x

Г.Тэмүүлэн: Уран, газрын ховор элементийн төслийг зоригтой хэрэгжүүлэх хэрэгтэй

УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэнтэй ярилцлаа.

-Манай улсын эдийн засаг 7.8 хувийн өсөлттэй, төсвийн орлого анх удаа их наядаар давж биелсэн гэхчилэн сайхан мэдээ бий. Гэхдээ манай улсын эдийн засаг эрсдэлийн ирмэг дээр хэвээр байгааг мэргэжлийн хүмүүс анхааруулж байгаа. Ийм үед инфляцийг өдөөсөн, төгрөгийн ханшийг сулруулахуйц арга хэмжээг хэрэгжүүлэх нь хэр оновчтой вэ?

-2023 оны төсвийг зургаан сарын өмнө баталж байсантай харьцуулахад түүхий эдийн экспорт, төсвийн орлого, гүйцэтгэл өндөр гарч байна. Энэ оны эхний таван сарын байдлаас үзэхэд нүүрсний экспорт төлөвлөгөөний 60 хувьд хүрч, төсвийн орлогын 50 орчим хувьтай дүйж байна. Орлого чиглэлд хүлээгдэж байгаа гүйцэтгэл эерэг.

Харин бидний хамгийн том эрсдэл бол бусад улс орны нөхцөл байдлаас шууд хамаарахаар байна. Төлөвлөсөн хэмжээнд түүхий эд бүтээгдэхүүнийг экспортолж чадах уу, төлөвлөсөн үнээрээ борлуулж чадах уу гэсэн таны болгоомжлолтой санал нэг байна. Гэхдээ бид учирч болох бодит эрсдэлүүдийг сайтар бодож үзсэн. Дэлхийн голлох зах зээл болсон Хятадын эдийн засгийн өсөлт судлаачдын үзэж байгаагаар 5.2 хувьд хүрэх байх гэсэн хүлээлттэй байгаа. Нийт төмрийн хүдрийн 70 хувь, хөнгөн цагааны 72 хувь, зэсийн хэрэглээний 60 хувь, нүүрсний бараг 20 хувийг Хятад улс дангаараа хэрэглэж байна. Энэ жилийн эцсээр төсвийн орлого гүйцэд давж биелэх бүрэн боломжтой байгаа. Тийм ч учраас төсвийн тодотголыг хийсэн. Засгийн газраас УИХ-д өргөн барьж батлуулсан төсвийн тодотгол бол нэг талдаа бидэнд байгаа бодит боломжид суурилж хийсэн зүйл.

Монгол Улсын хувьд одоогийн байдлаар эдийн засгийн өсөлт төсөөлж байсан хэмжээндээ буюу зургаан хувьд төсвийн орлого 1.7 их наядаар давж биелэх боломжтой.

Орлого давж байгаа тохиолдолд нөгөө талд бидэнд анхаарах ёстой асуудлууд үүсч байна. Гэвч нөгөө талдаа иргэдийн бодит орлого 5.9 хувиар бууралттай, иргэдийн болон айл, өрхийн бодит орлогыг дэмжсэн бодлогыг төрөөс гаргах ёстой гэсэн хүлээлт, шахалт шаардлага бий боллоо. Иймд бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт болон инфляцийн нөхцөл байдалтай уялдуулан төрийн албан хаагчдын цалин болон тэтгэврийн суурь шинэчлэлийг шийдэх нь зөв. Зайлшгүй тулгамдаж буй асуудлууд болох тэтгэвэр, цалин мөн нийгэмд маргаантай байсан хүүхдийн мөнгө, зорилтот халамжийн тэтгэмжийн асуудлууд болон нийслэлийн түгжрэлтэй холбоотой таван асуудалд чиглэж төсөвт тодотгол хийсэн.

Онцлох нэг зүйл бол сүүлийн 10-аад жилийн хугацаанд тэтгэврийн итгэлцүүрийг нэмж, зөрүүг арилгаж байгаагүй. Суурь цалин нь бага байх үед тэтгэврээ тогтоолгосон, тэтгэвэр нь инфляцид идэгдсэн, тэтгэврийн зөрүү үүссэн ахмадууд их байна. Зарчим нь одоо тэтгэвэрт гарж байгаа хүнтэй адилаар тэтгэврээ тогтоолгох ёстой, олон жил НД-ын шимтгэл тогтмол төлсөн бол өндрөөр нэмэгддэг байх ёстой. Өөрөөр хэлбэл тэтгэврийг зөв итгэлцүүрээр нэмж, зөрүүг арилгах шаардлагатай байгаа, цаашид жил бүрийн инфляцитай уялдан нэмэгдээд явах нөхцөлийг бүрдүүлнэ. Тэтгэврийн зөрүүг арилгах, зөв итгэлцүүрээр тэтгэврийг нэмэхэд 164 мян ахмад буюу нийт ахмадуудын 1/3 нь хамрагдана. Тэгэхээр энэ удаагийн төсвийн тодотголоор ахмадын тэтгэврийн суурь шинэчлэлийг хийлээ, олон жилийн алдааг заслаа гэж харж байгаа.

-Ийм бодит эрсдэлтэй үед төсвийн зарлагаа нэмэгдүүлэх нь хэр зөв бэ. Төсвийн зардлыг нэмэгдүүлснээр эдийн засаг хөгжиж байгаа гэсэн байр суурийг зарим улстөрчид илэрхийлдэг. Гэтэл энэ нь бодит байдал дээр эдийн засгийг харин ч бууруулдаг гэдэг шүү дээ?

-Тантай байр суурь нэг байна. Зарим улстөрчид “Төсвөөр эдийн засгийг тэлж, дэмжиж байгаа. Эдийн засгийн өсөлтийг бий болгож байгаа” гэдэг. Эдийн засгийн өсөлтийг төсвийн мөнгөөр бий болгож болно. Гэхдээ энэ нь эрүүл бус өсөлт. “Эдийн засгийн хиймэл өсөлт” гэж нэрлэж болно. Бидний гол анхаарах зүйл нь яаж эдийн засгийн эрүүл бүтэцтэй болох вэ гэдэг асуудал. Өөрөөр хэлбэл, хувийн хэвшил, хувийн хөрөнгө оруулалт дээр тулгуурласан эдийн засгийн эрүүл бүтцийг бий болгох ёстой. Чинээлэг, дундаж давхарга дэмжсэн төсвийн бодлого, төсөвлөлттэй болох ёстой.

Өнөөдөр аюулын харанга дэлдэж байгаа анхаарах ёстой зүйл бол улсын төсөв буюу Засгийн газрын зардал ДНБ-ий 37.2 хувьд хүрч байна. Эдийн засагт ийм хэмжээгээр Монголын төр нөлөөлж байна гэдэг нь үүгээр харагдаж байгаа юм. Энэ хувь хэмжээ бага байх тусам хувийн хэвшлийнхний зах зээл, эдийн засагт эзлэх байр суурь, оролцоо нэмэгдэнэ. Эдийн засгийн эрүүл бүтэцтэй болгоё гэвэл эдийн засгийн хөгжилд садаа болох зүйлээсээ салах ёстой. Төрийн давамгайллыг багасгах ёстой. Төсвөө хумих ёстой. Зардлуудаа бууруулах ёстой. Ингэхгүйгээр төсөв хэт данхар болж тэлэхийн хэрээр хувийн сектороо шахан гарах үзэгдэл автоматаар бий болдог. Макро түвшинд төсвийн хэт тэлэлт эдийн засгаа боож байна гэдэг нь судалгаагаар харагдаж байна. Тиймээс эдийн засгийн өсөлтийг бий болгоё гэвэл хувийн хэвшил, хөрөнгө оруулалтад тулгуурлаж зах зээлийн зарчмаар явах нь зөв. Нийгэм, эдийн засагт үзүүлэх төсвийн нөлөөллийг бууруулах ёстой. Ингэж байж бодит эрүүл эдийн засгийн өсөлт бий болно.

-Төсвийн тодотгол нь хувийн хэвшлээ улам шахсан арга хэмжээ боллоо, тийм үү. Хэдийгээр цалин нэмэх шаардлага байсан ч одоо байгаа өндөр инфляцийг дахин нэмэгдүүлж, аж ахуйн нэгжийн бодит орлогыг бодитоор дэмжихгүй.

-Нөгөө талаас нь авч үзвэл, төсвийн тодотголоор хийгдэж байгаа санхүүжилт инфляцид нэмэлт дарамт, өдөөлт өгөх эрсдэлтэй юу гэвэл эрсдэлтэй. Цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмсэнтэй холбоотойгоор бодит эдийн засагт нэмэлт дотоод эрэлтийг бий болгох боломжтой юм. Дотоод эрэлтээс үүдэлтэй инфляцийг өдөөнө гэсэн үг. Бид хэрэглэж байгаа хэрэглээний бүтээгдэхүүнийхээ дийлэнх хувийг гаднаас авдаг. Энэ хэмжээгээр импорт тэлнэ. Ингээд төлбөрийн тэнцлийн алдагдал тэлнэ. Бодит эрсдэл нь энэ.

Нөгөө талдаа валютын дотогшлох урсгалд эрсдэл учирч магадгүй шүү. Түүнийгээ анхаарах чиглэлийг мөн өгсөн. Жишээ нь, Таван толгойтой холбоотой асуудал. Өнгөрсөн жил бид өөрсдийнхөө боломжийн хэмжээнд нүүрс экспортолсон. Гэтэл оффтэйк гэрээгээр урьдчилаад мөнгийг нь авчихсанаас болж нүүрснээс орж ирсэн валютын урсгал бага байсан. Энэ нь төлбөрийн тэнцэлд сөргөөр нөлөөлсөн учраас оффтэйк гэрээг хойшлуулах бодит шаардлага үүссэн. Тиймээс гадагшаа бүтээгдэхүүн гаргаж байгаа бол валют нь дотогшоо орж ирж байх ёстой гэсэн зохицуулалтыг хийх чиглэлийг тодорхой өгсөн байгаа.

Мөн Монголбанкинд чиглэл өгсөн. Цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмсэнтэй холбоотойгоор хэрэглээний зээлд огцом өсөлт бий болж магадгүй гэж харж байна. Арилжааны банкууд гэхэд нэг их наяд төгрөгийн тэтгэвэр барьцаалсан зээл олгосон байдаг. Энэ хэмжээ нэмэгдэх эрсдэл бий. Үүнийг тодорхой хэмжээнд зохицуулах үүрэг нь Монголбанкинд байдаг. Тиймээс УИХ-аас эдгээр асуудалд анхаар гэсэн чиглэлийг өгсөн. Өгсөн чиглэлийг хэр үр дүнтэй хэрэгжүүлэх вэ гэдэг нь Монголбанк, Засгийн газрын асуудал.

-Монголын эдийн засгийн 50 гаруй хувь төрд байгаа. Хувийн хэвшлийнхний зүгээс төртэй өрсөлдөхөд хүнд байна гэдэг. Угтаа Засгийн газар, эрх баригчдын зүгээс төрийн оролцоог хумина гэж байгаа ч ажил хэрэг болохгүй байна. Хэзээ манайх чөлөөт эдийн засагтай болох вэ?

-Таны хэлж байгаа зарчим зөв л дөө. Учир нь нэг талдаа төсвийн зардал огцом нэмэгдэж байна гэсэн үг. Тухайлбал, өнөөдөр нэмэгдүүлсэн тэтгэвэр, цалингийн зардлын асуудал дараа жилийн төсөвт нэмэлт ачаалал болно гэсэн үг. Тэгэхээр төсөв тэлж томрохын хэрээр буруулах ёстой болж байгаа юм. Тухайлбал, УИХ-аас томилогддог, үйл ажиллагаагаа тайлагнадаг 10 орчим байгууллага байна. Эдгээр байгууллагыг бүтээмжид суурилж зардлаа бууруул, үр дүнд суурилсан төсөвтэй бол гэж байгаа. Төрийн албан хаагчдын тоог хязгаарлаж, бууруулах ёстой. Төр хэт данхайсан давхардсан бүтцээсээ салах зайлшгүй шаардлагатай. Төсвийн тодотголын хүрээнд цалинг нэмэгдүүлж байгаа ч бүтээмжийг хэрхэн үнэлдэг болох, тухайн байгууллага нь үр дүнд суурилсан төсөвлөлтийг хэрхэн хийдэг болох, хэрэгцээгүй үйлчилгээний салбарыг хэрхэн либералчлах вэ гэдэг асуудлаа шийдвэрлэх бодит шаардлагууд үүсч байна. Ирэх оны төсөв тун удахгүй өргөн баригдахад тусгалаа олох ёстой.

Монгол Улсад нийт ажиллах хүч 1.2 сая иргэн байна. Үүнээс төрөөс хамааралтай буюу төрийн албан хаагч нь 225 мянга. Төрийн албан хаагч гэсэн бүртгэлгүй ч төрийн өмчийн компаниуд болон төрөөс ямар нэгэн хамааралтай байдлаар цалин авч байгаа 80 мянган иргэн байна. Ингээд нийт 300 мянган хүн төрөөс цалин авдаг. Өөрөөр хэлбэл, нийт ажиллах хүчний 25 хувь нь төрөөс хамааралтай. Олон улсын нийтлэг жишгээр бол дээд хязгаар нь 10-15 хувь байх нь зөв. Тиймээс бид төрийн албан хаагчдаа цомхотгоно гээд ажлаас нь халах бус тэр хүмүүсийн ажиллаж байгаа салбарыг либералчилж, хувьчлах шаардлагатай. Засгийн газраас энэ чиглэлийн ажлыг эхлүүлж байна.

Энд нэг шүүмжлэлийг хэлэхэд, Хэрэв төрийн өмчийг хувьчилж, либералчилж байгаа бол 100 хувь өгөх ёстой. Түүнээс тав, 10, 30 хувийг өгвөл төртэй хамтарч бизнес хийх хүн олдохгүй. Хувийн хэвшил өөрсдөө зах зээлийн зарчмаар үйл ажиллагаа явуулах, төрөөс хамааралгүйгээр ажиллах боломжийг бүрдүүлэх ёстой. МҮХАҮТ-аас жил бүр “Топ-100” аж ахуйн нэгжийг шалгаруулахад бидний гажуудал их тод харагддаг л даа. Хамгийн том татвар төлөгч төрийн өмчийн компаниуд байдаг. Энэ тоо сүүлийн жилд өсч байгаа. “Топ-100”-д багтсан аж ахуйн нэгжүүдийн 20 хувь нь төрийн өмчийн компани байна. Хувийн өмч дээр суурилсан эдийн засгийн бүтэцтэй болъё гэдгийн эсрэг зүйл энд ажиглагдаад байгаа юм. Үүнийг өөрчлөх хэрэгтэй.

Харин хувь хүнийхээ үүднээс эдийн засаг, хувийн хэвшлээ дэмжих үүднээс нэг зүйлийг зайлшгүй хийх ёстой гэж үздэг. Энэ бол татварын суурь системийн өөрчлөлт. Одоо судалгааныхаа шатанд хийгдэж байна. Тухайлбал татварын орлого, зарлага өсөхийн хэрээр татварын бааз суурь тэлэхгүй байгаа. Татварын орлого, зарлага өсөхийн хэрээр хувийн хэвшил аж ахуйн нэгжид ногдох татвар буурахгүй, татварын ачаалал багасахгүй байгаа. Энэ юуг харуулж байна вэ гэхээр татварын суурь бодлогоороо дамжуулж дотоодын аж ахуйн нэгж байгууллагаа дэмжихгүй байна, эдийн засгийн хүртээмжтэй татварын бодлогыг хэрэгжүүлэхгүй байна гэсэн үг. Эсрэгээрээ хувийн хэвшилд өсч, тэлж хөгжихөд ачаалал болж байгаа зүйл нь татвар болоод байна. Мөн төсвийг төвлөрүүлдэг, татварыг нэгдсэн төсөвт бүхэлд нь татдаг, анхан шатны бүхий л асуудлыг зөвхөн нэгдсэн төсвөөр шийдэх гэдэг энэ хандлагаасаа салах, төсвийн суурь өөрчлөлтийг зоригтой хийх хэрэгтэй байгаа. Анхан шат, орон нутагт эрх мэдлийг нь өгөх, өөрөө өөрсдөө асуудлаа шийдэх эрх мэдлийг нь төсөв, татварын бодлогоороо дамжуулж өгөх хэрэгтэй гэж бодож байгаа. Адаглаад эрх мэдлийн төвлөрөл багасна гэсэн үг.

-БНХАУ-ын эдийн засгийн сэргэлт төдийлөн хурдан биш, эрдэс баялгаа бид тооцоолсон хэмжээнд гаргаж чадахгүй байх эрсдэлтэй энэ үед яаж валютын орлогоо нэмэгдүүлэх вэ?

-Валютын урсгалыг шууд нэмэгдүүлэх гарц бол гадаадын хөрөнгө оруулалтыг татах. Мөн шинэ төсөл хөтөлбөрүүдийг нэмэгдүүлэх. Засгийн газраас уул уурхай, дэд бүтэц, эрчим хүчний салбаруудад хэд хэдэн шинэ төсөл хөтөлбөрүүдийг энэ онд багтаж эхлүүлэх бодлоготой байх шиг байна. Эрчим хүчний яамнаас цахилгаан эрчим хүчний 5 мегаваттаас дээш хүчин чадалтай, эсхүл дулааны эрчим хүчний 1.5 мегаваттаас дээш хүчин чадалтай эх үүсвэр барих, суурилуулах хүчин чадлыг өргөтгөхөд шаардлагатай тоног төхөөрөмжийг аж ахуйн нэгжийн орлогын албан татвар болон гаалийн албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх хуулийг өргөн барьсан. Францын “Арева майнз”, уран, газрын ховор элементийн шинэ төсөл хөтөлбөрүүд яригдаж байна. Хувийн хэвшлийн санаачилгаар олон томоохон төслийн хэлцлүүд хийгдэж байна. Хөрөнгө оруулалт ихээр хийгдэх төслүүдийг бид зоригтой хийх ёстой. Бид нүүрсээ хадгалсаар байтал дэлхийн зах зээл дээр эрчим хүчний нүүрсний үнэ ихээр унаж байна. Ашиглаагүй нүүрсний уурхай бидэнд олон байна. Тиймээс бид эдийн засгийн боломжийг бий болгоно. Мөн бий болгосон боломжоо ирээдүйд хэрхэн хуримтлуулдаг болох асуудлаа хууль эрх зүйн орчин талаас нь бүрэн шийдэж, хэрэгжилтийг шахах хэрэгтэй. Ирээдүй өв сан болон Төсвийн тогтворжуулалтын сангуудад төсвийн тэнцлээс давсан орлого, уул уурхайн баялгаас олсон орлогыг хуримтлуулдаг байна гэж хуульчилсан ч хэрэгжихгүй байна. Жишээ нь 2004 оноос хойш уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж ирэхэд нийт уул уурхайгаас олсон орлогынхоо 99 хувийг нь бид хэрэглээндээ зарцуулжээ гэсэн судалгаа гарсан байсан. Зөвхөн нэг хувийг нь хуримтлуулсан гэсэн үг. Уул уурхайн баялаг нөхөн сэргээгддэггүй учраас ядаж 1/3 хувийг нь, болж өгвөл 2/3 хувийг нь ирээдүйдээ хуримтлуулдаг байх хэрэгтэй. Түүнээсээ багахан хэсгийг нь хэрэглээндээ зориулдаг байвал эрүүл тогтолцоотой болно. Уул уурхайгаас хамааралгүйгээр эдийн засаг хөгжих боломжтой болно. Төсвийн тогтвортой байдлыг бий болгох үүднээс үүнийг зайлшгүй хийх хэрэгтэй.

Хүнсний бүтээгдэхүүнээ дотоодоосоо хангах зорилтоо ядаж таван жилийн хугацаанд зоригтой, тууштай хэрэгжүүлмээр байна. Өөрсдийн хэрэглэдэг найман нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг дотроосоо хангадаг байх ёстой. Ингэвэл бид жилдээ нэг тэрбум ам.долларын урсгалыг зогсоох боломж байна. Нөгөө талаас аль ч салбарт бүхий л түүхий эдийг түүхийгээр гаргаж байгаадаа эрс шинэчлэл хийх нь зөв. Дэлхийн нийт ноолуурын түүхий эдийн 60 хувийг бид хангадаг. Гэтэл Монгол Улсаас гарч байгаа ноолуурын 90 хувь нь түүхийгээр гарч байна. Зөвхөн 10 хувийг нь дотоодын үндэсний үйлдвэрийн компаниуд хийж байна. Тиймээс хүнсний үйлдвэрүүдээ дэмжиж, дараагийн шатлалын үйлдвэр барих тоног төхөөрөмжийг нь оруулж ирэхэд нь дэмжих шаардлагатай байгаа. Яг энэ бодлогыг гаргасан тогтоолыг УИХ жилийн өмнө баталсан. Бидний авсан мэдээллээр 20 орчим аж ахуйн нэгж тоног төхөөрөмжөө оруулж ирсэн, хялгас ялгахаас дээш шатны боловсруулалтыг хийх боломжтой болж байна. Аж ахуйн нэгжүүд гааль, НӨАТ-гүйгээр тоног төхөөрөмжөө оруулаад ирсэн. Энэ мэтээр гадагшлах ам.долларын урсгалаа багасгах боломжтой.

-Төсвийн тодотгол нь төгрөгийн ханшид сөргөөр нөлөөлөх вий гэсэн болгоомжлол нийгэмд бий. Ер нь цаашид валютын ханш яаж хэлбэлзэх төлөвтэй байгаа бол. Таны ахалж байгаа Байнгын хороонд энэ талаарх судалгаа мэдээлэл нь байгаа болов уу?

-Төлбөрийн тэнцэл дээр сөргөөр нөлөөлөх үү гэвэл нөлөөлнө. Төгрөгийн ханш сулрах эрсдэл байгаа. Гэхдээ үүнийг бүрэн зохицуулах боломжтой. Монголбанкинд одоогийн байдлаар 3.8 тэрбум ам.долларын валютын нөөц бий болсон байна. Манай улс хоёр тэрбум ам.доллараас доош валютын нөөцтэй болох эрсдэлтэй үе байсан. Одоо бол Монголбанк мөнгөний бодлогын зохицуулалт, тохиргоо хийх хангалттай боломж, орон зай үүссэн. Тиймээс энэ бол Монголбанк, Засгийн газрын зохицуулах асуудал.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 7 цаг 16 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 7 цаг 16 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 8 цаг 45 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 9 цаг 14 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 9 цаг 21 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 9 цаг 30 мин 1968 оны Чехословакийн хавар 9 цаг 58 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 10 цаг 12 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 11 цаг 46 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 11 цаг 55 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 12 цаг 16 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 13 цаг 6 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой 13 цаг 16 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 13 цаг 55 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Өчигдөр 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Өчигдөр 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Өчигдөр 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Өчигдөр 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Өчигдөр 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Өчигдөр 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top