Нийслэлийн төв талбайд дэлгэж үзүүлсэн “ногоон автобусны” дуулиан эрх баригч МАН-ыг бүхэлд нь самарч мэдэхээр болов. Нийслэлийн авто замын түгжрэл хариуцсан Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар сайд сайн дураараа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн боловч түүний асуудлыг хэлэлцэхээс өмнө хотын дарга Д.Сумьяабазар албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр буучихлаа.
Хэдийгээр хотын дарга “Би хэн нэгний шахалт дарамтгүйгээр, өөрийн хүсэлтээр ажлаа өгч байгаа шүү” гэдэг үгийг дахин дахин хэлсэн боловч харин ч эсрэгээрээ ойлгогдохоор болчихлоо. Бүр тодорхой хэлбэл, тэр өчигдөр орой сэтгүүлчдэд хийсэн мэдэгдэлдээ “Худалдан авах ажиллагаанд би оролцоогүй. Автобусны нийлүүлэлтийг хийсэн компаниудтай уулзаж байгаагүй. Хувийн хэвшлээр дамжуулахыг Д.Амарбаясгалан дарга өөрөө санаачилсан” гэсэн нь хотын даргыг ажлаа өгөх болсон шалтгааныг илүү ойлгомжтой болгов.
Хоёрдугаарт, өчигдөр үдээс өмнө болсон УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдааны дараа Д.Сумьяабазар Төрийн ордонд сэтгүүлчидтэй тааралдах үеэрээ "Энэ бол улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн худалдан авалт. Төсвийн ерөнхийлөн захирагч нь Ж.Сүхбаатар сайд. Нийслэлд эрх шилжүүлэх замаар орж ирсэн. Худалдан авах ажилд би огт оролцоогүй. Анхнаасаа оролцохгүй гэдгээ хэлсэн. Нэг бол хотын төсөвт суулга, үгүй бол өөрсдөө хий гэж хэлсэн. Хуулийн байгууллага шалгаад буруутай гэж үзвэл хариуцлага хүлээхэд бэлэн" гэсэн байна. Гэвч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзсаныхаа дараа бодлоо гэнэт өөрчилж, чөлөөгдөх өргөдлөө өгчээ.
Тэгэхээр хотын даргыг өргөдлөө өгөхийг хүссэн хүн нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болж таарч байна. Ерөнхий сайд түүнийг “УИХ-ын сонгуулийн өмнө дэгдсэн энэ асуудал манай намд хүнд хохирол учруулж мэднэ. Та өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх нь намын эрх ашигт нийцнэ” хэмээн шахсан тухай зарим хэвлэлээр мэдээлсэн байна. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд кабинетаа бүтэн авч үлдэхийн тулд хотын даргаар “туг тахисан” бололтой. Харин Д.Сумьяабазар сайд өчигдөр хийсэн мэдэгдлээрээ ногоон автобусны хэргийн ард хэн байгааг бараг нэрлэчихлээ.
Хэдийгээр Д.Сумьяабазарын хувьд хотын даргын суудлаас буусан ч гэлээ МАН-ын хамгийн том масс болох Нийслэлийн намыг тэргүүлж байгаа хүн. Түүнийг нь Ерөнхий сайд байлаа ч өөрчлөх боломжгүй. Тэгээд ч Д.Амарбаягалангийн нэрийг зүгээр нэг цохоогүй нь ойлгомжтой. Дээр нь УИХ-ын дарга Г.Занданшатар энэ худалдан авалтын талаар УИХ дээр нээлттэй сонсгол явуулна гэж хэлээд түр хороо байгуулчихсан байдаг. Тэгэхээр “ногоон автобусны” гэх энэ хэрэг МАН-ын толгой хэсгийг задалж мэдэхээр болчихлоо.
Дээр нь өнгөрсөн наадмаар болсон үеэр усны гамшиг, хүний амь хохирсон асуудал. Хотын даргын нураахаар шийдсэн "Авилга" хорооллын авторууд нь одоогийн Засгийн газарт ороод суучихсан байгаа. Ерөнхий сайд өөрөө "хэргийн газар" дээгүүр явах үеэрээ "Авилга" хорооллыг барих зөвшөөрөл өгсөн албан тушаалтнуудад хариуцлага тооцно гэж ам гарсан боловч үүнд оролцсон Шадар сайд С.Амарсайхан, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн нар одоо ч ажлаа хийсээр байгаа. Хотын дарга байхдаа Д.Сумьяабазар нэг удаа шүд зуугаад, тэсээд өнгөрсөн. Одоо бол тэр тэвчээр нь дууссан юм шиг харагдаж байна.
Б.ЗАЯА