CU конвиниенс дэлгүүр буюу Солонгосын франчайз системийн номер нэг тоглогч BGF компанийн худалдаа, олон улсын бизнес эрхэлсэн захирал Жанг Ёонг Чол Монгол дахь СU дэлгүүрийнхээ 300 дахь салбарыг нээхээр хүрэлцэн ирэх үед нь уулзан ярилцах завшаан тохиов.
-Конвиниенс буюу ая тухтай дэлгүүрийн (Convenience store) экосистем ба нийгэмд өгч буй гол үнэ цэн юу вэ?
-Ая тухтай дэлгүүр бол зүгээр нэг худалдааны суваг биш. Дэлгүүрийн үндсэн бизнесийн ойлголтоос хэдийнэ даваад нийгэмд маш олон төрлийн үүрэгтэй оролцдог болсон. Тодруулбал, ковидийн үед нийтийн эрүүл мэнд, иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор эрэлтээ даахгүй байсан нэг удаагийн тест болон амны хаалтыг хэрэглэгчдэд тасралтгүй түгээж байв. Тухайн үед эдгээр бүтээгдэхүүнийг зөвхөн эмийн сангуудаар түгээх нь үнэхээр хангалтгүй байсан. Түүнчлэн шөнийн цагаар эсвэл бүх нийтийн амралтын өдрөөр өвдөх, бие тавгүйрэх гэх мэт яаралтай үед хэрэглэх эмийн хэрэглээг ч ая тухтай дэлгүүрээс худалдан авах боломжтой байдаг.
CU брэнд Солонгос улсдаа хамгийн том нийгмийн дэд бүтцэд тооцогддог. Энэхүү сүлжээгээ ашиглан ой хээрийн түймэр, хар салхи, газар хөдлөлт зэрэг байгалийн гамшиг улс даяар тохиолдох үед яаралтай тусламжийн бараа материалаар гамшигт өртсөн иргэдийг хангах, төөрсөн хүүхдийг олж аврах зэргээр ард иргэдийг эрсдэл, аюулаас хамгаалагч анд нөхрийн үүргийг гүйцэтгэдэг нь ая тухтай дэлгүүрийн үндсэн экосистем бөгөөд нийгэмд өгч буй үнэ цэн гэж хэлмээр байна.
-Франчайз бизнесийн концепц, филосифи нь юу вэ? Хаанаас үүсэлтэй, ямар загвараар ажилладаг бизнес билээ?
-CU-ийн франчайз бизнесийн загвар нь борлуулалтын ашгийг франчайз дэлгүүрийн эзэнтэй хуваах зорилгоор зохион байгуулагддаг. Энэ нь дэлгүүрт зөвхөн бүтээгдэхүүний ханган нийлүүлэлт л хийх эсвэл хамтдаа тодорхой хэмжээний орлого олоод л зогсдог бусад франчайзын арга барил биш юм. Манай концепц франчайз эзэмшигчийн (франчайз эрх хүлээн авагч дэлгүүрийн эзэн) үнэ цэн, ашигийг өсгөхөд чиглэгддэг. Энэ философиийг үндсэн суурь болгож ажилладаг учраас анхнаасаа хоёр тал (франчайз эрх олгогч болон франчайз эрх хүлээн авагч) ашигт ажиллагаа, үнэ цэн, хамтын ажиллагааны зохион байгуулалт дээрээ тулгуурлан түншилдэг.
-Хэрэглэгч, хамтрагч, түншүүддээ өгдөг франчайз бизнесийн хамгийн том үнэ цэн нь юу вэ?
-Хамгийн сайн бүтээгдэхүүнийг, хамгийн оновчтой үнийн бодлогоор, зах зээлийн төрөл бүрийн байршилд, хэрэглэгчийн бүх сегментэнд ханган нийлүүлж худалдаалснаар хэрэглэгчийн хэрэгцээг тогтвортойгоор хангах, хэзээ л бол хэзээ, хаана л бол хаана хэрэглээний эрүүл, аюулгүй орчин нөхцөл, ая тухтай боломжийг бүрдүүлж өгдөг. Харин харилцагч байгууллагуудын хувьд зардал ихтэй дэд бүтцийг тусдаа үүсгэхгүйгээр өөрсдийн бараа бүтээгдэхүүнийг улс даяар борлуулах том худалдааны сүлжээг шууд ашиглах боломжтой гэсэн үг. Аль аль талдаа бий болгож байгаа эдгээр давуу талууд нь хэрэглэгчийн үүднээс ч тэр, харилцагч түншүүдэд ч тэр франчайзын бизнесийн олгож байгаа хамгийн том үнэ цэн юм.
-CU Солонгос буюу BGF Retail компанийн түүхэн замнал, үүсэл хөгжил, эрхэм зорилго, өнөөгийн амжилтын нууцийг хуваалцана уу.
-BGF Retail компани нь 1990 онд Япон улсын ая тухтай дэлгүүрийн брэнд болох Family Mart брэндээр БНСУ-д ая тухтай дэлгүүрийн бизнесийг анх эхлүүлсэн. 2012 онд энэхүү мастер франчайзын гэрээ дуусгавар болсноор CU брэндийг үүсгэж, компани дээрээ рэ-брэндинг хийсэн. БНСУ-ын ая тухтай дэлгүүрийн бизнес нь нэр хүнд бүхий томоохон компаниуд дээр тулгуурлан явагддаг. Тиймээс маш өрсөлдөөнтэй салбарт тооцогддог. Энэ хурц өрсөлдөөн дундаас BGF Retai компани салбартаа тэргүүлж чадсан гол нууц нь ая тухтай дэлгүүрийн бизнест л гол анхаарлаа хандуулан, бүх нөөцөө төвлөрүүлж ажиллах замаар мэргэжлийн ноу хауыг бий болгож чадсанд оршино. Өөрөөр хэлбэл, “Сонгох ба Төвлөрөх” стратегийг хэрэгжүүлэх замаар эхний ээлжинд дэлгүүрийн сүлжээ (дэлгүүрийн тоо)-г томруулж, үйл ажиллагааг тогтворжуулсны дараа бүтээгдэхүүний үнэ цэнийг нэмэгдүүлэх байдлаар шат дараалалтайгаар нөөцөө төвлөрүүлэн удирдаж чадсан бидний амжилтын нууц байсан.
-CU Солонгосын хувьд өнгөрсөн хугацаанд туулж байсан хамгийн том сорилт юу байсан бол? Түүнийг хэрхэн яаж давсан нь сонин байна.
-Өнөөдрийг хүртэл жил бүр, цаг мөч бүхэн бидний хувьд сорилт байсаар ирсэн. BGF Retail-ийн ажилтнуудыг зангидсан гар мэт нэг бүхэл болгож чадсан соёл, бүтэц, зохион байгуулалтын хүчээр сорилт бүрийг нэг нэгээр нь давж гарсаар ирсэн. Хамт олны маань энэхүү хүсэл эрмэлзэл үргэлж хамгийн чухал байсаар ирсэн. Ялангуяа нилээд хэдэн жилийн өмнөх буюу 1990 оны сүүлээр үүссэн дэлхий болон азийн санхүүгийн хямрал, саяхны цар тахлын хүнд цаг үеийг нийгэмд үйлчлэх боломж гэж харснаар дэлгүүрийнхээ борлуулалтыг жирийн үеийнхээс өсгөж чадсан.
Ая тухтай дэлгүүр нь хот суурин газрын дэд бүтцийг захын дүүрэг, орон нутагт байгуулж байсан учраас эдийн засгийн уналттай болон нийгмийн хүнд нөхцөл байдлыг эсрэгээрээ том боломж болгож чадсан байдаг.
-Солонгосын үүргийн болон жижиглэнгийн худалдаа, ТҮЦ, гудамжны худалдаа эрхэлдэг хүмүүсээс ирж байсан эсэргүүцэл анх ямар байсан бол? Энэ эсэргүүцэлийг хэрхэн удирдаж, яаж давсан бэ?
-BGF Retail компани уламжлалт жижиглэнгийн худалдаа эрхлэгчид рүү чиглэсэн CU ая тухтай дэлгүүрийн үйл ажиллагааг эрхлэх саналыг анхнаасаа эрчимтэй тавьсаар ирсэн. Үр дүнд нь маш олон амжилтыг хамтдаа бүтээсэн. Хуучны жижиглэнгийн худалдаа эрхлэгчдийг өрсөлдөгч гэж хандах биш эсрэгээр хэзээ нэг өдөр ая тухтай дэлгүүрийн бизнес рүү шилжиж орж ирэх хамтрагч түнш гэж харж байсан. Яг энэ хандлагаар тэдэнтэй харьцаж, хүндэлж, тэгш боломжоор хангаж, үнэ цэнээрээ чиглүүлж ирсэн учраас таны асуусан эсэргүүцэл тэмцлээс зайлсхийж чадсан.
-Монгол ба Солонгост адилхан хэдхэн том компани улсынхаа эдийн засгийг чирж явдаг. Ийм нөхцөлд жижиглэн худалдааны бизнесийн ирээдүйг яаж харж байна вэ?
-Онлайн дэд бүтэц уламжлалт худалдааны салбарыг залгиж байгаа өнөөгийн цаг үед өсөлт үзүүлсээр байгаа цорын ганц суваг бол ая тухтай дэлгүүрийн салбар байгааг онцолж хэлмээр байна. Мэдээж хүмүүсийн эдийн засгийн харилцаа, санхүүгийн гүйлгээ цахим орчинд хялбар байлаар хурдан шуурхай хийгддэг болсон. Гэсэн ч хөнгөн хүнсний хэрэглээ болон амрах орон зай, тав тухай орчны хэрэгцээг онлайн худалдаагаар орлуулах боломжгүй буюу өөрийн гэсэн онцгой үнэ цэнтэй хүмүүний хэрэглээ юм. Хэрэглэгчдэд хамгийн ойрын байршлаас сайн чанарын бүтээгдэхүүн, үнэ цэн бүхий үйлчилгээг нийлүүлж хүргэж чадвал ая тухтай дэлгүүрийн хөгжил ирээдүй ч зогсолтгүй өсөж хөгжсөөр байна гэдэгт бат итгэлтэй байна.
-ЖДҮ-ийг хөгжүүлэх, томруулах, түншлэх, энэ салбарыг дэмжих та бүхний стратеги ямар байдаг вэ?
-Ая тухтай дэлгүүрийн тоо зогсолтгүй өргөжин тэлж, өрсөлдөөн ширүүсэхийн хэрээр хэрэглэгчийн хүсэл, хэрэгцээ нь брэндийн ялгаралт бүтээгдэхүүн буюу Private Brand (PB) бүтээгдэхүүн рүү чиглэдэг. Төрөл бүрийн PB бүтээгдэхүүнийг хурдтай хөгжүүлж, худалдаанд гаргахын тулд ЖДҮ-чидтэй хамтран ажиллахаас өөр аргагүй. Зах зээлээ байнга мэдрэн, хэрэглэгчдийн хүсч буй шинэ РВ бүтээгдэхүүнийг тухай бүр нь хөгжүүлж гаргах нь чухал байдаг. Бид БНСУ-д маш олон ЖДҮ-чидтэй хамтран шинэ бүтээгдэхүүнийг зогсолтгүй хөгжүүлэн гаргадаг бөгөөд энэ хэрээр хэрэглэгчдийн хайр хүндлэлийг татаж чадсаар байгаа.
-Технологийн дэвшил, хурдаас үүдэлтэй үүсч буй боломж ба эрсдэл юу байна вэ?
Технологийн дэвшил хэрэглэгчийг төрөл бүрийн мэдээ, мэдээллээр хурдан шуурхай хангах дээр том давуу талыг үүсгэсэн. Зөвхөн шинэ бүтээгдэхүүн, урамшууллын мэдээлэл төдийгүй компаниудын хүрээлэн буй орчин, нийгэм, засаглалын (ESG) үйл ажиллагаагаар дамжуулан брэндийн имиж, дүр төрх нь хэрэглэгчдийн хувьд худалдан авалт хийх, түншлэх шийдвэр гаргадаг гол хөшүүрэг нь болжээ. Тиймээс технологийн хурдтай хөгжиж буй энэ орчилд өрсөлдөгч болон бусад худалдааны брэндээс урьтаж ESG-ийн үйл ажиллагаагаа бэхжүүлэх хэрэгтэй.
-ESG-г чухалчилж ажилласнаар гаргаад буй үр дүнгээ хуваалцана уу. Нийгмийн хариуцлагын хүрээнд та бүхэн ямар төсөл, ямар салбарыг онцлон ажилладаг вэ? Яагаад?
-Компанийнхаа гүйцэтгэх захирлаар удирдуулсан менежментийн багийн гишүүд болон гадны зөвлөхүүдээс бүрдсэн ESG менежментийн зөвлөлийг бид байгуулан ажилладаг. Planet, Partner, People буюу Эх дэлхий, харилцагч түнш, ард иргэд гэсэн үндсэн гурван хүрээг тодорхойлон, тусгай бодлого ажиллаж байна. Энэхүү бодлогоо компанийн үйл ажиллагааны үнэ цэн, өртгийн сүлжээ, худалдан авалт, үйлдвэрлэл, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, ложистик, дэлгүүрийн үйл ажиллагаа, маркетинг, борлуулалтын худалдааны бүхий л хэсгийг хамруулан хэрэгжүүлж байгаа бөгөөд байгаль орчны менежмент дээр Private Вrand усыг шошгогүйгээр үйлдвэрлэн зах зээлд нийлүүлэх, түүхий эдийн хог хаягдлыг бордоо болгон хувиргах, ложистикийн төвд нарны эрчим хүч үйлдвэрлэх байгууламж барих, эрчим хүчний өндөр хэмнэлт бүхий тоног төхөөрөмж ашиглах зэргээр ажиллаж байна.
Түүнчлэн цагаан хоолтой хүнд зориулсан бүтээгдэхүүн гаргах, Монголын байгаль орчинд ээлтэй, өндөр үр ашиг бүхий дулаан алдалтгүй гэрийн төсөлд дэмжлэг үзүүлэх, нийгмийн асуудлыг шийдэхийн сацуу түнш байгууллагуудтай хамтдаа өсөн дэвжих зорилгоор санал, гомдлыг шуурхай шийдвэрлэх процессыг бий болгох, шударга худалдааны зарчмыг тасралтгүй дагаж мөрдөх, НҮБ-ын Хүүхдийн сан, Гамшгаас хамгаалах байгууллагуудтай стратегийн түвшинд хамтран ажиллах, нийгмийн хариуцлагын хүрээнд хандивын бодлого гаргах, орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулах, явуулын дэлгүүрүүдээр дамжуулан гамшгаас урьдчилан сэргийлэх болон гамшгийн үед иргэдэд тусламж үзүүлэх, ажилгүй иргэд рүү чиглэсэн олон төрлийн дэмжих хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна.
Мөн манай компани Хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компанийн хувьд сайн засаглалын зарчмыг хэрэгжүүлэхийн тулд ил тод байдлын стандартыг үнэнчээр дагаж мөрддөг. Үүгээр дамжуулан салбартаа анх удаа ESG-ийн нэгдсэн үнэлгээний А зэрэглэлийг гурван жил дараалан хадгалж чадсанаас гадна Dow Jones-ийн Солонгосын тогтвортой хөгжлийн индекст багтаж, хөрөнгийн зах зээл, санхүүгийн салбарын нэр хүндтэй бас хариуцлагатай Sustinvest A, MSCI BBB зэрэглэлийн хөндлөнгийн үнэлгээг аваад байна.
-Согтууруулах ундаа, тамхи зэргийг 24 цагаар худалдаалахад гардаг асуудал, иргэдээс ирдэг эсэргүүцэл анх байсан уу? Одоо бий юу? Өнөөдрийн соёлыг бий болгосон шийдэл нь юу байсан бэ?
-БНСУ-д тамхи борлуулах цэг, сувгуудын хоорондын зайнд хуулиар хязгаарлалт тогтоож өгсөн байдаг. Энэ хуулийн шаардлагын дагуу л худалдаалах боломжтой. Согтууруулах ундааг аж ахуйн нэгжүүдийн гаргасан өргөдөл хүсэлтийн дагуу тусгай нөхцлийг хангасны үндсэн дээр зөвшөөрөл олгох замаар худалдаалах боломжтой байдаг. Үүнийг хэрэглэгчийн байр сууринаас харахад аюулгүй, эрсдэлгүй, баталгаатай газраас худалдан авалт хийх боломжтой болж байгаагаас гадна насанд хүрээгүй хүүхэд залуус худалдан авах эрсдлээс сэргийлэх боломж нөхцлийг бүрдүүлж өгч байгаа эерэг нөлөөтэй юм. Төрийн байр сууринаас харахад тогтвортой татвар төлөгчдийн тоог нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлж өгсөн шийдэл тул ямар нэгэн эсэргүүцэлтэй анхнаасаа тулгараагүй. Өөрөөр хэлбэл, хүмүүсийн хэрэглээ, дэлгүүрийн цаг, байршлыг хязгаарлах бус бараа бүтээгдэхүүн болон худалдан авалт хийх цэгийн аюулгүй, найдвартай, эрсдэлгүй орчин, хэрэглээний соёл, ил тод байдал дээр нь илүү анхаарсан гэсэн үг.
-Хотын соёл, хүмүүсийн хэрэглээ, өдөр тутмын ажил амьдралын хэмнэлийг та бүхэн өөрдсийн бизнестэйгээ хэрхэн тааруулж мэдэрч ажилладаг вэ? Нийгмийн өөрчлөлт, шинэ соёлыг тэр болгон дагах ёстой юу эсвэл өөрсдийн шинэ соёлыг бий болгож дагуулах ёстой юу?
-Хотжиж буй Солонгос болон Монголын нийгэм дэх хүн амын тархалтын дагуу бүхий л хэрэглэгчид орчин үеийн худалдааны сувгуудаас гадна тав тухтай хэрэглээний орчинг зорьж байна. Тиймээс BGF Retail компани буюу CU брэнд нь бүх насны хэрэглэгчдийн хэрэгцээнд тааруулан өдрийн хоол, уламжлалт ундаа, хөнгөн зууш зэрэг бэлэн бүтээгдэхүүүн, мөн гэрийн хоол хүнсийг орлохуйцаар тусгайлан бэлтгэгдсэн тэжээллэг, шинэ, тусгай жорын шууд идэхэд бэлэн бүтээгдэхүүнүүдийг тасралтгүй нэмэгдүүлэхээс гадна тав тухтай орчин, соёлтой үйлчилгээ, боловсон дэд бүтцийн хаана ч ялгаагүй яг адил мөрдөгдөх стандартаа ягштал барьсаар байх болно.
В.Ганзориг /baabar.mn/