Монголбанкнаас “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ. Төв банкны тухай хуулинд заасан Монголбанкны үндсэн зорилт болон бусад чиг үүргийн хүрээнд хэрэгжүүлэх бодлогын зорилтуудыг энэхүү баримт бичигт тодорхойлж, УИХ-аар батлуулдаг.
Ирэх онд хэрэгжүүлэх мөнгөний бодлого нь инфляцыг тогтворжуулах замаар тогтвортой өсөлтийн суурь нөхцөлийг бий болгоход дэмжлэг үзүүлэхэд чиглэнэ. Энэ хүрээнд Монголбанк инфляцыг онилох мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх суурь дэд бүтцийг дараагийн шатанд гаргахтай холбоотой зорилтыг энэ онд шинээр тусгасан. Энэ нь дунд хугацаанд инфляцыг 6+/-2 нэгж хувийн интервалд байлгах зорилт амжилттай хэрэгжих, инфляцын хүлээлтийг аргамжих, олон нийтийн Төв банкинд итгэх итгэл, үйл ажиллагааны хараат бус байдал дээшлэх зэрэгт дэмжлэг үзүүлнэ.
Үүнээс гадна гадаадын банкны бие даасан салбар, нэгжийг дотоодын санхүүгийн салбарт оруулахад дэмжлэг үзүүлэх, банкны салбарын ногоон зээлийн үр дүнг хэмжих, тайлагнах, баталгаажуулах, их өгөгдөлд суурилсан нэгдсэн системийг хөгжүүлэх томоохон зорилтыг тусгалаа.
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн төслийг танилцуулахдаа “Эдийн засгийн төлөв, Макро бодлогын зорилт” болон “Банк, санхүүгийн салбарын өнөөгийн байдал, бодлогын зорилт” гэсэн 2 сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүллээ. Тус хэлэлцүүлэгт төрийн болон Олон улсын санхүүгийн байгууллагууд, банк, санхүүгийн салбарынхан, эдийн засагч, судлаачид оролцож, мөнгөний бодлогын зорилт, хэрэгжилтийн талаар санал, зөвлөмж, байр сууриа илэрхийлэв.
Тус хэлэлцүүлгийг анх удаа “Төрийн мөнгөний бодлогын үндсэн чиглэл”-ийн төслийг УИХ-д өргөн барихаас өмнө зохион байгуулснаараа онцлог болсон бөгөөд бодлого боловсруулалтад олон ургалч үзэл санааг тусган сайжруулах, хэрэгжилтийн үр нөлөөг дээшлүүлэхэд түлхэц үзүүлэх ач холбогдолтой гэж зохион байгуулагчдын зүгээс үзэж байна.