Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Бүгд Найрамдах Киргиз Улсын Гадаад хэргийн сайд Ж.Кулубаев манай улсад албан ёсны айлчлал хийлээ.
Айлчлалын хүрээнл Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Киргиз Улсын Гадаад хэргийн сайд Ж.Кулубаевтай тавдугаар сарын 30-ны өдөр албан ёсны хэлэлцээ хийлээ.
Энэ үеэр талууд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгч, улс төр, худалдаа, эдийн засаг, тээвэр, логистик, хөдөө аж ахуй, соёл, аялал жуулчлалын зэрэг салбарт харилцааг өргөжүүлэх болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх талаар санал солилцжээ.
Киргиз улстай дэд бүтэц, тээвэр, логистик, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа сайд Б.Батцэцэг илэрхийлэв.
Тухайлбал, Киргиз улсад болон тус улсаар дамжуулан Төв Азийн бүс нутгийн бусад улс оронд мах, махан бүтээгдэхүүн, арьс шир зэрэг экспортын бараа бүтээгдэхүүн нийлүүлэх, мөн Киргиз улсаас жимс, жимсгэнэ, нарийн ногоо импортлох, харилцан ашигтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг бодлогоор дэмжиж хамтран ажиллах, мал эмнэлэг, хорио цээрийн байгууллагууд хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэхээр санал нэгдсэн байна.
Манай улсын хувьд 2023-2025 оныг "Монголд зочлох жил" болгон зарласан. Үүнтэй холбогдуулан хоёр улсын хоорондын шууд нислэгийг сэргээх, харилцан визгүй зорчих тохиролцоог үр дүнтэй ашиглан аялал жуулчлалын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд талаар ярилцжээ.
Түүнчлэн "Тэрбум мод" санаачилгын хүрээнд Эрдэнэт хотод байгуулах "Монгол, Киргизийн найрамдлын төгөл" төслийг сайшааж, цаашид Киргизийн жимс, жимсгэнийн модны суулгацыг манай улсад нутагшуулах, хүрээлэн буй орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хоёр талын болон олон улсын түвшинд хамтран ажиллахаар болсон байна.
Манай хоёр улс олон улс, бүс нутгийн талбарт идэвхтэй хамтран ажиллаж ирсэн бөгөөд НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээн дэх хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн төлөө байгааг талууд нотлов.
Энэхүү айлчлал нь Киргиз Улсын Гадаад хэргийн сайдын 2013 оноос хойш 10 жилийн дараа Монгол Улсад хийж буй айлчлал юм.