x

Дунд голын төгсгөл буюу авлигын хот Улаанбаатар

Хуурай газрын тэн хагасыг хурааж үлдээсэн байхад бараг бүгдийг тавьж туучихаад сүүлдээ Эзэнт гүрний нийслэл Хархориноос зүүн зүгт Туулын хөндийд бидний чихэлдэн хэрэлдэж суугааг мэдвэл ихэс дээдэс яаж хилэгнэх байсан бол? Хэрхэхийг тэнгэр мэдэх билээ. Өнгөрч буй зун монголын тэнгэр үнэхээр тэвчээр алдав бололтой бяцхан цочоохоор шийдэж, хэсэг бороо илгээсэн нь Улаанбаатарын хувьд шинэ зууны анхны томоохон үерийн гамшиг болов. Усан галав, цунами, Бямбад эхэлсэн долоо хоногийн аль нь биш, багахан хүчтэй бороо байлаа.

(Тэнгэр мэдэх сургаар Ромын пап сая нэг нааш зүглэв үү? Даанч энд тосох нөхдийн байж байгаа царайг...)

Чухам тэнгэр сануулсны ачаар Сэлбийн голыг нарийсгаж боосон S’Outlet дэлгүүр ба одоо баригдаад дуусч буй “Авлига” хороолол буюу “Акуа Гарден” барилгыг буулгахыг хаа сайгүй шаардлаа. Бүр ноднин “Онч шийдэл” төрийн бус байгууллагын хуульчид үүнийг шаардаж шүүхэд хандсан нь саяын үерийн дараа өндрөө авч үргэлжлэв. Эцсийн шийдвэр хараахан гараагүй байна.

Сэлбийн голын ай сав дотор барилга барихыг хэн зөвшөөрсөн бэ гэвэл хүүхдийн тоглоомын талбай, сургууль цэцэрлэгийн газар, нийтийн орон зай, уулын ам, энгэрийг булааж засагладаг Монгол Улсын авлигын нийслэл болсон Улаанбаатар хотын дарга нар юм. Тэртээ 2006 онд Энхтайвны гүүрийн зүүн талд шууд 23 давхар барилга цутгаж эхэлбэл хэтэрхий улаан цайм учраас алхам алхмаар, бүр ямх ямхаар амжуулжээ. Энэ үйл явц хэрхэн өрнөсөн бүх мэдээллийг “Онч шийдэл”-ийнхэн цуглуулсан ба iToim.mn сайт Exclusive шинэ бүтээгдэхүүнээрээ “Авлига хороолол: Усан парк “Авлига хороолол” болсон түүх” нэрээр нэгбүрчлэн дэлгэв.

Үнэхээр авлигалаар эхэлсэн байна. Анх Монгол-Солонгосын хамтарсан гэсэн сүржин тодотголтой байсан “Эм энд Жи констракшн” ХХК компани “төрийн албан хаагчдын хэрэгцээнд 30 айлыг үнэ төлбөргүй олгоно” гэсэн ганц өгүүлбэрт сөгдөж Хан-Уул дүүрэг (Засаг дарга Д.Загджав), дараа нь нийслэл (Засаг дарга Т.Билэгт) хаа нэгтээ бус, “Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хойно, төмөр замын урд талд 11,8 га газар”-ыг шууд орон сууцны зориулалттаар олгожээ. Сэлбийн голд барилга барих хориотойг мэдэхийн дээдээр мэдэж байсан учраас зориудаар тэртээ урд оршдог цэнгэлдэх энэ тэр гэж төөрүүлсэн.

Нэгэнт сайхан газартай, бүхэл бүтэн голын хөндийтэй болж авсан компани дураараа дургихгүй хаачихав. Санхүүжүүлэлт босгох нэрээр газраа “Капитал” банкинд нэг сая долларын зээлийн барьцаанд тавиад алдаж, тэгснээ давж заалдсаар буцаан авчээ. Хэсэг сураг алдарснаа орон сууцаа болиод, Усан парк гэгчийн төсөл үзүүлж явдаг болж 2013 онд нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл уг 11,8 га газрын зориулалтыг өөрчлөн ногоон байгууламж болгон өөрчилж, гэхдээ ашиглах биш эзэмших болгожээ. Ногоон байгууламж!

Энэ хооронд Энх тайвны гүүрэн дээрээс зүүн зүгт харагддаг байсан, бидний ой тойнд хүүхэд наснаас үлдсэн дүр зураг аажмаар өөрчлөгдөв. Өөрчилсөн гэвэл илүү ононо. Улаанбаатарыг хойноос урагш бараг таллан урсдаг Сэлбийн гол огцом баруун эргэж Туултай зэрэгцэн явж ойртсоор түүнд цутгадаг хэсгийг Дунд гол гэдэг бол түүний хамгийн цэлгэр, үзэмжтэй хэсэг, бороо устай жил салаа нь сэргэдэг, үерлэвэл тэр чигээрээ дүүрдэг зүлэгт ногоон дэнж энэ байсан юм. Гэтэл нийслэлийн дарга нар 2011 онд ИТХ-аас 3.5 тэрбум төгрөгийн төсөв батлуулж үерийн далан нэртэй босоо бетон ханыг (үерийн далан Туул голынх шиг налуу байдагсан) голын ай савын хоёр захаар бус, харин урд хэсэгт бараг гуравны (зарим газраар бараг дөрөвний) нэгийг тусгаарлан босгож 2013 онд ашиглалтад оруулснаар голын ус зөвхөн тэр завсраар хавчигдан урсдаг болж, улмаар Дунд голын гольдрил өөрчлөгдөн өөрийн ай савыг алдах нь тэр. Ингээд далан нэртэй бетон хананаас хойш Төмөр зам хүртэлх газрыг тэр чигээр нь, хэзээ нэгэн цагт хотын дарга, албан тушаалтнуудад 30 орон сууцыг үнэгүй өгөх “Эм энд Жи констракшн” ХХК-ийн орон сууцны барилгын талбай болгон бэлэглэсэн хэрэг. Төсвийн хөрөнгөөр шүү! Нэмж хөндлөн гулд замаар хэрж бүрмөсөн эвдлээ. Голын гольдрил өөрчлөх асуудал зөвхөн Байгаль орчны яамны эрх мэдэл атал нийслэлийн удирдлага дур мэдэн шийджээ. Нийслэлийн дундуур голыг сувагчилж бараг л усан онгоц явуулах, урсацыг нэмэгдүүлэх тухай үлгэр ярьж өгдөг хотын удирдлага. Компани ч даварсан. 2016 оны 4-р сард нийслэлийн ИТХ-ын 50-р тогтоолоор усны онцгой хамгаалалтын бүсийг шинэчлэн тогтоож түүндээ “Авлига хороолол”-д хангалттай газар үлдээгээд байхад шунаад (үерийн далантай учраас элдэв хамгаалалтын бүс шаардлагагүй гэв) хэтрүүлж барьсан урд талын хоёр блок одоо шүүхэд явж байгаа. Дашрамд, энэхүү тогтоолыг барилгын компаниудын захиалгаар гаргасан гэж үздэг бөгөөд Туулын эрэгт шадар сайд С.Амарсайханы хамааралтай “Зүүнбаян рэфайнери” компанийн таун хаусын газрыг хамгаалалтын бүсээс гаргаж өгсөн билээ. Албан тушаалтнуудыг хулгай газраас гадна голын хулгай хэмээх шинэ төрлөөр баяжив.

Дунд голын хөндийн эзэн болсон “Эм энд Жи констракшн” хүссэн шийдвэрээ захиалдаг болов. 2018 онд нийслэлийн Засаг дарга Су.Батболд “Ногоон байгууламж” гэсэн зориулалтыг үйлчилгээ - 2,44 га, үйлчилгээ, усан парк, спорт цогцолбор - 7,9 га, үйлчилгээ – 0,26 га гэсэн гурав салган өөрчилж тус бүрт нь газар эзэмших гэрчилгээг 15 жилийн хугацаагаар олгов. Зориулалтаар яаж ч тоглосон болох нь. Орон сууцыг бол тэртээ тэргүй барина гэж үзжээ.  

Тэгтэл 2020 оны 9-р сард нийслэлийн шинэ Засаг дарга “Эм энд Жи констракшн” ХХК газраа хоёр жил ашиглаагүй, бас эзэмшил газрын зориулалтыг өөрчилсөн үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож цуцалсан ч компани шүүхэд хандсанаар 2021 оны гуравдугаар сард Захиргааны хэргийн шүүгч О.Оюунгэрэлийн даргалсан анхан шатны шүүх хуралдаанаас “... тухайн газраа хоёр жил дараалан ашиглаагүй ...” үндэслэл тогтоогдоогүй” гэж үзээд компанийн талд шийдлээ. Арав гаруй жил ашиглаагүй байхад шүү! Энэ хугацаанд арван ч удаа хурааж болох байж. Зориулалтыг өөрчлүүлээд шинээр тоолуулаад байсан уу?

Энэ бол зөвхөн анхан шатны шүүхийн шийдвэр учраас нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар давж заалдаад эцсээ хүртэл явж болох байсан атал 2022 оны нэгдүгээр сард газрын зориулалтыг компанийн захиалгаар “худалдаа, үйлчилгээ, орон сууц, сургууль” болгон дахин өөрчилж 15 жилээр эзэмшүүлэхээр өгчээ. Ингээд тэнд орон сууц барихад саадгүй болов. Газраар тоглоно, тоглуулна гэж энэ.

Газрын зөвшөөрлийг сэргээгээд орон сууц барихыг зөвшөөрсөн, ингэж болохгүйг хэлэхлээр шүүхийн шийдвэр биелүүлж байна гэж хэдэрлэсэн, Ерөнхий сайд асуухад “хууль зөрчигдөөгүй, цаадуул чинь улс төржүүлээд байгаа юм” гэж аргалсан нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар салхи эргэсэн үнэр авмагцаа саяхнаас S Outlet-ийг заавал буулгана, харин “Акуа Гарден”-ий дөрвөн барилгын хоёрыг буулгахаа зарлаж Барилга хот байгуулалтын яам уг барилгын ажлын зөвшөөрлийг түдгэлзүүлэх мэдэгдлийг хүргүүлжээ. Сайд нь Ц.Даваасүрэн. Энэ бүгдэд “Эм энд Жи констракшн” ХХК-ийнхон “гонжийн жоо” хэмээн хариулаад байна. Өнөөдөр нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн хэвлэл мэдээллийг цуглуулж тэр хоёр блокийг буулгах захирамжийг гардуулах үеэр компанийхан ажилчид, захиалагчдаа авчирч эсэргүүцэл үзүүллээ.

“Шунхлай”-гийн шатахуун түгээх станц, S’Outlet дэлгүүр Сэлбийн нарийхан эрэг дээр учраас яаж ийгээд буух байх. Харин “Акуа Гарден”-ий хоёр блокийг нураах магадлал 0 хувь болов уу. “Эм энд Жи констракшн” ХХК шүүхээр тултал явна. Шүүх бол хот төлөвлөлт, барилгажилтын алдаа завхралыг засах үүрэггүй, зөвхөн албан тушаалтнуудын шийдвэрийг хуулийн үг, өгүүлбэртэй тулгаж үздэг газар. Гэтэл нийслэлийн өмнөх удирдлагууд компанийн гарт бүх зөвшөөрөл буюу хөзрийг атгуулсан. Үндсэн хууль, хувийн өмч халдашгүй тухай дуудлагууд цуурайтаж байна. Сунжруулна, гацаана, өмгөөлөгчийн гэдэс өвдөнө... Энэ хооронд бүгд баригдаад дуусна. Монголд хууль зөрчсөн үүнээс жижигхэн барилгыг ч буулгасан жишээ алга.120 мянгатын урдах барилгыг Засаг дарга асан Э.Бат-Үүл буулгах үүрэг өгч байсан, өнөөдөр зүв зүгээр.

Яг үнэндээ “Акуа Гарден”-ий энэ хоёр блокийг буулгаад нэмэргүй. Тун удахгүй голыг хөндлөнгөөр нь хаасан бусад барилгууд бүрэн эрхтэйгээр баригдана. Тэдний бүх газар, зөвшөөрлүүд хүчинтэй, суурийг ухаад барилгын ажлыг эхлүүлжээ. “Уул шугамандаа” голын ай сав, хөндийд барилга барьж огт болохгүй. Үерт нөлөөлөхгүй байсан ч болохгүй. Орон сууц байтугай усан парк ч барьж болохгүй байсан юм. Бидний мэдэх Дунд гол гэж одоо байхгүй. Ай савынхаа хажуугаар хөөгдөж урсдаг гол гэж юу байсан юм.

Авлигын хот Улаанбаатар гэж энэ болой. Утаанбаатар, Удаанбаатар, одоо Авлиганбаатар.

ЖИЧ: Дунд голын бас нэг хулгай. Их наяд төв, мэдээжийн хэрэг River Villa хотхон. Хэдийдээ амжуулчихав аа?!

Ажиглагч /baabar.mn/

2023.08.31.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 19 цаг 45 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 19 цаг 45 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 21 цаг 15 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 21 цаг 43 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 21 цаг 50 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 22 цаг 0 мин 1968 оны Чехословакийн хавар 22 цаг 27 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 22 цаг 41 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Өчигдөр 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Өчигдөр 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Өчигдөр 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Өчигдөр 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Өчигдөр 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Өчигдөр 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Уржигдар 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Уржигдар 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Уржигдар 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Уржигдар 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Уржигдар 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Уржигдар 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ... Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно
Top