Консул асан Д.Мөнх-Эрдэнийн эгч Д.Аюурзанатай ярилцлаа.
-Д.Мөнх-Эрдэнэд холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал болоод хоёр сар гаруйн хугацаа өнгөрч байна. Анхан шатны шүүхээс гурван жил 10 сарын хорих ял оноож, давж заалдах шатны шүүхээс хоёр жилээр бууруулж шийдвэрлэж байсан. Одоо нөхцөл байдал ямар байна вэ гэдгийг сонирхож байна. Хоёулаа энэ талаар ярьж эхлэх үү?
-Манайх ах дүү дөрвүүлээ. Би айлын том нь, хоёр эрэгтэй, нэг эмэгтэй дүүтэй. Нэгэнт зулай дээр нь гишгэж төрсөн эгчийн хувьд дүүгийнхээ төлөө дуугарахаас аргагүй. Яагаад гэвэл аав, ээж хоёр маань өндөр настай. Дүүг хоригдсоноос хойш аав маань гурван удаа хагалгаанд орсон. Сая наймдугаар сард элэг тайрах хагалгаанд орсон. Ээж маань бас зургадугаар сард тулгуур эрхтний хагалгаанд орсон. Мэдээж настай хүмүүст ямар олиг байх вэ. Настнууд маань яагаад нөхцөл байдалтай эвлэрч чадахгүй байгаа вэ гэхээр “Миний хүү хүн алж, хүрээ талаагүй.
Эх орноо худалдсан, баялгаа завшсан хүнд гэмт хэрэгтэн биш. Миний хүүхэд ингээгүй” гээд энэ бүхэнтэй эвлэрч чадахгүй байгаа учраас сэтгэл санаагаа дагаад биеийн байдал нь таагүй байгаа.
Өнгөрсөн хугацаанд бидэнд маш олон хэвлэл хандаж, ярилцлага авъя гэсэн. Бидэнд Д.Мөнх-Эрдэнийн өмгөөлөгчид хууль шүүхийн байгууллагад хүндэтгэлтэй хандъя гэж зөвлөж байсан учраас дуугүй явж ирсэн. Гэвч эцэст нь тэвчээрийн хязгаар тасарна гэгчээр би эгч хүнийхээ хувьд дуугарахгүй байхын аргагүй болоод таны хүсэлтийг зөвшөөрч, ярилцаж байна.
Дүүг маань 2022 оны арванхоёрдугаар сарын 18-нд ажил дээрээс нь хүчээр баривчлаад явсан. Түүнээс хойш хоёр шатны шүүх хурал болж өнгөрлөө. Шүүх хурлыг нээлттэй нэртэй ч хэвлэлийнхэн, олон нийтэд хаалттай явуулж ирсэн. Бүр шүүхийн хашааны гадна цагдаагийн хамгаалалт авч байсан. Ингээд анхан болон давж заалдах шатны шүүх хурлууд өнгөрсөн хугацаанд болж өнгөрлөө. Дүү болон өмгөөлөгчдийн зүгээс Улсын дээд шүүхэд гомдол гаргаснаар хяналтын шатны шүүх хурал маргааш буюу баасан гаригт товлогдоод байна. Монгол Улсын шүүхийн дээд байгууллага, Монголын хуульчдын ноён оргил болсон Улсын дээд шүүхэд миний дүү гэм буруутай байна уу үгүй юу, үнэхээр тийм бол тэр хүнд тохирсон ял шийтгэл өгсөн юм уу, хууль хэрэглээ нь ном журмаараа явсан эсэхийг хянаж шалгах сүүлийн шатанд ирсэн учраас жаахан ч хонгилын үзүүрт гэрэл гялтайх гэгчээр шүүгчид энэ асуудлыг гагцхүү хуульд захирагдан үнэн зөвөөр шүүн тунгаагаасай гэж харж байна.
-Олон нийт ч бас ийм үзэл бодлыг сошиал орчинд түгээж харагддаг. Та эгчийнх нь хувьд Д.Мөнх-Эрдэнийн олон нийтэд үзэл бодлоо илэрхийлдэг үйлдэлд нь ямар байр суурьтай байдаг байв?
-Дүү маань дээд боловсролтой, төрд ажил эрхэлж байсан. Сүүлийн жилүүдэд нийгмээ эрүүл болгохын төлөө улс төрд орж, АН-ын ҮБХ-ны гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн даргын зөвлөхийн албан тушаалыг хашиж байсан. Мөн хажуугаар нь Үндсэн хуульд олгогдсон эрхийнхээ дагуу олон нийтийн сүлжээнд лайв хийж байсныг ард түмэн мэднэ. Д.Мөнх-Эрдэнэ бол хүний сайн хань, хүүхдүүдийн сайн эцэг хүн. Өрөвч зөөлөн, цайлган цагаан сэтгэлтэй. Надад туслаач гэсэн болгонд чадлаараа тусалж явдаг. Чи энийг лайвдаад өгөөч, түүнийг хэлээд өгөөч гэхэд нь зөвшөөрөөд очиж байсан юм байхыг үгүйсгэхгүй. Миний дүүг ашиглаж байсан олон хүн байгаа. Тэгж дуугарах хэрэгтэй, ингэж хэлэх ёстой гэж байсан хүмүүс энэ хүнд хэцүү үед хичнээн нь анхаарал тавьж байгааг бид харж л сууна.
Миний дүү үг хэлэх, хэвлэн нийтлэх Үндсэн хуулиар олгогдсон үзэл бодлоо илэрхийлэх эрхээ эдэлж нийгэмд гарч ирсэн. Мэдээж шударга ёс, тэгш эрх, нийгмийн баялгийг завшиж байгаа этгээдүүдийн эсрэг баримт нотолгоотой ярьдаг байсан. Буруу зүйл ярьж байсан бол би зогсооно. Гэвч дүүгээ буруу зүйл хийж байсан гэж бодохгүй байна. Бүх зүйл нь баримттай, олны дунд яригдаж байдаг асуудлуудыг ярьж, тод өнгө болж гарч ирсэн. Харин ч ярьж хэлж байсан шүүмжлэлийнх нь хүрээнд өчнөөн олон асуудал эмхэрч цэгцэрч, төрийн бодлогын шийдвэрт тусч байсныг хүмүүс мэднэ. Дээрээс нь ардчилал хүний эрх чөлөөг дээдэлсэн нийгэмд хүн үзэл бодлоо илэрхийлэх ёстой. Яагаад ч сайд дарга, албан тушаалтнаас айж эмээх ёсгүй. Магадгүй зарим нэг зүйлийг хэтрүүлсэн байхыг үгүйсгэхгүй. Тэглээ гээд дүү маань огт баримтгүй, бусдыг гэмт хэрэгтэн мэтээр гүтгэж эрх зүйн байдлыг нь харлуулж байсан зүйл байхгүй болов уу.
-Нэгэнт нээлттэй шүүх хурлууд болж өнгөрсөн гэсэн учраас Хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлын талаар дэлгэрүүлж ярихгүй юу?
-Үзэл бодлоо илэрхийлэхтэй холбоотойгоор миний дүү хуулийн байгууллагад дуудагдаж ирсэн. Ингээд дүүг маань өмнөх ажилтай нь холбогдуулан “Энэ хүн ер нь ямар замналаар явсан юм бэ” гэдэг асуудлыг хуулийн байгууллага шалгаж, кампанит ажил өрнүүлсэн юм билээ. Бүр автомашинд нь камер суурилуулж, зургаан сарын турш гүйцэтгэх ажиллагаа явуулсан байдаг. Одоо л бид учир холбогдлыг нь мэдэж байна. Давж заалдах шатны шүүхэд 30 гаруй хүн ажиглагчаар суусан. Бид бүгд чихээрээ сонссон. Миний дүүг Хөх хотод консул байсантай холбогдуулан тухайн үед Гадаад харилцааны яамнаас хуваарилж өгсөн зардлыг яаж зарцуулж байсан юм бэ гэдгийг эргэж шалгаснаар эрүүгийн гэмт хэрэгт холбож эхэлсэн юм билээ.
Уг нь 2016-2019 онд жил бүр аудитын шалгалт орсон байдаг. Тухайн 2017, 2018 онд зөрчилгүй сайн, 2019 онд зориуд зөрчилтэй болгож гаргасан гэж харагддаг. Би нягтлан бодогч хүн. ҮАГ-ын зөрчилтэй гэсэн дүгнэлт захиргааны арга хэмжээ авагддаг гэдгийг мэднэ. ҮАГ гаргасан дүгнэлтээ дүүд маань мэдэгдээгүй, тайлбар аваагүй. Гэтэл миний дүүд Эрүүгийн хуулиар хариуцлага тооцсон. Аудитын дүгнэлтийг Үндэсний аудитын газрын дэд дарга хуурамчаар гаргачихлаа гэж лайв хийснийг нь иргэний маргааныг эрүүгийн хэрэг гэж зориуд шийдвэрлэн нэг сая төгрөгөөр торгосон юм байна лээ.
Шүүх шинжилгээний мөн л хоёр дүгнэлттэй. Тэр нь өвөл зун хоёр шиг ялгаатай. Гайхалтай нь мөн л нэг хүн тэр дүгнэлтүүдийг гаргасан байдаг. Би энд нэг сонин зүйл хэлмээр байна. Энэ үед ажиллаж байсан Дэд консул Б.Батзориг 740 мянган төгрөгийг, атташе Д.Бямбаа 300 мянган төгрөгийг илүү ашиглаж, галт тэргээр биш онгоцоор зөрчиж улсад хохирол учруулсан. Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны явцад дээрх хүмүүсийг хохирлоо төл гэж төлүүлээд энэ хэргээс сугалчихсан. Харин дүүд маань үүсгэсэн 551 мянган төгрөгийг хэтрүүлэн ашигласан гэдэг асуудлыг үргэлжлүүлсээр яллалаа. Гурван хүн байхад хоёрыг нь мөрдөн шалгах ажиллагааны явцад чимээгүй сугалаад явуулчихдаг. Яагаад миний дүүг болохоор зууж явсаар бүх шатны шүүхээр оруулах болчихов. Адилхан иргэний хувьд Б.Батзориг, Д.Бямбаа нар шиг төлөх боломжийг яагаад олгоогүй юм бол гэдгээс эхлээд бидний хувьд гомдлын гогцоо эхэлсэн.
Давж заалдах шатны шүүх арай өөр түвшний шүүх байна, бид зарим нэг зүйлд талархалтай хандаж байгаа. Мэдлэг боловсрол, асуудлыг харах өнцөг өөр, дараагийн шатны шүүх гэсэндээ нягт нямбай хандсан зүйл харагдсан. Энэ асуудал дээр гэхэд гэм хорыг арилгуулахдаа Иргэний хуульд зааснаар шийдвэрлүүлэх боломжтой байсан гэдэг дүгнэлт хийсэн. ЭХХШТХ 34-ийн 34.19.1-д заасны дагуу төлбөр гарсан гэж үзэж байгаа бол иргэний журмаар нэхэмжлэх эрх нь нээлттэй юм билээ. Үүнийг давж заалдах шатны шүүхээс онцлон дурдаж, магадлалдаа тэмдэглэсэн байсан. Гэхдээ хохирол гэж үзсэн 80 гаруй сая төгрөгийг төлчихөөд хохиролгүй болгоод байхад давхар яллаж байгаа юм шиг хориод байгаа.
-Анхан шатны шүүхээр Д.Мөнх-Эрдэнийг авлига авсан гэж буруутгасан шүү дээ. Мөн Консул байх үедээ төсвийн мөнгийг хэтрүүлэн зарцуулсан гэж үзсэн байдаг. Үүнийг та судалсан байх?
-Эрүүгийн хуулийн буюу авлига хээл хахуультай холбоотой асуудалд буруутгасан юм билээ. Хүн ёсны харилцаа байсан. Нэг танил ах нь “Газрын зөвшөөрлийг хүчингүй болгосон, нутгийн дүү УИХ-ын хэвлэл мэдээллийн албанд ажигладаг юм байна, чи дамжуулаад хэлээд өгөөч” гэж гуйсан. Нэг ёсондоо төрд ажиллаж байгаа хүний хувьд анхаарал хандуулаад өгөөч гэсэн юм билээ. Нөгөөх нь хөөцөлдсөн. Гэтэл хөөцөлдсөн цаг хугацаа, тэр газрын бичгийг сунгасан цаг хугацаны хувьд өмнө нь аль эрт ном журмын дагуу шийдвэрлэгдчихсэн байдаг. Гэвч буруутгагдсан. Энэ хэрэг дээр өөртэй нь хамааралтай авлига өгсөн, авсан гээд байгаа хүмүүс болох Э, Г гэх хоёр хүний хувьд шүүхээс торгуулийн ял өгөөд явуулчихсан. Гэтэл ганцхан дүүд маань нэг жил дөрвөн сарын хорих ял оногдуулсан. Д.Мөнх-Эрдэнэд торгуулийн ял өгөх боломжтой л байсан байх.
Би нэг зүйлийг тод санаж байна. УИХ-ын чуулган байсан билүү дээ, нэлээд хэдэн жилийн өмнө Ц.Нямдорж гишүүний хүү Анхбаярын тендер төслийн талаар хөндөгдөж, УИХ-ын гишүүд асуулт асуухад Ц.Нямдорж гуай “Хүн ёсны л харилцаа шүү дээ. Эцэг хүний хувьд тендер төслийг нь дэмжчихээч” гээд хэлж байсныг олон нийт санаж байгаа байх. Түүн шиг л юм болсон.
Дараагийн хэрэг гээд байгаа зүйл бол дүүг маань Хөх хотод байхдаа хүүхдүүдийн сургалтын зардалд 1000 юанийг зарцуулсан гэх хэрэгт буруутгадаг. Бодит байдал дээрээ Консулд ажиллаж байсан бүх ажилтны хүүхдүүд дэмжлэг авдаг байсан юм билээ. Түүнийг дүүгийн маань өмгөөлөгчид тодорхой гаргаж ирсэн. Бид ч энд хүүхдээ сургуульд суралцуулахад нэмэлт сургалт, хоол хүнсний зардалд мөнгө гаргадагтай адил. Үүнийг тодруулъя гээд өмгөөлөгчид хүсэлт гаргасан ч хүлээж аваагүй шүүх шийдвэрээ гаргасан. Ингээд миний дүүгийн буруутгагдаад байгаа нөхцөл байдлыг эргээд харахад ерөөсөө тэр хүний сүүлийн 5-6 жил явсан зам мөр бүрийг эргэж хараад дахин хяналт шалгалт зохион байгуулж хэрэг нялзаажээ л гэж харагддаг.
-Төрийн тусгай албан хаагчдын биед халдсан, бусдын нэр хүндийг гутаасан гэсэн зүйл анги ч байдаг байх аа?
-Эрүүгийн хуульд зааснаар худал мэдээлэл тараасан гэж бас буруутгасан. Үндсэн хуульд заасан иргэн хүний итгэл үнэмшил, үзэл бодлоороо чөлөөтэй байж хуулийн хүрээнд үзэл бодлоо илэрхийлнэ гэсэн зарчмынхаа хүрээнд миний дүү байр сууриа илэрхийлж байсан. Лайв бол нэг талаасаа түүний цэвэр үзэл бодол байсан. Бас итгэл үнэмшил, шүүмжлэл хандлага нь ч байсан. Худал мэдээлэл тараасан гэж буруутгасан зүйл ангид шал өөрөөр тайлбарласан байдаг юм билээ. Тэнд “Тус гэмт хэргийн субъектив тал нь шууд санаатай бөгөөд илт худал гүжирдлэгийг өөрөө тараасан байвал худал мэдээлэл тараах гэмт хэрэгт оруулна” гэж заасан. Д.Мөнх-Эрдэнийн хувьд тодорхой баримттай, факттай ярьж байсан хүн.
Мөн Гадаад харилцааны яаманд очиж тусгай албан хаагчдын бие махбодид халдсан гэдэг. Тэр лайвыг үзсэн Монголын ард түмэн мэднэ. Миний дүү тэнд очоод гаран гартлаа лайваа хийсээр байсан. Хэзээ ч тэр хажуудаа байсан хүмүүсийг зодоод, үс гэзгийг нь зулгаагаагүй. Дипломат алба нь тухайн үед Төрийн албаны тухай хуульд хамаардаг байсныг Нийтийн албан тушаалтны хуульд хамруулсан. Түүнээс гадна Гадаад харилцааны яаманд 2022 оны арванхоёрдугаар сарын 13-нд лайв хийхэд төрийн тусгай хамгаалалтын ажилчид гомдол гаргасан юм билээ. Гэтэл төрийн тусгай албан хаагчдыг 2022 оны арванхоёрдугаар сарын 26-ны шинэ хуулиар “хууль сахиулагч” гэх статустай болгосон. Бас л хууль урвуулан хэрэглээд 2.7 сая төгрөгөөр торгосон гэх мэт асуудал бий.
-Улсын дээд шүүхэд чухам ямар гомдол гаргав?
-Улсын дээд шүүх шүүхийн шинэчилсэн хууль болон ЭХХШТХ-ийнхаа хүрээнд ямар тохиолдолд гомдлыг хүлээж авдаг юм бэ гэдэг хуулийн зохицуулалт байдаг юм билээ. Тус хуулийн 40.1-д заасан анхан болон давж заалдах шатны шүүх хууль хэрэглээний зөрүүг арилгах зорилгоор хуулийг өөр өөрөөр тайлбарласан, тухайн хүнийг гэм буруутай гэж үзвэл оногдуулж байгаа ял эрүүгийн хариуцлагад ялгамжтай байдлаар хандсан тохиолдолд шүүх эцсийн байдлаар дээд шатны шүүхийн шүүгчид хянах хуулийн зохицуулалттай юм байна. Тиймээс дүү маань болон өмгөөлөгч Булгамаа, Оросоо, Дамбажийжин нар гомдол гаргасан. Улсын дээд шүүхийн хурал болохоос өмнө нийт шүүгчдийн хурлаар Дээд шүүхээр авч хэлэлцэх үү, үгүй юу гэдгийг магадлан хэлэлцдэг юм байна. Тэр хурал нь маргааш буюу баасан гаригт товлогдсон.
-Д.Мөнх-Эрдэнийн давж заалдах шатны шүүх хурлаас хойш хоёр сар гаруйн хугацаа өнгөрөөд байна. Та байнга уулзаж байгаа байх аа. Өөрийнх нь байр байдал ямар байна, юу ярьж байх юм бэ?
-Давж заалдах шатны шүүх хурлын дараа бид дүүгээ эргэхээр 461 дүгээр ангид очиход байгаагүй. Ар гэрт нь болон өмгөөлөгчдөд нь мэдэгдэхгүйгээр Зүүнхараа дахь нээлттэй 413 дугаар хорих анги руу шилжүүлсэн байсан. Одоо тэнд дүүгийн маань эрх зүйн байдал зөрчигдсөөр байна гэж үзэж байна. Нээлттэй хорих ангид хоригдож байгаа иргэн гэр бүл рүүгээ утсаар ярих эрхтэй. Үүний дагуу дүү маань гэр бүл рүүгээ утсаар ярихаар хорих ангиас утсаа чанга яригч дээр тавь, бидний хяналтад байх ёстой гээд бичлэгийг нь хийж авдаг гэсэн.
Мөн хуулийн хүрээнд хоригдож байгаа хүмүүс нийтэд тустай ажил хийж, хоног тооцуулж хорих хугацаагаа хасуулдаг юм билээ. Дүү маань тэр дагуу ажил хийе гэхэд өнөөдөр хүртэл энэ эрхийг нь эдлүүлэхгүй байна.
Эцэст нь хэлэхэд миний дүүгийн хоёр шатны шүүхийн шийдвэр ялгамжтай байна гэдгийг Давж заалдах шатны магадалалд дурдсан учраас шударга ёсны, хууль хэрэглээний зарчмаар Улсын дээд шүүхийн шүүгчид эргэж харж нягтална гэдэгт эргэлзэхгүй байна. Тийм ч учраас өнөөдрийг хүртэл бид хууль, шүүхийн байгууллагын үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандаж ирсэн. Бүх зүйл цаг хугацаатай байдаг. Сөрөг хүчингүй засаг ганц залууд эр бяраа гаргасан. Улсын дээд шүүх хуулиа сахин, зарчимч хандана гэж итгэж байна. Үүнийг Монголын ард түмэн ч харж байгаа.
Эх сурвалж: Өдрийн сонин