Жил бүрийн тав, есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн амралтын өдрүүдэд уламжлал болгон зохион байгуулдаг “Үндэсний номын баяр” 33 дахь удаагийн арга хэмжээ энэ сарын 26-28-ны өдрүүдэд тохиож байна.
Бүх нийтээр ном унших соёлыг түгээн дэлгэрүүлж, номоор дамжуулан хүүхэд залуусыг соён гэгээрүүлэх, зохиолч, хэвлэн нийтлэгчдийг алдаршуулах зорилготой номын баярыг УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр албан ёсоор нээлээ.
Тэрээр, Номын баярыг бид өргөн хүрээнд тэмдэглэдэг боллоо.
Цаашид энэ баяртай хамт үндэсний бичиг үсэг, монгол үндэстний биет болон биет бус соёлын өвөө түгээн дэлгэрүүлэх нь нэн чухал юм. Монгол Улсын Соёлын яам энэ чиглэлд анхаарлаа хандуулж, Монгол орон даяар үндэсний бичиг, соёл, номын өдрүүдийг тэмдэглэдэг болох нь зүйтэй.
Монголын өргөн уудам нутаг даяар үндэсний бичиг үсэг, түүх соёл, ном эрдмийн гэгээн давлагаа түгэн дэлгэрч байх нь энэхүү өдрүүдийг тэмдэглэхийн учир утга юм хэмээн онцолсон.
УИХ-ын дарга Г.Занданшатар, Номын баярт оролцож байгаа бяцхан уншигчдадаа зориулж, УИХ-ын Тамгын газраас эрхлэн “Үндсэн үлгэр” хэмээх номыг бүтээж, Номын баярын өмнөхөн хэвлэлтээс аваад байна. Энэ номд Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлал, ардчилал, хүний эрх, парламентат ёсны үндсэн ойлголтуудыг хүүхдэд ойлгомжтой хэл, дүрслэлээр бичсэн гэв.
Сэтгэгдэл (1)