Оюутолгой ордын гүнийн уурхайн олборлолтыг аюулгүй байдлаар эхлүүлж, нэг тонн хүдэр боловсруулахад ашиглаж буй усны хэмжээг олон улсын бусад уурхайн зарцуулдгаас доод түвшин (0.4 шоо метр)-д хадгалж буйг “Оюутолгой” ХХК-иас мэдээллээ.
Тус компани оны эхний улиралд 312 тэрбум төгрөгийг татвар, хураамж болон бусад төлбөрт зарцуулсан үйл ажиллагааны голлох үзүүлэлт, гүний уурхайн олборлолтын явцаа сэтгүүлчдэд танилцуулсан юм.
21 дэх хүдэр буулгуурыг аюулгүй тэсэлснээр Оюутолгойн бүлэг ордын эрдсийн өндөр агуулгатай хэсгийг агуулсан гүний уурхайн олборлолтыг эхлүүлээд байна.
Ингэснээр жилд олборлох зэсийн хэмжээг 500 мянган тоннд хүргэх төлөвлөгөөтэй ажиллаж буй.
“Оюу толгой” уурхайн гүнийн уурхайн олборлолт нь Монгол Улсын Засгийн газар болон "Рио Тинто" группийн амжилттай түншлэл, хамтын зүтгэлийн үр дүн гэдгийг онцолж байна.
“Оюу толгой” компанийн гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер хэлэхдээ, “Бид цаашид техник, технологийн чадавхыг бэхжүүлэхийн сацуу манлайллыг дэмжих замаар бизнесээ хөгжүүлж, хүний нөөц, орон нутаг, байгаль орчны чиглэлээр өгсөн амлалтаа биелүүлэн ажиллана. Гагцхүү бид одоогийн түншлэл, нягт хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн ажилласнаар тус амлалтаа биелүүлэх юм” гэдгийг онцоллоо. Үйл ажиллагааны тайланд дурдсанаар:
-
Аюулгүй ажиллагааг нэн тэргүүнд тавьж гэмтэл, бэртлийн давтамжийн үзүүлэлт 200.000 хүн/цаг тутамд 0.14 байв,
-
Нийт ажилтны 97 хувийг монголчууд, мөн 23.1 хувийг (“Оюу толгой” ХХК-ийн) эмэгтэй ажилтнууд тус тус эзэлж байна.
-
Татвар, төлбөр, хураамж хэлбэрээр 89 сая ам.доллар буюу 312 тэрбум төгрөгийг Монгол Улсын Засгийн газарт төлсөн. Нийлбэр дүнгээр 2010 оноос хойш нийт 3.98 тэрбум ам.доллар буюу 9.2 их наяд төгрөгийг дээрх хэлбэрээр төлжээ. Үүнд Монголын ханган нийлүүлэгчдэд төлсөн НӨАТ багтаж байна.
-
609 ханган нийлүүлэгчтэй хамтран ажилласны 412 нь үндэсний ханган нийлүүлэгч байв. Үйл ажиллагааны худалдан авалтынхаа 72 хувийг үндэсний ханган нийлүүлэгчдэд зарцуулжээ.