“Mongolia Mining” Олон улсын уул уурхайн үзэсгэлэнгийн 12 дахь удаагийн арга хэмжээ 2023 оны 10 дугаар сарын 3-5-ны өдрүүдэд "Буянт-Ухаа" спорт ордонд зохион байгуулагдах гэж байна.
Үзэсгэлэнгийн үеэр зохион байгуулагдах семинарт Монголын уул уурхайн салбарын хөгжил, дэлхийн чиг хандлага, томоохон компаниудын худалдан авалтын бодлого, төлөвлөгөө зэрэг сэдвүүд хөндөгдөх бол хариуцлагатай уул уурхай, хөрөнгө оруулалт, тогтвортой хөгжлийн асуудлаар салбарын мэргэжилтэнгүүд санал солилцож, олон улсын туршлагаасаа хуваалцах юм.
Дээрх сэдвүүдийн хүрээнд ивээн тэтгэгч байгууллагууд, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, Оюу Толгой ХХК, Эрдэнэс Таван Толгой ХХК, болон Энэтхэг улсын уул уурхайн яам, Австрали улсын уул уурхайн компаниудын мэргэжилтэн, төлөөлөгчид илтгэл тавина. Уг нээлттэй арга хэмжээ 3 өдрийн турш үргэлжилнэ.
Үзэсгэлэнд уул уурхай, газрын тосны олборлолт, хайгуулын компаниуд, үйлчилгээ тоног төхөөрөмж ханган нийлүүлэгчид, үнэлгээ консалтингийн компаниуд, хөрөнгө оруулагч болон эдгээр салбарт оролцоо бүхий төрөл бүрийн 200 орчим бизнесийн байгууллага өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ үзүүлж сурталчилна.
Мөн "Mongolia Mining 2023" үзэсгэлэнд олон улсын байгууллагууд оролцож байгаа бөгөөд тэр дундаа Хятад, ОХУ, Канад, Их Британи, Турк, Австрали, Беларусь, Герман, Австри, Америк, Финланд, Казакстан, Солонгос зэрэг 20-иод орны 100-аад байгууллагын төлөөлөл хүрэлцэн ирж оролцох юм. Үүнээс гадна манай улсын уул уурхайн салбарын тэргүүлэх томоохон байгууллагууд оролцоно.