2023.09.13.
... Энх тайвны гүүрний зүүн талын Дунд гол ... Энд ямар ч барилга байх ёсгүй, голын ай сав, дэнж учраас зөвхөн мод тарьж, тохижуулж, цэцэрлэг, мэргэжлийнхэн хэлбэл усан сан байгуулах хэрэгтэй. Эндээс Сэлбийн сэргэлт эхлэх ёстой. Одоо баригдаад дуусч буй “Авлига” хороолол, баригдаж эхэлсэн усан парк гэгч бол байгаль орчны эсрэг гэмт хэрэг. Саяхан дараачийн барилгын суурийг тавиад даапаалж сууцгаана. Буулгах нэртэй хоёр блокийг хүртэл шүүхээр авч үлдэхийг санаархжээ. Дунд голын хөндийд багтахгүй их шунал.
Улаанбаатар хот дэндүү сайхан өгөгдөлтэй. Хэнтийн нурууны нөмөрт их ойн урд үзүүрийг атгаж тэндээс эх авсан тунгалаг Туулаар ундаалдаг. Хоёр хөрш, хоёр тивийг холбосон төмөр замтай. Цахилгаан станц, төв замууд, дэд бүтцийг өнгөрсөн зуунд байгуулж цэлийсэн зай талбайнууд үлдээсэн. Монгол Улсын хүн амын тэн хагас амьдарч өдрөөс өдөрт тэлж байдаг зах зээл. Эдийн засаг, үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ энд төвлөрч, мөнгө, санхүү, хөрөнгө оруулалт, бүр авлигын мөнгө хүртэл ийшээ цутгана. Хүсвэл баруун, зүүн тийш дураараа сунаж, барвал Богдхан уулыг ороогоод тэлж болно.
Нийслэл хөгжиж байгаа. Нотолгоо нь энд тэндгүй өндийсэн шилэн барилгууд, тордсон зам талбай, үйлчилгээ, үзвэр, хөл хөдөлгөөн, буцалсан амьдрал. Ганц зовоодог асуудал бол өдөрт хоёр удаа, өглөө орой хотын төв рүү орж гарах замын түгжрэл. Машинуудыг дугаараар ээлжлүүлэх, нэгдүгээр эгнээг тусгаарлаж втобусны тоог нэмэх аргаар шийдчих гээд үзээд байгаа. Одоохондоо яаж иийгээд хөдлөөд байгаа, хэрүүл уруултайгаар, дээрээс нь утаа, нүүрсээ нэмж байгаад дахин ирэх өвлийг яаж ийгээд давна.
Гэхдээ дараачийн нэг хоёр жилд бүрмөсөн гацаж магадгүйг хэлэх гэсэн юм. Энх тайвны гүүр давж харьдаг нэгэн эрхэм "энэ өвөл ингээд сажлахаас, үүнээс илүү дордохгүй байлгүй" хэмээн гутарч сууна. Харин би хамаагүй “өөдрөг” бодолтой байна. Байдал улам дордоно!
Улаанбаатарын хотын төвийн эмх замбараагүй, бүр зэрлэг барилгажилт одоо л зогсоохгүй бол маргааш хожимдох тийм хурдтай өрнөж байна. Сүхбаатарын талбай, Төрийн ордны хоёр хажуу, араар, Их, Бага тойруугийн барилгуудыг нэг нэгээр нь түүж буулгасаар 10,20 давхар өндөр барилгаар сольдог боллоо. Сүүлийн үеийн кино болгон дээр зодоон цохион хийж гардаг арктай, Ц.Дамдинсүрэн, Б.Ринчен нарын амьдарч байснаас эхлээд Засгийн газрын 64, Төв хорооны 64, Банкны 84, “Хүний амь” кинонд гэмт этгээд (Ш.Гүрбазарын тоглосон) урд талд нь хүн хутгалчихаад хажуугийн хашаа давж зугтдаг Чех 36, социализмын төгсгөл үеийн архины оочироор гэрэл зурагт мөнхөрсөн 4-р дэлгүүр, Бээжин гуанзтай, Горькийн номын сантай гээд 1950-иад оны төгсгөл, 60-аад эхэн үеийн барилга орон сууцуудын ихэнхийг дахин төлөвлөлт нэрээр ойрын хэдэн жил нураах нь тодорхой болжээ. Саяхан МУИС-ийн Бизнесийн сургуулийн чанх урд нураасан 4 давхар сууцны оронд суурийг цутгаад эхэлсэн барилгын давхрын тоо 16. Зөвхөн энд айл өрх, хүн ам, машин тэрэгний тоо лав дөрөв дахин нэмэгдэнэ.
Эдгээр барилгууд хуучирсан болохоос биш нийслэл Улаанбаатар хотын XX зууны их бүтээн байгуулалтаар бий болсон түүхэн төв, ерөнхийдөө жигд гурав, дөрвөн давхар, өвөрмөц хэв загвартэй, өөр хоорондоо зохицсон, бүгдээрээ түүх, дурсамж, үнэ цэнийг агуулдаг. Гэтэл нэг мэдэхэд цогц, ансамбль байдлаа алдсаар, одоо энд тэнд үлдсэн салангид барилгуудыг ээлж дараалан намнадаг болсон. Улс орон түүхтэй, тэр түүхээ хүндэлдэг бол нийслэл хотынх нь Засаг дарга нар соёлын өв, дурсгал, уран барилгаар бүртгэж, хамгаалалтад авч, засварлаж, хэрэв нурахаар байна гэвэл хүчитгэж, хувьд очсон бол дур зоргоороо гар хүрэхийг хориглох ёстойсон. Даанч тийм ухаан заяагаагүй Засаг дарга нар бидэнд заяажээ. Хөдөөнөөс хожим орж ирсэн учраас нийслэлийн дүр төрх, барилга байшингийн талаар хүүхэд, залуу насны ой санамж, дурсамж үгүй, үнэ цэнийг ойлгодоггүй нөхдүүд сийхгүй cүйтгэснийг ойлгоно. Харин нийслэлд төрж өссөн гэх М.Энхболд тэднээс дээрдээгүй нь нөгөө даргын хүүхэд, “дөчин мянгатын эрхийн тэнэг” учраас уу? Нийслэлийн төв хэсэгт үргэлж заналхийлж ирсэн өөр нэг хүнийг нэрлэе. Ухнаагийн Хүрэлсүх. Төрийн ордны арын байрны тоглоомын талбайг тэр М.Энхболдоор дамжуулан булааж аваад, яагаав дээ, нөгөө Солонгост оёдолчин хийдэг байсан эгчийнхээ мөнгөөр өөртөө барилга босгосон. 2019 онд Байгалийн түүхийн музейн барилгын ханыг гараараа барьж үзээд, муудсан байна гэж оношлоод, “харж байж булуулсан” нөхөр. Бас болоогүй Дуурь бүжгийн эрдмийн театр, Драмын театр, Үндэсний төв номын сангийн барилгыг буулгана гэж дүвчигнэсэн мэдэгдлүүдээ одоог хүртэл буцааж татаагүй. Яагаад гэдэгт нь онош тавьж хэрэг түвэгт ороод яахав.
Ингээд нийслэлийн төвийн дүрх төрх солигдож 10,20 давхар өндөр барилгууд зоогдох нь тодорхой болжээ. Хаа нэгтээ үлдсэн дэл сул зай, нийтийн эзэмшлийн газар, тоглоомын талбай, зүлэг модыг битгий, болохгүй, зогсоо гэж байхад дайраад, хулгайлаад, булаагаад босгож буй барилгууд зөндөө. Өмнөх Засаг дарга нар болон одоогийн Д.Сумъяабазарын олгосон болон олгосоор байгаа газар, барилгын зөвшөөрлөөр өөр хаана юу босгохоор гэтэж байгааг бид мэдэхгүй. “Чингис” зочид буудлыг тойруулсан “Хурд”-ын нэртэй бүхэл бүтэн авлига хорооллыг бид харж байна. Орон сууц, орон сууц, орон сууц. Энэ хавьд сургууль, цэцэрлэг баригдаж харагдаагүй, тийм зай ч үлдээгүй. Бас офис, офис. Ус, цаг уурын уулзварын баруун талын хашаанаас Худалдаа, хөгжлийн банкны шинэ офис тун удахгүй цухуйж гарна. Давхрын тоо нь 30-40-ын хооронд. Энэ бүх барилгууд гаднаа зогсоолгүй, зүлэг модгүй. Тийм учраас түгжрэл улам нэмэгдэнэ, бүр гацна гэсэн “өөдрөг” бодолтой яваа юм
2020 оны намар Д.Сумъяабазар Засаг засаг болмогцоо Бага тойруу дотор нэмж барилга бариулахгүй, хотын төвд таван давхраас өндрийг зөвшөөрөхгүй гэж мэдэгдсэнийг эргээд санахад бид хулхидуулжээ. Гурван жил дүлж дүлж саяхан зарласан Сумъяабазарын ганц шийдвэр нь улсын их, дээд сургуулиудыг хотоос гаргах юм гэнэ. Бүгд шоолж байна. МУИС ямар хариу барив гэвэл хичээлийн 3-р байраа буулгаж оронд нь 7 давхрыг босгох ажилдаа орсон.
Одоо хангалттай бус уу? Д.Сумъяабазар гэдэг хүн Улаанбаатарын хөгжилд аюул учруулж байгаа тул их, дээд сургуулиудыг биш, түүнийг өөрийг нь хотоос гаргасан нь дээр. Яахав, хотдоо амьдарч ажиллаг, харин Засаг даргаас үтэр түргэн зайлуулья. Өнгөрсөн сонгуулиар УИХ-ын гишүүнээр сонгогдсон хэрнээ хотын дарга хиймээр санагдсан түүний дур зоргыг хангаж дахин санал хураалт явуулахад төсвөөс тэрбум төгрөг зарцуулсан. Сүүлийн хэдэн жилийн турш Сумъяабазар гүүрэн тулгуурт тээвэр байгуулах нэрээр бүтэн их наядыг нэхэж, зөвхөн судалгаа нэрээр хэдэн тэрбумыг үрэн таран хийсэн бол одоо 500 тэрбумын бонд босгож сонгуулийн өмнө цацаад арилж өгөх нь.
Түгжрэлийг жинхэнээсээ шийдэхийн тулд 5-р цахилгаан станцыг барьж нийслэлээ тэлэх, шинэ төв, дүүрэг төвлөрлийг бий болгох хэрэгтэйг бүгд хүлээн зөвшөөрдөг ч бахь байдгаараа. Нэгэнт тийм хойно одоо нийслэлийн хоолойд тавьсан хутга шиг болсон хэдэн орон зайг яаралтай чөлөөлж авах хэрэгтэй боллоо.
Хамгийн эхнийх нь Энх тайвны гүүрний зүүн талын Дунд гол юм. Энд ямар ч барилга байх ёсгүй, голын ай сав, дэнж учраас зөвхөн мод тарьж, тохижуулж, цэцэрлэг, мэргэжлийнхэн хэлбэл усан сан байгуулах хэрэгтэй. Эндээс Сэлбийн сэргэлт эхлэх ёстой. Одоо баригдаад дуусч буй “Авлига” хороолол, баригдаж эхэлсэн усан парк гэгч бол байгаль орчны эсрэг гэмт хэрэг. Саяхан дараачийн барилгын суурийг тавиад даапаалж сууцгаана. Буулгах нэртэй хоёр блокийг хүртэл шүүхээр авч үлдэхийг санаархжээ. Дунд голын хөндийд багтахгүй их шунал. Гэтэл “Авлига” хорооллын “эзэн” Д.Сумъяабазар буруугаа хүлээгээгүй, орон сууц бариулах захирамжаа бүтэн цуцлаагүй, нийтийн эрх ашгийг хамгаалж шүүхэд хандаагүй, зөвхөн “хоёр блок” гэж шалчигнаад, түүнийгээ ч хөөцөлдөхгүй, илт зугтааж "Хотын гурван суурьт хөтөлбөр" хэмээх дараачийн үлгэрээ зохиочихсон, дүүрэг дүүргээр лекц болгон ярьж явна. Нийслэлд жинхэнэ Засаг дарга алга. Иргэдийн төлөөлөгчид нэртэй мануухайнууд сураггүй. Тэгэхээр Монголд төр байна уу гэж нэхэхэд хүрч байна.
Дунд голыг чөлөөлөхөд төлбөр гарна. Хэрвээ төрийн албан тушаалтны буруутай үйлдлийн хохирлыг төр хариуцах хуулийн заалт хэвээр бол төсвөөс гаргаж таарна. Сумъяабазарын өмнөөс бидний үүрэх үй лай энэ. Мэдээжийн хэрэг зөвшөөрөл тойрсон авлига, хууль бус үйлдлийг сар өдөр, хууль, журмын зүйл заалт бүрээр тогтоож хариуцлагыг хуваасны эцэст хамгийн багаар!
Нийслэлд яаралтай чөлөөлөх амжих ёстой дараачийн газар бол бүтэн жарны туршид Монгол төрийн наадмын ногоон дэнж, энэ утгаараа авч хадгалж үлдээх ёстой Төв цэнгэлдэх хүрээлэн юм. Гэтэл нийслэлийн мэдэлд байсан 51 хувийг нөгөө талд зарчихсан, цаадуул нь эргэн тойрны газраар туйлж өгч харагдана. Дараа жилээс Төв цэнгэлдэхийг өндөр барилгуудын дундаас олж харахгүй, тэгээд өөрийг нь буулгах биз.
Хэрвээ нийслэлд газар чөлөөлөлт хийж, нийтийн орон зайг буцаан авч эхлэхгүй бол өнөөдөр “Татар”, Opozit-ын тоглолтыг үзэхдээ Төв цэнгэлдэхийг хэд нугалан дүүргэж байгаа шинэ үеийнхэн нэгэн сайхан өдөр Сүхбаатарын талбай дээр асгарч мэднэ. Гэхдээ ноднингийнх шиг “Ажлаа хийх”-ийг гуйхгүй, харин “Ордноо чөлөөлөх”-ийг шаардана шүү!
Д.Цэрэнжав /baabar/.mn