x

Мө.Батбаяр: Уртын дууны ая эгшиг дээр бид өвөг дээдэстэйгээ нэг цаг үед огтлолцдог

Ковер зураг: "Дуртмал сайхан" үдшийн зочин уран бүтээлч МУСТА, ҮУИТ гоцлол дуучин, Уртын дууч Г.Отгонзул

Дөрөвдүгээр сарын 27-ны пүрэв гаригт Улаанбаатар хотноо “Дуртмал сайхан” уртын дууны үдэшлэг болно.  Уг төсөл нь үндэсний өв соёлоо нийтийн соёл болгож хэвшүүлэх зорилготой юм. 

Төслийн санаачлагч, зохиолч, орчуулагч Мө.Батбаяртай “Дуртмал сайхан” төслийн талаар ярилцлаа. 

-Уртын дууны үдэшлэгийг Монголд, тэр тусмаа нийслэл Улаанбаатар хотоороо овоглож анх удаа зохион байгуулж байна гэж ойлгож байна. Зохион байгуулах болсон анхны сэдэл санаа юу байсан бэ? Ямар зорилго тавьж байна?

-Саяхандаа, нэг жилийн өмнө байх нэгэн УИХ-ын гишүүн "Охидууд яагаад Алтайн магтаал, язгуур урлаг, бие биелгээ ярихгүй, BTS Black Pink яриад байгаа юм бэ" гэсэн утгатай шүүмж хэлж байсан. Ер нь залуус бид иймэрхүү шүүмжлэлтэй алхам тутамдаа тулгардаг. Сонсъё судалъя, хүртье мэдэрье гэхэд яг хүртээмжтэй байж чадаж байгаа юу? Дунд сургуулийн сургалтын хөтөлбөрт энэ өв соёлууд хэрхэн тусгагдсан байгаа вэ? Дуу хөгжмийн хичээлд гэхэд уртын дууны уухай дасгалыг уншуулдаг ч юм уу, энэ төрлийн хичээл жишээ нь байгаа юу? Бид хаана очиж, хэнээс мэдэрч хүртэж болох вэ?

Гэх мэтээр уртын дуутай ойр байх боломж хомс санагддаг. Өөрөө хэлбэл, хүртээмжтэй биш байна. Нийтийн соёл, амьдрал ахуй дунд сүлэлдэж орж ирэхгүй л байх шиг. Тайз дэлгэц, наадмын нээлтээс олж хардаг хүндлэл бишрэл, бэлгэдлийн шинжтэй байгаад байдаг. Хэн нэгэн өв тээгч, эсвэл хөгшин настай хөдөөний хүмүүст л хамаатай зүйл юм шиг харагддаг болчихлоо шүү дээ. Энэ ч гэсэн залуусын буруу биш байх. Гол асуудал нь хүртээмж муу.

Өөрөөр хэлбэл, бидэнд “хэрэглэгдэхгүй” байна. Бүгдээрээ, нийтээрээ уртын дуу дуулдаг болъё гэж байгаа юм биш. Зүгээр ойртуулъя, хэрэглэе, сонирхож сонсох нэг газартай байя. Очоод амьдаар нь, дэргэдээс нь сонсож үзэх боломж болгоё. Иймэрхүү л нөхцөл шалтгаанаас энэ эвентийг хийж үзмээр санагдсан.  

-Уртын дууны үдэшлэгтээ “Дуртмал сайхан” дууны нэрийг өгсөн нь ямар шалтгаантай байсан бэ? Уг дууны тухай...

-“Дуртмал сайхан” бол Монгол ардын айзам уртын дуу. Айзам айзамдаа оройн дээд нь гэж боддог.

Дуртмал сайхан нарныхаа өнгөтэй

Тунамал өгүүлшгүй алтан соёмбо минь... гэж эхэлдэг шүү дээ. Сонс доо, ямар яруу тансаг яруу найраг бүтээж вэ, ямар гайхалтай яруу найргийг дуулж байж вэ, манай өвөг дээдэс. Д.Равжаа гуайн “Дөрвөн цаг” шүлэгт “Навч цэцгийн дуртмал өнгө сулраад” гэсэн байдаг. “Дуртмал” гэж их сайхан чимэгтэй үг юм байна л даа. Энэ мэт шалтгаанаар л нэрлэсэн.

-Тоглолтын мэдээнд нэр гарсан “Усны чинь эхэнд ханхалзуураан сойно” гэдэг дууны түүх их сонирхолтой байлаа. Их ховор сонин дуу шиг санагдсан. Одоо манай уртын дуучдын дуулж олны хүртээл болгож байгаа уртын дуунууд гэхэд хэдий үеэс эхтэй байдаг вэ? Уртын дуучдын маань урын сан хэр арвин байна вэ?

-Би энэ талын судлаач хүн биш болохоор тодорхой мэдэхгүй байна. Мэргэжлийн хүмүүсийн үгийг сонссон нь дээр. “Эртний сайхан” гэхэд Их Эзэн Чингис хаанд өргөсөн гүн хүндэтгэлийн дуу гэдэг. Их Монгол улсын үед дуулагдаж байсан гээд бодоход л хайрлахгүй дээдлэхгүй байхын аргагүй байгаа биз дээ. Түүхийн олон үе шат дамжиж ирэхдээ уртын дуу энэ ард түмний гүн ухаан, сүсэг бишрэл, гуниг баяр, үзэл санаа, гээд олон зүйлийг өөртөө шингээсэн байдаг нь гайхалтай.    

-Уртын дууг судалж байсан хүн гэхээр нийтийн жишгээр өмнө нь Ардын жүжигчин Норовбанзад гуай судалж байсан, дараа нь Ардын жүжигчин Чимидцэеэ багш бас судалж байсан гэж мэдэх юм байна. Манайд уртын дуу судлаачид, судалгааны материал олон уу?

-Бишгүй их бий. Дурдаад дуусахгүй. Ж.Дорждагва гуай, Ж.Бадраа гуай гээд л явж өгнө шүү дээ. 

-Та өөрөө зохиолч, орчуулагч хүн. Уртыг дууг бас судалдаг байх гэж бодлоо. Хэр олон дуу мэдэх вэ? Дуулахдаа хэр вэ?

-Судалж юу базаах вэ дээ. Сонсогч, бишрэгч төдийхөн. Өнгөрсөн жил манай дүүгийн хурим болоод. Манай өвөө олон сайхан дуутай, сайхан дуулдаг хүн байв шүү. Хуримд ирсэн өвөөтэй цуг дуулж найрлаж явсан хүмүүс л надад “Энэ дууг өвөө тань их дуулдаг байсан юм, өвөө тань ёстой ч нэг жингэнүүлнэ шүү дээ” гээд л ярина. Тэр үед надад юу бодогдсон гэхээр өвөөтэйгөө огтлолцож болох зүйлсийн нэг энэ "уртын дуу" юм байна гэж бодогдсон. Ухаандаа өвөөгийн уярсанд уярч, уянгалсныг уянгалж, аялсныг аялж, дуулсныг дуулна гэдэг маань өвөөтэйгээ би энэ дууны ая эгшиг дээр огтлолцож байна гэсэн үг. Өвөөтэй гэлтгүй урьд эртийн олон хүмүүстэй. 

Хоёрдугаарт, найрыг найр, хуримыг хурим болгодог зүйл чинь энэ уртын дуу юм билээ. Ардын дуу, зохиолын дуунд бол тийм чадал, далайц байхгүй. Гурван бадаг дуулахад зарим хүний анхаарал төвлөрч, дагаж эхлээгүй байтал л дуусчихна. Тэр хүмүүсийг юу найрлуулж байна гэхээр уртын дуу л найрыг найр болгож, гэрт хурсан хүмүүсийг нэг ая эгшиг дээр нэгтгэдэг юм билээ.

Мэддэг мэддэг хэсгээ түрээд л, дамжлаад л долоо найман түрлэг дуулна. Дундуур нь зарим нь хоолойгоо амраагаад эргээд түрж л байх шиг жишээтэй. Ингэж нэг ая эгшиг дор нэгдэж нийлж хурсан олны сэтгэл нэг дуугаар гарч байна гэж ойлгож болохоор. Гэтэл би тэр дунд мэдээд түрэх ганц дуугүй сууж байна гэдэг бол зүгээр гутамшиг.

Захчин хурим нарийн дэгтэй. Найр эхлэх дуу, охиныг аваад хүргэний тал руу хүмүүс гарахад үлдэж буй найрчид “Зах Жаргалантын эхийг Залуугийн омгоор туулна” гээд л нүдэндээ нулимстай магнайдаа хөлстэй дуулаад үлддэг. Охинд эхийн цагаан сүү гардуулахад найрчид “Цагаан цоохор морь дөрвөн туруундаа эрдэмтэй. Цагаан сүүгээ хөхүүлсэн ижийнхээ ачийг яалтай” гээд л хангинуулна шүү дээ. Хачин нарийн нандин дэг соёл байгаа биз. Гайхалтай гэхээс яахав. Энэ ард түмний дундаас төрчихөөд дагаад дуулах дуугүй суух надад үнэхээр гутармаар санагдсан. Тэндээс л миний энэ агуу өв соёлд дурлах зам эхэлсэн юм болов уу даа. Дүүгийнхээ хурим дээр түрэх дуугүй сууж байснаа бодвол одоо нөгөө найранд гурван дуутай гэдэг нь болж байх шиг байна.

Гэхдээ манай уртын дууг дуулах арга техник хэрийн хүн сонсоод сурчихгүй зүйл болохоор цохилго, шуранхай, чимэглэл сэлтийг сурахын тулд хугацаа шаардах юм билээ.

-Уг нь бол уртын дуучид маань улам л залуужиж байгаа харагддаг. Гэхдээ нийтлэг залуусын дунд уртын дуу моод болтлоо дэлгэрэхгүй байгаа нь юуных гэж боддог вэ?

-Уртын дуу сонгодог урлаг болохоор тэр биз дээ. Хаа сайгүй хэн хүнгүй дуулаад явах угаас боломжгүй биз. Гэхдээ уртын дууг дуулахаас гадна олон зүйлтэй холбож болмоор харагддаг. Ж.Бадраа гуай нэг өгүүлэлдээ “Уртын дуу дуулахад шаардагдах амьсгал эртний энэтхэгийн иогийн дасгалтай адилхан” гэсэн санааг хэлсэн байна лээ. Гээд бодохоор иог, бясалгалын төвүүд сургалтдаа холбож, туршиж үзвэл болохгүй юмгүй гэж тухайн үед бодогдож байсан. Залуу сайхан дуучид олон байгаад баяртай байдаг.

-Үдэшлэгт мэдээж манай урдаа барьдаг уртын дуучид оролцох байх...?

-Олон дуучин ирэхгүй ээ. Нэг л дуучин оролцоно. Тийм олон дуучны олон уртын дууг нэг орой, нэг дор сонсох бэрх. Дээр нь бид хуурч, дуучдадаа хөлс мөнгө төлөх ёстой. Ганц таксаар тэр бүхнийг шийдэх боломжгүй. Дэмжих газар хайж байгаа. Одоогоор олоогүй л байна, болно биз дээ. Энэ арга хэмжээ манай “Дуртмал сайхан” төслийн нэг л үйл ажиллагаа. Өөр олон ажлууд ард нь хүлээж байгаа. Нөгөөдөр орой яг юу болох вэ гэхээр дуугаа мэдээж сонсоно. Дуучинтайгаа уртын дууны чимэглэл, арга техникийн талаар ярилцана. Төвөнхний цохилго гэхээрээ яадаг юм, цээжнийх гэхээрээ яаж цохидог юм, нармайнх гэхээр яаж, эгшиг томолт гэдэг нь юу юм. Дан давхар шуранхай гэдэг нь юуг хэлдэг юм гэдэг ч юм уу энэ бүхний танилцуулах байдлаар тэнд үзүүлье гэж шийдсэн. Энэ бүхнийг мэдэж сонсох нэг өөр мэдэхгүй сонсох нэг өөр байх. Мөн судлаач урьсан байгаа. Тухайн орой дуулагдах дуунд үүх түүх, үүсэл гарал нь тодорхой нэг дууг сонгож оруулсан. Түүний талаар судлаачдын үгийг мөн сонсгоё. Түүхэн хүний зохиосон, түүхэн ач холбогдолтой дуунууд их бий шүү дээ.  

-Тэгэхээр пүрэв гаригийн арга хэмжээ бол “Дуртмал сайхан” төслийн нэг л хэсэг юм байна. Төсөл маань цаашид яаж үргэлжлэх вэ? Хамтран ажиллах байгууллага, ивээн тэтгэгчид бий юу?

-Сардаа чадвал хоёр, ядвал нэг удаа хийж тогтох санаа байна, сачий нь яах юм байгаа юм. Ивээн тэтгэгчдийн эрэлд бид нар гарсан байгаа.

-Ярилцсанд баярлалаа. Танд болон таны зохион байгуулж байгаа "Дуртмал сайхан" төсөлд маш, бүр маш их амжилт хүсье! Монгол түмэн маань уртын дуутайгаа үргэлж хамт байх болтугай!

-Баярлалаа. Ерөөл бүтэг!

Ц.Туяа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 12 цаг 21 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 12 цаг 21 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 13 цаг 51 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 14 цаг 19 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 14 цаг 26 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 14 цаг 36 мин 1968 оны Чехословакийн хавар 15 цаг 3 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 15 цаг 17 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 16 цаг 51 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 17 цаг 0 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 17 цаг 21 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 18 цаг 11 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой 18 цаг 21 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 19 цаг 0 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Уржигдар 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Уржигдар 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Уржигдар 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Уржигдар 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Уржигдар 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Уржигдар 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top