Б.Ундармаа: Зарчмын шаардлага тавьсныхааталаа С.Наранцогтод ад үзэгдэж халагдлаа
"Эрдэнэс Монгол" ХХК хэд хэдэн ажилтнаа халсан явдал араасаа хэл ам дагуулав.Асуудлын хүрээнд тус компанийн Захиргаа удирдлагын хэлтсийн ахлах менежерээр ажиллаж байсан Б.Ундармаагаас нөхцөл байдлыг тодрууллаа.
-Монголын хамгийн том компаниудын нэг “Эрдэнэс Монгол”-ын дотоод асуудал хурц байх шиг. Хэд хэдэн ажилтан халагдсаны нэг нь та. Ямар үндэслэлээр таныг халав?
-"Эрдэнэс Монгол"-ын сонгон шалгаруулалт 2022 оны сүүлээр зарлагдсан.
Шалгалтын үйл явц нь 2023 оны нэгдүгээр сард эхэлж гурван түвшний сонгон шалгаруулалтад орж би тэнцсэн. Миний тухайд Захиргаа удирдлагын газрын ахлах менежерийн албан тушаалд томилогдсон. Хамгийн олон өрсөлдөгчтэй нь энэ албан тушаал байлаа.
Ингээд хоёрдугаар сарын 6-ны өдөр ажилдаа орсон. Төд удалгүй 11-ний өдөр АТГ-аас шалгаж "Энэ хүнийг томилоход ямар ч асуудалгүй" гэсэн шийдвэр гарсан. Захиргаа удирдлагын газарт хүний нөөц, мэдээлэл технологитой холбоотой бүх чиг үүргүүд төвлөрдөг. Гол албан тушаал нь гэж хэлж болно. Миний тухайд наймдугаар сарын 15-ны өдөр тушаал авч чөлөөлөгдлөө.
-Үндэслэл нь юу байв?
-Туршилтын хугацааг дууслаа гээд л шууд чөлөөлсөн. Туршилтын хугацаа дуусахыг л хүлээж байсан юм болов уу даа. Миний зүгээс үүнийг ямар ч үндэслэлгүй гэж харж байгаа.
Ингэж үзэх хэд хэдэн шалтгаан байгаа юм. Би энэ салбарт 25 жил ажилласан. “Хаан банк”-ны хүний нөөцийн газар болоод бусад томоохон газруудын орлогч захирлаар арав гаруй жил ажилласан. Өнгөрсөн 25 жилийн хугацаанд мэргэжилтний бус удирдах албан тушаалд ажилласан хүн л дээ, би. Газрын тосны компаниудад Захиргаа удирдлагын газрын даргаар ажиллалаа.
Энэ маань ч сонгон шалгаруулалтын шалгуурт тавигдаж орж ирсэн гэж ойлгож байгаа. Ийм учраас энэ салбараар мэргэшсэн хүн гэж өөрийгөө хэлнэ.
-“Эрдэнэс Монгол”-ын зүгээс өөр тайлбар хэлж байна лээ. Шаардлага хангаагүй, шалгуурт тэнцээгүй хүмүүсийг халсан талаараа шулуухан хэлж байна?
-"Эрдэнэс Монгол"-ын Хүний нөөцийн удирдлагын менежер Итгэлбат гэх хүн гүтгэлэг, доромжлолын өнгө аястай ярилцлага өгснийг хараад их гайхлаа.
Энд онцлоход 88 орон тоонд сонгон шалгаруулалт явуулснаас одоогоор 70 орчим хүнийг авсан байгаа. Энэ дотроос таван хүн ажилдаа тэнцээгүй гэх байр суурийг хэлсэн байна лээ. Ингэхдээ хугацаатай үүрэг даалгавар өгөхөд биелүүлээгүй, ажлын бүтээмжээ ахиулах боломж олгоход шаардлага хангаагүй гэх зүйлийг ярьж.
"Эрдэнэс Монгол"-ын зүгээс үүнийгээ нотлох ёстой. Ямар даалгавар өгөхөд нь биелүүлээгүй юм, баримттай ярь. Өнгөрсөн хугацаанд ямар нэгэн шалгалт аваагүй, даалгавар өгч биелэлтийг нь шалгаагүй байж ингэж гүтгэж болохгүй. Өөр дээрээ жишээ аваад хэлэхэд өнгөрсөн зургаан сарын хугацаанд хүнд дарамтыг тэвчиж ажилласан.
-Тодруулахгүй юу?
-Наад захаас нь л энд онцолъё.
"Чи хувийн хэвшилд ажиллаж байсан. Энэ чинь таалагдахгүй байна" гэх үгийг удирдлагын зүгээс тогтмол хэлнэ. Сонгон шалгаруулалтын шаардлагад хувийн хэвшилд ажиллаж байсан бол оролцож боломжгүй гэх зүйлийг огт дурдаагүй байсан. Мэдэгдсэн бол би сонгон шалгаруулалтад орохгүй.
-Нээлттэй сонгон шалгаруулалт зарласан нь чадварлаг мэргэжилтнүүдэд боломж олгосон шийдвэр гэж харсан л даа. Та сонгон шалгаруулалтаар орсон хүн. Бодит байдал дээр нөхцөл ямар байна вэ?
-Би 25 жил энэ салбарт ажилласан туршлагаа бодоод сэжиг таамаг дэвшүүлэх эрхтэй. Зарим ажилтнуудаа халж байгаа шийдвэрийн цаана олон талын ашиг сонирхол байна. Компани дотор ч дам яриа явж л байдаг. "Ажлаа хийж байхад ажлыг чинь өөр хүн ордонд танилцуулах нь. Үүнд улс төр орчихлоо, та тайван байгаарай" гэдэг ч юм уу.
Төрийн зүгээс нээлттэй сонгон шалгаруулалт явуулсныг нүдээ олсон шийдвэр гэж харсан. Том танилтай, татаастай нөхөд л төрийн өмчит компанид ажилладаг завхарсан үзэгдлийг халсан шийдвэр гэж хувьдаа үзэж байлаа. Гэтэл төрийн өмчит компаниуд дээрх шийдвэрийг хүлээж аваад хэрэгжүүлж байгаа нь яг эсрэгээрээ байна л даа.
Гүйцэтгэх захирал С.Наранцогтод чадалтай залуусаар баг бүрдүүлээд шинэчлэх сонирхол алга. Намайг өнгөрсөн зургаан сарын хугацаанд дарамталсан. "Засаг чамайг ажлаа өг гэж байна. ТУЗ чамайг ажлаа өг гэж байна" л гэнэ.
Хуулийг нь харахад ТУЗ гэдэг нь компанийн гүйцэтгэх захирлын өдөр тутмын ажилд оролцож чиглэл өгдөг институц биш. Хөдөлмөрийн хуульд зааснаар бол алдаа дутагдал гаргасан талаар тодорхой баримт нотолгоонд үндэслэж шийдвэр гаргадаг. Үүнийг огт ярихгүйгээр "Засаг чамайг ажлаа өг гэж байна" гэж тогтмол шахалт үзүүлнэ.
-Таны тухайд гомдолтой байгаа юм байна. Та хаана хандав?
-Ерөнхий сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, ТУЗ-ийн дарга, ТУЗ-ын ерөнхий аудитор, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга нарт хувийн өргөдлөө бичсэн. Үүндээ компани дотор өрнөж байгаа болж бүтэхгүй нөхцөл байдлыг л тусгасан. Болж бүтэхгүй нөхцөл байдалд би мэргэжлийн ажилтны зарчмын шаардлага л тавьдаг. Үүндээ л би ад үзэгдсэн болов уу.
-"‘Эрдэнэс Монгол" ХХК-д болж бүтэхгүй ямар асуудал байгаа юм. Юуг нь шүүмжлээд ад үзэгдэх болов?
-Компанийн сонгон шалгаруулалт, бүтцийг өөрчлөхтэй холбоотой бүх асуудал Захиргаа удирдлагын газар, үүнийг ахалж ажиллаж байгаа надад хянагдаж явах учиртай. Гэтэл энэ нь хөшигний ард нууцаар хийгдээд байна.
Сүүлд үзэхэд компанийн бүтцийн өөрчлөлт нууцаар хийгдсэн байна. Үүнийг нь хэн ч мэдээгүй явж ирсэн байгаа юм. "Эрдэнэс Монгол" долоон менежертэй. Тэд бүгд саналаа тусгаж явах ёстой ч мэдээгүй өнгөрч. Хэн нэгэн хүн үүнийг барьж гүйгээд ТУЗ-д оруулаад өөрчилсөн байсан. ТУЗ ч хэлэлцээгүй асуудлыг хүлээн авч хэлэлцэх ямар ч үндэслэл байхгүй. Энэ мэт завхралд зарчмын шаардлага тавиад л ад үзэгдээд байна.
Одоо бүтэц шинэчлэгдсэн. Гэнэт сонгон шалгаруулалт зарлагдана. Зарчмаараа бол сонгон шалгаруулалт зарлах чиг үүрэг нь миний удирдлагаар явах ёстой. Энэ удирдлагын дагуу явуулахаар тушаалын төсөл хийгээд Гүйцэтгэх захирал С.Наранцогтод өгөхөд "Энэ хүний нэрийг хас, хасахгүй бол гарын үсэг зурахгүй" гэж шууд хэлдэг хэлнэ. Миний нэр хасагдахад асуудалгүй гарын үсгээ зурна. Шударга бусаар сонгон шалгаруулалт явуулах ашиг сонирхол С.Наранцогтод байна шүү дээ. Том хүний rap хөл юм уу, өөрийнхөө хамаарлын хэн нэгнийг дэргэдээ авах гээд байна.
Өөр нэг асуудал нь Олон нийт, хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийг байгуулсан байгаа юм. Бид үүнийг нь мэдээгүй. Энэ хэлтэст өөрийнхөө хэвлэл мэдээлэл болон хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан нөхдийг тавьсан байсан. Тэд нь хөлсөөр ажиллах гэрээтэй байсан. Хэмнэлтийн хуулиар төрийн өмчит компанид гэрээтээр ажиллахыг хориглосон. Энэ нь ч зөв.
Өнөөдөр С.Наранцогтын дагуулж ирсэн энэ хоёр хүн үндсэн орон тоонд томилогдсон. Нэг нь "Эрдэнэс Монгол" компанийн ТУЗ- ийн нарийн бичгийн даргаар томилогдсон байна. Үүгээр ч зогсохгүй долоон сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг нь өгөөд явуулчихсан байгаа юм. Ийм байж болохгүй. Үүнийг нь хэлэхэд би ад үзэгддэг. Энэ хэлтэс хэзээ байгуулагдсан, сонгон шалгаруулалт нь хаана явагдсан талаар асуухад "Та оролцох хэрэггүй ээ. Компанийн ТУЗ-д энэ бүтцийг батлуулсан хүн байгаа" гэж хэлнэ. Гүйцэтгэх захирал С.Наранцогт эрхийг нь өгсөн байдаг. Компани дотор ийм л асуудал өрнөж байгаа.
Засаглал, шийдвэр гаргалтын зарчим нь алдагдсан байгаа нь эндээс ил цагаан харагдаж байгаа юм. Би үүнийг шүүмжилснээрээ ажлаас халагдлаа. Ийм асуудлаар ажлаас чөлөөлөгдөх ёсгүй. Ийм учраас би гомдолтой байгаа юм. Наранцогтын ажлын арга барил нь хүмүүсийн ажлыг гацаах. Өнөөдөр Дотоод хяналт эрсдэлийн удирдлагын газрын ахлах менежер ажлаасаа халагдсан байна. С.Наранцогтын зүгээс сүүлийн гурван сард шалгалт хийх бүх удирдамжийг нь зогсоосон байгаа юм. Тийм байж чи ажлаа хийгээгүй гэж хэлээд ажлаас чөлөөлсөн. Шийдэл эрж хайдаггүй.
Эх сурвалж: Өдрийн сонин