

Ц.ТУЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2 цаг 38 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2 цаг 38 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 4 цаг 7 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 4 цаг 35 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 4 цаг 43 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 4 цаг 52 мин 1968 оны Чехословакийн хавар 5 цаг 20 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 5 цаг 34 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 7 цаг 8 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 7 цаг 17 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 7 цаг 38 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 8 цаг 28 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой 8 цаг 38 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 9 цаг 17 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Өчигдөр 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Өчигдөр 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Өчигдөр 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Өчигдөр 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Өчигдөр 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Өчигдөр 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top