Өнгөрөгч долоо хоногт мандсан ногоон автобусны дуулиан Ардын намыг ар далаар нь ганц сайн савлаа. Засгийн газар нууцад хамруулж улсын төсөвт суулгасан 318 тэрбум төгрөгөөр 810 автобус (нэг бүр нь ойролцоогоор 400 сая төгрөг) авахаар гэрээлсний эхний 100 ширхэг нь нийслэлд хүргэгдэж ирсэн ч үйлдвэрлэгчиддээ буцахаар болов. Асуудал эрхэлсэн сайд Ж.Сүхбаатар сайн дураараа чөлөөлөгдөх хүсэлтээ өгч, Нийслэлийн худалдан авалтын газартай гэрээ хийсэн “Тэнүүн Огоо” нэртэй хувийн компани хариуцлагыг хүлээхээр болж байх шиг.
Гэвч УИХ-ын дарга Г.Занданшатарын намрын чуулганы нээлт дээр хэлсэн үг улстөрчид буюу шийдвэр гаргагч нарыг асуудалд илүү хариуцлагатай, нухацтай хандахыг сануулав. Тодорхой хэлбэл, “Хөгжлийг гацааж, хувиа бодсон цөөн хүний шуналт үйлдлийн үр дагавар өнөөдөр Монгол төрийн нэр хүндийг удаанаар тогтвортой баллаж байна. УИХ-ын эрхэм гишүүд авлигын эсрэг тэмцэлд сэтгэл зориг шулуудан зүтгэхийг хүсч байна” гэсэн нь асуудлыг зөвхөн хууль хяналтын байгууллага руу түлхээд орхиж болохгүй, парламентын түвшинд ярих ёстой гэсэн үг. Хамгийн түрүүнд автобус худалдан авах мөнгийг улсын төсөвт суулгахдаа яагаад нээлттэй тендер зарлалгүй, нууцад хамруулсан бэ гэдгийг ярих ёстой.
Тийм болохоор ядаж энэ удаа Ерөнхий сайд болон УИХ-ын гишүүд Ж.Сүхбаатар сайдын чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээж авч болохгүй. Албан тушаалаас нь түр түдгэлзүүлж байгаад нээлттэй сонсгол явуулах хэрэгтэй. Тэгсний дараа огцруулах үндэслэлийг нь оруулж ирвэл сая хууль ёсны үйлдэл болно. Тэгэхгүйгээр хэрэгт холбогдсон болгон сайн дураараа өргөдөл бичиж шидчихээд ялаас мултардаг явдал Ардын намын үед гэм биш зан болж байна. Дээр нь УИХ-д суудалтай бусад намууд, сөрөг хүчний зүгээс хяналтаа тавьж чадаж байна уу гэдэг ч бас асуудал мөн. Ардчилсан нам лав үүн дээр дуугарсангүй. ХҮН-ын дарга “манай нам шүгэл үлээсэн” гээд зогсож байгаа нь ч хангалттай бус. Улс төрийн нам юм бол шүгэл үлээх бус, хариуцлага ярих ёстой.
Хэдийгээр УИХ-ын дарга “Хотын ужиг асуудал” гэж онцолсон боловч энэ зөвхөн хот тойрсон асуудал биш, манай нийгмийн бүхий л салбарыг аалзны тор шиг хэрсэн авилга, албан тушаалын хэргийн сүлжээг тодруулж, томруулж харуулсан ганцхан жишээ гэдгийг санахад илүүдэхгүй. Хаа сайгүй ухаад үзвэл ийм л дүр зураг гарна. Тийм учраас УИХ-ын даргын санал болгосон парламентын нээлттэй сонсголд парламентын бүх намууд, түүний дотор сөрөг хүчин илүү хариуцлагатай, оролцоотой байх ёстой.
УИХ-ын даргын чуулганы нээлт дээр хөндсөн бас нэг сэдэв бол Нүүрсний хэрэг. Хэрэв санаж байгаа бол өнгөрсөн хаврын чуулганаар нүүрсний хэргээр нээлттэй сонсгол явуулахаар УИХ дээр Түр хороо байгуулсан. Түр хорооны дарга нь Г.Ганболд гишүүн “АТГ-аас санал ирүүлсэн учраас сонсголыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулж байна” гэснээс хойш даруй таван сарын хугацаа өнгөрөөд байна. Уг хэрэгт холбогдсон 11 хүний хэргийг шүүхэд шилжүүлж, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг хийсэн. Гэм буруугийн шуух хурал нь энэ сарын 30 хүртэл хойшлоод байгаа. Шүүгдэгч нарын өмгөөлөгч нар хуульд заасан үндэслэлийн дагуу шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргаад явбал дахиад хэдэн сар, жилээр ч хойшлох боломжтой.
Тиймээс УИХ-ын дарга уг асуудлаар улс төрийн дүгнэлт гаргах, олон нийтийг мэдэх эрхээр хангах нь парламентын чиг үүрэг гэж үзэж байгаа юм байна. Өөрөөр хэлбэл, Нээлттэй сонсголыг намрын чуулганы хугацаанд хийх саналаа нээлтийн үгээр дамжуулаад хэлчихлээ. Түүний хэлсэнчлэн “Монгол төрийн нэр хүндийг удаан хугацаанд тогтвортойгоор унагаж байгаа” авилга, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэхийн тулд парламентын хяналтын механизм түүнээс илүү тогтвортой, үр дүнтэй ажиллах ёстой болно. Ардын намын хувьд ядаж л үнэн, худал нь хамаагүй, өөрсдийн “шүгэл үлээж” (намын дарга нь үлээсэн гэдэг) ил гаргасан нүүрсний хулгайн хэргээ нэг тийш болгохгүйгээр ирэх сонгуульд орно гэвэл иргэдийн итгэлийг дахин хүлээх тухай санахын ч хэрэггүй.
Б.СЭМҮҮН