x

Пап ба Гэр

Бидний хэлж заншснаар “Ромын пап” хэмээх эрхэм дээдэс Монголд морилоод, мордлоо. “Ватиканы тэргүүн, Ромын паап” гэхлэнгийн ерөнхийгөөр нэрлэж байснаа, сая гэнэт айлчлахад нь улс орон ба алба хэргэмийг яруу тунгалаг бөгөөд утга төгөлдөр орчуулах гээд “Гэгээн ширээт улсын тэргүүн” болгосон нь жаахан ойлгомж муутай болов. Уг нь “гэгээн”, “ширээт”, “улсын тэргүүн” гээд хамаг л эрхэм гоё үгсээ найруулсан боловч жаахан дулимаг талдаа үлдэв. 

       Бараг мянганы тэртээгээс харилцаж, захидал бичиг илгээлцэж явсан орон, газрынхаа нэрийг оновчтой товлоогүй байж таарлаа. Нөгөө, тундрын бүсийн зарим үндэстний хэлэнд цасыг хорь, гучин янзаар нэрлэвч ерөнхийдээ цасыг заах үг байдаггүй гэдэг шиг. Гэвч энэхүү “ялихгүй” асуудал айлчлалын сүр хүчинд дарагдан үлдэв. Угаасаа ч, болж байгаа үйл явдлын хажууд энэ нь гурав, дөрөв байтугай, долоо наймаас ч хойгуур эрэмблэх асуудал. Аяандаа тэгээд болох биз ээ, Ватиканы ариун сэнтийн эзэн, эрхэм дээдэс Папын нэр усны асуудал.

   Дашрамд дурьдахад, өрнөдийн ертөнцөд эрх ямбыг титэмтэй холбодог бол манай чигийнхэн ширээ, сэнтий суудалтай уялдуулдаг уламжлалтай. Нэг нь тэнгэр бурхнаас ивээгдснийг голлодог, нөгөө нь хүн ардаасаа өргөгдснийг чухалчилдаг ч юм уу гэмээр.

      Эрхэм дээдсийн хэлсэн үг бүрийн цаана Монголын тусгаар тогтнол, ардчиллыг бахадсан утга, санаа бүрийн ард бидний үнэт зүйлсийн дэмжих илэрхийлэл шингээстэй. Хиллэх гэдэг нутаг залгахын төдий бус, хөрш байх нь хаяа нийлэхийн хэрийн юм биш. Мөнх тэнгэрт ивээгдсэн Монгол үндэстний ариун хүсэл бүрийн ард өрнөдийн ардчилал, соёл иргэншил нөмөр халх болон зогсож байна хэмээн түвэггүй ойлгогдож байлаа. Бидний ариун хүсэл бол эрх чөлөө, тусгаар тогтнол, ардчилал билээ.

    Шашин бол угаасаа бэлгэдэл дүүрэн илэрхийлэлтэй. Эрхэм дээдсийн хэлсэн үг, татсан жишээ нь бэлгэдлээр дүүрэн. Эрхэм дээдэс Пап бээр Монгол гэрийг онцгойлон магтсан нь биднийг машид баясгав. Мөнх хөх тэнгэр тооноор нь цэлийсэн дотроо байгаа бүх хүний оршихуйг дархалсан Монгол гэр бол гайхамшиг гэхчлэнгээр зүйрлэлээ.

  Эрхэм дээдэс бээр Монголчуудад хандахдаа юуны учир гэрийг онцлов. 

    Гэр хэмээх Монгол үг "Орон гэр", "Айл гэр", "Улс гэр" гэхчлэн утга нь өргөжөөд явдаг хэллэг. Монголчууд хар багаасаа эрх чөлөө, толгой даасан амьдралд дурлан тэмүүлдэг. Иргэншин хотшсон туршлага бага тул эрх чөлөөний оронд эрх дураараа байдлыг машид эрхэмлэнэ. Одоо ч эрх чөлөөтэй амьдрахыг эрх дураараа явахтай хольж хутгасаар л яваа. Эрх чөлөө бол үүрэг хариуцлага ба чөлөөт байдлын зохистой цогцлол. Харин эрх дураараа амьдрал бол үүрэг хариуцлагаас бараг чөлөөтэй эд дээ. 

     Монгол гэр бол юун түрүүн эрх чөлөөт байдал ба эрх дураараа амьдрах эрмэлзэлтэй нь холбогдоно. Хүүхэд багачууд нь "Айл гэр" болж толгой даахыг бэлгэдэн тоглодог. Газар, газрын хүүхдүүд багш, эмч.. гэхчлэн бие хүн болж төлөвших, нийгмийн гишүүний хувьд үүрэг хүлээхээ бэлгэдэн нааддаг бол Монгол багачууд "өөрийн гэрээ барьж, бие даах"-ыг эрмэлзэнэ. Айл гэр болж тоглохын учир энэ мэт. 

   Юуны өмнө Монголчууд эрх чөлөөнд дуртай ард түмэн, та бүхний эрх чөлөөний замыг сонгож, дурлан тэмүүлэхийг бидний таалан баясч байна гэдгээ тэр илэрхийллээ.

   Монголчууд хайрлан дурлахын цагтаа "Өөрийн гэрээ бариач дээ, Өрхний чинь оосрыг татъя даа" хэмээн дуулах бөлгөө. Гэр бол гал голомт, тусгаар тогтнолын бэлгэдэл. Ватиканы тэргүүн Монголын тусгаар тогтнолыг бахдахын зэрэгцээ, түүнийгээ хамгаалах ариун үйлст тань манай ертөнц туслана гэж илэрхийлж байна.

Эх орон, эрх чөлөө, тусгаар тогтнолоо гэртэйгээ холбож "Улс гэрээ өөд татах", "туурга (гэрийн) тусгаар улс болох", "гэрээ засаад төрөө зас" гэхчлэн зүйрлэж ярьдаг. 

Бидний энэ онцлогийг гадныхан соргог анзаардаг юм билээ.

Эртүүд, Үндэсний баярынхаа цайллага дээр АНУ-ын Элчин сайд Р.Буанган гуай Д.Пүрэвдоржийн 

"Өргөн цээж чөлөөтэй амьсгалж яваа агаар дээр,

Өөрийн толгой мэдэлтэй алхаж яваа газар дээр.

Тусгаар тогтнол чамайг тунхаглан би бичнэ" гэдгээс шүлгээс ишилж байна билээ.

    Энэ нь утгаараа эрхэм дээдэс Пап байн байн бахдан ярьж байсан "МОНГОЛ ГЭР" бол бидний туурга тусгаар байдал, ардчилал, улс гэрээ өөрөө жолоодож байгааг дэмжсэн утга шүү.

Аа тийм, бас авилгатайгаа тэмцэхгүй бол энэ бүхэн чинь замхрана шүү гэдгийг ч хэлээд авна билээ.

   Монгол бол хүний түүхэнд нэрээ үлдээсэн Их гүрний гал голомт, туурга тусгаар "улс гэр" байх бүрэн эрхтэй, байх ч ёстой үндэстэн гэж л дахин дахин илэрхийлж байна.

   Далай багш хэдийгээр Буддын шашны доторхи Шарын буюу Зонховын шашны удирдагч боловч хүн төрөлхтөн түүнийг Бурханы шашны төлөөлөл хэмээн хардаг. Христосын шашны Католикуудын их Богд болсон Папыг бид Загалмайн шашны гол төлөөлөл хэмээн боддог. ХХ зууны дунд үеэс “Папа Римский.. .” гэдэг орос хэллэгийг “Римийн Далай лам” гэхчлэн орчуулж байсан гэдэг нь түүний зэрэг зиндааг илэрхийлэх оролдлого гэлтэй. Энэ утгаараа Чингис хааны хээр тал, Монголын эзэнт гүрний голомтод Загалмайтны эрхэм дээд Богд ийнхүү залрав. 

  Айлчлалын үеэр олон шашны төлөөлөл уулзаж, тус тусын номлолд олон шашинтан хэрхэн эв найртай оршихуйг сургасан байдгийг ишлэн ярилаа. Тэнд хэлж байгаагаар бол шашин болгон л бусдыгаа хүлээн зөвшөөрч, хайрлэн энэрэхийг сургасан ажээ. Харин үзэн ядалт, үл хүлцлийг хүмүүс л хожим нэмсэн ажгуу. Шашин хүнийг муухай болгодог уу, эсвэл хүмүүс шашныг муухай болгодог уу? Хариулах хэрэггүй гэж бодож байна.

   Бурханы шашинтны номоор бол, орчлонгийн буюу сансрын хүрдэнд тоолшгүй цагийн тэртээгээс эргэлдэж, тоймгүй олонтөрөл авахдаа бид бүгд хоорондоо эх үрийн холбоотой болдог аж. Хамаг амьтан төрөл садны байтугаа, эх үрийн нандин холбоосоор уягджээ. Иймээс, бие биенээ “эх нь ганц үрээ хайрлах мэт , ангир уургаа шимүүлж өсгөсөн ээжийгээ үр нь ачлах адил” энэрэх учиртай аж. “Эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд...” хэмээх хэллэг ийм учиртай. Төрөл авсан бүхэн чиний ээж, чиний үр байсныг санаж тэр цагийн нандин хайраа хамаг амьтанд зориулах учиртайг Буддизм сануулдаг. 

   Энэ номлолоор бол Пап Франциск бид нар тоолшгүй цагийн аль нэгэн хэлхээнд эх, үр болж явсан болж таарна. Цаашлаад Байден ерөнхийлөгч, Ши дарга хоёроос эхлээд, тэр байтугаа Зеленский,Путин хоёр ч эх үр байсан байх гээд байгаа юм. Энэ утгаараа, дайсагнал үзэн ядалт зэрэг нь ямар мунхаг үйл болох нь харагдана. Яг ийм гээд батлах аргагүй л дээ. Гэхдээ, Бурханы шашинтны хайр энэрлийн логик иймэрхүү. 

    Мөн Буддистууд өөр шашинтны тус дэм, хамтын ажиллагаанаас цэрвэдэггүй. Хэн нэгэн чамд тус болж, дэмжиж бас өсөрхөж байгаа нь түүний шүтлэг шашнаас бус харин урьд өмнөөс улбаатай сайн ба муу үйлийн үр боловсорсноос шалтгаантай хэмээн номлодог. Үүссэн асуудлыг учрыг бусдын итгэл үнэмшлээс бус харин хэрэг явдал хэрхэн үрсэлж, төлжсөн шалтгаанаас хайхыг сургадаг билээ. Гэхдээ, “хаашдаа үйлийн үр юм чинь, яалтай” гээд орхихийн тухайд бус, харин ч явдал үйлээ хянан засаж, сайны үрийг суулган маргаашийн амгалан жаргаланг дархлахыг уриалдаг.

Бурханы шашинтнуудын “Хамаг амьтан жаргалан хийгээд жаргалангийн шалтгаан лугаа төгөлдөр болтугай. Хамаг амьтан зовлон хийгээд зовлонгийн шалтгаанаас эгнэгт хагацах болтугай. Хамаг амьтан зовлон үгүй жаргалан лугаа хэзээд үл хагацах болтугай. Хамаг амьтан хол ойр тачаах, өслөх аль алинаас ангид тэгш сэтгэлээр орших болтугай” хэмээх өдөр тутмын ерөөл, залбиралд Буддист, Загалмайтан, Ислам болоод бусад шүтлэгт бүх хүмүүн, бас сайн, муу заяаны амьд бүхэн багтдаг бөлгөө. (Сайн муу заяа гэдэг нь арьс өнгө, гарал үүсэл, шашин шүтлэгийн ялгаа бус харин зовлон, шаналалд унасан, эс унасны тухай болохыг та юу эс андах билээ)

Монголчууд хийгээд хамаг улс үндэстний орон гэр ариун, гэр орон жаргалтай, улс гэр нь түвшин амгалан болтугай!

Б.Цэнддоо /2023.09.05/

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 19 цаг 30 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 19 цаг 30 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 21 цаг 0 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 21 цаг 28 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 21 цаг 35 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 21 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар 22 цаг 12 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 22 цаг 26 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Өчигдөр 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Өчигдөр 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Өчигдөр 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Өчигдөр 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Өчигдөр 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Өчигдөр 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Уржигдар 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Уржигдар 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Уржигдар 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Уржигдар 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Уржигдар 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Уржигдар 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ... Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно
Top