Хүний эрхийн үндэсний комисс 2022 оны тайлангаа гаргаад байгаа билээ.
Тус тайлангийн гуравдугаар бүлэгт төрийн албан хаагчдын хөдөлмөрлөх эрхийн асуудлуудыг хөнджээ. Энэ талаар Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Д.Сүнжидтэй ярилцлаа.
-Төрийн алба гэдэг нүсэр том бүтэцтэй маш олон мянган хүнийг хамардаг. Тэгэхээр хоёулаа ярилцлагаа төрийн үйлчилгээний албаныханд чиглүүлсэн нь дээр байх. 2022 оны тайланг гаргахад нийт хэдэн аймгаар явж хэчнээн алба хаагчийг хамруулав?
-Монголд нийт 225,205 төрийн албан хаагч бий. Үүнээс 67.6 хувийг төрийн үйлчилгээний албан хаагч эзэлдэг юм байна.
Энэ дундаа дахин нэг онцлог нь 70 гаруй хувь нь эмэгтэйчүүд. Эдгээрээс бид таван аймаг. нийслэлийн хэмжээнд түүврийн аргаар 2,100 хүнээс судалгаа авсан. Боловсрол, эрүүл мэнд, соёл урлаг, спорт, бусад гэх таван салбараас судалгаагаа социологийн аргаар анкет бөглүүлж, ярилцлагын аргаар хавсарган хийсэн.
-Судалгаагаар хамгийн тулгамдаж буй асуудал нь юу гэж гарав?
-Нэгдүгээрт, цалин хөлс хангалтгүй. Тэрхүү сүлжээг нь харахаар 2022 оны Засгийн газрын 488 дугаар тогтоолоор цалин хөлсний жишгийг нэмсэн. Түүнээс хамгийн бага нэмэгдсэн нь төрийн үйлчилгээний албаныхан юм билээ.
Төрийн захиргааг харахаар 10-15 хувь, төрийн тусгай 40 орчим хувь, төрийн үйлчилгээний албаныхан 8.6 хувь нэмэгдсэн. Гэтэл 8.6 хувийг цалинтай нь уялдуулаад бодоод үзэхээр маш бага мөнгө. Хамгийн бага цалинтай хүн 546 мянган төгрөг. Тэгээд дээшлээд явж байгаа боловч үүний 8.6 хувь гэдэг бодитоор яриад, төгрөгөөр хувилбал маш бага буюу 50 мянган төгрөг ч хүрэхээргүй байгаа юм. Судалгаанд оролцсон 2,100 хүний 73 хувь нь зөвхөн цалингаараа л амьдардаг гэх. Өрхийн нэмэлт орлого гэж байхгүй.
Ямар нэгэн аж ахуй эрхэлдэггүй, цалингаараа л амьдардаг гээд байгаа. Түүнийг нь өрхийн гишүүдэд нь хуваахаар эдгээр хүмүүс эдийн засгийн хувьд гачигдалд амьдарч байна. Өдөр тутмынхаа ахуйн хэрэглээг л залгуулна уу гэхээс аялал, орон сууц гэх мэт дараагийн хэрэгцээний тухай ярих боломжгүй. Өдөр тутмынхаа хоол, унаа, хувцас хунарыг л зохицуулж байна. Тиймээс өөрсдөө ч хэлж байна нэгдүгээрт, цалин хөлсөө сайжруулмаар байна.
Хоёрдугаарт, илүү цагийн мөнгийг олгодог болмоор байна гэж хэлдэг.
-Төрийн үйлчилгээний албаныхны ажлын ачаалал их байдаг шүү дээ?
-Ажлын ачаалал маш их. Ялангуяа эмч нар хэт их гэдэг хариулт өгдөг. Хүн илүү цагаар ажиллах боломжит хугацаа гэж бий шүү дээ. Гэтэл тийм биш, заримдаа хоёр дахин нугалж ажиллах тохиолдол байдаг гэж хариулсан. Илүү цагаар ажиллууллаа гэхэд хүний биеийн нөхцөл байдлаас давсан зүйлийг шаардмааргүй байна.
Ажиллах боломжтой хугацааг нь зааж өгөөд, хууль. стандарт, дүрмээрээ баймаар байна. Хоёрдугаарт, илүү цагийн мөнгөө тооцуулж авмаар байна. Төсөвт суутгагдахгүй, цалингийн зардал байхгүй гэдэг шалтгааны улмаас илүү цагийн мөнгийг тэр бүр өгдөггүй юм билээ.
-Эмч, багш нарт дарамт шахалт бас их тулгардаг байх аа?
-Ялгаварлан гадуурхах, буланд шахах үзэгдэл байдаг гэдгийг боловсролын салбарынхан их хэлсэн. Түүнийгээ юутай холбож байна гэхээр манай удирдлага маш тогтворгүй. Засаг дарга томилж эхэлснээс хойш шалгуур хангасан хангаагүй нь тодорхойгүй, хамт олондоо хүлээн зөвшөөрөгдөж, манлайлж чадах эсэх нь хамааралгүйгээр шууд удирдлагыг томилдог болсон. Энэ нь маш төвөгтэй байна. Жилд давтан давтан солигдоод байна, эсвэл хүн солигдохоор багаа бүрдүүлнэ гээд менежерээ сольдог. Дараа нь бид хэвийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулахад тун төвөгтэй байна гэдэг зүйлүүдийг ярьсан.
Боловсролын салбарыг улс төрөөс хамааралгүй чаддаг нь удирдаж, үйл ажиллагаагаа тогтвортой явуулдаг баймаар байна гэдэг зүйлийг ярьж байна л даа. Боловсролын ерөнхий газрын тоог үзэхэд энэ тоо маш өндөр байгаа юм. Нийт сургалтын үйл ажиллагаа явуулдаг 1,700 орчим сургалтын байгууллага байхад, 769 нь сүүлийн хоёр жилийн дотор захирал нь солигдсон гэдэг тоо баримт бий. Ер нь л улс төрөөс их хамааралтай тогтворгүй юм байна.
-Эрүүл мэндийн салбарт иймэрхүү зүйл ажиглагдав уу?
-Энэ салбарынхан үйлчлүүлэгчийн зүгээс маш их дарамт шахалтад өртдөг. Энэхүү байдал нь коронавируст цар тахлын үеэс илүү илэрсэн. Маш их стресстэй хүмүүс орж ирдэг. Ирэхээрээ дотроо хуримтлагдсан асуудлаа эмч, эмнэлгийн ажилтанд гаргадаг болсон. Зүгээр үг хэлэхээр доромжилдог. Заримдаа бие махбодод нь халдах үзэгдэл гардаг. Ийм байдал эрс ихэссэн гэдэг. Нийслэлийн эрүүл мэндийн газартай хамт судалгаа хийхэд зөвхөн нийслэлд гурван эмч, эмнэлгийн ажилтан тутмын хоёр нь ямар нэгэн байдлаар дайралтад өртдөг гэж гарсан.
Доромжлох, янз бүрээр хэлэх, хаалга үүдийг нь савах, юм авч шидэх, зодох цохих гэх мэтээр байнгын халдлагад өртдөг байна. Энэ тухайгаа яамандаа хандаж мэдэгдсэн боловч та нар наад асуудлаа өөрсдөө шийд, дотроо учраа ол гэдэг байдлаар хандаад, хаяад байгаа юм байна. Үүнийг нь бид буруу гэж үзэж байгаа.
Тэр хүн ажлаа хийж яваагийнхаа төлөө халдлага заналхийлэлд өртөх ёсгүй. Хэрвээ тийм байдалд орсон бол түүний хариу арга хэмжээ авах ёстой. Юун түрүүнд зааварчилгаа, зөвлөмж гаргаад ажиллах хэрэгтэй байна. Ингэж ажиллалаа гээд бодитой үр дүнд хүрснийг мэдэх боломжгүй. Тиймээс ямар нэгэн байдлаар дуудлагаар явсан эмчийг хамгаалах жолооч эсвэл боломжтой бол өөр мэргэжлийн хүн дайчилж болох эсэх, болох бол ямар мэргэжлийн хүн байх, эмч эмнэлгийн ажилтныг бие махбодын заналхийллээс хамгаалах арга хэмжээ авч болох уу, тийм зохион байгуулалт хийж болох уу гэдгийг харах ёстой юм билээ.
Хоёрдугаарт, иргэд эмч хүлээлгэдэг, үздэггүй, уддаг гэх мэт гомдол гаргадаг. Хэрвээ тэгдэг бол эмнэлгийн байгууллагын ёс зүйн зөвлөлд хандаж сур гэдгийг иргэддээ ойлгуулмаар байна. Тэр хүнийг ажлаа хийхэд нь саад болж бие махбодод нь халдаж байхаар энэ эмч ингэж зүй бус үйлдэл гаргалаа гэх тэр бүх мэдээллээ эмнэлгийн ёс зүйн хороонд өгдөг болмоор байгаа юм.
Энэ мэтээр эмч, эмнэлгийн ажилчны хэвийн ажил үүргээ явуулах нөхцөлийг хангамаар байна. Яагаад ийм арга хэмжээ авах нөхцөл байдал үүсээд байна гэхээр цалин бага, дарамт шахалт их, үйлчлүүлэгчээс ч тэр, ажлынхнаас ч тэр.
Ажлынхнаас гэдэгт салбар нэгжийн дарга ялгаварлан гадуурхдаг, урамшуулал илүү цаг боддоггүй. Илүү ачаалал өгдөг, ачааллыг тэгш бус хуваарилдаг. Үүнээс нь болоод энэ салбарынхны ажлаас халшрах байдал ихэссэн.
-Цалин бага, ачаалал дарамт шахалт ихтэй гэхээр яалт ч үгүй ажлаас гарах тохиолдол их байх даа?
-Нэгэнт цалин хөлсөөр тогтоож чадахгүй байгаа ажиллах хүчийг дарамт шахалт үүсгэхээр бүр тогтворгүй болох нь ойлгомжтой. Үүн дээр нэг тоо бий. 2021 онд өөрийнхөө хүсэлтээр 195 хүн ажлаасаа гарч байсан бол энэ тоо жилийн дотор буюу 2022 онд 13,047 болчихсон. Даруй 10 мянга гаруйгаар өссөн. Энэ юуг хэлээд байна гэхээр цалин хөлс өрсөлдөхүйц байж чадахгүй байна. Хувийн хэвшил рүү оръё, эсвэл гадаад явъя гэдэг болсон.
Нэг жилийн дотор өөрийн хүсэлтээр ажлаас гарч байгаа энэ тоо ингэж өсөж байгаа юм чинь бид ажиллах хүчээ гадагшаа шууд юүлж байгаа хэрэг. Өмнө нь гадагшаа хүмүүс явлаа л гэдэг байсан болохоос яг хэдэн хүн явж байгаа судалгаа байгаагүй. Гэтэл нэгхэн жилийн дотор зөвхөн төрийн үйлчилгээний албанаас энэ тоо гарч ирсэн. Үүний хамгийн гол шалтгаан нь цалин хөлс. Хоёрдугаарт, ажлын байрны дарамт шахалт, ачаалал гэдэг зүйлийг л ярьж байна.
-Мөн энэ шалтгаанаас гадна үүрэгт ажлаасаа өөр ажил хийх тохиолдол байдаг гэж сонссон юм байна. Энэ талаар судалгаанд оролцогчид дурдсан уу?
-Төрийн үйлчилгээний салбарын слесарь, мужаан, үйлчлэгч, цахилгаанчин гэх мэт ажил хийдэг хүмүүсийн яриад байгаа зүйл нь өөрийнх нь ажлын байранд заагдаагүй ажлуудыг хийдэг гэдгийг хамгийн их дурдсан байна лээ.
Жишээлбэл, ажлын байрандаа засвар хийх, нүүх тохиолдолд өөрт оногдоогүй ажил хийхийг тулган шаарддаг. Орой үдэш ажиллахыг шаарддаг. Өөрөө мужаан биш боловч өөр хүн байхгүй юм чинь чи хийчих гэх мэтээр ханддаг. Би мэргэжлийн хүн биш чадахгүй гэхээр дараа дараагийнх нь хөдөлмөрлөх нөхцөлөөр барьцаалдаг юм байна. Ярилцлагын явцад нэг хүн ярьсан байна лээ.
Сургуулийн дээвэр засварлах ажил хийгдэхэд тухайн хүнийг хий гэхэд нь чадахгүй гэтэл хийхгүй бол болохгүй. Хэрэв чи хийхгүй бол ажлаас хална гэсэн юм билээ. Түүнийг нь хийж байгаад гэмтсэн тохиолдлыг дурдсан байсан.
-Та түрүүн таван салбарт судалгаа хийсэн гэж байсан. Соёл, спортынхны хувьд онцлог юу байв?
-Нэгдүгээрт, нөгөө л цалин хөлс бага. Хөдөлмөрийн нөхцөл тодорхойгүй. Жишээ нь, өнгөрсөн гуравдугаар сард Хөвсгөлд "Мөсний баяр" болсон. Түүн дээр бүжигчид очоод нимгэн тэрлэгтэй бүжиглэсэн гэж байгаа. Түүнийг нь Соёлын яаманд бид хэлсэн л дээ. Зугаа цэнгэл шоу үзүүлбэр үзүүллээ ч гэсэн хүнийхээ аюулгүй байдлыг нэгд тавих ёстой. Та нар хасах хэмд нимгэн тэрлэгтэй бүжиглүүлээд, түүнээс нь болоод тэр хүн өвдвөл яах юм бэ. Өвдвөл өөрөө эмчлэх юм уу, ажлын байрандаа өвдсөн гэж үзэх үү яах юм бэ. Стандарт гэж байна уу, түүнийгээ баримталмаар байгаа юм.
-Эдгээр ажлын байрандаа бэртэж гэмтсэн, өвдсөн хүмүүс ямар нэгэн байдлаар гомдол гаргадаг уу?
-Гэтэл эдгээр хүмүүс ерөөсөө гомдол гаргадаггүй юм байна. Байх л ёстой юм шиг л ханддаг. Түүнийг нь аль ч байгууллагад ойлгуулмаар байгаа юм. Мэдээж ажлын онцлог байна л даа. Шөнө орой ажилладаг, амралтын өдөр ажилладаг. Томилолтоор их явдаг гэх мэт аль ч ажилд онцлог гэж байгаа. Түүнийгээ ойлгоод хийж байгаа хүмүүс бий боловч наад захын стандартыг хангах ёстой.
Өөрсдөөсөө шалтгаалсан болох хэмжээний стандартыг тогтоох ёстой. Түүнийгээ дотоод журамдаа заах гэх мэт зохион байгуулалтаа хийх ёстой. ХЭҮК-т ирж байгаа гомдлуудыг харахад багш нараас гомдол их ирдэг. Төрийн үйлчилгээний салбараас хамгийн түгээмэл нь туслах багшийн цалингийн асуудлыг яагаад адилхан тооцохгүй байна.
Ангилал зэрэглэлийн асуудал өөр байна. Ачаалал их гэх мэтээр асуудлууд ирдэг. Эмч нар төдийлөн гомдол гаргадаггүй юм билээ. Түүнийгээ юу гэж тайлбарлаж байна гэхээр гомдол гаргах сэтгэлгээ хандлагагүй хүмүүс гэдэг юм байна. Тангараг өргөдөг. Ер нь хүлцэн тэвчих сэтгэхүйг суулгачихсан байдаг юм байна.
Гэтэл өнөөдөр тулгамдаад байгаа асуудал нь хамгаалахаас өөр аргагүй түвшинд хүрчихсэн. Ажлаа хийж байгаагийнхаа төлөө яагаад аюулгүй байдалдаа заналхийлүүлээд байж байх ёстой юм. Түүнд үнэхээр арга хэмжээ авах ёстой.
-Төрийн албаныханд нийгмийн баталгааны асуудал хэр боломжтой байдаг вэ?
-Олон арга хэмжээ байж болно л доо. Гэхдээ төрийн үйлчилгээний салбарын судалгаанаас харахаар сургалтын үйл ажиллагаа явуулах, эрүүл мэндийн үзлэгт оруулах л гэж ойлгодог юм байна лээ. Үүнийг л нийгмийн баталгааны хөтөлбөртөө хэрэгжүүлдэг гэж ойлгодог.
Гэтэл энэ салбарын хамгийн том хэрэгцээ орон сууцны нөхцөл байдаг .Тэгтэл тэр нь хамгийн муу. Хүртээмжгүй, тодорхой хөтөлбөр байхгүй, хөтөлбөр байсан ч санхүүжилтээс болж хэрэгждэггүй. Би тэдэн жил тогтвортой ажиллачихвал ингэнэ, тэгнэ гэсэн ирээдүйн дүр зураг бүрхэг.
Сая харин "Хөдөөгийн сэргэлт" хөтөлбөрийн хүрээнд тиймэрхүү зүйлүүдийг нь шийдэж өгөх боломж нь бүрдэж байгаа тухай мэдээлж байсан.
-Энэ бүх асуудлуудыг судлаад тулгамдаж буй зүйлүүдээ тодорхой болгочихоор шийдлүүдээ тогтож чадсан уу. Яаж шийдэх боломж байна гэж харж байна вэ?
-Эхний ээлжид төрийн үйлчилгээ төдийгүй төрийн албаны хүний нөөцөө яаж бүрдүүлэх вэ гэдэг бодлогоо шинээр тодорхойлох шаардлага үүсжээ.
Одоогийн бодлого явахгүй байна шүү дээ. Өмнөх суурин дээрээ л бид явж байгаа болохоос энэ маягаараа дахиад таван жил явахад төрийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байж чадахгүй болчихлоо. Тиймээс шинээр тодорхойл.
Төрийн албаа тогтвортой авч явахын тулд Төрийн албаны тухай хууль баталсан. 2017 онд батлаад, 2019 оноос хэрэгжиж эхэлсэн. Түүнийг батлахын өмнө маш их судалгаа хийсэн. Төрийн албанд улс төр нөлөөтэй байдаг юм байна. Хараат бус мэргэшсэн байж чадахгүй байна гэх мэтээр судлаад, түүнийхээ үр дүнд хууль баталтал сүүлийн дөрвөн жил энэ хуульд 17 удаа нэмэлт өөрчлөлт оруулсан байгаа юм. Тэгэхээр энэ харилцаа тогтвортой байж чадахгүй байна.
Эрүүл мэндийн салбарт эмч ажилчдын аюулгүй байдлыг хангах. Нэгдүгээрт, ЭМЯ нэн тэргүүнд заавар гаргаад боломжит арга хэмжээг авчих. Тэгээд дараа нь хуульд оруулах гэх мэтээр арга хэмжээг нэн даруй авах шаардлагатай байна. Мөн цалин хөлсний тооцооллыг үндэслэлтэй хийх, амьжиргааны түвшинд нөлөөлөхүйц байдлаар нэмэгдүүлэх хэрэгтэй байна. Тэр нь яах вэ гэхээр олон улсын жишигт хийж байгаа ажлын байрны тодорхойлолт нь ажлын байрны шинжилгээ гэж хийдэг юм байна л даа. Хэн ямар ажил хийдэг вэ. Хэдэн цаг ажилладаг вэ. Ямар ачаалал авдаг вэ гэдгийг шинжлээд, түүнд нь тохирсон цалин хөлсийг тооцоолдог.
Манайд хуульд заасан үүргийн дагуу тэгж тооцоолж өгдөг гэж байгаа. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Төрийн албаны зөвлөлд энэ үүрэг ногдож байгаа юм л даа. Тэр тооцооллыг нь Засгийн газраас, УИХ-аас баталдаг. Гэхдээ энэ цалин хөлсний тооцоолол, нэгдмэл байдал нь алдагдчихжээ. Яагаад алдагдсан гэхээр төрийн алба хаагчаас асуухаар нэг номерт хэлж байгаа зүйл нь ялгамжтай хандаж байна гэдэг.
Яаж гэтэл орон нутгийн нэмэгдлийг өгөхөөр болсон. Түүнийг Засаг даргын Тамгын газрын харьяа төрийн захиргааны албан хаагчдад өгөхөөр болсон. Тэгээд нэг аймагт нь 80 хувиар тогтоосон. Гэтэл нөгөө аймаг нь 20 хувь. Яагаад гэвэл аймаг аймгийн төсвийн бололцоо өөр. Тэр нь төрийн захиргааны албан хаагч гэчихсэн учраас төрийн үйлчилгээний алба хаагчид дээр энэ нэмэгдэл нь очихгүй.
Зарим нь боломж гаргаад өөрсдийн иргэдийн хурлаар шийдээд өгчхөж байна. Ингэхээр иргэдэд юу үүсэж байна гэхээр яагаад сумын Засаг даргын тамгын газрын галч улсын бүртгэгч надаас илүү цалин авдаг юм гэдэг асуудал үүссэн. Босоо удирдлагатай юу, хэвтээ удирдлагатай юу гэдэг ялгаа болчихсон.
Хоёрдугаарт, орон нутгийн иргэдэд хамаарагддаг уу, үгүй юу гэдэг ялгаа гарчхаж байгаа юм. Мөн хэвтээ түвшиндээ адилхан яаманд ажиллаж байж. адилхан агентлагт ажиллаж байж харилцан адилгүй байна, зарим салбарт илүү тооцож байна гэсэн асуудлыг бас ярьдаг. Энэ мэтээр цалин хөлсний зөрүү салбараас хамааралтай, орон нутагт ажилладаг эсэхээс хамааралтай харилцан ялгамжтай байдал маш их үүсдэг.
Эх сурвалж: Өдрийн сонин