Говьсүмбэр аймгийн нутаг дэвсгэр дэх Шивээ-Овоогийн нүүрсний уурхай нь 2.7 тэрбум тонн нүүрсний нөөцтэй бөгөөд Монгол Улсын эрчим хүчний нүүрсний 30 хувийг хангадаг байна.
Уг уурхай нь жилд хоёр сая тонн нүүрс олборлон борлуулж, улсын төсөвт Говьсүмбэр аймгаас оруулж байгаа нийт төсвийн орлогын 83 хувийг бүрдүүлдэг аж. Өнгөрсөн онд тус компани 67.5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олжээ.
Гэвч тус компани нэг тонн нүүрсийг олборлох зардал нь 45,000 төгрөг байдаг бол эрчим хүчний үйлдвэрүүдэд борлуулах өртөг нь 39,000 байдгаас алдагдалд орсон байна. Өнгөрсөн онд 18.6 тэрбум төгрөгийн алдагдалтай байсан бол энэ онд 15 тэрбум төгрөгт хүрчээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр тус компанийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ алдагдлыг бууруулах арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болгосон байна. Тодруулбал, санхүүгийн алдагдлыг бууруулах нэг зам нь түшиглэн 200 м.Вт-ийн цахилгаан станц барих явдал хэмээн үзэж, энэ асуудлыг судлахыг даалгажээ.
“Шивээ-Овоо” ХК-ийн нүүрсийг дулааны цахилгаан станцад нийлүүлэхээс гадна ойрын хугацаанд экспортод гаргахаар судалж буйг “Эрдэнэс Монгол” нэгдлийн захирал С.Наранцогт мэдэгдсэн байна.