Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн АНУ-д хийж буй албан ёсны айлчлал амжилттай үргэлжилж байна.
Айлчлалын хүрээнд “Агаарын тээврийн тухай Монгол Улсын Засгийн газар, Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен болон Тээврийн сайд Пит Буттэжэйж нарын хамт гарын үсэг зурлаа.
Ингэснээр хорь гаруй жилийн өмнөөс яригдсан ч ажил хэрэг бололгүй өдийг хүрсэн Монгол Америкийн хооронд шууд нислэг хийх эрх зүйн боломж бүрэн нээгдэж байна.
Тухайлбал:
- Нислэгийн тийз 2 дахин хямдарна.
- АНУ руу ирж очих нислэгт зарцуулж буй хугацаа 2-оос 3 дахин багасна.
- Монголын агаарын тээвэрлэгчид АНУ-руу дурын хот руугаа шууд нислэг үйлдэнэ.
- Манай улсын иргэд АНУ- руу цаг мөнгөө хэмнэж хямд зардлаар зорчино.
- Дунджаар 45 сая ам долларын урсгал монголдоо үлдэнэ.
- АНУ-д сурч, ажиллаж, амьдардаг 50 шахам мянган монгол иргэний эрх ашиг хангагдана.
- Монголын агаарын тээвэрлэгчдийн олон улсад өрсөлдөх чадвар нэмэгдэнэ.
- Монгол Америкийн худалдаа, эдийн засгийн харилцаа өргөжнө.
- Гуравдагч хөршийн бодлого улам батажна.
Монгол АНУ-ын шууд нислэг ирэх оны эхний хагаст багтан эхэлнэ гэж Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.