Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргээр ял эдэлж байсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт холбогдох хэргийг прокуророос хэрэгсэхгүй болгосон. Тэгвэл уг асуудалтай холбоотойгоор Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцаас дараах тодруулгыг авлаа.
-Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн хэлж байгаа шиг Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар энэ хэргийн жинхэнэ эзэд биш юм уу?
-Ц.Нямдорж чинь нэг л сонин юм хийгээд байдаг шүү дээ. Ц.Нямдорж өөр хэн нэгэн хүнийг Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар шиг ингэж өмгөөлөөгүй шүү. Жишээ байна уу, та хэл дээ. Байхгүй биз дээ. Яг энэ хэрэг дээр л амиа тавьчихдаг.
Ц.Нямдорж хувийн асуудлаа намынхаа асуудал болгож хардаг хүн байхгүй юу.
-Хувийн асуудал гэдгийг тодруулахгүй юу?
-Эрдэнэтийн шахаатай, Шагдарын Отгонбилэгийн үеэс л бүгдэд нь явсан хүн. Нууц биш. Эрдэнэтийн дарга нь солигдоод байдаг ч манай Увсын тодорхой хүмүүс Эрдэнэтийн удирдлагад дандаа сууж байдаг.
-С.Зоригийн хэргийг ийн шийдэж байгаа нь цаагуураа ямар зорилготой гэж хардаж байна вэ?
-Мэдэхгүй. Дахиад нөгөө Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл гэж ярина биз. Өөр юу гэж харах вэ дээ.
-Улс төрийн зорилго уу?
-Тийм. Ерөнхийдөө сонгууль эхэлчихлээ шүү дээ.
-Долдугаар сарын 1-ний хэргийг сэргээж байгааг юу гэж харж байна?
-Долдугаар сарын 1-ний хэргийг сэргээж байгаа гэж би сонсоогүй. Хэрвээ долдугаар сарын 1-ний хэргийг сэргээнэ гэсэн яриа явж байгаа бол бас л улс төр. Энэ асуудал дээр би тэр үед тушаал авч байсан цагдаагийн албан хаагчдынхаа талд байна. Өнөөдөр ч гэсэн цагдаагийн байгууллага тушаал аваад ямар үйлдэлтэй, ямар байдалтай байгааг та харж л байгаа шүү дээ. Арай л буудчихгүй байна. Гэхдээ том, жижиг шалтгаанаар аваачиж хориод байна.
-Одоо С.Зориг агсны хэрэг цааш яаж хөврөх гээд байна. Яах гээд ийм шийдвэр гаргаж байгаа юм бол, яг ямар учиртай вэ?
-Ц.Нямдоржоос л асуу. Би ямар эрх мэдэлтэй биш. Ямар нэгэн ажил алба хашиж байгаа биш. Би ямар шүүх, прокурор биш. Би бол тэр ажлыг явуулж байсан хүмүүсийг удирдаж байсан л хүн.
-Та яг эрүүдэн шүүсэн юм уу?
-Би ямар юмаараа эрүүдэн шүүдэг юм бэ.
-Тийм итгэлтэй байгаа юм уу?
-Нэг ньюанс бий. Олон улсын парламентын шугамаар Олон улсын хүний эрхийн байгууллагаас гурван эксперт ирээд энэ хэрэгт эрүүдэн шүүлт явагдаагүй гэж тогтоочихоод буцсан шүү. Үүнийг нуудаг шүү, наад хэд чинь.
-Энэ хэрэг хэрэгсэхгүй болох нөхцөл бүрдчихэв үү?
-Хэрэгсэхгүй болгуулах гэж хэрэгсэхгүй болгох юм руу түлхсэн байх гэж харж байгаа. Би мэдэхгүй шүү дээ. Би шүүх хурал хийгээгүй. Гурван шатны шүүхийг яах гэж байгаа юм бэ. Тэр олон шатаасан хүүхдийг яах гэж байгаа юм бэ. Нууцаас гаргах ёстой гүйцэтгэх ажиллагааны материалуудыг яагаад ил болгохгүй байгаа юм бэ. Нэлээд олон цагийн бичлэг байна гэж би ойлгож байгаа. Байгаа ч гэж гадарлаж байна.
Хүн болгон ойлгодоггүй. Би хэрэгт нөлөөлж болдоггүй. Хэрэгт оролцож болдоггүй. Тагнуулын байгууллагаас удирдаж байсан ажлын хэсэг гэж бий. Намайг даргаар очихоос өмнө нь байсан хүмүүс ч удирдаад явж байсан асуудал. Би байгууллагын даргын хувьд тэр хүмүүсийн төлөвлөгөөг баталж өглөө гэж бодъё.
Хууль зүйн сайдаар Ц.Нямдорж гэдэг хүн ажиллаж байхдаа Цагдаагийн байгууллагын төлөвлөгөөг баталж байгаа юм. Шүүхийн шийдвэрийн төлөвлөгөөг бас баталж байгаа юм. Хилийн цэргийн төлөвлөгөөг баталж байгаа юм. Ц.Нямдорж сайдын үед Төв аймагт ачигдаад явж байсан хоёр цагдаа хүн амины хэрэг хийсэн. 60 настай хүнийг боогоод алчихсан байхгүй юу. Та нар тэр материалыг эргээд хараарай. Тэд ял аваагүй. Хүн алчихаад байхад шүү. Юун эрүүдэн шүүх. Гэтэл төлөвлөгөөнүүдийг Ц.Нямдорж баталж байгаа юм. Ц.Нямдорж төлөвлөгөөнүүдийг баталсан гэдэг энэ факт дээр үндэслэвэл надаас 10 дахин хүнд ял авах ёстой хүн шүү дээ. Цагдаа нь хүн алчихсан. Хилийн цэрэг дээр офицер нь цэргээ буудаад алчихсан. Цагдаагийн сургуулийнхан нь бөөнөөрөө зугаалж явахдаа аваарт ороод хоёр нь нас барьчихсан. Ийм хэргүүд бий. Эргээд материалуудыг ухаад үз. Ц.Нямдоржийн үед ямар их хүн эрүү шүүлтэд орж, эрүү шүүлтэд тулгагдаж байсан бэ гэдгийг хар. Энэ хүн чинь өөрөө эрүү шүүлт явуулах гээд сандал авч ирж байсан хүн шүү. Энэ хүн гэнэт нэг өдөр ардчилал, хүний эрх яриад гэнэт гарч ирдэг байхгүй юу. Уржигдархан бас л гэнэт гарч ирлээ. Наадах чинь ажлаа хийчихээд гарч ирдэг хүн байхгүй юу. Баахан хүнийг бужигнуулчихаад өөрөө од болж гарч ирдэг.
Эх сурвалж: Өдрийн сонин