Гар утсанд бидний бүхий л нууцлалтай мэдээлэл хадгалагдаж байдаг. Бусдад дэлгэмээргүй мэдээлэл, зураг, баримт сэлт, тэр ч байтугай и-мэйл хаяг, фэйсбүүк, твиттер, инстраграмын хаяг руугаа автоматаар нэвтрэхээр сануулж орхисон байдаг. Тэгвэл бид банкны интернэт банк, апп руугаа зөвхөн өөрсдөө л мэдэх нууц нэр, паспортоор нэвтрэх тул өөр хэн нэг этгээд мэдэх боломжгүй гэсэн итгэлтэй явдаг.
Харин гар утас тань хэн нэгэн гэмт этгээдийн гарт орсон л бол тэр нэвтрэх нэр, нууц үгийг таны утсан дээрээ нээлттэй байгаа и-мэйл хаяг, эсвэл мессежээр дор нь сэргээгээд авчихдаг гэдгийг мэдэхэд илүүдэхгүй. Тиймээс хэн нэгэн утсаар тань яриад өгье гэвэл эелдгээр татгалзаж сураарай. Учир нь та мэдээллээ бусдад алдсанаар санхүүгийн эрсдэлд хүлээх магадлалтай.
Цахим халдлагад өртөхгүйн тулд та юу мэдэх ёстой вэ?
Цахим орчин бидэнд олон давуу тал олгож, өдөр тутмын амьдралыг гайхалтай хялбар болгож байгаа ч зарим талаараа бараан сүүдрээ тусгасаар байна. Үүний нэг жишээ нь цахим залилангийн гэмт хэрэг юм. Дэвшилтэт технологийн ачаар банк, санхүүгийн үйлчилгээ авахад улам бүр хялбар болж байна. Интернэтэд тулгуурласан төрөл бүрийн аппликэйшн, вэбсайт зэрэг нь банканд олон цагаар дугаарлан зогсдог байсан үеийг халж, хэдхэн секундийн дотор гүйлгээ хийх, банкны бүтээгдэхүүн үйлчилгээг авах таатай нөхцөл бүрдүүлсэн. Гэвч технологийн дэвшлийг даган залилангийн шинжтэй үйл ажиллагаа, хэрэглэгчийн мэдээллийг хууль бусаар олж авч санхүүгийн гэмт хэрэг үйлдэх тохиолдлууд ч мөн нэмэгдэж байна.
Цахим халдлагад өртөж болзошгүй түгээмэл алдаанууд:
- Гар утсандаа ямар нэгэн нэвтрэх нууц код үүсгэлгүй, хурууны хээ таниулах болон бусад төрлийн танин баталгаажуулалтын аргыг хэрэглэх;
- Гар утсан дээрээ Интернэт банк болон бусад хувийн мэдээлэл агуулдаг бусад аппликэйшн рүү ханддаг нэвтрэх нэр нууц үгээ сануулан хандахад амар байдлаар хадгалах;
- Интернэт банкны болон и-мэйлийн нууц үгийг утасны дугаар, төрсөн өдөр гэх мэт хялбар байдлаар зохиох;
- Нийгмийн сүлжээ буюу фэйсбүүк, инстаграм ашиглан танил, найз нөхөд тань мөнгө зээлүүлэхийг хүсэхэд лавлан баталгаажуулахгүйгээр үйлдэл хийх;
- Хувийн мэдээлэл буюу гар утасны дугаарыг тань хэн нэгэн лавлаж асуухад хэлж өгөх;
- Танил найз нөхөд, хэн нэгэн гар утсанд тань ирсэн нууц үг, олон оронтой нууц код зэргийг асуухад илгээх;
- Нийгмийн сүлжээгээр ирсэн эх сурвалж тодорхой бус сонирхол татахуйц мэдээ мэдээллийн линк дээр дарах, хувийн мэдээллээ оруулах;
- Бусдын гуйлтаар банкны карт, данс болон гар утсаа ашиглуулах!
Цахим халдлагад өртөж, санхүүгийн эрсдэлд орохгүйн тулд сошиал орчинд үйлдэл хийхээсээ өмнө тухайн мэдээллийг шалгаж, давхар баталгаажуулах арга (Two Factor Authentication) ашиглан хувийн мэдээллээ хамгаалдаг байхыг та бүхэнд уриалж байна. Фэйсбүүк, инстаграм зэрэг сошиал сувгууд, хувийн и-мэйл хаягийн "Security Login" тохиргоог идэвхжүүлснээр таны хаяг, аккаунт руу өөрийн тань өмнөөс хэн нэгэн нэвтрэх оролдлого хийх үед мэдээлэл очно.