Олон улсын харилцааны судлаач эрдэмтэн Д.Баярхүүтэй гадаад харилцааны тулгамдсан сэдвээр ярилцсаныг хүргэж байна.
-Монгол Улсын Засгийн газраас энэ оныг “Монголд зочлох жил” болгон зарласан. Үүний хүрээнд нэг сая жуулчин хүлээж авах зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Засгийн газар энэ зорилтдоо хүрэхийн тулд хэрхэн ажиллаж байна гэж та дүгнэх вэ?
-“Нэг сая жуулчин” гэж их том тоо мэт сонсогдож магад. Монгол хүний чихнээ шууд буухгүй. Уншигчид санаж байдаг байх. Хэдэн жилийн өмнө хэлсэн дээ. “400 сая жуулчин” гэж айхтар тоо Ерөнхий сайдын амнаас унасан. Тэр тоо нэг хэсэгтээ манайхны амны чилээ гаргах чалчаа ярианы аятайхан далим болсон. Яг үнэндээ 400 сая хүн аваад ирнэ гэсэн утгаар биш Монгол эх орон маань олон сая жуулчин татах сайхан орон болж, тийм нөхцөлийг буй болгохын төлөө аялал жуулчлалаа улсаараа хөгжүүлье гэсэн л уриа болохоос математикийн хэдэн тооны тухай яриа биш байсан л даа. “Тэрбум мод” уриа байна. Яг тэрбум ширхэг мод коммунист субботникоор тарина гэсэн агуулгаар хэлэгдээгүй юм. Энэ чинь НҮБ-ын нэр хүндтэй индрээс дэлхий дахинд хандуулж хэлсэн улс төрийн том уриа дуудлага юм. Эх дэлхийгээ, ганцхан цэнхэр бөмбөрцгөө хайрлан хамгаалъя, хүлэмжийн хийгээ багасгая, эх дэлхийн экологио сэргээн босгоё гэсэн глобал уриалга юм. Хятадын Гадаад хэргийн сайд айлчлаад манай “Тэрбум мод”-ыг угтуулаад “70 тэрбум мод” дэвшүүлсэн чинь энэ уриа даян дэлхийд хүрсний гэрч байсан. Энэчлэн тамхины “50 саяын торгууль”-ийг нийгмийн зөв амьдралын түлхүүр гэж ойлгогдохоор хэлж байсан даа. Энэ утгаар би нэг сая жуулчин гэдэг бол Засгийн газрын маш зөв бодлого, хэрэгжих бүрэн үндэстэй, хэрэгжүүлэх ч ёстой гэж үздэг. Монгол орны хөгжил цэцэглэл, хүн ардын сайн сайхан амьдралд том жийрэг болох салбарыг Төр–засаг маань нэрлэж байнаа гэсэн үг. Монголын маань хөгжлийн нэгэн чухал гарц юм даа.
-Энэ Засгийн газараялал жуулчлалыг гадаад бодлогын нэг хэсэг болгон авч үзэж байгаа нь салбарт шинэ сэргэлт бий болгоход чухал түлхэц, том хөшүүрэг болж байгаа болов уу?
-Мэдээж, чухал түлхэц, том хөшүүрэг болно. Би ТВ-д өгсөн ярилцлагадаа яг тэгж хэлсэн. Аялал жуулчлалыг гадаад бодлогын нэг чухал хэсэг гэж энэ Засгийн газар авч үзэж байнаа гэж. Ингэж өндөрт авч үзэх аваас хөгжих улс төрийн хөрс суурь нь төлөвшөөд, Засгийн газар, хувийн хэвшил, соёл урлаг, дэд бүтэц нь нэгэн чигт төвлөрөх болов уу гэж би үздэг. Механизм нь ч байж байна. “Монголд зочлох жил” бол хэрэгжүүлэх гол механизм нь гэж үзэх хэрэгтэй.
-Ерөнхий сайд гадаад айлчлалынхаа үеэр “Welcome to Mоngolia” арга хэмжээг зохион байгуулах болсон. Энэ нь тухайн улс орны жуулчдыг Монгол руу татахад оновчтой шийдэл болж чадаж байгаа эсэхийг та хэрхэн харж байна вэ?
-Мэдээж, оновчтой шийдэл болно. Ганцхан жуулчин гэж явцуу ойлгож болохгүй. Жуулчид мэдээж голлох тоог бүрдүүлэх байх. Цаана нь аялал жуулчлалаа төрөлжүүлж авч үзвэл жуулчин, хувийн аялагч, монголч эрдэмтэн, гэр бүлийн зочин, гольфчин, тоглоомчин, хуримлагч хосууд, бүр дүвсэгсэд ч нэрлэгдэж болно шүү дээ. Туулж барахгүй энэ их том газар нутаг, тэгээд ихэнхи нь зэлүүд, тал дүүрэн бэлчсэн мал сүрэг, нүүдлийн өвөрмөц аж төрөл, соёл, бүхэлдээ хөдөөгийн амьдрал гээд нүд хужирлах давуу талууд байна. Дотор нь төрөлжүүлж дэд бүтцээ хөгжүүлчихвэл зөндөө боломж хувилбар бий. Гол нь эрэлхийлэх хэрэгтэй. Хот суурин руу ороод ирэхэд л түүх-соёлын олон өвүүд, дэлхийд Монголын нэрийн хуудас болдог Эзэн Чингисийн өлгий нутгийн түүхт газрууд, шарын шашин, орчин цагийн XXI зууны монголчууд, хүүхэд залуус, үндэсний урлаг соёл, бүр рок-поп урлаг гээд явж өгнө. Төрөлжүүлээд, цэгцлээд, зөв зохион байгуулаад өгвөл зөвхөн Улаанбаатартаа жуулчдын “мөнгө саагаад” байх бүрэн боломжтой. Энэ бүхнийг чинь л Төр-засаг брэнд болгоод бизнесийн эргэлтэд оруул гэж дэлхий даяар уриалаад байгаа юм биш үү? “Welcome to Mоngolia”-г хэзээ ч үл орхих, маш том уриа дуудлага, эдийн засгийн маш зөв стратеги гэж үзэж байна. Мэдээж дээр хэлснүүд дээрээ гадаадын хөрөнгө оруулалт ба хөрөнгө оруулагчдыг нэрлэх хэрэгтэй.
"Монголын үнэн" сонин