-Энэхүү өгүүллийн жинхэнэ эхийг Глобал Пресс Жоурнал нийтэлсэн болно - @Global Press Journal-
МОНГОЛ УЛС, ХӨВСГӨЛ АЙМАГ, ТӨМӨРБУЛАГ СУМ.
Наранд борлосон эрүүл хөрслөг царайтай идэрхэн хөвгүүн морио хөтлөн, хөхрөн харагдах уулсын дундах хөндий бэлийг дүүргэсэн хонин сүргийг тааваар нь бэлчээн хариулж явна.
Өнгөрсөн жил ерөнхий боловсролын сургуулиа дүүргэсэн Бямба-Очирын Дандаабаяр дотуур байрнаасаа гарч, төрсөн гэртээ буцан очиж малчин болжээ. Аав, ээж, таван дүүгийнхээ ахуй амьдралд нэмэр болохоор шийдсэн түүний 17 насанд тохирох хөдөлмөр нь малчин болох байв.
“Би моринд их хайртай” хэмээн тэрээр хэллээ.
Б.Дандаабаяр ойрын жилүүдэд гэр бүл зохиох хүсэлтэй байгаа боловч энэ нь 900 толгой малаа өсгөхөөс амаргүй хэрэг ажээ. Монголд малчид жилийн турш малдаа үржил шим сайтай бэлчээр сонгон, нүүдэллэж явдаг онцлогтой. Тиймээс Б.Дандаабаяртай нас ойролцоо, гэрлээгүй эмэгтэйчүүд олдох магадлал бүхий, гэрт нь хамгийн дөхүү суурин газар Мөрөн хотод гэхэд уулархаг газрын бартаат замаар мориор, адаглаад 6 цаг явж байж хүрч очих боломжтой байдаг.
Өнгөрсөн нэг үеийн турш Монгол Улсын их, дээд сургуулийн систем хөгжиж, улмаар уламжлалт мал аж ахуйн биеийн хүчний хөдөлмөр их шаардсан амьдралын хэв маягтай харьцуулахад ачаалал багатай, илүү тогтвор суурьшилтай, өндөр цалин хөлс авах боломжтой ажил мэргэжил эзэмших нөхцөл бүрдсэн. Энэхүү сонголт бий болсноор малчин айлын охид сурч, боловсрохыг урьтал болгодог болсон тухай Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Засаг даргын орлогч Чойжилсүрэнгийн Энхбаяр хэлж байна.
Тэрээр “Монголчууд эрэгтэй хүүхдээ мал ахуйд тусал гээд, тэгсэн мөртлөө охидоо хүний дор хийхгүй гээд сургуульд явуулдаг” гэсэн юм.
Дээрх үзэгдлийн үр дагавар болох жендэрийн тэнцвэрт бус байдал илт мэдэгдэх болжээ. 2021 онд Монгол Улсад их сургуульд элсэн суралцаж буй эмэгтэй оюутны тоо эрэгтэйчүүдийнхээс 1.6 дахин олон байв. Сурч, боловсрол эзэмшин, хот суурин газрын хэв маягт дадсан эмэгтэй эргээд хөдөө нутгийн, таамаглах боломжгүй орлого бүхий нүүдэлчний амьдралд орохоос цааргалдаг. Үр дүнд нь малчин эрэгтэйчүүд эхнэртэй болоход бэрхшээлтэй болсон ба Монгол Улсын уламжлал, хөдөө аж ахуйн салбарт үүссэн малчдын гэрлэлтийн энэхүү асуудлаас урган гарах урт хугацааны үр нөлөөг судлаачид онцлох болов.
Одоогоор Монгол дахь нийт 305,000 малчны гуравны хоёроос илүү нь 35 буюу түүнээс дээш настай ба 25-аас доош насны малчдын гуравны нэг нь эмэгтэйчүүд байна. Азийн хөгжлийн банк, Жендэрийн үндэсний хороо хамтран 2021 онд хийсэн судалгаанд дурдсанаар жендэрийн ялгааг багасгахын тулд “залуу малчин эмэгтэйг бэлтгэх, чадавхжуулах, тоог нь нэмэгдүүлэхэд чиглэсэн тухайлсан арга хэмжээг тэдний боловсрол эзэмших хэрэгцээтэй нь уялдуулан дэмжих шаардлагатай” гээд жишээлбэл, Улаанбаатар хот дахь Хөдөө аж ахуйн их сургуульд элсэн суралцахад нь дэмжлэг үзүүлэхийг зөвлөжээ.
Монголчууд хэдэн мянган жилийн тэртээгээс бэлчээрийн мал аж ахуй эрхэлж, нүүдэллэн амьдарч ирсэн уламжлалтай. Мал аж ахуй нь өдгөө Монгол Улсын эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэсэн хэвээр байна. Малын тоо толгой 2013 оноос 2017 оны хооронд 45 саяас 69 сая болж өсжээ. Харин энэ хугацаанд хүн амын тоо 2.9 саяас ердөө 3.4 сая болж нэмэгдсэн байна.
Мөн хугацаанд эдийн засгийн нөхцөл байдал өөрчлөгдөв. Зургаан аймгийн 15-аас 34 насны 850 малчныг хамруулсан асуумжаас үзэхэд өрхийн 64 хувь нь Үндэсний статистикийн хорооноос тогтоосон хүн амын амьжиргааны баталгаажих түвшин 207,000 төгрөг (60 ам. доллар)-өөс доогуур орлоготой байна.
Мал аж ахуйн хөдөлмөрт хамжиж оролцох эмэгтэйчүүдийн тоо буурч, айл өрх цөөн бүлтэй болсон нь асуудлыг лавшруулж байна. Бог малыг сааж, сүүг нь боловсруулах явдал багасаж, бэлчээрийн малаас гарах түүхий эдүүд болох яс, арьс шир, ноос, хөөвөр, сүү зэргийг бүрэн ашиглахаа больсноор малчин айл өрхийн нэмэлт орлого буурчээ.
Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын малчин Лувсандоржийн Бузмаагийн хэлж буйгаар 25 настай хүү нь самарт явж, түүсэн самраа борлуулж өрхийн орлогод нэмэрлэдэг аж. Тэрээр хүүгээ хурдхан гэрлэж, мал ахуйн ажилд нь хамжилцах хүнтэй болоосой гэж хүсэж байвч нутагт нь гэрлэх бүсгүй бараг байхгүй тухай хүү нь түүнд хэлжээ.
“Хүүтэй хүн чинь хүүхэн л харж явдаг юм байна”, “өөрийнхөө багийн нутгийг дээш доош нь айл болгоныг бодоод л” хэмээн Л.Бузмаа хэлээд “Хүүгээ 25 хүрчихээр бүр аюулын хурдан бодогдож байна” гэлээ.
Гэвч улсын хэмжээнд монголчууд хожуу гэрлэх болсон байна. Үндэсний статистикийн хорооны тоон мэдээллээс үзэхэд эрэгтэйчүүдийн гэрлэх нас дунджаар 28.6, эмэгтэйчүүдийнх 26.7 байгаа нь 2000 оныхтой харьцуулахад 3 насаар нэмэгджээ.
Өмнөх үеийнхний хувьд залуус, бүсгүйчүүд нутагтаа уулзаж, танилцдаг байсан аж.
Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын малчин, 53 настай Пүрэвийн Ойдовын хувьд нэг нь гэрлэсэн, нөгөө нь ахлах ангийн хоёр хүүтэй. Тэрээр: “Бидний үед бол хонь малд явж, орж гарч, аяга цай ууж байгаад л болно бүтнэ гээд сууцгаадаг байлаа. Тэгж байгаад утсаар ярьчихъя гэх юм байхгүй байж” гэж байв.
Өнөөдөр хөдөө нутагт аяга цай уух байтугай утсаар ч ярих гэрлээгүй эмэгтэй барагтай үлдсэнгүй.
Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд аав, ээжтэйгээ амьдардаг, 39 настай Билэгдэмбэрэлийн Дэмчигсүрэнгийн хэлснээр түүний гэрлэнэ гэж найдаж байсан эмэгтэй гадаадад суралцахаар яваад эргэж ирээгүй аж. Жилдээ нэг удаа тэрээр хэдэн зуун тоо толгой малаа орхин өөр нутагт очиж эхнэр хайдаг хэдий ч тохирох хүнтэй учирсангүй явна.
Тэрээр: “Охид сургуульд яваад л алга болдог” гээд “Бүсгүйчүүд ховорхон, байгаа нь хүнтэй суучихсан,тиймэрхүү л байх юм ” хэмээсэн юм.
Баасанжавын Янжмаа 22 настай, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын малчин гэр бүлд төрж өсжээ. Монгол Улсын Боловсролын Их Сургуульд монгол хэл, бичиг, уран зохиолын багшийн мэргэжил эзэмшин төгссөн тэрээр жилийн өмнөөс Мөрөн хотын “Дэлгэрмөрөн” цогцолбор сургуульд ажиллаж эхэлсэн бөгөөд хөдөө суманд нь орон тоо олдоогүйгээс энд ажилд орсон аж.
Тэрээр мал аж ахуй эрхлэхэд тулгардаг асуудлууд болох тогтмол цалингүй, ажил нь хүнд, цаг наргүй, мөн салхи шуурга, шар усны үер гэх мэт байгалийн хүнд шалгуурыг туулах болдог тухай аав, ээжтэйгээ зөвшилцөөд малчны амьдралаас холджээ.
“Иймээс өөрийгөө зовоохгүйгээр эрдэм мэдлэгээр мөнгө олоосой гэсэндээ охидоо боловсролтой болгох тал дээр нь илүү анхаардаг байх” гэж Б.Янжмаа хэлж байна.
Монгол Улсын Засгийн газраас мал аж ахуйн салбарт тулгамдаад буй бэрхшээлийг шийдэхийн тулд зохих бодлогыг хэрэгжүүлж, орон нутагт амьдрах хүсэлтэй иргэдийн тоог нэмэгдүүлэх, “малчдын залуу халааг бэлдэх” зорилтот хөтөлбөрийг батлах зэргээр нөхцөл байдлыг сайжруулах алхмуудыг хийж байна.
Гэрлэлтийн асуудлыг шууд бус аргаар шийдэх боломж бий. Тухайлбал: Улсын аварга малчин эмэгтэй, саальчин эмэгтэйг шалгаруулж, олон нийтэд сурталчлан таниулах ажлыг хийж байна.
“Хөдөөгийн охид, эмэгтэйчүүд, түүн дотор малчин эмэгтэйчүүдийн асуудалд онцгой анхаарах нь тус салбарыг хөгжүүлэх үндэс суурь болох” тухай Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Лавагийн Отгонболор мэдэгдэлдээ дурдсан юм.
Дээрх асуудлыг өнгөрсөн оны наймдугаар сард Говь-Алтай аймагт зохион байгуулсан “Алтайн залуус” арга хэмжээний үеэр онцолж хөнджээ. Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын Төрийн захиргаа, удирдлагын хэлстийн дарга Пүрэвдоржийн Хулангийн мэдээлснээр тус уулзалтад 18 сум, 2 тосгоны нийт 700 орчим залуус оролцсон ба тус арга хэмжээний нэг зорилго нь залуусыг хоорондоо танилцах боломжоор хангах байв. Тэрээр өгсөн мэдээлэлдээ: “Залуучуудын хувь хүний хөгжлийг дэмжиж, амьдрах ухааныг эзэмшүүлэх , гэр бүл төлөвлөлт, нөхөн үржихүйн ба нийгмийн эрүүл мэндийн мэдлэг олгох зорилгын хүрээнд тус арга хэмжээг зохион байгуулав” хэмээсэн байна.
Төмөрбулаг суманд Б.Дандаабаярын аав Гунаажавын Бямба-Очир малчин болж буй хүүгээ халуунаар угтав. Ажилсаг, малч хүү нь мал ахуйн ажилд оролцож нэмэр болбол охин дүү нарыг нь их сургуульд явуулах боломж нэмэгдэх төдийгүй нэг дүү нь эмч болохыг хүсэж байгаа ажээ.
Харин хүүгийнхээ талаар Г.Бямба-Очир хэлэхдээ “Заяаны хань зам дээр гэж заяаны хань олдоно биз” гээд “Болохгүй бол төв суурин газар луу өөрийг нь явуулна гэж боддог” гэсэн юм.
“Глобал Пресс Жоурнал” нь Африк, Ази, Латин Америкийн бүсүүдэд 40 гаруй бие даасан мэдээний редакцад орон нутгийн эмэгтэй сурвалжлагчдыг ажлын байраар хангадаг, олон улсын ашгийн бус хэвлэл мэдээллийн байгууллага бөгөөд нэр хүндтэй шагналуудын эзэн юм.
Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сум. Баруун гар талд хонио оторлож яваа 17 настай Бямба-Очирын Дандаабаяр аав Гунаажавын Бямба-Очирт шанагаар гар угаах ус гоожуулж өгч байна.
Өгүүллийг бичсэн: Сандагдоржийн Долгормаа, Глобал Пресс Жоурналын Монгол дах сурвалжлагч.
Гэрэл зургийг: Сандагдоржийн Долгормаа, Глобал Пресс Жоурнал Монгол.
“Глобал Пресс Жоурнал” нь Африк, Ази, Латин Америкийн бүсүүдэд 40 гаруй бие даасан мэдээний редакцад орон нутгийн эмэгтэй сурвалжлагчдыг ажлын байраар хангадаг, олон улсын хэвлэл мэдээллийн, ашгийн бус байгууллага бөгөөд нэр хүндтэй шагналуудын эзэн юм.