СУИС-ийн хөөмэйн ахлах багш, профессор, УГЗ Б.Одсүрэнтэй ярилцлаа.
-Хөөмэй бол манай үндэсний урлагийн төрөл мөн. Гэхдээ хувь хүнд тусгай өгөгдөл байж хөөмэйлдөг гэж ойлгодог. Энэ ойлголт зөв үү?
-Нэр томьёоноос эхлэх хэрэгтэй. Хөөмэй гэж бичмээр, гэтэл босоо монгол бичгээр хөгэмэй гэж бичих жишээтэй. Миний бодлоор хос эгшгээр дуугарч байгаа болохоор урт эгшгээр бичихгүй байх нь зөв байх аа. Хүний нүүрэн тал бие эрхтэнийг дух, магнай, хуйх, хөмсөг, хянган хамар, нүд, сормуус, хамрын самсаа гэж нэрлэдэг. Дараагийн дугаарт ойч, хүн /хамрын хоёр нүхний доод талын босоо зураас/, шанаа, түүш, уруул, эрүү, эгэм /хэрлэг/ гэнэ. Эрүү, эгэм хоёрын хоёрын хоорондох 4 хуруу зайг хөөмэй гэж нэрлэнэ. Эвэнг ч юм уу, түнгүс үндэстнүүд хоолойгоо өвдөхөөр хөөмэй өвдлөө гэж ярьдаг. Үнэгний сахал омрууны үсийг хөөмэй гэж нэрлэснийг судлаачид хөөмэй гэж тогтоосон.
-Үнэгний хэнхдэгийн арьсаар хийсэн малгай, бойтгийг үнэгний хөөмэйн малгай, бойтог гэж нэрлэдэг. Түүнтэй холбогдох уу?
-Тийм. Тэр чинь хүний бие эрхтэн дээр байж байна. Монгол Улсын 3 дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын хөөмэйн тухай зарлигт хөөмэй гэж бичсэн байдаг. Уг зарлигт хөөмэйг дэлгэрүүлнэ, сургана, сурталчилна гэсэн заалт бий. ЮНЕСКО-д хөөмэйг биет бус өвөөр бүртгүүлэхдээ хөөмэй гэж бичсэн байгаа. Гэтэл сүүлийн үед хөөмий гэж урт эгшигтэй бичээд байх боллоо. Хөөмэйн төлөө зовж шаналж явдаг хүний хувьд зөв бичиж, хэлж, хэрэглэж байгаасай л гэж боддог.
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт тусгайлан орсон хөөмэйн сургалтын талаар эхлээд ярих уу?
-Энэ тухай ярихын тулд Одсүрэн гэж хүн өөрөө хөөмэйг анх яаж сурсан юм бэ гэдгээс эхлэх хэрэгтэй болно. Би Завхан аймгийн Алдархаан сумын Өгөөмөр багийн хүн. Хүүхэд байхад нутгийн ах нар хөөмэйлж, янз бүрээр дуу авиа гаргахад нь даган дуурайдаг байсан. Борхын голын усанд зуны цагт ах нар орно. Тэднийг дагаад байхаар намайг усанд оруулаад, гэдсэнд дээр суугаад дуугар гэнэ, би хариугүй ээ, уйлчихна. Толгой ус руу дүрж байгаад дарна. Тэгэхээр уу, уу, уу гээд дуугарна. Ус залгиад хахаж, цацна. Тэгээд зөв дуугараад ирэхээр ах нар сонсож эхэлнэ. Бүр одоо гоё дуугарч байна гэх жишээтэй. Тэмээн дээр өө үү өө үү өө үү гээд дуугарна. Нутгийн ах нар сайвар морин дээр, зуны цагт энгэр задгай исгэрнэ. Тэр их сайхан. Хүүхдэд ямар юмных нь сайвар, хөнгөн хөлтэй морь байх вэ дээ. Гэхдээ хээр гарчихаад, хонины хашин мориндоо мордоод энгэр задгайлаад исгэрч, өөртөө л хөөмэйлнэ. Ингэж л нутгийн ах нараас надад өвлөгдөж ирсэн дээ.
-Өв тээгч таны сая ярьсан бол хөөмэй сурах анхны хэлбэр. Харин албан ёсны сургалтад яг хэзээ хамрагдсан тухайд...
-Сургуулийн хүүхэд хөөмэйлж байсан л даа. Насанд хүрээд цэрэгт татагдсан. До рэ ч үгүй нөхөр хөөмэй дуугармаглана. Завхан аймгаас 1969 онд цэрэгт татагдсан залуусыг нэг машинд 25-аар нь суулгаад, 20 гаруй машин Хар усан тохой дээр ирсэн. Тэнд нэрс дуудаад л байна. Баатарын Одсүрэн 126 дугаар ангид гээд дуудлаа. Зүүнбаян руу хуваарилагдлаа. Тэнд очоод каринтилагдлаа. Гэтэл нэг аккордеон үүрсэн цэрэг, нэг дарга хоёр яваад л цэргүүдийг дуулуулаад шалгаад байх юм. Хоёрдугаар батальон хоёрдугаар ротын яг манай салаан дээр ирлээ. Жагсаалын дунд хавьцаа нуруу таарна, тэндээ зогсож байлаа. Жагсаалын дээгүүр Говь-Алтайн хар Цэрэндаш /Улсын начин/, Буянт, Доржсүрэн нар зогсоно. Манай Цэрэндаш эд нар огт байхгүй хазгай муруй аваад л хаях юм. Миний ээлж ирлээ, би “... Алтан наран хэвийх зүгт...” /Цэргийн бодол/ аваад хаялаа. Өөр юу хийж чадах вэ гэж байна. Хөөмэйлдэг гэлээ, хөөмэйлүүллээ. Хахан цацан байж Гоож нанааг хөөмэйллээ. Тэгээд л яваад өглөө. Цэргийн карантин буухад би 126 дугаар нэгтгэлийн хөгжмийн салаанд хуваарилагдсан. Энэ шалгалтад 1000 цэрэг орж, 2 цэрэг тэнцэж орсны нэг нь би хөөрхий.
Жамбалсүрэнгийн Дэндэв гэж армийн хурандаа, хөгжмийн байцаагчид шавь орж, ноот заалгаж эхэллээ. Миний хөөмэйчин болох урлагийн зам армиас эхэлсэн дээ. Улс хувьсгалын 50 жилээр, 1971 онд Зүүнбаянгийн цэргийн хөгжмийн салаанаас хугацааны цэрэг тууль хайлж орж ирлээ. Намхан биетэй, сөөнгөдүү хоолойтой хүн намайг шалгаад “... хэ ээ хэ...” чи ламын дуу хоолойтой байна, дуулдаг бол /найрал дууныхан руу заагаад/ тэр дунд байж бай гэдэг юм. Тэгээд л өнгөрсөн. Харин 1981 онд дахиад армиасаа хөөмэйлээд ороод ирлээ. Гэтэл 1971 онд шалгаж байсан нөгөө хүн дуудав. Хүрээд очтол чи Дорноговийн хүн мөн биз гэдэг юм. "Би чамайг эрээд олохгүй байсан юм. Чиний өмнө би нүгэл үйлдсэн" гэлээ. Тэгээд л нутаг ус асуухад нь өөрийгөө танилцууллаа. Гэтэл "арми чиний байх газар биш" гэлээ. Надтай яриад байгаа тэр хүн маань нөгөө алдарт Жамцын Бадраа байсан. Армид хөөмэйлдэг, тууль хайлдаг хүн тухайн үед ховор, Ж.Бадраа гэж хүний нүдэнд тэгж өртсөн. Намайг армиас халагд ухааны юм ярилаа. Армид 10 гаруй жил болсон хүн халагдахад хүнд шүү дээ. Ж.Бадраа багш намайг цэргийн тэтгэвэр тогтоолгоод, 1989 онд хоёр сайдын хамтарсан тушаалаар Соёлын яам /урлагийн амьдрал/-д шилжүүлсэн дээ.
-Тэгээд урлагийн амьдралд "хөл тавиад" хаана анх очсон юм бэ?
-Хүүхдийн паркт үлгэрч, туульч, ерөөлч магтаалч гэдэг албан тушаалтай болох нь тэр. Тэнд Жамцын Чойен намайг угтаж авсан юм. Хүний хувь ерөөл их сонин шүү. Нэрлэсэн багш нарынхаа гараар ороод уран бүтээлч болох зам ингэж нээгдсэн. Хөөмэйлнэ, үлгэр хэлж, тууль хайлах үндсэн ажилтай болсон учраас тэндээс бусдад танигдаж эхэлсэн байна. Тайваньд Жангар, Чингис, Гэсэр зэрэг тууль хайлах болж, тухайн үеийн Соёлын сайд Н.Энхбаяр /1992-1996 он/ намайг явуулсан юм. Тэнд би бараг 3 сар болж, уралдаанд 1 дүгээр байранд орсон. Ийм л учиртай. "Түмэн эх" чуулга байгуулагдаж, эхэн үедээ Т.Ганболд хөөмэйчнийг гаднаас хөлсөөр авдаг байсан. Тэр хашаанд үлгэрийн гэрт нь би хөөмэйчин байлаа. Удалгүй "Түмэн эх" чуулга, үлгэрийн гэр хоёрынхоо дунд би явдаг болов. Гэтэл "хүүхдүүд чам дээр ирж хөөмэй сурч байна. Ерөөсөө чи чуулгад түүнийгээ заа" гэж АИХ-ын депутат, Улаанбаатар хотын Хүүхэд, залуучуудын "Найрамдал" паркийн захирал С.Лунаа хэлсэн юм. Тэгээд Д.Гантулга, Д.Түвшинбаяр, Б.Батжаргал нарт хөөмэй заасан. Тэд мундаг хөөмэйчид болсон байна. Д.Түвшинбаяр маань гавьяат боллоо.
СУИС 2004 онд анх хөөмэйч бэлтгэх анги нээсэн
-Таныг нутгийнхаа ах нарыг даган дуурайж, сургууль цэргээр дамжаад хөөмэй сурч байхад хөөмэй өөрөө хаягдчихсан шахуу байсан үе шүү дээ?
-Ж.Бадраа багш маань Ховдын Чандмань хөөмэйн голомт маягтай үг хэлсэн тохиолдол бий. Манайхны дунд хөөмэйчин Ховдод байдаг гэсэн ерөнхий ойлголт хадгалагдсан үе л дээ. Гэтэл Цаана нь Увс, Завхан, Баян-Өлгийн Цэнгэлд хөөмэй байсан л байхгүй юу.
-Ардын урлаг, хөөмэй тантай цуг мэргэжлийн урлаг болох гээд яваад л байна. Албан ёсны сургалттай, мэргэжлийн урлаг болох үе шат хэзээ эхэлсэн юм бэ?
-Гурван хүүхдэд хөөмэй заасан тухай ярьсан даа. Тэр бол олны хүртээл болсон эхний сургалт. Түүнээс өмнө ганц нэгээрээ ирээд хөөмэй заалгаж байсан хүүхдүүд бий. Намайг тэр үед хөөмэйч мэргэжилтэн бэлтгэх сургалтын байгууллага ажилд аваагүй байсан. Ийм байдлаар явсаар байгаад 2004 онтой золгосон доо. СУИС-ийн багш Г.Ганцэцэг гарын авлага материалгүй цагаан тал дээр 2004 онд хөөмэйн сургалт эхлүүлсэн юм шүү дээ. СУИС-ийн захирал тэр үед Д.Цэдэв байсан даа. Тэд л энэ сургалтыг эхлүүлсэн юм. Ховдод 2004 оны намар хөөмэйн уралдаан болох зар гарлаа. Хөөмэй судлаач Г.Ганцэцэг, хөөмэйч Тойвгоо /Увсын гэж алдаршсан/, Сэнгэдорж /Ховдын УГЖ/, Батчулуун /Монгол дархан судлаач, СГЗ/ нар шүүлээ. Би С.Загд-Очир, Ч.Бат-Оюун нарын гурван шавиа аваад уралдаанд орохоор тэнд очлоо. Тухайн үед би МУИС-ийн урлаг судлалын тэнхимд багшилж байсан юм.
-Та хөөмэйн сургалт эхлээгүй байсан гээд байсан. МУИС-д багшилж байсан юм байна шүү дээ?
-МУИС-ийн урлаг судлалын ангид судлаачаар суралцаж байсан гурван оюутанд уламжлалт шавь сургалтаар хөөмэй зааж байсан хэрэг л дээ. Уралдаанд орсон манай 3 хүүхэд эхний байруудад гараад ирлээ. Ховдоос 2004 оны 9 дүгээр сарын 3, 4-ний үед хүрээд иртэл ОХУ-ын Буриад улсад “салхиар дуудагч” гэдэг хөөмэйн уралдаан зарласан тухай сонслоо. Энэ уралдаанд Буриад, Тувагаас хөөмэйчид орох бололтой. “Ганц морьт уралдаач, ганц дээлт барилдаач” гэгчээр нөгөө гурвыгаа дагуулаад гараад өглөө. Буриадын Улаан-Үүдийн Соёлын дээд сургуулийн дэргэдэх хүрээлэн байдаг, тэнд хүрээд очтол судлаач Г.Ганцэцэг хөөмэйгээр илтгэл тавихаар очсон байв. Тэр уралдаанаас манай гурав гран-при 1, 2 дугаар байрыг нь аваад ирлээ. Үүний дараа СУИС 2004 оны 9 дүгээр сарын 10-нд хөөмэйн анги шинээр нээж, анхны 9 элсэгчийг авсан юм. Эндээс хөөмэйн албан ёсны сургалт эхэлсэн гэж хэлж болно. Тэгэхэд сургалтын батлагдсан хөтөлбөр төлөвлөгөө байхгүй. Би бол хувьд хөөмэй заах сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөтэй байсан. СУИС-ийн хөөмэйчин бэлтгэх сургалтын төлөвлөгөө миний хувиараа бэлтгэж байсан хөтөлбөр төлөвлөгөөн дээр түшиглэн баяжиж, албан ёсных болсон доо.
СУИС-д юу үзэх ёстой байна, түүнийг үзсэн мэргэжлийн хөөмэйч бэлтгэгдэж байгаа. Энэ оны байдлаар 80 гаруй бакалаврын зэрэгтэй мэргэжлийн хөөмэйчин бэлтгэгдсэн байна. Түүнээс гадна 30 орчим магистр, 1 доктор, 2 гавьяат, 1 хөгжмийн зохиолчтой болжээ. Үүнд СУИС-ийн захирал байсан Д.Цэдэвийн хичээл зүтгэл их байсан шүү. Хувь хүний хүчин зүтгэл гэж бас байна. Манай сургуулийн сургалтын албаны дарга Сүхтогоо гээд сайхан эрдэмтэн байлаа. Гэтэл хөөмэйн сургалтын тусгай зөвшөөрлийг хөөмэй заавал албан ёсны сургалттай байх албагүй гээд, БСШУЯ олгодоггүй гэнэ. Сүхтогоогоосоо би ямар хүн байна гэж асуулаа. Гэтэл Архангайн Бат-Эрдэнэ гэж хүн байгаа гэлээ. Түүн дээр яваад очлоо. Гэтэл таньдаг хүн байж таарлаа. АНУ-ын Бтисбург хотод 2002 онд би урилгаар хэдэн сар багшлахад тэнд докторт сурч байсан, намайг тэнд угтан авсан Р.Бат-Эрднэ байдаг юм байна. Би ч хөөмэйн сургалтын тусгай зөвшөөрөл авах гэж ирсэн зорилгоо хэллээ. “Та багшлах юм уу” гээд тусгай зөвшөөрөл өгсөн дөө. Бидний бэлтгэсэн хөөмэйчдийг сүүлд үзээд Бат-Эрдэнэ бахархсан шүү. Бие биеэ хүлээн зөвшөөрөх, асуудлаа зөв ойлгуулах, хүн хоорондын харилцаа их чухал гэдгийг хэлэх үүднээс энэ бүхнийг ярьж байна.
-Хөөмэй судлагдахуун, судалгааны объект мөн үү?
-Мөн. Эхлээд хөөмэйчинтэй болох, мөнгө олох хэрэгсэл болгох гэж нэг хэсэг үзлээ. Судлаач бэлтгэж байгаа. Япон, Франц болон бас бус орноос судлаачид ирж байна. Хөөмэй бол судалгааны хувьд атраараа байгаа гэж хэлж болно. Доктортой гэж дээр хэлсэн дээ. Хөөмэй заах аргаар Л.Хэрлэн гэж эмэгтэй докторын зэрэг хамгаалсан юм. Одоо 3 судлаач бэлтгэж байна. Хөөмэйчин хүн хөөмэйгээ судлах, хөөмэйлэхгүйгээр судлах хоёрт ялгаа байна.
Хөөмэй “хүн” хөгжим
-Тань шиг биеэрээ туулж өөрөө хөөмэйлж, зааж сургаж судалбал илүү үр дүнтэй гэж үзэж байна уу?
-Биеэрээ туулж, өөрөө хийж чаддаг зүйлээ судлах нь шинжлэх ухааны үндэстэй байна гэж хэлээд байгаа юм. Хөөмэйлдэггүй судлаач нар өв тээгч нарын хэлж ярьсан зүйлийг л тэмдэглэж авна. Түүн дээрээ өөрөө биеэр хийдэггүй учир алдаа гарах магадлалтай нь ажиглагддаг.
-Хөөмэй одоо системчлэгдсэн үү?
-Уламжлалт хэлбэрээсээ бол урагшилсан. Гэхдээ арай бүрэн гүйцэд системчлэгдээгүй байна. Одоогоор хөөмэйд танигдаагүй, нээгдээгүй маш их зүйл байгаа гэж ойлгож болно. СУИС, МУИС-ийн хүрээнд хөөмэй "буух бууриа сонгоод атар газар буусан" айл шиг байна. Гэрээ барьсан, гэрийнхээ тавилга, хаана юугаа байрлуулах вэ гэдэг дээр явж байна. Шинжлэх ухааны эргэлтэд орох арга зам нь нээгдсэн шүү. Энд хийх юм маш их байна. Одоо яаж дуу гаргах вэ, цуурай доод өнгөн дээрээ бясалгалын хэлбэр байна уу, нойр яагаад хүрэв, яагаад залхуу хүрэв, нарийн исгэрээ хөөмэйн дээрээ яагаад нойр сэргэв гэх мэтээр ялгаж салгаж судална. Ялангуяа хээрийн дадлагад гараад явахаар халуунд исгэрэхээр урдаас салхи сэвэлздэг дээ. Хүн, байгаль хоёр салхи сэвэлзэхэд холбоотой байна уу. Гэтэл амьтан яаж байна. Эрт дээр үеэс анчид амьдрахын эрхэнд хоолой гүрээгээрээ гөрөөс шиг ягирах юмуу, буга шиг урамдах ч юм уу дуугардаг байсан, үгүй дээ л бид тарвага даллахыг мэднэ дээ. Хөөмэйн эх үүсгэвэр нь амьдрахын эрхэнд гарч ирээд байгаа юм. Хөгжсөөр, хөгжсөөр байгаад хос эгшигтэй дуугаралт бий болжээ.
-Ховдын зарим ястныг л хөөмэйн гал голомт гэдэг ойлголт өнөөдөр өөрчлөгдөөгүй байна. Хаанаас гарал үүсэлтэй талаар өв тээгчид олон зүйл ярьдаг байж таарна. Аман болон янз бүрийн хэлбэрийн судалгаагаар хөөмэйн гарлыг тодорхойлсон нь байдаг уу?
-Хөөмэй яагаад эрс тэс дуугардаг юм бэ, өвлөгдөөд хаана яаж үлдсэн юм бэ гэдэгт би “Ховд аймгийн Жаргалант хайрхнаас Завхан аймгийн Отгонтэнгэрийн хооронд зундаа 40 хэм хүрч хална, өвөлдөө зарим газар нь 50, 60 хэмд хүрч хүйтэрнэ. Их нууруудын хотгор газраар өвлөгдөн байжээ” гэж хариулна. Ууланд тошсон сарлагийг буулгахын тулд дүүгүүрийн чулуу шиг дуу, чимээ гаргаж буулгаж байсан байна. Ийм учраас хүн, амьтан, байгаль 3-ын шүтэлцээт урлаг гэж үздэг.
-Монголчуудын эрт дээр үеэс бий болгосон бэлчээрийн мал аж ахуй энэ урлагийн эх суурь болж өгч байгаа хэрэг үү?
-Тийм, хүн, байгаль, амьтан гурав дуу чимээгээрээ шүтэлцэж байгаа биз дээ. Ахуйтай холбож тайлбар хийж болно. Гэрийн цагаан бүрээс барих гэж байхад хүүхдүүдийг шуугихаар “дэмий битгий шуугиад салхи өдөөгөөд бай” гэж хэлдэг дээ. Хүүхдийн дуу чимээ амсхийх зуур гэрийн цагаан бүрээсээ нөмөргөөд авдаг. Энэ бол хүн байгалийн шүтэлцээт юм явагдаад байгаа нь тэр. Ингээд явахаар заавал тэнд байх ёстой юу, түүнийг яагаад сургалтаар бусад газар бий болгож болдоггүй юм бэ гэдэг асуудал гарч ирнэ дээ. СУИС сургалт явуулж байгаа болохоор элсэлт авч таарна. Монголчууд аливаа зүйлийг зааж сургахдаа эдний нэг түнтгэр хүү бөх болно шүү, эдний бор охин дуучин болно гэх байдлаар сурах хүнийг шинжиж, судалж авч байсан байна. Миний хувьд 30 жил хөөмэй заасан сургалтын арга барил бий л дээ. Хөөмэйлэх хүн нэгдүгээрт сонсгол сайн, өтгөн хөмсөгтэй, хараа тогтуун, хянгандуу хамартай, самсаа сартгар, уруул зузаан, шүд бүрэн, хэллэг тод хүнд хөөмэй заахад боломжтой. Хүүхдүүдийг тэр шинжээр үзэхэд зөвхөн Ховдоос бус Дундговь, Өмнөговь, Хэнтий Дорнодоос гараад ирж байна. Зөв хүнээ сонгож чадвал өв тээгчийг сургаад авч болно.
-Монгол Улсын одоогийн засаг захиргааны аль ч нэгжээс хүнээ таньж авах юм бол өв тээгч, хөөмэйч гараад ирэх боломжтой байх нь дээ. Тийм үү?
-Ховд тэртэй тэргүй хөөмэйтэй, Баян-Өлгий Цэнгэл суманд байна, Увсын Тэс засаг захиргааны нэгж бүрд байна. Цаашаа явахаар Баянхонгор аймгийн Баянбулаг сум хөөмэйн голомттой, тэнд маш хүйтэн юм билээ. Одоо аймгууд өөр өөрийн хөөмэйчтэй болж байгаа. Хөөмэйчин, хөгжимчнөөр 20 жил ажиллавал урлагийн бусад нарийн мэргэжилтний нэгэн адил тэтгэвэрт гаргах эрх зүйн орчин 2003 онд би өөрөө зүтгэж байж бүрдүүлсэн. Ийм болохоор хөөмэйчний орон тоо урлагийн байгууллагууд бий болгож байна. Ийм тогтолцоо бий болгоход маш урт хугацаа ордог онцлогтой юм билээ. Тэр хооронд янз бүрий нэр хоч зүүнэ. Муухай юм даа. Гэхдээ яах вэ, тэр бүхнээс шантарсангүй зүтгэсний хүчинд монгол хөөмэйг шинжлэх ухааны эргэлтэд оруулчихсан юм уу гэж бодох юм.
-Хөөмэйг яаж ноотолсон байдаг юм бэ?
-Ноотолсон, дэлхийн сонгодгуудыг хөөмэйлдэг. Бүр найрал хийгээд, одоо дүртэй “Галайхан” дуурилаг хийгээд байж байна.
-Хөөмэй бусад хөгжим, дуу хууртай яаж холбогдох юм бэ?
-Өөр өөр аав ээжийн, өөр өөр орчинд өссөн хүнээр хөгжим хийж байна гэж нэгэн илтгэлдээ онцолж оруулж байсан шүү. Ингэхээр хөөмэй “хүн” хөгжим гэж нэр томьёо байх ёстой юм. Хүний хийдэг болгоныг хөөмэйлж болно. Энэ зуунд ноот мэдэхгүй хүн хөөмэйлэх боломжгүй.
Ер нь хөөмэйнээс гадна, ерөөл хэлүүлнэ, тууль хайлуулна, цуур үлээлгэнэ. Энэ бүхнийг заахын тулд хоёр багш бэлтгээд дэргэдээ аваад ажиллаж байна. СУИС язгуур урлагийн мэргэжилтэн бэлтгэх үүр уурхай болж чадлаа. Ийм амжилтад хүрэхэд СУИС-ийн захирал Д.Цэдэв, Э.Сонинтогос нарын оруулсан хувь нэмэр их шүү. Үүгээр би бахархаж явдаг хүн дээ.
MONTSAME.MN