Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн хэлтэс албадууд хамтран ”БАЯНГОЛЫН БАГАЧУУД” нэгдсэн арга хэмжээг 2023 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн Биеийн тамир, спорт хорооны гадна талбайд зохион байгууллаа.
Баянгол дүүргийн Засаг даргын орлогч Д.Жаргалсүрэн тус арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Баянгол дүүрэг нь хүүхэд бүрийн ирээдүйн төлөө, эрүүл аюулгүй орчинд өсч торних, сурч боловсрох, хөгжих эрхийг хангах зорилгоор томоохон тохижилт бүтээн байгуулалтын ажлуудыг тогтмол хийж байгаа” гэдгийг дурдаад айл гэрийн амин эрдэнэ, эх орны гэрэлт ирээдүй болсон хүүхэд багачууд, эцэг эх, асран хамгаалагчид, хүүхдийн төлөө хамтран ажилладаг нийт төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгжүүд, хамт олондоо Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүргэж, хайр халамж, аз жаргалаар бялхан байхыг ерөөлийг дэвшүүлсэн юм.
Баянголын багачууд нэгдсэн арга хэмжээний үеэр:
-
Нийслэлийн ерөнхий боловсролын 93 дугаар сургуулийн “Шинэ үе” бүжгийн хамтлаг
-
“Боржигон тал” морин хуурын гоцлол Баянгол дүүргийн Хүүхэд залуучуудын соёлын ордны авъяаслаг сурагч Түвшиндалай
-
“Аягатай биелгээ” гоцлол бүжиг Баянгол дүүргийн Хүүхэд залуучуудын соёлын ордны авъяаслаг сурагч Т.Таймөрөнгоо
-
“Гоёхон дэлхий” гоцлол дуу Баянгол дүүргийн Хүүхэд залуучуудын соёлын ордны авъяаслаг сурагч Бөртэ
-
“Би тавд ормооргүй байна” хошин зохиол Баянгол дүүргийн Хүүхэд залуучуудын соёлын ордны авъяаслаг сурагч Тэргэл
-
Баянгол дүүргийн Хүүхэд залуучуудын соёлын ордны DNC охидын бүжгийн хамтлаг
-
Хүүхдийн жүжигчилсэн тоглолт
-
Үлгэрийн баатрууд амилсан нь
-
Open mic
-
Flash mob зэрэг урлагийн тоглолтууд зохион байгуулагдлаа.
Мөн дүүргийн хэлтсүүд нь өөрсдийн үйл ажиллагааны онцлогт тохирсон 6 төрлийн өртөө барин хүүхэд багачууд руу чиглэсэн олон төрлийн уралдаан тэмцээн, хөгжөөнт тоглоом зэрэг онцлог үйл ажиллагаанууд зохион байгууллаа. Тухайлбал, “Хөлөгдэй” өртөөнд хүүхэд багачуудын оюун ухааныг хөгжүүлэгч хөлөгт тоглоом, “Монголдой” өртөөнд виртуал төхөөрөмжийн тусламжтайгаар Монгол орны үзэсгэлэнт газруудыг бодит мэт харуулах зэрэг онцлог үйл ажиллагаануудыг явуулсан.
Тус арга хэмжээний бас нэгэн онцлох үйл ажиллагаа бол 500 хүүхэд багачуудын хүсэл мөрөөдлийг бичсэн “500 шаар хөөргөх” үйл ажиллагаа байлаа. Хүүхэд бүхний хүсэл бүхэн нь биелэх болтугай.