2008 оны долдугаар сарын 1-ний хэргийг хуулийн байгууллага сэргээн шалгаж эхэлсэн талаар мэдээлээд байгаа юм. Одоогоос 15 жилийн өмнөх энэ үймээнээр таван иргэн амиа алдаж, олон зуун залуус хэцүү нэртийн хаалга татсан юм. Амиа алдсан таван хүний дунд хамгийн залуу, 24 настай Э.Доржпүрэв гэх залуу буудуулж, газар дээрээ нас барсан байдаг юм. Талийгаачийн аав Ц.Энхбаяртай ярилцлаа.
-2008 оны долдугаар сарын 1-ний үймээний хэргийг шалгаж эхэлсэн гэж байгаа. Та бол өнгөрсөн хугацаанд хохирогчдын төлөөлөл болж тэмцэж ирсэн хүний нэг. Энэ хэрэгт шалгах шаардлагатай ямар асуудал үлдсэн гэж та хардаг бол?
-Энэ хэргийг анх шалгахдаа цагдаагийн албан хаагчдыг сайн шалгаж чадаагүй учраас тэд тушаал өгсөн хүмүүсээ нэрлээгүй юм. Зүгээр л, хариуцлага алдсан гэж л үзсэн. Хүний аминд хүрч хариуцлага алдаж болохгүй биз дээ. Хэрэв цагдаа нарт дарга нар нь галт зэвсэг өгөөгүй гэж байгаа бол тэд өөрсдөө хувиасаа галт зэвсэг гаргаад сайн дураараа таван хүнийг буудсан хэрэг үү. Эсвэл тушаал өгсөн бол хэн өгсөн бэ. Хамгийн гол нь бидэнд цагдаагийн албан хаагчид чухал биш. Бүрлээч маань ч цагдаа байгаад үүрэг авсан бол биелүүлж л таарах байсан. Тиймээс тушаал өгсөн хүмүүсийг тодорхой болгож шалгах ёстой юм .
-Энэ хэрэгт маш олон ээдрээтэй, эргэлзээтэй асуудлууд бий. Энэ хэргийн шалтгаан нөхцөлийг ч янз бүрээр тайлбарладаг. Үнэндээ долдугаар сарын 1-ний үймээн юунаас болж эхэлсэн юм бэ?
-Энэ чинь цаанаасаа өндөр зохион байгуулалттай өрнөсөн хэрэг. Тэр үед, 2008 онд аль нам ялалт байгуулна, тэр нам дөрвөн жил Монголын баялаг дээр эзэн суух байсан. Тийм учраас ямар ч үнээр хамаагүй ялна гэсэн зорилго МАН-д ч, АН-д ч байсан. Мэдээж тэнд булхай луйврууд болсон. Тэртээ тэргүй манайд булхай луйваргүй сонгууль ганц ч байхгүй. Тэд ямар ч үнээр хамаагүй эрх мэдлээ хадгалах гэж улангассан. Шалтгаан бол энэ. Жагсаал зургадугаар сарын 29-нөөс эхэлсэн шүү дээ. 30-ны өдөр тараасан ч долдугаар сарын 1-нд нь бүр өргөн жагсаал болсон.
Би 1-нд нь ирсэн юм. Манай Налайхын автобус 20:00 цагт зогсчихдог учраас яваад өгсөн. Тэгсэн дунд хүү маань ирээд “Нацагдоржийн хөшөөн дээр сум улиад л” гээд ярьсан. Би “Битгий тэнэг юм яриад бай. Юу гэж байлдааны сумаар буудаж байдаг юм” гээд уурлаж үзлээ. Гэтэл хүү маань “Ах (талийгаач) бид хоёр гүйж яваад харсан” гэдэг юм. Хүү маань ахтайгаа таараад хамт явж байтал араас нь хөөхөд хоёр тийш салаад зугтаасан юм билээ.
-Тэгээд талийгаач хүү тань эргэж ирээгүй. Та тийм харамсалтай зүйл болно гэж санаагүй байх?
-Юу гэж дээ. Хэзээ ч төр ард түмэн рүүгээ галт зэвсэг хэрэглэнэ гэж миний ухаанд багтахгүй байсан. Харин одоо бол бид хүүхдүүдээ наашаа цаашаа гэж хэлж болно. Өнөөдрийн төр 2008 оных шиг улангасчихаад байна. Энэ байр сууриа авч үлдэж чадах уу, энэ чигээрээ шоронгийн хаалга татах уу гэдэг дээр байгаа. Тийм учраас ийм эгзэгтэй үед онц байдал зарлавал хүүхдүүдээ хүүе, хаая гэхгүй бол болохгүй.
Долдугаар сарын 2-ны өдөр дүү маань манайх руу залгаад “Дожоо яачихав, ажлаас нь асуугаад байна” гэлээ. Тэгээд л удалгүй телевизээр хүмүүс нас барсан мэдээлэл явж эхэлсэн. Орой нь Нэгдүгээр эмнэлэгт ирж, хүүгээ буудуулсныг мэдсэн. Тэр бас их осолтой юм билээ. Хохирогчдыг Цэргийн госпитал руу зөөсөн байсан. Магадгүй тэр хэргийг нуух ч байсныг үгүйсгэхгүй. Харин Нэгдүгээр эмнэлэг рүү эргэдэг дээр Дорнодын Энхбаатар манай хүү хоёр буудуулсан. Зугтааж явсан залуус тэднийг Нэгдүгээр эмнэлэг рүү зөөж оруулсан. Харамсалтай нь хүү маань газар дээрээ өөд болсон байсан. Сум эрүүгээр нь ороод далыг нэвтлээд гарахдаа амин газрыг нь онож, нас барсан гэж гарсан.
-Харин талийгаач Ц.Энхбаатар мэс засалд ороод даагаагүй гэдэг бил үү?
-Дорнодын Ц.Энхбаатар шөнийн 03:00 цаг хүртэл хагалгаа хийлгээд даалгүй нас барсан байдаг. Хэрвээ бүх хохирогчдыг госпитал руу аваачсан бол энэ хэргийг тэр чигээр нь чимээгүй дарчих боломж эд нарт байгаа. Тиймээс тэр эмнэлэг рүү зөөгөөд байсан болов уу. Уг нь бэртэж гэмтсэн хүмүүсийг Гэмтэл рүү зөөнө өө дөө. Ядаж хажууд нь манай хамгийн анхны, туршлагатай эмч нар зонхилсон төв эмнэлэг байна. Тийшээ ч оруулж, эмнэлгийн тусламж үзүүлж болох байсан.
-Бусад хохирогчид ч бас бий шүү дээ. Гэдсэндээ, хөлөндөө буудуулж тахир дутуу болсон залуус бий. Тэд өнөөдөр ямаршуу аж төрж байдаг юм бол?
-н.Амгаланбаатар гэж залуу Гадаад харилцааны яамны хажуу талын “Миний нутаг” дууны хөшөөний дэргэд гүйж явтал араас нь хүчтэй цохиод авах шиг болсон гэдэг. Цаашаа гүйх гэтэл гүйж чадахгүй болоод, гэдэс рүүгээ буудуулчихсан, цагаан цамцных нь цаанаас цус шүүрч эхэлсэн байгаа юм. Цагдаа нар араас нь гүйцэж ирээд “Наадхаа хая. Шархадсан байна” гээд тоохгүй яваад өгсөн. н.Амгаланбаатар дэргэдүүр өнгөрч байсан хүмүүсээс тусламж гуйж, түргэн дуудсан. Түргэнийхэн ирээд госпитал руу хүргэсэн байгаа юм. Тэгээд амь аврагдтал долоо, найм хоног ар гэртэй нь уулзуулаагүй. Энэ маш ноцтой. Зөвхөн цагдаа нар л орж байцаалт авч байсан. Ар гэрт нь “Танай хүн хүнд байгаа. Бид амийг нь аврахаар тэмцэж байна. Та нар уулзаж сэтгэл санааг нь хямрааж мэднэ” гээд огт уулзуулаагүй байдаг.
Дуурийн театрын урд явж байсан хүү хөлөндөө буудуулсан. Буудсан цагдаа нь араас нь гүйцэж ирэхэд нь “Ах аа би буудуулчихлаа. Туслаач” гэхэд “Хохь чинь” гээд өшиглөчихөөд яваад өгсөн гэдэг. Одоо тэр залуу хөгжлийн бэрхшээлтэй, сард улсаас хэдэн төгрөг авдаг юм уу даа. Дуучин болох гээд их сургуульд орох гэж байсан цэл залуу хүү гээд бод доо, хөөрхий минь. Яаж амьдралд хүрэх вэ дээ. Ийм маягаар гурван залуугийн амьдралыг орвонгоор нь эргүүлээд хаячихсан. Тэнд ч цагдаа үхлээ, энд ч цагдаа үхлээ, босогчид алчихлаа гэсэн цуурхал албаар тарааж, цагдаа нарынхаа зүрхийг хөөргөж байсан юм шүү. Тухайн үед Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба гэж Галдаа гуайгаар ахлуулсан залуус байлаа. Галдаа гуай урд нь хар бараан юмтай зууралдаагүй гайгүй залуусыг шилээд энэ албыг байгуулсан юм байна гэж бодсон. Тэд ч бас муугүй ажилласан. Буудсан цагдаа нарыг 10-аад хоногийн дараа Заамарт сургуулилалт хийж байхад нь баривчилж авч ирээд мөрдөнд суулгаад хэргийг нь хүлээлгэсэн. Бидний хувьд сайн хэрэг болсон. Яг хуулийнхаа хувьд тэр хүмүүсийг шүүхээр яллаагүй байхад Галдаа гуай “Цагдаа буудсан гэдгийг баталгаатай тогтоосон” гээд танай сонин дээр байна уу даа ярилцлага өгсөн байсан. Өөрөө хэргийн мөрдөн байцаалтыг ахалж байгаа гавьяат хуульч хүн, хуулиа мэдэхгүй байна гэж байхгүй. Ямар нэгэн дарамт шахалт ирж магадгүй гэж олон нийтэд зарласан байх. Тэгэхээс ч аргагүй нөхцөл байдал байсан. Дандаа цагдаагийн хурандаа нар татагдчихсан. Тэдний чинь ард МАН бүтнээрээ зогсож байсан шүү дээ.
-Энэ хэргийн гол хүмүүс таныхаар хэн бэ?
-Үнэндээ жагсагчид МАН-ын хуучин байшингийн нэгдүгээр давхрыг л шатаасан. Харин хоёр, гурав, дөрөвдүгээр давхар байхгүй, тавдугаар давхар ташраараа шатсан. Үүнийг С.Баяр, Ц.Мөнх-Оргил, Ө.Энхтүвшин нар л гал тавьсан гэж би боддог. Долдугаар сарын 1-ний хэргийн талаар цагдаа нарын бичсэн ном дээр нэг хүн сэтгэгдлээ бичихдээ “Яанаа дарга нар үлдчихсэн. Гарч ирж чадах болов уу гэж байтал 30, 40 минутын дараа гараад ирсэн” гэсэн байдаг. Тиймээс зохион байгуулалттай хийсэн хэрэг юм байна гэж би хардаг. Хамгийн гол нь ямар ч үнээр хамаагүй сонгуулийн булхай гэдгээс өөр зүг рүү чиглүүлэхийг л тэд хүсч байсан. Тэгэхийн тулд хүний амь эрсдүүлэхээс өөр арга байхгүй. Зүгээр л тараачихвал маргааш нь ахиад л гарч ирээд жагсана гэж айсан хүмүүс энэ хэргийг өдөөсөн. Нэг ёсондоо МАН ялалтаа хамгаалж үлдэхийн тулд нийтийн анхаарлыг өөр тийш нь чиглүүлж, ахиад талбай дээр хүн гаргахгүй гэсэн санаархал байсан.
Уг нь яг тэр үед МАН-ыг булшинд нь хийх боломж АН-д байсан юм. Ахиж ингэж өндийхөөргүй болтол унагаах боломж байсан. МАН-ыг таван хүн алсныг зарлаж, дахин сонгууль явуулах байв. Даанч АН ч үүнийг хүсээгүй. Миний бодлоор энэ тогтолцоо байхгүй бол тэд ч идэж ууж чадахгүй. Шударга тогтолцоо бүтээнэ гэвэл энэ хоёр намаас хүлээлтгүй.
-Өнөөдөр эргээд харахад энэ хэргээс улбаалж ямар хууль журам, зарчим алдагдав?
-Ерөөсөө бүх хууль зөрчигдсөн. Үндсэн хуулийн 16.1-д хүн амьд явах эрхтэй гээд заачихсан. Амьд явах эрх зөрчигдсөн бол түүний дараагийн 17 эрхийг ярих утгагүй.
-Энэ хэрэг дээр Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах алба хэр сайн ажилласан гэж та үздэг вэ?
-Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албанаас “Яагаад та нар цаашаа мөрдөхгүй байгаа юм бэ” гэхэд “Хэний буудсан сум хэнийг оносныг тогтоох боломжгүй учраас энэ хэргийг хаахаас өөр замгүй” гэж байсан. Тэгэхээр нь хариуд нь “За болж байна. Яг энэ зарчмаар явъя. Би хэдэн найзыгаа ордон руу дагуулж ороод буугаар шүршчихье. Дараа нь хэний буудсан сум хэнийг оносон нь тогтоогдоогүй гээд та нар миний хэргийг цайруулж өгөх юм уу” гэж хэлж чадаагүй. Үндсэндээ тухайн үед онц байдлыг зарлах үеэр намуудын уулзалт дээр Н.Энхбаярыг С.Баяр шахсан. “Хэрэв та онц байдал зарлахгүй гэвэл үүний дараа гарах хор уршгийг хариуцна шүү” гэсэн. Н.Энхбаяр аргагүй байдалд орж зарласан. Ингээд цагдаагийн газрын дарга, шуурхай штабын дарга нарыг дуудаад “Зэвсэг хэрэглэж болохгүй” гэж сануулсан. МАН-ынхан бол Н.Энхбаярыгаа шахах гэсэн бодолтой л байсан гэж харагддаг. Долдугаар сарын 1-ний хэргийг үүрүүлээд, буулгах гэж үзсэн. Тэгэхэд Н.Энхбаяр Галдаа гуайг дуудаж ирээд “Цагдаа буудсан гэдгийг тогтоо. Өөр юм хэрэггүй” гэсэн яриа өрнөсөн болов уу. Галдаа гуай үүнийг тогтоосон, түүнээс хойш ямар ч мөрдөн байцаалт явуулаагүй. Тэгэхээр эд нарт цагдаа буудсан гэдгийг олох л чухал байсан гэж харагддаг. Бусад нь чухал биш. Тийм л үүрэг байсан.
-Цагдаагийн дарга нар ял авч, тодорхой хугацаанд ял шийтгэлээ эдэлсэн байх аа?
-Дөрвөн дарга зөвхөн хариуцлага алдсан нэрээр яллуулсан. Шоронд ороод буцаад л бүгдээрээ эрүүл мэндийн шалтгаанаар гарч ирсэн. Ялангуяа Эргүүл хамгаалалтын 801 дүгээр ангийн дарга Ш.Батсүх сахарын өвчтэй гэж чөлөөлөгдөж байлаа. Өнөөдөр Монголд сахарын өвчтэй хүнийг шоронгоос гаргавал тэнд хүн үлдэхгүй л болов уу.
-Хохирогчдын ар гэрт мөнгөн тусламж олгосон гэсэн. Та авсан уу?
-2016 онд АН ялсан юм. Эдний үед л хэрэг илэрнэ гэж бодсон. Ингээд Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хотын захиргаа хоёрт сургамжит хөшөө босгоход газар олгож туслаач гэж хүссэн. Ийм хөшөө дэлхийн аль ч улсад байдаг. Үүнээс мартагдашгүй сургамж авах ёстой. Иргэд нь ч тэр, төр нь ч ийм хэрэг хийж болохгүй гэж үздэг. Гэвч хариу өгөөгүй. Үүнээс л МАН ч тэр, АН ч тэр адилхан гэж л харсан даа.
Яахав, 50 сая төгрөг өгсөн юм. МАН шатсан байрныхаа нөхөн төлбөрт 16 тэрбум төгрөгийг Засгийн газраас авсан. Байшингаас дор таван хүн гэж байдаг юм уу. Тэгээд би анх авахгүй гэж гүрийсэн. Ажилгүй хоёр хүн чинь үнэнд гүйцэгдэж авахаас өөр замгүй болсон доо.
-Хүү тань эрх баригчдын эсрэг, төрийг эргүүлэх санаа агуулж үймээнд очоогүй л байлтай, тийм үү?
-Хүү маань Монтанад хоёр жил сурч ирээд Канадын “Камл” компанид орчуулагч, няравын ажил хийж байсан юм. Нярав болохоор хэцүү л дээ. Хамгийн сүүлд ажлаа тарна. Тэр өдөр 22:00 цаг өнгөрч байхад ажлаа тарсан байдаг. Гэр маань Ногоон зоорьт юм чинь, ойрхон гээд III хороололд нагац эгчийндээ хүү амьдарч байсан юм. Мэдээж тэр өдөр өдөржин телевизээр жагсаал дамжуулсан, хүү маань харсан сонссон л байгаа. Орой ажлаа тараад залуу хүүхэд мэдээж хэрэг юу болж байна, яах гэж байна гэж сонирхсон нь лавтай. Гэхдээ төр эргүүлэх гэх нь хаашаа юм. МАН-д тийм элэгтэй байгаагүй. Би өөрөө тухайн үед ардчиллыг дэмждэг, гэр бүлийн хүн маань ч дэмждэг байлаа. Хүү маань тийм орчинд байсан болохоор “Эрх баригчид буруу яваад байна” гэдгийг мэдэрсэн. АНУ-д хүмүүс яаж амьдардгийг очоод үзчихсэн хүүхэд Монголын төр арай л биш яваад байна гэсэн үзэл бодолтой байсан гэхэд гайхаад байх юмгүй. Тиймээс жагсаалыг сонирхоно. Боломж гарвал үзэл бодол ойрхон хүмүүстэйгээ санал бодлоо хуваалцахыг хүссэн байх. Гэвч харамсалтай явдал болсон.
Таван иргэнээ хөнөөсөн МАН ард түмнээс уучлалт гуйгаагүй. “Энэ бол дахиад бид ийм хэрэг хийнэ” гэсэн санаа. Уучлалт гуйна гэдэг “Бид алдаа гаргачихжээ, дахиад ийм алдааг яасан ч давтахгүй” гэсэн санаа. Яахав, Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн нэрийн өмнөөс уучлал гуйсан, сүүлд нь УИХ-ын чуулганы нээлтэн дээр “Би энэ хүмүүсийн өмнөөс ард түмнээсээ уучлал гуйж байна” гэсэн. Хохирогч бидэнд Н.Энхбаяр арван ч удаа уучлал гуйх нь сонин биш. С.Баяр, Ц.Мөнх-Оргил хоёр энэ хэргийг үйлдсэн хүмүүс учраас уучлалт гуйх ёстой. Ц.Мөнх-Оргил Шуурхай штабын дарга байсан. Онц байдлын шуурхай штабын дарга гэдэг онц байдлын үеэр болсон бүхий л асуудлыг хариуцах ёстой. Намын даргын хувьд С.Баяр тухайн үедээ сонгуулийг булхайтай хийгээд тэр булхайгаа дарахын тулд байдлыг эвгүй тийш нь эргүүлсэн. АН жаахан хүлээцтэй хандсаных уу, С.Баяр стандарт бус Засгийн газар байгуулж, МАН алсан хүнийхээ тоогоор таван сайдын суудлыг АН-д өгч байсан.
-Та бүхэн нэлээд удаан хугацаанд тэмцэл өрнүүлж, жагссан. Хохирогчид бүрэн хохирлоо барагдуулж чадсан уу?
-Бид өөрсдийнхөө мэдэх чадахаар, бүх боломжит аргаар тэмцэж байсан. Хэрэв тэр өдөр С.Баяр, Ц.Мөнх-Оргил хоёрыг буудчихвал төр сайхан болох байсан бол би хамгийн түрүүнд буудна. Би тарваганы толгой алддаггүй юм, тэр хоёр данхар толгойг алдана гэж байхгүй. Ер нь энэ төр солигдож, монгол хүнийг хайрладаг, монгол хүний төлөө цохилдог зүрхтэй төр гарч ирж байж л энэ хэрэг илэрнэ. Тэгэхдээ энэ хэрэг илрэхэд тэр 13 цагдааг хэрэгт орчихоосой гэж боддоггүй. Хамгийн гол нь тушаал өгсөн шүү дээ. Тушаалыг Доржид ч өгсөн, Дондогт ч өгсөн, адилхан биелүүлэх байсан.
Гэтэл Өршөөлийн хууль гараад цагдаагийн дарга нар хамрагдсан. Бид өлсгөлөн зарласан юм. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дуудаж уулзлаа. Бид гурван санал тавьсан. Нэгд, гурван хүнийг эмчилгээнд хамруулаач, хоёрт, хөшөөний газрыг олгож өгөөч, гуравт, оршуулгын зардалд айл гэрээс гарсан бодит хохирлыг нөхөн төлж өгөөч гэж хүссэн. Ингээд буудуулж хөгжлийн бэрхшээлтэй болсон гурван хүүхдийг долоон сар орчим Солонгос руу эмчилгээнд явуулж өгсөн. Би төр засгаас “Би та нараас хүүг минь босгоод ир” гэж хэлэхгүй. Гуйгаад ч та нар чадахгүй. Та нар ядаж амьд байгаа хүмүүсийг эмчлээд босгоод өг” гэж л хүсч ирсэн. Энэ гурван хүүхэд хөл дээрээ босоод явчихвал төр надад миний хүүхдийг буцаагаад өгсөнтэй л адил гэж боддог юм. Тэр тусмаа 200 гаруй залуусыг гэмт хэрэгт татаж, шүүхээр яллуулсан. Тэднийг цагаатгаж, нөхөн олговор олгох ёстой.
-Тэдгээр залуус ямар ял авсан бэ?
-Дээд тал нь есөн жил сонссон шүү. Өмнө нь хэрэг хийж байсан хүмүүс давтан гээд хүндэрчихдэг юм билээ. 240 гаруй залуус үймээний хэргээр шоронд суусан. Одоо ч бүгд гарцгаасан л даа. Гэхдээ ямар олиг байх вэ. 240 гаруй хүний ар гэр, хань ижил, үр хүүхэд бүгд л төрд гомдсон хүмүүс яваа шүү дээ.
Эх сурвалж: Өдрийн сонин