Багагүй “дуулиантай” эхэлсэн Оросын төрийн Думын даргын айлчлалаас монголчууд бага биш үр дүнг хүлээж байна. Өчигдөр Төрийн ордонд болсон парламентын тэргүүн нарын албан ёсны хэлэлцээний үеэр Думын дарга “Оросын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа газрын тосны бүтээгдэхүүний аливаа хязгаарлалтад Монгол Улс орохгүй” гэж албан ёсоор мэдэгдсэн нь нааштай эхлэл болов.
Ердөө хэдхэн хоногийн өмнө ОХУ-ын Засгийн газар дотоодынхоо нефть бүтээгдэхүүний хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор гадаад улс руу хийх нефть бүтээгдэхүүнийхээ экспортыг тодорхойгүй хугацаагаар зогсоох шийдвэр гаргасан. Манай улсын хувьд дизель түлшний хязгаарлалтад ороогүй ч АИ92, АИ95 бензинүүдийг хязгаарлаад байв. Энэ хязгаарлалт нэг мөр авагдаж, оросууд цоргоо нээхээр боллоо. Яриа хэлэлцээ цаашид үргэлжилнэ.
Араас нь залгаад хоёр улсын хоорондын худалдааны тэнцлийн алдагдал, ОХУ-аас манайд тавьдаг худалдааны хэт өндөр (40 гаруй хувь) татварыг бууруулах гэх мэт олон асуудал ундарна. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд гэхэд ОХУ-аас манайд нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний хэмжээ хоёр тэрбум доллар (дийлэнх нь нефть бүтээгдэхүүн, эрчим хүч) байхад манайхаас нийлүүлсэн нь 100-хан сая доллар...
Өнгөрсөн хавар Улаанбаатарт болсон Монгол, Орос, Хятадын Худалдаа аж үйлдвэрийн танхимуудын нэгдсэн чуулганы үеэр манай хоёр улсын бизнес эрхлэгчид, ААН-үүдийн зүгээс хамгийн их ярьсан зүйл бол нөгөө л худалдааны татвар, тарифийн асуудал. Түүнээс биш орсууд нь ч бараа бүтээгдэхүүн, түүхий эд авах хүсэлтэй, монголчууд нөөцтэй. Гол нь Оросын талаас тавьж байгаа гааль, татварын тарифаас болоод таг гацдаг. Үүнийг засч залруулах арга зам нь хоёр улсын парламентын түвшинд явуулах яриа хэлэлцээ.
Өнгөрөгч зургаан сард УИХ-ын дарга Г.Занданшатар ОХУ-д айлчилсан, өнөөдөр Оросын Төрийн Думын дарга нь манайд ирлээ. Үүнийг хоёр улсын харилцаанд гарч байгаа бас нэг “дулаарал” гэж харах нь зөв байх. Думын даргын манайд ирээд гаргасан ааш араншинг тойрч ярихаасаа илүү албан ёсны яриа хэлэлцээнээс үр дүнг хүлээх ёстой. Хөршөөсөө зугтаж чаддаггүй, хөөж болдоггүй болохоор хаана бидний эрх ашиг огтлолцож байна, түүн дээрээ нэгдэж, хамтарч ажиллахаас өөр зүггүй.
Гэвч бидний харилцаанд саад болж ирсэн нэг зүйл бол өнгөрсөн түүхийн 70 жил. Нэг хэсэг нь “Зөвлөлтүүд биднийг колоничилсон” гэж үзэн яддаг, нөгөө хэсэг нь “Ах нар биднийг яр тэмбүүнээс салгасан” гэж өмөөрдөг колонийн сэтгэхүйнээсээ салж, өнгөрсөн түүхийн бараан толбуудыг ардаа орхиод шинэ Орос оронтой сайн хөршийн хувиар харилцан ашигтай хамтын ажиллагааг үүсгэх нь төрийн бодлого байх ёстой. Гэтэл бидний дэлхийн олон оронтой үүсгэсэн иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг манай хоёр улс ердөө дөрөвхөн жилийн өмнө буюу 2019 онд эхлүүлсэн гэж байна. ЗХУ задарч, хоёр орны “ах, дүүгийн барилдлага” бут үсэрч, дэлхийн хамтын нийгэмлэгүүд дотор өөр өөрийн замаар замнаснаас хойш энгийн сайн хөршийн, иж бүрэн түншлэлийн харилцаанд хүрэхийн тулд урт замыг туулж байна.
Энэ бүхэн нэг амьсгаагаар хийгдчих зүйл биш л дээ. Хоёр талаасаа хүчин чармайлт хэрэгтэй. Үүн дээр УИХ-ын дарга санаачлагатай ажиллаж байгаа нь олзуурхууштай. Хоёр орны парламентын харилцааг ойртуулснаар бусад олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх, хоёр орны харилцаанд гарч байгаа хүндрэл, бэрхшээлийг дипломат арга замаар, яриа хэлэлцээний аргаар шийвэрлэх боломж нээгдэнэ.
Өнгөрсөн зургадугаар сард УИХ-ын дарга Г.Занданшатар ОХУ-д айлчлахдаа хоёр улсын парламент хоорондын хамтарсан комисс байгуулах талаар ярилцсан. Тухайн үедээ нэлээд шүүмжлэл дагуулсан хамтарсан комисс гэдэг нь одоо яригдаад байгаа худалдааны тарифийн асуудлыг шийдэх зорилготой, тодорхой асуудал дээр төвлөрч ажиллах бүтэц гэж ойлгож болох юм. Дээр нь нэмээд ОХУ-аас манайд нийлүүлж байгаа эрчим хүч, нефть бүтээгдэхүүний үнийн асуудал ч байна. Өнөөдөртөө лав манайд өөр эх үүсвэр байхгүй.
Аливаа гэрээ хэлэлцээрийн үр дүн нэг удаагийн уулзалтаар гарахгүй, урт удаан хугацаанд үргэлжилж байж үр дүнд хүрдэг гэдгийг ойлгох ёстой. Хоёр улсын парламентууд ч гэсэн одоо хүрээд байгаа үр дүн, харилцаа хадлагаасаа ухрахгүй байж, тууштай бодлого явуулах ёстой. Ядаж л манай талаас илүү их чармайлт гаргах хэрэгтэй болно.
Б.ЗАЯА
Сэтгэгдэл (1)