x

Х.Тэмүүжин: Хуульд захирагддаг Ерөнхийлөгч биш, хүчирхийллээр иргэдээ хянадаг хааны тухай яриад байна

УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжиний “Парламент” телевизэд өгсөн ярилцлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.

-Та хуульч хүн, бас улстөрч хүн. Та өнөөдрийн Монголын нийгэм, улс төрийн байдал, үйл явцыг хэрхэн үнэлж байна?

-Үйл явцыг үнэлэхэд жаахан төвөгтэй. Хэт талцал хуваагдалтай, зарим талаараа огт дүрэмгүй тоглолттой, тэндээсээ цөөн хэсэг нь хожоод, олонхи нь хохирогч болж үлдэх тийм л үр дагавартай юм харагдаад байна. Үндсэндээ Жорж Оруэллийн “Амьтны ферм” шиг л (Бүх амьтад тэгш эрхтэй, гахай илүү эрхтэй) болчихоод байна.

-Дүрэмгүй тоглолт гэдгээ тодруулахгүй юу?

-Нэг ийм хоёр нүүртэй сонин улс төрийн өнгө харагдаад эхэлчихлээ шүү дээ. Өөрийнх нь хүсч байгаа, хийх гэж оролдож байгаа зүйл хуультай ойрхон байвал хуулийн нэрийг ашиглахдаа маш гарамгай. Харин хийж байгаа үйлдэлд нь хууль хөндөлсөөд ирвэл түүнийг үгүйсгэж гишиглэх, тойрч гарахдаа гаргуун. Ийм дүрэмгүй улс төр чинь хамгийн увайгүй худалчдыг эрх мэдэлд хүргэж, хулгайч, шантаажчингууд нь төрд наалдддаг юм байна. Хувийнхаа ашиг сонирхлоо гүйцэлдүүлэхийн тулд муу муухайгаа бусдын буруу, хулгай дээрмээ хууль ёсны, худлыг үнэн мэт товойлгон харуулдаг нөлөөтэй толинд олон нийтийг харуулах гэж оролдож байна.

-Та нэр дурьдаж болох уу?

-Хүн бүрт ил байна шүү дээ. Энэ үндсэн хуульт ардчилал, зах зээлийн эдийн засаг гэх зүйлийн үр шимийг хамгийн их хүртэж Монголын тэргүүн баячуудын нэг болсон, төрийн эрх мэдлийн оргилд гарсан хүмүүс өөрсдийн үйл ажиллагаагаа “тогтолцооны гажиг байжээ” гээд энэ улс орны үндсээр тоглох санаачлага гаргаад сууж байна. Энэ тогтолцоог хамгийн сайн ашигладаг, гэхдээ улс төрөө хуульгүй юм шиг хийдэг нөхөд гэнэт өөрсдийнхөө буруу, муу муухайг “Тогтолцооны гажиг байсан” гэж хэлээд Ерөнхийлөгчийн засаглалтай болох, өөсдийнхөө эрх мэдлийг улам бүр нэмэх тухай ярьж байна. Энэ нь өнөөдрийн нэг хоёр хүний үйлдэл биш. Бүтэн тогтолцооны буруу ч биш. Ер нь Ерөнхийлөгчийн энэ институт яагаад дандаа Үндсэн хуулийн эсрэг ажилладаг хүмүүсийн гар хөл, зэвсэг нь болж хувирдаг юм бэ? Энэ тухай бодох л ёстой.

-Бидний яриа өөрийн эрхгүй Үндсэн хуулийн өөрчлөлт рүү орчихлоо. Одоо хоёр өөр үзэл явж байна л даа. УИХ-аас байгуулсан ажлын хэсгийн барьж байгаа нэг төсөл байна. Нөгөө нь манай Ерөнхийлөгчийн хүсээд байгаа нэг төсөл.  Өөрөө бол Ерөнхийлөгчийн засаглал гэж шууд хэлээгүй л дээ. Та алийг нь дэмжих вэ?

-Хэн ямар төсөл барьж явж байна гэхээсээ илүү энэ чиглэлээр олон нийтийн санаа бодол, судлаачдын байр суурь, өмнөх туршлагуудыг эрүүл саруул ухаанаар, шинжлэх ухааны үндэслэлтэй арга зүйгээр, бодит баримт, үйл явдал дээр түшиглэж дүгнэх ёстой. Тэгэхгүй, “энэ нь манай намын хүн, тэр нь танай намын төсөл” гэж намчирхаж талцвал бүр утгагүй хэрүүл болно. Нэг нь парламент, Ерөнхий сайдын засаглалаа сайжруулах гээд, нөгөө нь Ерөнхийлөгчийн эрх мэдлийг бэхжүүлэх гээд хоёр институцийн хоорондын зөрчил болгож хувиргавал бас утгаа алдана. Бүр доошлоод хувь хүмүүсийн хэрүүлийн түвшинд авчирч, зарим хүний ярьж байгаачлан нэг хүнийг яллах, байхгүй болгохын тулд төрийн тогтолцоог өөрчлөх гэж өс санасан сэтгэлээр хандаж байгаа бол гучаад оны ногоон малгайтнуудаас ч дор юм болно.  

-Энэ бүхэн хэзээнээс, юунаас эхтэй юм бэ?

-Өнөөдөр гэнэт гарч ирсэн асуудал биш л дээ. 1992 онд Үндсэн хууль баталсны дараа П.Очирбат Ерөнхийлөгч гарч ирээд Ерөнхийлөгчийн эрх мэдэл гэж юу болохыг бүрэн дүүрэн анзаарч ойлгоогүй байж магад. Нөгөө талаар социализмын захиргаадалтын босоо тогтолцоо хэвээрээ байсан учраас, нөгөөдүүл нь хэлсэн ярьсныг нь хэрэгжүүлээд байсан учраас эрх мэдлээ нэмэе гэдэг зодоон үүсгээгүй байж болно. Өөрт нь тийм эрх нь байхгүй ч хэн нэгэн хүнд 90 саяыг гаргуулаад өгөх нөлөөтэй байж. Харин Н.Багабанди Ерөнхийлөгчийн үеэс зөрчилдөөнүүд илүү тодорхой харагдаж эхэлсэн байдаг. Засгийн газрыг хэдэн удаа огцруулав, Ерөнхий сайдыг хэдэн удаа томилох гэж оролдов, үр дүнд нь нэг улстөрч амь насаа алдсан гэмт хэрэг хүртэл гарч байлаа. Тэндээс эхлээд Ерөнхийлөгчийн суудал дээр суусан хүн бүр “Би “Эрдэнэт”-ийг мэдэх ёстой, өөрийн хүнээ тавих ёстой” гээд Монголын хамгийн том мөнгөний араас эрх мэдлийн нөлөөгөө хөдөлгөж эхэлсэн. Нөгөө талд нь Монгол Улсын Ерөнхий сайд гэж хүн байдаг, би шийдэх ёстой юм биш үү? гэдэг. УИХ нь “Төрийн эрх барих дээд байгууллага юм бол бид мэдэх ёстой” гэдэг эрх мэдлийн талцал, үйл ойлголцол улам бүр лавширах болсон. Энэ бол Үндсэн хуулийн check and balance буюу харилцан хяналт, тэнцлийн тухай асуудал биш. Check and balance гэдэг бол ирэний эрхэд суурилж, улс орныг хөгжүүлэхэд энэ эрх мэдлүүд харилцан хяналттай урагшлахыг хэлдэг. Аль нэг институт нь буруу шийдвэр гаргавал түүнийг нь хязгаарлаж, зөв зүйл дээрээ дэмжин хамтарч урагшаа алхах тухай яриа.

-Гэтэл манайд ямар нөхцөл байдал бий болов?

-Н.Баганбанди Ерөнхийлөгчийн үеэс түүхийг эргээд хараарай. Ерөнхий прокурорыг яаж сольсон, “Эрдэнэт”-тэй холбоотой хэн гэдэг өмгөөлөгч Ерөнхий прокуророор очсон, Дээд шүүх дээр ямар хэрүүл гарсан, хэрүүлийн үр дүн юугаар дууссан гээд. Дараа нь Н.Энхбаяр Ерөнхийлөгч болоод өөр дээрээ эрх мэдэл овоолохын тулд юу юу хийв, прокурорын мөрдөн юу болж хувирав, АТГ, Төрийн албаны зөвлөл гэж юу үүсгэв? Эцэстээ УИХ-ын дарга, Ерөнхийлөгч хоёрын хоорондын зодоон болж дууссан. Санаж байгаа бол УИХ-ын дарга нь Үндсэн хууль зөрчсөн асуудлаар огцорч байлаа. Энэ чинь нөгөө л эрх мэдлийн зодоон, Ц.Нямдорж, Н.Энхбаяртаа асуудал байгаа юм биш. Ц.Элбэгдорж, З.Энхболд байсан ч ялгаагүй. Энэ бол эрх мэдлийн хуваарилалт дээр бий болсон гажиг. Тэр эрх мэдэл дээр очсон болгон нэг нь нэгийгээ дарж авах, шорон оронд хийх, амьдралаар нь тоглох, амь насаа алдах хэмжээний зөрчилдөөн үүсгэж байжээ.

Хуулиасаа, Үндсэн хуулиасаа болсон маргаан ч байна. Хуулиасаа илүү хувь хүмүүсийнхээ ааш аягаас болсон зодоон ч байна. Үүнийг бид зөв зүйтэй, ялгаж салгаж харахгүй бол болохгүй нь. Өмнөх дөрвөн Ерөнхийлөгчийг одоо байгаатайгаа нь, 1992 оноос хойш болсон бүх процессийг эргээд харахаар манай Ерөнхийлөгчийн институцид асуудал байна. Хоёрдугаарт яах аргагүй бид гүйцэтгэх эрх мэдлийг тарамдуулаад хаячихаж, Ерөнхий сайдад ямар ч эрх мэдэл алга. Ерөнхий сайд гэдэг нэртэй, Засгийн газрыг толгойлж байгаа мэт боловч Ерөнхий сайдад өөрийн гэсэн кабинет алга. Ерөнхийлөгч, УИХ хоёр яамдыг таллаж хувааж аваад “Миний яам, чиний яам, би энд хяналтаа тавина” гээд гүйцэтгэх эрх мэдлийг хэдэн толгойтой болгоод хувиргачихаж. Тэр хэдэн толгой нь УИХ, Ерөнхийлөгчийн нэрээр өөр хоорондоо зодолдоно. Тэгээд сүүлдээ нэг бол Үндсэн хууль зөрчсөн гэдэг үндэслэлээр огцорно, үгүй бол эргэн тойрных нь хүмүүсийг шоронгоор айлгаж байгаад дуугүй болгоно. Энэ гурван хүний зодооны талбарт эцэстээ жирийн иргэдийн амьдрал үрэн таран болно. Аль компани хэнийг дагаснаараа амьд үлдэх эсэх нь шийдэгдэнэ. Буруу хүнээ дагавал тагнуул, АТГ, цагдаад шалгагдаад хорих 461 рүү ачигдана. Тэнд очсон хойноо хэнд төлбөрөө төлөхөө бодно. Зөв хүнд төлбөрөө төлбөл гарна, буруу хүнд төлчихвөл хохирсон дээрээ дахиад хохирдог, хамаг юмаа дээрэмдүүлдэг тийм л систем боллоо.

-ҮАБЗ-ийн гурван гишүүний тухай л яриад байна л даа. Ингэхэд  ҮАБЗ-өөс гарсан шийдвэрийг заавал хэрэгжүүлэх ёстой юу? Уг нь бол өөрсдөө зөвлөмж гэж хэлдэг?

-Заавал хэрэгжүүлэх ёстой биш, зөвлөмжийн шинжтэй байдаг. ҮАБЗ бол аюулгүй байдал талаасаа ийм эрсдэл байна шүү гэдгийг сануулдаг дохио байдлаар ажиллах ёстой систем. Гэтэл Ц.Элбэгдоржийн үед, бараг Н.Энхбаярын үеэс ч байж магадгүй, ҮАБЗ-ийг хоёр дахь парламент, хоёр дахь Засийн газар болгож хувиргасан. Сүүлдээ УИХ-ын гишүүдийн бүрэн эрх рүү орж ирсэн шүү дээ. ҮАБЗ ингэж шийдсэн учраас та нар үг дуугүй наад кнопоо дар гэдэг. Асуудлыг нь харахаар үндэсний аюулгүй байдал гэхээсээ тодорхой бизнес, бүлэглэлийн эрх ашгийг тулгасан шинжтэй. Засгийн газар дээр бүр сонин юм болж хувирсан. Нэг бүлэглэлийн эрх ашгийг хамгаалдаг сайд орж ирээд Засгийн газраар шийдвэр гаргуулж чадахгүй болохоороо “Би та нараар шийдүүлэхгүй, за юу” гэж хэлээд ҮАБЗ-өөр шийдвэр гаргуулдаг. “ҮАБЗ шийдчихээд байхад та нар наадхыгаа үг дуугүй дага” гэж Засгийн газар, Ерөнхий сайдад, кабинетад тулгадаг болсон. Уг нь Ерөнхийлөгчид тийм эрх мэдэл байхгүй л дээ. Гэхдээ ардаа шүүх, прокурор, цагдаа, тагнуулыг атгачихсан сууж байгаа шүү дээ. Түүгээрээ дамжуулаад “Чи битгий олон юм яриад бай, чамайг ч гэсэн аваачаад хийчихнэ шүү” гэж айлган сүрдүүлдэг ийм систем албан болон албан бусаар угсрагдчихсан байна.

-Одоо ч гэсэн үү?

-Одоогийн Ерөнхийлөгч дээр нэг сонин үзэгдэл харагдсан. Өмнөх Ерөнхийлөгч болон дараагийн Ерөнхийлөгч болохоор горилсон хүн хоёр хоорондоо тохирсон юм шиг байгаа юм. Энэ системийг өв залгамжлуулах байдлаар өгч авалцаад  “Гэхдээ намайг оролдохгүй байх ёстой, бидний эрх ашиг хангагдаж байх ёстой” гэдэг тохироо хийсэн. Уул нь Н.Алтанхуягийн Засгийн газар байхдаа Ерөнхийлөгчид гар хөлд угсрагдчихсан тэр эрх мэдлээс тодорхой хэсгийг нь тайрсан. Цагдаагийн удирдлага, ШШГБ-ын даргад генерал цол өгдөг, цэргийн дээд цол, дотоодын цэрэг, цэргийн гэх дүрэм журмаар дамжин гүйцэтгэх эрх мэдэлтэй хутгалдан нөлөөгөө тогтоосон байсныг тасдаж хаясан. Дутуу тасдсан л даа. Хэрвээ Мөрдөх алба байгуулагдсан бол бүрэн тасдах байсан. АТГ-ын мөрдөн шалгах чиг үүрэг үндсэндээ Мөрдөх алба руу шилжих байсан. Гэтэл энэ МАН гарч ирээд “Дараачийн Ерөнхийлөгч манай намын хүн болох учраас” гээд Н.Алтанхуягийн Засгийн газрын үед авч хаясан Ерөнхийлөгчийн эрх мэдлийг буцаагаад Ерөнхийлөгч дээр овоолсон. Харамсалтай нь сонгуулийн үр дүн эсрэгээрээ гарсан учраас одоо эрх мэдлээ булаалдаад, намаа хагалуулаад зодолдож байна. Шинэ Ерөнхийлөгч нь “Би АТГ-г авах ёстой, би энд нөлөөгөө тогтоох ёстой” гээд яг өмнөх Ерөнхийлөгч нарын явсан замаар явах гэж оролдож байна. Нөгөө талд нь “Угсарчихсан махны машинаа алдчихвал алуулна” гээд бодит эрх мэдлээ алдахгүйн тулд зодолдож байна. Энэ хоёр талын зодоон дээрээс өнөөдөр нэг хэсэг нь “Ерөөсөө Ерөнхийлөгчийн засаглал руу явах ёстой” гээд, нөгөө хэсэг нь “Ерөнхийлөгчийн эрх мэдлийг ор тас байхгүй болгох ёстой” гэсэн туйлшрал руу явж байна.

-Таныхаар Үндсэн хуулийг өөрчлөх ёстой юу?

-Би бол 1992 оны Үндсэн хуулийн улс төрийн дэглэмийн сонголт маш зөв хийгдсэн гэж одоо ч итгэдэг. Миний хувийн итгэл үнэмшлээс илүү баримт, нотолгоо, судалгаа, харагдаж байгаа үр дүн нь ил байна. Бид яагаад дундад Азийн хэдэн “стан”-ууд шиг болоогүй юм бэ? Энэ бол парламентын засаглалыг сонгосны ач тус. Нэг, хоёр улсын нөлөөнд автчихгүйгээр энэ ардчиллын цонхон дотор багтаад дэлхийд нэлээн олон улстай зэрэгцэж ярих хэмжээний эрх чөлөөтэй байгаа нь манай гуравдагч хөршийн бодлого. Энэ бүгдийг харж байгаад ухаалгаар өөрчилье гэвэл хоёр л гарц байна. Нэгдүгээрт: хүчтэй Ерөнхий сайдтай байх ёстой. Өөрөөр хэлбэл гүйцэтгэх эрх мэдлийг худал хуурмаг яригчдад биш, ажил бүтээгчид, бодлого чирэгчдэд өгөх ёстой.

-Үндсэн хуулийн өөрчлөлт дээр АН-ын бодлого юу байдаг юм бол?

-АН ч гэсэн одоо бодох ёстой. 2020 онд өөрийн Ерөнхий сайдтай болно гэж бодож байгаа бол АН-ын Ерөнхий сайд нарын туулсан зовлонг дахиад туулмааргүй байна гэдгээ бодох учиртай. АН-ын Ерөнхий сайд нарын туулсан зовлонгийн 70 хувь нь хэнээс болсон билээ? Ерөнхийлөгчөөс. 1996-2000 оныг сана, 2012-2016 оныг сана. Өөр намын Ерөнхийлөгч байна уу, өөрийн намын Ерөнхийлөгч байна уу, ялгаагүй юм билээ. Ерөнхий сайдыг ажил хийлгэдэггүй. Хүүхэлдэй шиг хөдөлгөх гэж оролддог, эцэстээ өөрийнхөө луйврын золиосонд түлхдэг. Тийм л байсан. Тиймээс АН ч гэсэн бодох ёстой. “Монгол улсыг хөгжүүлнэ ээ” гэж гарч ирээд Ерөнхий сайдаа тавьдаг. Гэтэл Ерөнхий сайд нь хэн нэгний хүүхэлдэй болох, хэн нэгний гарын үзүүрт хулгайд нь зарагдах байдал руу л орно. “Өө ингээд АН гарч ирэхээрээ хулгай хийгээд дуусдаг байхгүй юу” гэдэг үгтэй дуусах уу? Дахиад нэг том ялагдал авах тийм хувь заяа руу оромгүй л байна.

-Хоёр дахь өөрчлөлт нь юу вэ?

-Ерөнхий сайдыг бүрэн дүүрэн ажиллуулахын тулд бүрэн дүүрэн хяналт тавих чадвартай парламент байх ёстой. Парламентын засаглалыг сайжруулах ёстой. Түүний мөнгөнд хүрдэг гар хөлийг бус бурууд хурц нүд, чихийг сайжруулах ёстой.

-Үндсэн хуулиас давж Ерөнхийлөгчид эрх мэдэл олгосон хуулиудаа яах юм бэ? 17 хууль байна, 57 хууль байна гээд л яриад байсан?

-Тэр хуулиудын талыг нь энэ парламент 2016 оны сонгуулийн дараа буцаагаад гаргаад өгчихсөн л дөө.

-Заавал Үндсэн хуульд өөрчлөлт оруулна гэж цаг хугацаа алдаж, эсэргүүцэлтэй тулгарч байхаар тэр хуулиудаа л буцаагаад засчихаж болохгүй юм уу?

-2012-2014 оны үед гарсан хуулиудаар Ерөнхийлөгчийн тодорхой эрх мэдлүүдийг үгүй хийсэн. Түүн шиг ээлж дараатайгаар таналт хийж болно л доо. Гэхдээ Үндсэн хуульд зайлшгүй засах, тодруулах ёстой зүйлс байгаа. Ерөнхийлөгч өөрийнх нь эрх мэдлээр оролдсон Засгийн газрыг хүссэнээрээ унагаж чадаж байгаа нөхцөлд Засгийн газрын зүгээс тийм санаачилга гарахгүй л болов уу. УИХ дотор хүссэнээрээ хагарал бий болгож чадаж байхад хууль тогтоогчдоос ч тийм санаачилга гарах бас эрсдэлтэй. Өмнөх парламентад арай ч дээ гэсэн мөртлөө “Ерөнхийлөгч тэгсэн учраас” гээд Засгийн газрыг огцоуулах кноп дарж байсан гишүүд цөөнгүй бий. Итгэл үнэмшил, үзэл бодол нь “Ингэж болохгүй шүү” гэж байгаа боловч ардаа байгаа бизнес, амьдрал нь аюултай тоглоомын дунд орчихсон, барьцаанд байгаа хүмүүс чинь хэдий иргэдийг эрх ашгийг хамгаална гэж мандат авсан боловч тодорхой шийдвэр гаргах, кноп дарах дээр тулаад ирэхээрээ хүнд байдалд ордог юм байна л даа.

-Жишээ нь?

-Дүүг нь Дарханд аваачаад шоронд хийчихсэн, “Миний дүүгийн хувь заяа хэцүү байна аа. Тийм учраас би энэ Засгийн газрын маргаанд чинь орж чадахгүй” гээд хурлаа хаяад гарч яваа гишүүнийг ч харж л байсан.

-За Үндсэн хуульдаа өөрчлөлт хийдэг байж. УИХ болохоор Үндсэн хуульд өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн дагуу 30 хувьд нь өөрчлөлт хийе гэж байна. Ерөнхийлөгч болохоор ерөөсөө ард түмнээсээ санал асуугаад Ерөнхийлөгчийн засаглал руу шилжье гэж байна. Үндсэн хуулиа өөрчлөөд Ерөнхийлөгчийн засаглалд шилжих бололцоо бидэнд бий юу?

-Ерөнхийлөгч яг одоогоор “Ерөнхийлөгчийн засаглал” гэж дуугараагүй байна. Харин түүний ойр тойрны хүмүүс их олон давтамжтайгаар ил тод ярьж байна. Гэхдээ нэг аюул харагдаад байна. Хувийн хэвшил, хувийн өмч дээр суурилсан эдийн засгийн өсөлтийг хангах бол бидний 1992 оноос хойш хамгаалах гэж зүтгэж яваа нэг үнэт зүйл. Тэр хүний ухамсартай ухамсаргүй, бодолтой бодолгүй хэлснийг би мэдэхгүй. Гэхдээ хэлсэн үг, явуулж байгаа бодлогын үр дагаврыг харахаар хувийн хэвшил, иргэний санаачилгыг шахах, хувийн өмчийг үгүйсгэх замаар, нөгөө талаас арми, цэргийг оруулж, төсвийн хүчээр бүтээн байгуулалт хийнэ гэсэн зорилго тавилаа шүү дээ. Э.Бат-Үүл “Цэргийн социализм” гэж шүүмжилж байсан. Энэ бол эдийн засагтаа алуур хийж байгаагаас ялгаагүй алхам. Яг үүнтэй адилхан оюун санааны түвшинд юу хийсэн бэ гэхээр “ламын феодализм” гэж болохоор үзэл санааг тулгаж эхэллээ. Шашны зөвлөхүүд нь тийм зүйл яриад эргэн тойрных нь хүмүүс улайран дэмжиж байгаа нь харагдаж байна лээ.

Гурав дахь нь хууль, шүүх гэх мэт мэргэжлийн байгууллагуудын үйл ажллагааг “Босоо хөх монгол” гэх мэт хүчирхийлэл, шантаажны хэлбэрээр орлуулах, хуульгүйгээр асуудлыг шийддэг болгох гэж оролдож байна. Эрүүл саруул ухаанаар биш сэтгэл хөдлөлөөр, дур зоргоор авирлахыг өөгшүүлэх байдалтай. Энэ чинь эргээд нийгмийнхээ институцуудыг нураах аюултай. Боловсрол, шинжлэх ухааныг шашин орлоод, хуулийн эрүүл саруул системийг хүчирхийлэл орлоод, эдийн засгийг цэргийн солциализмаар орлуулна гэдэг чинь АН-ын үнэт зүйлийн тулгын гурван чулуу руу довтолж байгаа хэрэг. Энэ бол парламентдаа хянагддаг, шүүхдээ дуудагддаг, хуулийг эрхэмлэдэг Ерөнхийлөгчийн тухай биш, мухар сүсгээр, хүчирхийллээр, өлсөглөн ядуурлаар хяналтаа тогтоодог хааны тухай яриа шүү.

-Дахиад асууя. Ерөнхийлөгч шинэ Үндсэн хууль бичнэ гэж байна. Хууль зүйн хувьд ийм бололцоо байгаа юу?

-Үндсэн хуульд бичээтэй байгаа. Тэнд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай заалт бий болохоос биш шинэ Үндсэн хууль бичих тухай заалт байхгүй. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуульд бол хувь хэмжээг нь заагаад өгчихсөн байгаа. Харин шинээр Үндсэн хууль бичих боломж хууль зүйн хувьд байхгүй. Хувьсгал хийгээд, нийгмийг талцуулж байгаад, зэвсэг бариулаад, цус урсгаад гаргачих боломж бол байхыг үгүйсгэхгүй. Гитлер ч гэсэн тийм л замаар Үндсэн хуульдаа гар хүрсэн шүү дээ. Арай ч тийм зүйл рүү явахгүй байлгүй дээ. Харин миний болгоомжилж байгаа зүйл гэвэл иргэний удирдлагыг саяны хэлсэн шашны болон цэргийн удирдлагааар орлуулж байгаад бүгд найрамдах нэртэй боловч арай өөр, Дундад Азийн “Стан”-ууд шиг улс болгочих вий гэдэг  болгоомжлол байна. Сая ч гэсэн Азарбайжанаас туршлага судлаад ирлээ гээд яриад байна лээ. Төвөгтэй л дөө. Хаанаас туршлага судлаад байгаа нь эргэлзээ төрүүлж байна. Жаахан болгоомжтой л хандах ёстой.

-Та намынхаа ажилд оролцож байна уу?

 -Оролцоно оо оролцоно. Улс төрийн нам гэдэг үзэл санаан дээр суурилдаг учраас түүнийг түгээх, хамгаалах ч бас намын ажил мөн гэж боддог.

-Танай нам Үндэсний бодлогын хороодод хуваагдаад ажиллаад байх шиг байна. Тэнд аль нэгэнд нь багтсан уу?

-Байхгүй. ҮБХ бол манай сонгуульт гишүүдийн хийдэг ажил. Үзэл санаагаа хамгаалах, түүнийгээ түгээхийн төлөө явах бол намын гишүүн бүрийн хийх ёстой ажил.

-Танай намын дүрэмд өөрчлөлт ороод ҮБХ-нд орсон, тэнд их идэвхитэй яваа хүмүүс оноо цуглуулах байдлаар цаашдаа сонгуульд нэр дэвших юм билээ шүү дээ?

-Шууд тэгж хязгаарлаж, тэгж ойлгож болохгүй л дээ. Ардчилсан гэж шошиго хадаж, дарга хэмээн сэтэр зүүхээс илүүтэйгээр ардчиллын төлөө, АН-ын үнэт зүйлийн төлөө, 29 жил хамгаалж, хөгжүүлэх гэж оролдож яваа хүний эрх, чөлөөт зах зээл, ардчилсан удирдлага, хуулийн засаглал гэх мэт үнэт зүйлүүд байна шүү дээ. Үүний төлөө хэн илүү санаачлагатай, хэн илүү зохион байгуулалттай, тууштай явж байна, тэр л АН-ын түүхийг бүтээгч. Түүнээс биш АН-ын түүхэнд олон дарга, олон ямбатангууд байсан. Тэдэн дотроос түүхэнд үлдсэн нь хэд билээ? Арчигдсан нь хэд билээ? Үүнийг л бодох ёстой.  

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (14)

  • Зочин (45.117.35.14)
    Хууль зүйн мэдлэгийн хувьд Тэмүүжинг гүйцэх хуульч одоогоор алга. Нямдорж бол зүгээр л тэр ингэсэн энэ ингэсэн гэсэн хов л ярьдаг. Бидний үр хүүхдийн хувь заяаг хэн бусниулах бол. Та нар бодоод үзээрэй. Өнөөдрийн хийрхэл үр хүүхдэд минь л гай болно шүү.
    2018 оны 10 сарын 24 | Хариулах
  • Зочин (150.129.141.183)
    Анх л улс терд орж ирэхдээ тархи угаагчийн боловсрол эзэмшин бэлтгэгджээ гэсэн бодол энэ Тэмvvжинг харахаар санаанд ороод байдаг болчихсон доо. Тэр нь сvvлийн veд айхтар нотлогдож байна. Нэг их мэдэмхийрээд л vнэн vнэн юм яриад л эхэлдэг юм ш дээ
    2018 оны 10 сарын 24 | Хариулах
  • Иргэн (66.181.177.245)
    Ардчилалынхан аймаар идсэн дэ. Гор нь сонгуулиар бүгд арчигдсан. Ардчилал нэрийг уландаа гишгэч ахиж хэзээ ч улстөрд олон болохгүй болсоон
    2018 оны 10 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.131.243.190)
    Тэмүүжинг ерөөсөө ойлгохгүй юм.Нэг л их өс санасан өшөө хорсол үнэртсэн л ярилцлага өгдөг болж дээ.Дандаа онол ярина ажлын бүтээмж муутай бас муйхар зүтгэдэг зантай.Одоо ч тэгээд гишүүнээс унасан нөхдүүд нэг л их онгон юм л ярьдаг болж дээ.Гарсан хойноо хүүхэн шаагаал хороо найруулаал суучихдаг
    2018 оны 10 сарын 23 | Хариулах
  • Сэтгэ (103.212.116.14)
    Энэ их хүнд сайн ойртоод анхааралтай харвал маш аюултай хүн байна лээ. асар их муу санаатай, маш их өс хонзон санадаг. их дотогшоогоо хүн байна лээ.багадаа их зовлон үзсэн бусдаас дутуу өссөн хүмүүс тиймэрхүү болж хүмүүждэг юм . иймэрхүү төрлийн хүмүүс олны нүдэнд өөр харагддаг, бодит байдал нь өөр байдаг . эхнэр хүүхдээ зоддог ч байдаг юм уу
    2018 оны 10 сарын 23 | Хариулах
  • Хөөрхий (66.181.185.147)
    Энэ бас садарлаж дуусаагүй л байна уу.Хуулийг самарсан этгээд.
    2018 оны 10 сарын 22 | Хариулах
  • Toma. (103.57.92.104)
    Temuujing buruutgah undeslel ni dotor ni baisan,hiihgui yasan yum be geh yum.kkk.Bitgii tenegt chi gantsaaraa shudrag temtseed uzdee...Shudrag chadaltai ni Temuujin shig shahagdaj,archaagui pyldaguud ni amandaa hutssaar ulddeg yum. Tsag hugtsaa haruulsaar l baina sh dee.
    2018 оны 10 сарын 22 | Хариулах
  • Зочин (103.9.89.186)
    Ingej mushgij garchig ughuu bolimoor yum. Buren eheer ni dahin unsh.
    2018 оны 10 сарын 22 | Хариулах
  • би (182.160.36.41)
    Шүүр шуламтай нийлж Тэмүүжинг улс төрийн тавцангаас арчихыг хүсэж ард нь маасайтал инээсэн нь хэн бэ. Жэнко ш дээ өөр хэн ч биш.
    2018 оны 10 сарын 22 | Хариулах
    • хуульч хүн гэхэд мэдлэг нимгэн.хѳѳсрѳмтгий бялдууч юм аа.ИЙМ ХҮН ХУУЛЬ ЗҮЙН САЙД ХИЙЖ БАЙСАН ГЭЭД БОДОХООР ХАРАМСЧ БАЙНА.
      2018 оны 10 сарын 22
  • Зочин (202.126.89.57)
    Тэмүүжин өөрөө дунд нь явж л байсан шүү дээ. Тэр үедээ хийхгүй яасан юм. Энд ганцхан хуулиас болоод байгаа юм байхгүй ээ. Хувь хүнээс өөрсдөөс нь л болоод байна. Өөрийгөө бодсон шуналаас чинь л болоод байна.
    2018 оны 10 сарын 22 | Хариулах
    • Temka
      Dund ni ywj bxdaa naadax chini zuslangiin xuwtsasaa shaxax gd l .. bas l gologiib pisdaa daa goliichood xudlaa shaasan
      2018 оны 10 сарын 22
  • Зочин (139.5.216.12)
    Зөвөө тэмүүжээн
    2018 оны 10 сарын 22 | Хариулах
  • Зочин (202.126.89.35)
    Үндсэн хуульд өөрчлөлт яаралтай оруулах
    2018 оны 10 сарын 22 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
1924 оны Үндсэн хууль 38 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 48 мин Энгийнийг ухаалгаар 55 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 2 цаг 24 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 3 цаг 36 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 3 цаг 50 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 3 цаг 57 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 5 цаг 3 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 5 цаг 24 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 18 цаг 26 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 23 цаг 40 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 23 цаг 57 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Өчигдөр 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Өчигдөр 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно
Top