Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт холбогдон гурван шатны шүүхээр орж ял сонссон Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын хэргийг Улсын дээд шүүх дахин хэлэлцэж, уг хэрэгт холбогдолгүй хэмээн хэргийг нь хэрэгсэхгүй болгосон шийдвэр гаргасан. Үүнтэй холбогдуулан иргэн Б.Содномдаржаатай ярилцлаа.
-Та ямар ажил эрхэлж байна вэ?
-Яг тодорхой эрхэлсэн ажилгүй байна. Гэхдээ зүгээр суухгүй, том хүүгийнхээ бизнест туслаад л явж байна.
-Ямар бизнес вэ?
-Эрдэнэтийн барааны зах дээр манай том хүү лангуутай. Гэр ахуйн болоод бусад төрлийн бараа зардаг ухаантай. Бараа бүтээгдэхүүнийг нь зөөх, зарах, лангуун дээр зогсох гэх мэт ойр зуур ажил хийж, хүүдээ тусалж байна. Мөн захын манаач хийж байгаа. Хэцүү газраас гарч ирээд ажилд орох санаатай их явсан. Миний насны хүнийг авдаг газар гэж байхгүй болжээ. Дээр нь нуруу татчихаад, ойрд бие тааруу байна. Гэхдээ эмчилгээ хийлгэж байгаа болохоор удахгүй гайгүй болох байх аа.
-Тантай биечилж уулзаад ярилцаж байна. Таныг харахад ер нь их том биетэй, том гартай хүн байна шүү...?
-Миний өндөр нэг метр 85 сантиметр. Ер нь биерхүү шүү.
-Та ер нь залуудаа, хүүхэд ахуй насандаа ноцолдож явсан уу?
-Хүүхэд байхдаа бөхийн бэлтгэл хийж явсан шүү. Бусдын адил үеийнхэнтэйгээ ноцолдож л явлаа. Сургуульд байхад найзуудтайгаа барилдахад ер нь бүгдийг нь давчихдаг байсан даа. Яах вэ бөхийн удам бас нөлөөлж л байгаа байх. Аав маань намайг бага байхад бөхийн секцэнд явуулж байсан. Даанч өөрөө сонирхолгүй болохоор тэгэсхийгээд больсон.
-Бөхийн удамтай гэж үү?
-Миний аав аймгийн арслан цолтой бөх хүн байсан. Аав маань өнгөрсөн жил өөд болсон, хөөрхий. Хүүгээ хүлээсээр байгаад бурхан болсон доо. Аав маань 1991 онд хар тарлан үхрийн ферм байгуулж явсан хүн. 1992 онд би төгсөөд мэргэжлээрээ ажиллалгүй шууд хөдөө гарч, аав, ээжийнхээ ажилд тусалсан даа. Тэр цагаас хойш хөдөө ажиллаж, амьдарч ирсэн. Улмаар 2000 оны эхээр наймаа хийж, зах зээл рүү ойртсон.
-Хэдэн онд гэр бүлтэй болж байсан бэ?
-1993 онд гэр бүлтэй болсон. Манай хоёр том хүүхдийн ээж Хөвсгөлийнх. Залуу ч байж, хоорондоо таарч, нийлэлгүй салцгаасан. Хожим одоогийн эхнэртэйгээ танилцаж, зургаан хүүхэдтэй болсон. Одоо өнөр өтгөн халуун ам бүлээрээ сайхан амьдарч байна.
-Мэдээж халуун ам бүлээрээ байх шиг сайхан зүйл юу байх вэ. Улсын дээд шүүхээс таны хэргийг хэрэгсэхгүй болгосон. Энэ мэдээг сонсоод гэр бүлийнхэн тань бүр их баярласан байлгүй. Яг хэзээ ийм шийдвэр гарчихав аа?
-Мэдээж их баярласан. Шүүхийн шийдвэр арваад хоногийн өмнө гарсан. Анх фэйсбүүкээс л харлаа. Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын хэргийг хэрэгсэхгүй болголоо гээд явж байсан. Түүнийг хараад ёстой их баярласан. Өөрийн эрхгүй нулимс дусалж, уйлсан шүү. Шударга ёс ялдаг, шударга ёс байдаг гэдэгт итгэсэн. Бурхан тэнгэр гэж бас байна.
-Таны хувьд энэхүү хэрэгт холбогдож хоригдсон. Ял сонссон. Тэр цагаас эхлээд үнэхээр хэлмэгдчихлээ, гэхдээ шүүхээс миний хэргийг хэзээ нэгэн өдөр хэрэгсэхгүй болгоно доо гэж итгэж, хүлээж байсан байлгүй. Гэхдээ зургаан жил суусан шүү дээ. Энэ хугацаанд таны тэр итгэл алдарч байв уу?
-Хориход байхдаа өглөө болгон босоод, за өнөөдөр намайг дуудна даа. За өдөр тийшээ дуудах байх даа. Би хэрэг хийгээгүй, гэмгүй хүн. Арай ч Монголын хууль, шүүхийн байгууллага намайг насаар минь хилсээр суулгачихгүй байлгүй дээ гэж боддог. Өглөө болгон намайг дуудна, би гарна гэсэн итгэлтэйгээр сэрдэг байлаа. Хэдий зургаан жил болсон ч миний энэ итгэл нэг өдөр ч алдарч байгаагүй шүү. Учир нь үр хүүхдүүд минь нүдэнд харагдаад, аав нь өнөөдөр гараад очно доо л гэж их боддог байсан. Заримдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны хүмүүст хэлнэ. Намайг суллахгүй юм байх даа, би чинь хэрэг хийгээгүй хүн шүү дээ гэж хэлнэ. Хариуд нь таны шүүхийн тогтоол ингэж гарсан, тиймээс таны гэм буруугүйг бид мэдэхгүй гээд л өөр юм хэлдэггүй байлаа.
-Та яг хэзээ тэр хэцүү газраас гарсан юм бэ?
-2021 оны тавдугаар сарын 14-нд 411 дүгээр ангид байхад намайг дуудсан. Тэгээд таныг батлан даалтаар суллаж байна гэсэн. Би бодсон л доо. Гэмгүй, буруугүй хүнийг батлан даалтаар суллалаа гэж бас ямар юмаа яриад байна вэ гэж. Шууд гаргачихгүй, бас батлан даалт нь ч юу вэ дээ. Тэр өдөр гарч ирээд шууд л гэр рүүгээ тэмүүлсэн. Яг гарахад бас нэг бичигт гарын үсэг зуруулсан. Тэр нь элдэв хөдөлгөөн хийвэл буцаагаад хорьчихно шүү гэсэн бичиг бай луу даа.
-Гарч ирлээ, гэртээ ирлээ. Нийгмийн харилцаанд орлоо. Нийгэм таныг яаж хүлээн авсан бэ?
-Монголын ард түмэн Т.Чимгээ бид хоёрт их сайн гэж боддог. Дэлгүүр хоршоо, такси унаа гээд нийгмийн харилцаанд ороход уулзсан, учирсан хүн болгон та хоёр үнэхээр хэлмэгдсэн шүү л гэж хэлдэг. Миний хувьд одоо Эрдэнэтэд байна. Манай эрдэнэтчүүд надад их сайн. Гудмаар, захаар явахдаа харилцсан хүн болгон л өрөвдсөн харцаар хардаг. Зарим нь тус дэм болоод явж байна. Ер нь тусалъя л гэдэг шүү. Олон дунд сайнтай муутай л даа. Зарим нэг хүмүүс чи муу ялтан биз дээ, чи тэр хүнийг алаа биз дээ гээд айхавтар агсардаг. Гэхдээ ингэж агсардаг хүн цөөхөн л дөө.
-Шүүхээс таны хэргийг хэрэгсэхгүй болгосноос хойш дахиж таныг дуудсан уу, ер нь...?
-Төв аймгийн шүүх дээр шүүх хурлууд үргэлжилж байгаа. Нөгөө Б.Хурц, прокурор Г.Эрдэнэбат, Мөнхбаяр, Бархасбадь, Отгонбаяр нарын хэргийг шүүх хэлэлцэж байгаа. Бид хоёрыг эрүүдэн шүүсэн хүмүүс эд нар шүү дээ. Аюултай зүйл хийчихээд, өөрсдийгөө өмөөрөөд чичрээд л дайраад байгаа. Энэ хэрэгтэй холбоотойгоор миний хувьд гэрчийн хувиар Төв аймгийн шүүх рүү хэд хэдэн удаа очсон.
-Бид хоёрыг дахиад дуудаад суулгачих вий дээ гэсэн болгоомжлол байна уу?
-Тийм зүйл байхгүй байлгүй дээ. Шүүх шударгаар шийдвэр гаргасан. Тиймээс дахиад дуудаад хорьчихно гэж огт бодохгүй байна. Бид хоёрын хувьд хангалттай шалгууллаа. Зургаан жил гэдэг чинь урт хугацаа. Анх надад 2016 онд шүүхээс 25 жилийн гяндан сонсгож байсан. Тухайн үед энэ шийдвэрийг нь хараад үнэхээр шок, солиоролд орсон. Арай ч үгүй байлгүй дээ, Монгол Улсын шүүх тоглож байгаа байлгүй дээ л гэж бодогдсон. Тэгээд л гаргахгүй байсаар байгаад бүр гяндан руу хийчихсэн шүү дээ. Үнэхээр гомдмоор... (уйлав).
-Тайвшир даа та, одоо бүх зүйл сайхан боллоо шүү дээ...?
-Өөрсдийг нь тэгвэл яах бол, энэ хүмүүс. Энэ хэрэг дээр ажилласан хүмүүсийг бүгдийг нь авч яваад хорьчихвол яах бол. Орилж чарлаад ёстой амь тэмцэнэ дээ...Тэгэхэд миний хувьд тэвчээртэйгээр зургаан жил үнэнийг харж өглөөг угтдаг байлаа.
-Гяндан гэдэг айхавтар газар байх л даа...
-Үгээр хэлшгүй муухай газар. Хааш хаашаагаа гурван алхам л өрөө. Тэр газарт “би гэмгүй хүн шүү дээ” гээд үзэл бодлоо илэрхийлэхэд л шууд л 72 цагийн баривчилгаанд гавлаж, дөнгөлөөд л хийчихдэг байсан. Тэгээд суухгүй шүү чи, босоогоороо байна шүү гэж дарамтална. Хүн чинь 72-т олон ороод ирэхээр сүүлдээ халшраад хэрэлдэхгүй, үзэл бодлоо илэрхийлэхгүй, таг дуугүй болдог юм билээ, дахиж орохгүйн тулд.
-Таныг хоригдож байх хугацаанд хүний эрхийн байгууллагаас болоод нэр бүхий улстөрчид эргэж тойрч явсан. Хамгийн их анхаарал тавьж, очиж уулздаг хүн хэн байсан бэ?
-Манай ээж, Т.Чимгээ эгчийн ах Хүрлээ маань бид хоёрыг байнга эргэж, тойрч явсан даа. Миний хувьд төрийн түшээдийг бүгдийг нь танихгүй, мэдэхгүй. Зарим нэг хүмүүс гэхдээ ирдэг байсан. За одоо, Ц.Нямдорж гуай, Лу.Болд гишүүн миний төлөө их явсан даа. Албан ёсоор нэг зүйл хэлье. Ц.Нямдорж, Лу.Болд, Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, Т.Аюурсайхан, А.Сүхбат нарын гишүүд сайд нартаа үнэхээр их талархаж байгаагаа хэлье. Мөн хүний эрхийн “Нэхүүл” хөдөлгөөнийхөндөө баярлалаа. Эдгээр улстөрчид үнэхээр үнэний төлөө, шударга ёсны төлөө явдаг хүмүүс шүү.
-Таны хувьд шүүх, хуулийн байгууллагын буруу, зөв хоёр шийдвэрийг биеэрээ амслаа. Тэр утгаараа Монголын шүүх, хуулийн байгууллагуудын мөн чанар ямар санагдаж байна вэ?
-Хүн гэж сэтгэлийн амьтан юм байна лээ. Ялтан гэж хэлмэгдүүлэхэд төрдөө гомдож, ард гэж хэргийг минь цагаатгахад төрөө хүндэтгэсэн. Монголын хууль, шүүхийн байгууллагын албан хаагчдыг бүгдийг нь муу гэж би хэзээ ч хэлэхгүй, бодохгүй. Яг энэ хэрэг дээр ажилласан, хэрэг хянасан прокурорууд болох хэсэгхэн хүмүүс л Монголын төрийг гутааж байна. Дор бүрнээ мэргэжилдээ үнэхээр хариуцлагагүй ажилласан. Тангаргаасаа зөрсөн үйлдлүүд их гарсан шүү дээ. Цаашид ийм хүмүүс Монголын төрд бүү үзэгдээсэй л гэж залбирч байна. Угтаа тухайн хүнийг хэрэгт холбогдуулан шалгаж байгаа бол хэргийг дандаа нотлох баримтад тулгуурлан авч хэлэлцэх ёстой. Гэтэл надад холбогдуулсан хэргийг нотлох баримтад биш хоёр хүний хэрүүл, маргааныг үндэслээд ял тулгасан шүү дээ. Үүнд нь би их харамсдаг.
-Ямар хэрүүл гэж. Ер нь анх таныг энэ хэрэгт холбох болсон шалтгаан нь юу юм бэ?
-Ц.Амгаланбаатар намайг “Чи С.Зоригийг алсан биз дээ” гэж гүтгэсэн. Зөрүүлээд би “би алаагүй, чи алсан биз дээ” гэж хэрэлдсэн. Зүгээр энгийн л маргаан. Хүн шууд хүн алсан гээд дайрахад нь чи өөрөө алаа биз дээ гээд л хэлсэн төдий. Үүнийг нь прокурор Г.Эрдэнэбат шууд л нотлох баримт болгоод хэрэгт холбогдуулсан. Энэ хоёр хүн ингэж хэрэлдлээ. Нэгнийгээ чи алсан гэж хэрэлдэж байгаа нь нотлох баримт мөн гээд л үзчихсэн. Г.Эрдэнэбат гэдэг хүн багш, тангараг өргөсөн хуульч хүн. Гэтэл Б.Содномдаржаа хэргээ хүлээсэн гээд л нийгмийг шуугиулсан. Ерөөсөө энэ хэрүүлээс болоод намайг хэргээ хүлээсэн гээд л үзчихсэн гэсэн үг. Ер нь гэхдээ тухайн үед байсан гэрчүүд хэлсэн байдаг юм билээ. С.Зоригийг хөнөөсөн хүмүүс эрэгтэй нь нэг метр тавин сантиметр, эмэгтэй нь метр наятай байсан гэж ярьдаг. Өөрөөр хэлбэл эрэгтэй нь намхан, эмэгтэй нь өндөр гэж гэрчүүд нь хэлээд байхад л уг хэрэгт ямар ч холбогдолгүй бид хоёрыг шууд л хорьсон шүү дээ.
-Хэвлэлээр энэ хэргийг үйлдсэн этгээдүүдийн аман зураг ил болж гарч ирсэн. Уг зурагт байгаа эрэгтэй хүнтэй таны зургийг харьцуулан гаргасан байсан шүү дээ. Зарим хүмүүс өөр байна гэдэг ч зарим нь адилхан гэж үздэг...?
-Тэр зураг ийм учиртай. Миний дөчин настай байх үеийн зургийг харж байгаад л шууд зурчихсан юм билээ. Угтаа тухайн хэрэг гарах үед би дөнгөж л хорь гарч явсан залуу шүү дээ. Миний залуухан дөнгөж хорь гарч явсан үеийн зургууд байдаг. Тэр зургийг ард түмэнд харуулах ёстой. Яагаад дөчин настай үеийнх нь зургийг шууд харж зурчихаад аман зураг гэж явдаг юм. Угтаа С.Зоригийг хөнөөсөн хүн тухайн үед гучин тав, зургаан настай хүн байсан гэдгийг гэрчүүд нь хэлсэн юм байна лээ. Гэтэл энэ хэрэгт намайг холбогдуулахын тулд зорилготойгоор миний дөчин настай үеийн зургийг зурсан. Энэ мэт хэрэгт холбогдуулах гэж нотлох баримтуудыг санаатайгаар зохиож эхэлсэн дээ.
-Таны тэр хорин хэдтэй байх үеийн зураг байна уу, одоо...?
-Миний бүх зургийг тагнуулынхан авч яваад алга болгосон. Бүр манай гэрээс аваад зогсохгүй, хамаатан саднуудын гэрээс авсан. Одоо надад тэр үеийн маань зураг байхгүй.
-Дахиад асуухад энэ хэрэгт анх холбогдох шалтгаанаа та ер нь юу гэж харж байгаа вэ?
-Ерөөсөө тодорхой шүү дээ. Анх Ц.Амгаланбаатар гэх нөхрийн үгээр л бид хоёрыг энэ хэрэгт хэлмэгдүүлээд холбогдуулчихсан. Ц.Амгаланбаатар гэдэг нөхөр 2007 онд хүн амины хэргээр шоронд орсон хүн. Тэр цагаасаа эхлээд өөрт нь холбогдолгүй хэргүүдийг өөрөө хийсэн мэтээр хүлээдэг. Хүн амины долоо, найман хэрэгт өөрийгөө холбоотой гэж хүлээсэн байдаг шүү дээ. Ийм хүний үгээр бид хоёрыг хэлмэгдүүлчихсэн. 2012 онд Ц.Амгаланбаатар бид хоёртой нийлж С.Зоригийг алсан гээд л хэлчихсэн. Тэгээд л шууд бид хоёрыг хорьсон шүү дээ. Тэгээд шоронд хорьж байгаад энэ хэрэгт хүчээр холбогдуулсан. Огт гаргаагүй. Иймэрхүү гэмт хэргийг өөртөө нааж, худлаа ярьж хүлээн авдаг этгээдүүдийг таслан зогсоох ёстой. Мөн олдохгүй байгаа хэргийг бид хоёрт тохож, улс төрийн зорилгоо биелүүлсэн байх.
-Ямар хүмүүс нь улс төрийн зорилгоо биелүүлчихэв ээ. Танд хардаж байгаа хүн байна уу?
-Улс төрийн зорилготой хийгдсэн ажил гэдэг нь тэртээ тэргүй нийгэмд ил боллоо. Гэхдээ ямар хүн, ямар улстөрчид ийм бохир зүйлийг хийснийг би мэдэхгүй. Юутай ч Т.Чимгээ бид хоёрын амьдралыг там болгосон. Бүхэл бүтэн найман жилээр бид хоёр хохирсон.
-Та түрүү нь нэр бүхий хүмүүсийг хэлсэн. Эдгээр хүмүүс л бид хоёрын амьдралыг сүйрүүлсэн гэж. Одоо эрүүдэн шүүсэн хэргээр эдгээр хүмүүс шалгагдаж, зарим нь ял авсан. Эдгээр хүмүүст та дахиад гомдол гаргах уу?
-Мал хулгай хийсэн хүнд хоёр, гурван жилийн ял өгдөг. Гэтэл бүтэн хоёр хүний амьдралаар тоглосон хүмүүст дэндүү чамлахаар хариуцлага тооцсон доо. Хуулиараа хүн хэлмэгдүүлсэн этгээдүүдэд таван жилийн хорих ялтай гэж сонссон. Гэтэл эдгээр хүмүүст прокурор таван жил гэж байхад шүүх нь гурван жил, сүүлдээ нэг жил болгосон. Ингээд хоёр сар суугаад л гарчихсан. Миний амьдрал, ар гэр, үр хүүхдийн минь амьдралаар тоглож, амьдын тамд унагаасан хүмүүс хоёр сар суугаад л гарч ирсэнд нь гомдолтой байгаа. Гэхдээ одоо хичнээн гомдол гаргасан ч хүлээн авахгүй байлгүй дээ. Нэгэнт шүүхээр ялаа аваад гараад ирсэн хүмүүс шүү дээ. Намайг хэлмэгдүүлж, эрүүдэн шүүсэн нөхдөд хууль хариуцлагаа хүлээлгэсэн ч хамгийн том хариуцлагыг бурхан тооцно шүү. Үүнийг тэр хүмүүс санаж яваарай.
-Энэ хэргийг улс төрийн аллага гэж нийгэм ойлгодог. Гэхдээ одоо уг хэргийг илрүүлэх ажиллагаа нь өөрөө улс төрийн зорилготой болчихлоо. Таны хувьд уг хэрэг гарсан яг тэр үед хаана байсан бэ?
-Би аавынхаа үхрийн фермд л ажиллаж байсан. Эрдэнэтэд гэсэн үг. Тухайн үед телевизээр ийм хэрэг боллоо гэж мэдээлэхэд манай гэрийнхэн нөгөө мундаг хүнийг алчихсан байна шүү дээ гээд л ярьж суусан. Бусдын л адил энэ том улстөрчийн амиа алдсан хэрэгт харамсаж, яагаад ийм зүйл болчихсон юм бол доо л гэж бодож явсан. Улс төрийн зорилготой эсэхийг би үнэхээр мэдэх юм алга. Улс төр гэдгийг мэдэхгүй. Гэмгүй явсан хоёр хүнийг шууд барьж аваад л хорьчихсон шүү дээ. Энэ хэргийг хаахын тулд л бид хоёрыг хэлмэгдүүлсэн.
-С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн хавтаст материалуудын ихэнх нь нууцаас гараагүй гэдэг. Үүнийг ил болгох ёстой гэж үзэж байна уу?
-Ерөөсөө ил болгох ёстой. Тэр нууцад байгаа хавтаст хэргүүд ил боллоо гээд бид хоёртой холбогдох нэг ширхэг ч баримт байхгүй. Ямар ч нотлох баримт нь таарахгүй. Намайг мансууруулаад тэр байранд Ц.Амгаланбаатартай очсон материалууд л байгаа биз. Өөр надад холбогдох юу ч байхгүй. Бид хоёрын гарын хээ, нус, шүлс, цус гээд бүх зүйлээс дээж аваад Америк руу шинжилгээнд явуулсан. Шинжилгээний хариугаар эл хэрэгтэй холбоотой баримтуудтай огт таарахгүй байна гэж гарсан. Угаасаа яаж таарах билээ.
-Та хоёрын хэргийг хэрэгсэхгүй болгосонтой холбоотойгоор С.Зориг агсны ар гэрийнхнээс холбоо барьсан уу. Угтаа та хоёроос уучлал гуйх нь хүн ёсны харилцаа байлгүй дээ...?
-Бидэнтэй холбогдоогүй. Саяхан С.Зориг агсны охин хэвлэлд ярилцлага өгч байхыг нь харсан. Маш зөв зүйл ярьж байна лээ. Би түүнд нь их баярласан. Үнэхээр шударга ярьж байна лээ.
-Таны хувьд эл хэргийн цор ганц гэрч гэгдэх Б.Булгантай удаа дараа уулзсан байх. Тэр хүн таныг харчихаад юу гэж байсан бэ?
-Төв аймгийн шүүх дээр хэд хэдэн удаа уулзсан, таарсан. Б.Булган гуай бид хоёрыг биеэ сайн бодоорой, энэ хэрэгт та хоёр бол холбогдолгүй. Үнэн ялдаг шүү л гэж хэлдэг байсан. Миний хувьд одоо нэг зүйлийг маш их боддог. Анх 2016 онд шүүх хурал болсон. Тэр шүүх хурал дээр Б.Булганыг оруулах ёстой байсан. Гэтэл тухайн үед прокурор, шүүхийнхэн оруулаагүй. Энэ хүн бол энэ хэргийн хамгийн гол гэрч нь. С.Зориг агсныг хөнөөсөн алуурчдыг харсан цор ганц хүн бол Б.Булган шүү дээ. Гэтэл яагаад тухайн шүүх хуралд Б.Булганыг оруулаагүй юм бэ гэж их гайхдаг. Алуурчдыг харсан цор ганц хүн болох Б.Булганыг 2016 оны шүүх хуралд оруулчихсан бол бид хоёрын амьдралын хувь заяа өөр байх байсан шүү. Тухайн шүүх хурлаар бид хоёрын амьдралыг шийдэх гэж байсан. Гэтэл энэхүү хуралд Б.Булганыг оруулаагүй. Үүнд л би одоо хүртэл их харамсдаг даа.
-Найман жилийн амьдралаараа хохирсон гэлээ. Одоо энэхүү хохирлоо нэхэмжлэх үү. Гэхдээ сэтгэл санааны хохирлыг юугаар ч хэмжишгүй байх л даа...?
-Гадуур буруу мэдээлэл яваад байна лээ. Б.Содномдаржаа 40 сая төгрөг нэхэмжилжээ, 32 сая төгрөг авна гэнэ гэх мэт. Ингэж нэхэмжилсэн зүйл би огт яриагүй шүү гэдгээ хэлье. Миний хувьд энэ асуудлыг өмгөөлөгчтэйгөө зөвшилцөж байгаа. Мэдээж сэтгэл санааны хохирол гэдэг юугаар ч хэмжигдэхгүй зүйл л дээ.
Эх сурвалж: Өдрийн сонин