Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д зургадугаар сарын 26-наас долдугаар сарын 1-ны хооронд албан ёсны айлчлал хийнэ.
Энэ үеэр “Монгол-Хятадын бизнес форум”-ыг МҮХАҮТ болон БНХАУ-ын Олон улсын худалдааг дэмжих хороо хамтран Бээжин хотноо зохион байгуулах гэж байна. Тус арга хэмжээ зургадугаар сарын 29-нд болох бөгөөд Хятадын хөрөнгө оруулагчдаас гадна хөрөнгө оруулалтын сангууд оролцох болсноо урьдчилан мэдэгджээ.
2022 оны байдлаар манай улсын гадаад худалдааны эргэлт 21.2 тэрбум ам.долларт хүрсэн. Үүний 64 хувийг БНХАУ-тай хийсэн худалдаа эзэлж байна. Уул уурхай, аялал жуулчлал, тээвэр логистик, худалдаа гэсэн дөрвөн чиглэлээр дээрх форум өрнөх юм. Монголоос 150 гаруй аж ахуйн нэгж, Хятадын талаас 250 орчим аж ахуйн нэгжийн төлөөлөл болон хөрөнгө оруулалтын сангууд бүртгүүлсэн байна.
“Монгол-Хятадын бизнес форум” нь бүтэн өдрийн турш үргэлжлэх бөгөөд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус арга хэмжээнд ихээхэн ач холбогдол өгч, оролцох юм.