"Дөнгөтийн Цоодол: Агуу их Түдэв, Явуу хоёр намайг Зохиолчдын хорооны алтан босгоор алхуулж байлаа"
Монгол Улсын ардын уран зохиолч, төрийн шагналт Дөнгөтийн Цоодолтой ярилцсанаа хүргэе.
-Номын баяр дээр та гурван өдөр ханхайтал суусан. Цэвэлмаа эгч бас оччихсон сайхан харагдаж байна лээ. Яриагаа номын баяраас эхэлчихье?
-Би багын л аливаа баяр наадамд дургүй хүн. Харин Номын баяртай болсонд өвгөн зохиолчийн хувьд ёстой баярлаж байна. Сүхбаатарын талбайд тийм олон хүн номд дурлаж цуглахыг харах сайхан байлаа. Манай зохиолчид, өмнөө барьдаг хэд маань бүгд л очсон гэж дуулдсан. Би бол асраасаа цухуйгаагүй. Тангадын Галсан, Долгорын Цэнджав бид гурав халуун бөөрөө нийлүүлж суулаа. Манай асар гэж инээд хөөр цалгисан, баярламаар сайхан газар. “Та хэд чинь хөхрөлдөөд л байх юм, ном зарав уу” гэж хүмүүс асууж байсан. Цэнджав, Галсан хоёр бол хошин шог гэдгийг мэдэхийн нэг мэднэ. Би ч гэсэндээ дүмбийж сууж сураагүй. Дээрээс нь Хунхууз (шог зохиолч Заяатын Ядмаа) тэргүүтэй мэргэжлийн шооч нөхөд ирээд нийлэхээр юу болох билээ. Инээдмийн гэрэл цалгиад л явчих нь тэр. Бид ажлаа ч хийсэн, онигоогоо ч ярьсан. Хүмүүс ном асууж байна, ялангуяа хуучин бүтээлүүдийг маань их асууж сурах юм. Миний өнөө л “Хөеө”-г, “Хонины боол”-ыг, “Шар тэмээний нутаг”-ийг асууна. “Нулимс холоос харагдахгүй”-г бүр хэрэг болгож ирээд сураглаж байна. Дээрээс нь яруу найргийн бүтээлүүд, өнөө дуулиудыг чинь их асуух юм. Тэнд хуучны номын үзэсгэлэн гарчээ. Тэртээ жараад оны сүүлээр хэвлүүлсэн “Нутгийн зургаан өнгө” номыг минь хоёр ч хүн хуучин номын худалдаанаас авлаа гээд ирж гарын үсэг зуруулсан. Дарамын Батбаяр “Ном уншихаа байлаа гэдэг чинь худлаа. Энэ бол түр зуурын завсарлага. Их далайн татралт түлхэлт гэж байдаг, түүн шиг юм” гэж хэлж билээ. Яасан үнэн хэлсэн юм бэ.
-Та ингэхэд ямар номтой суув. Сүүлд гаргасан “Ганзагалаа”, “Би хэн бэ” гэх хошин янзын гоё ном, мөн “Алтан тархит хүмүүний домог”-оос аваад орчуулгын “юм”-нуудтайгаа суув уу?
-За даа, би ч хамгийн ядмаг нь л байлаа даа. Манай Цэнджав гэхэд зургаан ботьтой, хажуугаар нь шилдэг өгүүллэгийн ном нь ч байх шиг ланжгар амьтан сууж байна. Сүүлийн өдөр Цэнджавын утга зохиол судлалын гурван боть нь бас хэвлэлтээс гараад. Их сургууль гаргажээ. Аргагүй л аварга юм даа гэж бахархаж суулаа. Хоёр мянгаад оны эхээр алдарт Чеховы н шилдэг зохиолуудыг орчуулж “Хөөрхий дөө, хонгор минь” нэртэйгээр гаргасан шүү дээ. Хөххотод хэвлүүлснийг чи мэднэ. Ертөнцийн сонгодог энэ аварга зохиолчийн номыг жаахан онцгүй л гаргачихлаа гэсэн бодол надад үлдсэн. Тэгтэл Аж үйлдвэрийн гавьяат, хуучин “Ардын эрх”- ийн гал тогоонд хамт ажиллаж байсан, уурхайчин-сэтгүүлч, эрхэм дүү Дамжингийн Дамба маань “Цоодол ахынхаа нэг номыг би гаргаж өгнө” гэхэд нь би Чеховоо дахиж хэвлүүлж, хатуу хавтастай гарган санасандаа хүрлээ. Ингэж энэ жилийн номын баяраар би Чеховтойгоо суулаа. Манай Сүрэнжавын ах дүү нар, алдарт орчуулагч Самбуугийн Бадраа гуайн үр хүүхдүүд, “Цэлмэг залуу насныхаа гал дөлөөр бадарч...” хэмээн бичдэг буриад Цэдэнжав гуайн минь үр удам гээд олон хүн ирж уулзлаа. Сэтгэлийн сайхан хүмүүсийн уулзалт боллоо.
-"Нутгийн зургаан өнгө" гэж түрүүнд анхны номоо цухас дурслаа. Их Явуу өмнөтгөлийг нь бичиж, Таныг утга зохиолд зарлан тунхагласан сайхан бүтээл. Анхны номоо та их сүрхий угааж тэмдэглэснээ ярьдаг даа?
-Анхны ном бол Явуу багшийн надад итгэсэн итгэл, хайр юм. Төв аймгийн утга зохиолын дугуйлангийн Арьяажав гэж хүн хот явна гэхээр нь би хэдэн шүлгээ дугтуйд хийгээд Явуу багшид зурвас дайгаад явуулчихсан. "Би иймэрхүү юмнууд бичиж байна. Та нэг үзээд өгөхгүй юу" гэсэн юм бичээд явууллаа. Тэр чинь жаран есөн оны намар юм. Тэгсэн дорхноо хэл ирж, ном болгоё гэдэг юм. Явуу багшийн барааг анх харж, түүнд шүлгээ уншиж өгсөн нь бүр жаран зургаан онд юм. Төв аймагт Ардын их хурлын сонгууль болж байсан тэр өдөр Сүрэнжав Явуу багшийг дагуулаад манайд ирсэн. Тэр тухай би олон ярьсан. Юмны ерөөл тохиол гэж бий. Тэр өдөр би "Нутгийн зургаан өнгө" шүлгээ биччихээд сууж байсан. Шүлэг унш гэхээр нь шинээр бичсэн хоёр шүлгээ уншсан, тэгэхэд Явуу "Чи авьяастай хүү байна. Над дээр очоорой. Би "Цог" сэтгүүлийн нарийн бичгийн дарга" гэж хэлж байсан.
Гэтэл гурван жил очилгүй шүлгээ бичиж хүлээж байгаад жаран есөн оны намар хүнээр шүлгээ дайж байгаа нь тэр. Харин жаран найман онд Залуу зохиолчдод зөвлөгөө өгөх өдрүүдэд шүлгээ очиж уншсан. “Төв аймгийн эвлэлийн ажилтан Цоодолын шүлэг сайн байлаа” гэж “Утга зохиол” сонинд Далайн Найманжин бичиж мандуулж байлаа. Ингээд далан оны эхээр ном гарсан. Тухайн үед номоо гаргасан хүн сайн угаах ёстой гэсэн суртал ухуулга байсан. Тэр хуулиар угаалгүй яахав. Өмнө нь бараа зүсийг нь нэг удаа харсны хувьд танимхайрч Мишигийн Цэдэндоржтой хотоор баахан явлаа. Пүрэвдорж гуайнд, Явуу багшийнд гээд очлоо. Морь судлаач Адъяагийн Баярмагнайгийнд уулын аманд очиж байлаа. Гэтэл номын 2000 төгрөгөөс шальтай үрэгдсэн юм алга. Барын Цэдэв бид хоёр гэхэд нэг шил юм аваад ресторанд суухдаа түүнийгээ бараагүй юм даг. Тэгэхээр ууж сураагүй үе. 1000 гаруй төгрөгтэй баян хүн гэртээ иртэл Хулан төрөөд хоёр, гурван сар болчихсон, яруу найргийн анхны номын мөнгөөр охиноо угааж байлаа. Номын буян тийм сайхан.
-Тантай ярилцахын өмнө “Хулангийн тухай юу ярих бэ. Надад мэдэж байгаа юм алга” гэж та хэлсэн л дээ. Гэхдээ танаас асуулгүй өнгөрч яагаад ч болохгүй нь, уучлаарай. Ард түмэн Хулангаа үнэхээр хайрлаж байна. Хулангийнхаа цангинасан дуу хоолойг үгүйлж байна. Эх орны тухай шүлгүүдийг нь нийтийн сүлжээнд тавиад “Ийм эх оронч найрагч эх орноосоо урвана гэж үү” хэмээн бичицгээж байна?
-Албан ёсоор олон түмэнд мэдээлсэн шиг тийм зүйл миний охин хийх хүн биш ээ. Би хэдэн хүүхдээ мэднэ. Эдэндээ хурааж өвлүүлсэн өв хөрөнгө гэж надад байхгүй.
“Хоёрхон өнчин ишиггүй хоосон ядуу найрагч” гэж Казахын алдартай найрагчийн шүлгийг Мишигийн Цэдэндорж орчуулсан шиг би бол үр хүүхдэдээ өв хөрөнгө өвлүүлээгүй ч бусдаас дор орохооргүй боловсрол мэдлэгтэй болгож, эх орон эцэг дээдсээ хайрлахыг үлгэрлэж хүмүүжүүлсэн. Олон орны хэл устай болгосон. “Дэлхийн сонгодгуудыг би 23 дугаар сургуульд байхдаа л уншсан” гэж Хулан нэгэнтээ сонинд ярьсан байсан.
-Хулан найрагч хорих газраас ард түмэндээ хандсан ил захидалдаа “Надад эх орноосоо урвасан зүйл байхгүй” гэж бичсэн байсан. Х Богдын асуудал яригдаад байдаг. Гэвч өнөөдөр X Богд нэгэнт тодорчихсон, үндсэндээ нөхцөл байдал өөр болчихсон харагдаад байгаа?
-Мэдэхгүй зүйлийнхээ тухай юу ярих билээ. Би бол дээрээ төртэй, дэргэдээ уулстай даа хэмээн залбирч явдаг өвгөн найрагч. Тийм болохоор юмны учир зүй олдоно биз дээ. Миний охин шударга хүн, аливаад буруу санаж явахын учиргүй. Би тэгж өсгөөгүйгээ сайн мэдэж байна.
-Та ойрд Бүрэнгээ явав уу, Талынбулагтаа очив уу?
-Ойрдоо явж чадсангүй ээ. Ер нь энэ хавар хөгшин бид жаахан баргар байлаа. Ер нь хатуухан хавар болох шиг боллоо. Гэхдээ би Талынбулагийнхаа хаврыг их саналаа. Би чинь гадуур явах дургүй, гэр амьтай хүн. Гадагшаа явахаасаа Бүрэнгээдээ явах нь сайхан байдаг. Монголынхоо хөтөл дээр гараад нэг их урт амьсгал авах сайхан. Ертөнцийн хамгийн сайхан нь миний Талынбулагийн хавар.
Миний нутаг өвөл нь өнтэй болдогтоо ч тэр үү, хавар нь жигтэйхэн сайхан. Эрт ногоо иднэ. Тэгээд л айлууд сүү цагаа нь бялхаад таргаа бүрж эхэлнэ. Манайхан хаа сайгүй тараглаад сайхан байна гэж ярьдаг. Өдийд бол Баян уул, Баян гүн, Онгон хайрхан, Бүрэнгийн минь алаг уулсад гал зэрэглээ намираад, ногооны униар татчихсан мөн ч сайхан байгаа. Бурханаас надад заяасан нутаг минь. Булгуудынхаа хяртай гангар гунгар хийж яваарай гэж ажаа ижий минь захисан. Төхөмийн цагаан нууранд минь одоо ангир нургиж байгаа даа гэж бодохоор урин цагийн эхээр Талынбулагаа, Булгуудын хэцээ өвгөн би нулимстай санах юм. Бүрэнгээс минь гадна надад бүтээхийн их жаргалыг хайрласан орон дэлхий гэж бас байна аа. Би чинь сүүлийн найман жил Бэлхэд суулаа. Бэлхийн мянган уулс буян хишиг хайрлалаа. Миний гол хүсч хүлээж байдаг ажил бол өнөө л цаас эрээчих шүү дээ. Бэлхэд ингэж суухдаа дэлхийн сонгодгуудаас сорчилж орчуулсан “Дэргэд холын уулс” номоо мөн “Талынбулагийн вант улс”-аа миний бас гол бүтээлийн нэг “Ганзагалаа”-гаа бичлээ. Ер нь би хотын унаа униар, шуугиан шаагианаас холдож юм хийдэг хүн. Багануурт нэг жил суухдаа “Хөөрхий дөө, хонгор минь” буюу алдарт Чеховтойгоо учирсан, мөн “Хонины боол”-оо бичсэн. Багануур, Хэрлэн мөн надад их буянаа хайрлалаа. Гачууртад тэр жил суухдаа “Шар тэмээний нутаг”-аас аваад олон олон бүтээлээ бичсэн. Ертөнцийн сайхан уулсын дунд, энэ гэрэлт тэнгэрийн дор бүтээлээ л хийж суух шиг жаргал үгүй юм даа.
-Та “Банхар” Пүрэвсүрэнгээ, Долгорын Нямаагаа, Нямбуугийн Нямдоржийгоо гээд бүгдийг нь л сэтгэлээсээ салгадаггүй хүн?
-Яриа юу байхав. Эднийгээ бодох, эдэнтэйгээ хамт наргиж даргиж явснаа санахад сайхан байдаг. Манай Пүрэвсүрэн шиг монгол хүн олон олдохгүй дээ. “Хүрэн морь”-ны Лхамсүрэн гуайг Пүрэвдорж гуай “Цагаан цайлган сэтгэлийн амилсан дүр, сүүлчийн жинхэнэ монгол хүн” гэж хэлдэг байж билээ. Лхамсүрэн гуай, Пүрэвсүрэн хоёр нэг нутаг. Ер нь энэ Баацагаанаас чинь бурхан төрдөг юм уу гэж бодохоор тийм л хүмүүс төрсөн юм. Сүрэнжав, Бадарч, Нямаа энэ хэдээсээ Пүрэвсүрэн нэг ах гэдэг юм. 1938 онд төрсөн гэдэг. Би тэгэхээр нь Сүрэнжав, Бадарч, Нямаа гурвыг муу санаатай гэдэг. Дайны утаа намжихыг хүлээгээд эхийнхээ хэвлийд хэвтэж байсан гэж цаашлуулдаг юм. Манай Нямаа, Пүрэвсүрэн, Сүрэнжав, Бадарч ямар сайхан найрагчид, хамгийн гол нь ямар сайхан хүмүүс гэж бодно. Долгорын Нямаатай ийш тийшээ мөн ч их явжээ. Хасбаатар гуай, радиогийн “улаан” Халтар, манай Нямаа бид дөрөв гадагшаа хүртэл явж аяны дөрөө нийлж байлаа. Би 1967 оны улсын наадмын өмнө хот орж ирсэн даруйдаа радиогоор нэг орохгүй юу. Тэгтэл Долгорын Нямаа гэж жигтэйхэн гоё амьтан, дөнгөж Горький төгсөөд ирчихсэн гялалзаж явахтай нь таарлаа. “Сайн хүн санаагаараа гэгчээр манай өрөөгөөр ороод ир, чиний хэрэг байна” гэдэг юм. Тэр гоё хүнд хөдөөгийн нэг муу амьтан юуны хэрэг болсон юм бол гээд ороход “Залуу уран бүтээлчдийн төлөөлөл болгож чамайг радиогоор яриулна” гэлээ. “Би юугаа ярьдаг юм бэ” гэхэд иймэрхүү ярь гэж санаа оноо хэлээд шүлгийг минь уншуулж байсан. Тэгж Нямаа намайг 1967 оны наадмаар радиогоор од болгож билээ. Залуу үеийн төлөөлөл болж радиогоор шүлгээ уншсан хүн хөдөөдөө очиход ямар байхав.
Анхны ном дөнгөж гарсны дараахан төрийн шагналт судлаач Д.Цэнд гуай “Цоодолын анхны ном Монголын уран зохиолын ирээдүйг баярлуулж байна” гээд том үгээр биччихсэн. Юм үзээгүй амьтан чинь бүр хөөрөөд явчихсан. Тэр цагт л Зохиолчдын хороогоор ороход Нямбуугийн Нямдоржтойгоо уулзаж байсан. Ахмадууд нь залуучуудынхаа юмыг их уншдаг үе байж дээ. Хүрээгээр, хороогоор дүүрэн сонгодгууд нь эгнэж байхад миний муу хэдэн шүлгийг л уншчихаад Нямдорж хүлээж суусан сан. Нямдорж бол дунд сургуулийн сурагч байхаасаа алдаршсан том найрагч.
“Онцын хөөрхөн хүүхэн гэдэг зүрхний их хулгайч юм
Олон эрсийн тулалдах сэтгэлийн тулалдааны талбар юм
Энгүй сайхан түүнд зуун зүрх тэмүүлж
Эцэс хойно нь болоход ерөн ес нь шархалж үлддэг юм” гэж есдүгээр ангийн сурагч бичиж байсан гээд бодохгүй юу.
“Цалгих долгио таслаагүй өргөн Ононы урсгал
Цагийн саалтад замхраагүй өнө холын дуртгал
Хашин харын хатирсан хаа эртний харгуй
Хаврын эхээр дэлгэрсэн хавтай цэнхэр яргуй” гээд Ононгоо бичиж байлаа. Нямдоржийн минь олон шүлэг цээжинд минь явдаг юм. Сая би Үндэсний телевизэд Догмидынхоо тухай ярилаа.
-Догмид ах та хоёр нас ойролцоо байх шүү?
-Бид хоёр чацуу юм. 1969 оны төвийн бүсийн залуу зохиолчдын зөвлөгөөн гэж болоход Эрдэнэ баавай, Лувсанцэрэн хоёрт Догмид өгүүллээ уншиж, би Пүрэвдорж гуайд шүлгээ уншиж шүүлгэж явсан хоёр. Өнөөдөр хоёулаа энх тунх бүтээлээ туурвиж байна, бурханд баярлахаас өөр замгүй. Догмид анх “Цэнхэрлэн харагдана” номоо бичиж байсан. Тэр уянгалаг аясаараа цаг үргэлжид уянгалаад байсангүй. Айхтар хатуу ширүүн үйл явдал, өнгөрсөн цаг түүхийн тухай адармаатай бичиж байна. Арга байхгүй мөлжүүр ихтэй том зохиолч гэдэг нь шинэ бүтээл бүрээс нь харагддаг. Хүний яс мөсийн тухай “Саран дээрх сүүдэр”, “Үхэх хүнд хань хэрэггүй” гээд Догмидынхоо зохиолуудыг уншсаны дараа гадны ямар кино, ямар роман зохиолд ийм үйл явдал байгаа юм бэ гэж бахдах үе гардаг. Энэ мэт нөхдөө л бодож явах юм. Сая Номын баяраар хэдэн сайхан номтой боллоо. Манай Бадарч “Юм юмнаасаа” гэж ном гаргасан. Түүнийгээ үргэлжлүүлээд “Эрээвэр хураавар” гээд шүлэг, найраглал, хөрөг нийтлэл, дурсамж дуртгалын сайхан бүтээл гаргажээ. Бадарчийгаа уншихад сэтгэл цэлмэдэг. Манай Санжаажавын Оюун сайхан зохиолууд бичиж байна. Сүүлд Цогт хун тайжийн тухай даацтай роман бичжээ, баярлахаас өөр яахав. Бямбажавын Хүрэлбаатар “Хүлгийн зоонд одод гялалзана” яруу найргийн шилмэл ботио, мөн Удвал гуайгаасаа аваад зохиолч нөхдөө бүгдийг нь хөрөглөн бичсэн дурсамжийн сайхан боть гаргасан байна. Хүрлээгээ уншаад хэд хоног жаргалаа. За тэгээд Доржзовдын Энхболд, Бум-Эрдэнэ, Наминчимэд гээд сүүлд үймээн шуугиан тарьж байгаа дүү нарынхаа бүтээлийг хүртлээ. Бид биенээ уншиж байж л амьд байх юм шүү дээ. Нэгнийгээ уншихгүй байж огт болохгүй. Мөн яваад өгсөн бурхдаа мартахгүй байх юмсан гэж бодох юм. Ухаандаа, бид агуу их Түдэв гуайгаа дурсаж, шинээр нээж, тэр аварга ертөнцийн тухай яриа зогсолтгүй л үргэлжилж байх учиртай гэж бодох юм. Түдэв гэдэг чинь дахин давтагдашгүй хүн байлаа. Миний Түдэв гуайд зориулсан шүлгийг хүмүүс их ярьдаг. Түдэв гуай маань хариу шүлэг бичиж намайг баярлуулсан. Тэр хүний ач буяныг би боддог. Намайг бага залууд Горькийн сургуульд явуулах гэж тэр их хүн хэлж байсан. Даанч том охин минь бага, дараагийн охин болох Хулан гэдсэнд байсан үе учир би нялх биетэй гэргийгээ, балчир охиноо орхиод явж чадаагүй. Сүүлд нь дээд курсийг нь төгссөн. 1974 онд байна уу даа, залуу уран бүтээлчдийн улсын зөвлөгөөн болох гээд. Тэр үеэр хэдэн хүнийг Зохиолчдын эвлэлд элсүүлэх яриа болжээ. Тэр дунд Төв аймгийн Цоодолыг элсүүлье гэдэг яриа гараад, тэр хүн чинь даалтаа өгөөгүй юм байна, өөрөө ч байхгүй юм байна гэхэд Түдэв гуай “Өө, тэр өгөр өдийд Бүрэнгийн таанын айрганд толгойгоороо ойчсон байх аа, батлан даалтыг нь би ч даачихсан болно” гэж хэлсэн гэдэг. Тэгэхэд нь Явуу багш “Би Цоодолыг бас батлан дааж байна” гээд агуу их Түдэв, Явуу хоёр намайг батлан дааж Зохиолчдын хорооны алтан босгоор алхуулж байсан юм шүү. Энэ л бурхдын ачаар явсаар байгаад өнөөг хүрлээ, хөөрхий минь.
-Саяхан л анхны ном гарч баярлаж байсан. Гэтэл би чинь 80 насны даваа руу ирж байна гэж түрүүнд яриан дундаа та хэлнэ билээ. Нээрээ 80-ын даваа руу дөтөлж явна даа?
-Тэр жил юм даа. Манай Базарын Цэдэндамбаа толгойгоо ганзагалчихсан гунигтай алхаж явах юм. За Дамбаа минь шүлэг бодож явна гэж асуутал, юуны чинь шүлэг бодох, үхлээ бодож явна гэж хэлээд “Дөнгөж өчигдөрхөн Сэнгийн Эрдэнэ бид хоёр, нэг нэг шуудайтай юм үүрээд, энэ Баянзүрх хайрхны хөтлөөр давж ирж байлаа. Гэтэл өнөөдөр би 70 хүрч байна. Энэ амьдрал гэдэг чинь ердөө төө хэрийн зүйл юм” гэж хэлж билээ. Нээрээ л Дамбаагийн хэлснээр би 80 гэдэг уулын бэлд нь ирчихсэн байна. Тэр жил Цэвэгжавын Хасбаатар гуай, хүүхдийн зохиолч Жамбын Дашдондог бид гурав Ар Жанчивланд нэг амарсан юм. Тэнд би “Өтлөхийн цагтаа Цоодол минь” гээд шүлэг бичсэн сэн. Энэ шүлгээрээ ярилцлагаа өндөрлөе.
Буман холын газар жин тээж хүргэчихээд
Буцаж яваа жинчин минь Цоодол минь
Бууралтах он жилүүд чинь цагтаа тосоод ирлээ
Бузгай өвгөн шиг өвгөн болж үз ээ Цоодол минь
Суусан газраа бат нутгийнхаа өвгөд шиг заларч
Суварга, эрдэнийн сүм шиг ханхайж байхын оронд
Сул үг, хараал урсгаж, босон харайж
Сургаж багачуулд үлгэрлэх байтугай, үнээн алдаж
Сахал нь энгэрээдээ хүрхрээ адил цайрах
Сануулсан үг нь нялхсаа рашаан мэт тэтгэх,
Салхин бодол, саваагүй явдлаа гээх
Сайхан нас чинь ирчихээд байхад
Салбадай хэвээрээ явав даа, хичээж үз, Цоодол минь
Тэнд энд зарим авгай
Тэвэрсэн хүүхдээрээ гул барьж, урдуур зүтгэх шиг
Өвгөн насаараа түрий барьж олны өмнүүр
Өөхөнд аягаа, одонд энгэрээ тосуузай!
Урагшгүй муудаа болоод өөдлөөгүй өөрийгөө
Ургаж яваад дарагдсан суутан гэж тодрох
Урамтай залуудаа хүрээгүй алдрын өндөр өөд
Улдаж мойсон хөлөөрөө аргаа баран мацах,
Урхаг өвчнөөс сэргийлж яваарай, Цоодол минь
Бусдын мэргэн үгэнд эзэн суун гайхуулж
Буянтан, ухаантны дүрд оройтон тоглож
Буруу санаагүйд нь өрөвдүүлж, нөгөөд нь адлуулж
Булай болов доо санаж яв, Цоодол минь
Өмсөж явсан хувцсаараа өрнө үү, дорно уу мэдэгдэхгүй
Өгүүлж хэлэх үгээрээ өвгөн үү, хүүхэд үү ялгарахгүй
Өнгөт замиланг таньсан Монгол ухаан ханхлуулж
Өвөлжөөний арын уул шиг түшиг нүнжиг болохгүй
Өвгөний оронцог, улаан дээлийн гол явбал
Өндөр нас, өвгөн нэрний чинь гарз болно оо, Цоодол минь
Эх сурвалж: Өдрийн сонин