Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан жил бүр “Шилдэг сурагч” шагналыг улс, олон улсын чанартай олимпиад, уралдаанд өндөр амжилт гаргасан сурагчдад олгодог уламжлалтай.
Тэгвэл өнөөдөр уг шагналыг 19 сурагчдад гардуулав.
Тодруулбал, 2022-2023 оны хичээлийн жилд улсын төрөлжсөн олимпиадад 38.600 сурагч оролцсоноос нийслэлээ төлөөлөн оролцож, аваргаар шалгарсан сурагчид болон олон улсын чанартай олимпиадад өндөр амжилт гаргасан сурагчид “Шилдэг сурагч” шагналыг хүртлээ. Шагналыг Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Мөнгөншагай, Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин нар гардуулсан юм.
“Шилдэг сурагч”-аар шалгарсан сурагчид сэтгэгдлээ хуваалцлаа.
“Шинэ эрин” сургуулийн сурагч М.Гантигмаа:
-Миний хувьд АНУ-д зохион байгуулсан Олон улсын математикийн “АМО” олимпиадад оролцож, алтан медаль хүртсэн. 12 жил нэг хамт олон болж, найзалж нөхөрлөсөн ангийнхандаа, мөн биднийг үргэлж дэмжиж, тусалж байдаг ангийн багшдаа баярлалаа. Маргааш болох хүүхдийн баярын мэнд хүргэе.
“Шинэ зуун билэг” сургуулийн сурагч Ц.Улсболд:
-Улсын техник, технологийн олимпиадын "Авто загвар"-ын төрөлд оролцож, түрүүлсэн. Би сургуулиа төгсөөд инженер болохоор зорьж байгаа. Аавынхаа нэрийг дуудуулаад “Шилдэг сурагч”-ийн шагналаа гардаж авахад өөрөөрөө бахархах сэтгэл төрлөө.
14 дүгээр сургуулийн сурагч М.Болорханд:
-Миний хувьд Улсын техник, технологийн олимпиадад оролцож, "Дүрслэх урлаг"-ийн төрөлд тэргүүн байр эзэлсэн. Хамгийн түрүүнд сургуулийнхаа гар зургийн багшид талархлаа илэрхийлмээр байна. Үргэлж зөвлөж, дэмжиж, урам өгч байдагт баярлалаа. Ангийнхан, сургуулийн найзууд, захиралдаа бас баярлалаа гэж хэлмээр байна.
“Оюунлаг” сургуулийн сурагч А.Тэргэл:
-Би Нийслэлийн мэдээллийн технологийн олимпиадад оролцоод, тэргүүн байр эзэлсэн. Юун түрүүнд ангийнхан, багш нартаа, гэр бүлдээ талархмаар байна. Мөн “Accepted” сургалтын төвийн багшдаа, сургуулийнхаа мэдээлэл зүйн багш нартаа баярлалаа. Үргэлж дэмжиж байдагт баярлаж явдаг шүү хэмээв.
Дашрамд дурдахад, өнгөрсөн жил “Шилдэг сурагч”-аар Ази тивийн болоод олон улсын физик, хими, математик, биологийн хичээлийн олимпиадад Улаанбаатар хотоо төлөөлөн оролцсон сурагчид төдийгүй Москва хотноо зохион байгуулсан Олон улсын мегаполис хотуудын VI олимпиадад ганцаарчилсан болон багийн дүнгээр медаль хүртсэн сурагчид тодорч, 26 сурагч уг шагналыг хүртэж байсан билээ. Энэ хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд 364 мянган хүүхэд суралцаж байгаа бөгөөд төгсөх ангид 14.340 сурагч суралцаж байна.
Сэтгэгдэл (1)