Жил болгон зургадугаар сарын 2-ны өдөр уламжлал болгон тэмдэглэж ирсэн Банкны ажилтны өдрийн мэндийг салбарын үе үеийн ажилтан, албан хаагч Та бүхэндээ өргөн дэвшүүлье!
2023 онд Монгол Улсын санхүүгийн салбарт түүхэн шинэчлэлүүд өрнөж, банкны харилцагч иргэд аж ахуйн нэгжүүд болон гадаад дотоодын хөрөнгө оруулагчдын хувьд онцлог жил тохиож байна. Системийн хэмжээний банкуудын өмчлөл ба засаглалын реформ, төлбөрийн системд нэвтрүүлж буй технологийн дэвшлүүд салбарт маань шинэ цагийн эхлэлийг авчирлаа. Түүнчлэн, Монгол Улсын эдийн засаг хүнд уналтаас сэргэхэд банкны салбарын оруулж хувь нэмэр их, бусад салбарын үйл ажиллагааг дэмжих хөшүүрэг болж байгаа билээ.
Банкны системийн шинэтгэлийн хөтөлбөрийн дагуу арилжааны банкуудын хувь эзэмшлийн төвлөрлийг бууруулах, банкийг олон нийтийн хяналттай болгох зорилт хэрэгжиж, системийн нөлөө бүхий 5 том банк хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд хувьцаагаа арилжаалах үйл явц амжилттай өрнөж байна. Энэ нь санхүүгийн салбарт сүүлийн 30 жилд тохиож буй нэг томоохон реформ бөгөөд банкны салбарыг хөгжлийн шинэ шатанд хүргэх алхам юм. Банкууд олон нийтэд нээлттэй хувьцаат компани болсноор засаглал, хяналт сайжрах, хөрөнгийн захын хөгжлийг хурдасгах зэрэг давхар олон ач холбогдолтой байх болно. Үүний зэрэгцээ Төв банк системийн эрсдэл даах чадварыг сайжруулж, олон улсын стандарт, сайн туршлагад нийцсэн зохицуулалтын эрх зүйн орчныг бий болгохыг зорьж ажиллаж байна.
Өнөөдөр Монгол Улсад төлбөр тооцооны 98% нь гар утсаар эсвэл картаар хийгдэж байгаа бөгөөд гүйлгээний аюулгүй байдал өндөр түвшинд хангагдаж байгаа билээ. Банкны салбар технологийн орчин үеийн ололт амжилтыг эрчимтэй нэвтрүүлснээр үйлчилгээ цахимжиж, төлбөр тооцоог аль ч байршлаас хүссэн цагтаа амар хялбар, түргэн шуурхай гүйцэтгэх боломж дээшилсээр байна. Нууцлал, аюулгүй байдлыг сайжруулах шинэчлэлүүд хийгдсэнээр төлбөрийн системийн найдвартай байдал олон улсын стандартын дагуу хангагдаж байгаа юм. Төлбөрийн системд арилжааны банкууд төдийгүй финтек компаниуд, старт-апууд ч оролцох боломжтой болсон нь санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, харилцагчдад цаг мөнгөө хэмнэх боломжийг олгож үнэ цэнийг бий болгож байна. Мөн ₮ картыг олон улсад төлбөр тооцоонд ашиглах боломжийг нээж байгаа нь төлбөр тооцооны хөгжилд шинэ хуудас боллоо.
Монгол Улсын эдийн засаг гадаад болон дотоод орчны эрсдэл, сорилтын дунд 1990-ээд оны шилжилтийн хямралаас хойших хамгийн гүнзийн уналтыг давж, сэргэлтийн замдаа оров. Дотоодын нийт бүтээгдэхүүн Ковид-19-ийн өмнөх түвшиндээ хүрснээс гадна 2023 оны эхний улиралд 7.9% өсөөд байна. Санхүүгийн зуучлалыг хэрэгжүүлж, эдийн засгийн чухал дэд бүтэц болдог банкны системд ажиллаж буй хүн бүрийн хичээл зүтгэл, тууштай оролцоо үүнд чухал үүрэг гүйцэтгэж байгааг онцлох нь зүйтэй юм. Эдийн засаг тогтворжиж, сэргэлт бий болоход Төв банкнаас хэрэгжүүлсэн мөнгөний бодлого, банк санхүүгийн системээс бодит эдийн засгийн салбарууд, иргэд, аж ахуйн нэгжүүдэд хүрсэн санхүүжилт нэг чухал хөшүүрэг болсон нь гарцаагүй билээ.
Монгол Улсын банк, санхүүгийн салбарт хувь нэмрээ оруулсан ахмад ажилтнууд, өнөө цагт мөр зэрэгцэн ажиллаж байгаа салбарын нийт хамт олондоо цаашдын ажил үйлст нь өндөр амжилт хүсэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!
МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ
Б.ЛХАГВАСҮРЭН
2023 оны 6-р сарын 02.