Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын нутагт “Их булаг” хөв цөөрөм байгуулж эхэллээ. Уг ажлыг БОАЖЯ-ны захиалгаар “Усны барилга” ХХК гүйцэтгэж байна.
Энд ус хуримтлуулах боомтын барилга байгууламжийг барьж байна. Ингэснээр нийт 11745,6 шоо метр ус хуримтлуулж, хиймэл цөөрөм үүсэх юм. Тус ажлыг улсын болон орон нутгийн төсвийн санхүүжилтээр хийж буйг Онги-Таац голын сав газрын захиргаанаас мэдээллээ.
Хөв байгуулах газрыг булгуудаас урсах ус хөрсөнп шургадаг хэсэгт уулс хоорондын хөндийг хааж 4,23 м өндөртэй, 83,81 м хярын урттай, 4 м хярын өргөнтэй, боомтын дээд налууг 1:3, доод налууг 1:2 налуутай сонгон барьж байна.
Боомтын доод талаар ган хоолой тавьж, барилгын үеийн болон хэрэгцээний усыг гаргах, хаврын шар усны болон зуны хур борооны үед уг хэсгээр өнгөрөх үерийн усыг нэвтрүүлэхээр боомтын зүүн талаар 94,29 м урттай 2,0 м ёроолын өргөнтэй трапец хэлбэртэй ус хаях сувагийн ажлуудыг тус тус хийж байна. Барилга, байгууламжийн ажил 83 хувьтай явагдаж байна.
Тус хөв цөөрмийн байгуулах ажлын гүйцэтгэлийг 2023 оны 6 дугаар сараас хойш Онги-Таац голын сав газрын захиргаа бусад байгууллагуудтай хамтран 18 удаа хянан ажиллаж байна. Тус ажлыг энэ оны 8 дугаар сарын 20-нд дуусган хүлээлгэн өгөхөөр төлөвлөжээ.