x

Л.Өнөрчимэг: Уран бүтээлүүд минь гэрэлтэнэ, дуугарна, бас амьтай

Тэрээр зургийн спорт буюу Art sport-ыг үндэслэж, хоёр гараар нэгэн зэрэг зурах, элсээр зурах, аквариумд зурах, каллиграфаар зурах... гэх мэт төрөл ангиллаар үзэгчдийн өмнө цаг хугацаатай, дэвжээтэй, шүүгчтэй, оноотой, номинацитайгаар зурах урлагийг спорт болгон олон улсад анхлан нэвтрүүлж буй спортлог зураач, үзүүлбэр тоглолтын анхдагч ажээ. Мөн малын түүхий арьсан дээр 3D буюу товгор, синхрон гэрэлтэй, дуут уран зургийг зурах арга технологийг анхлан урлан бүтээж яваа төдийгүй гучаад жилийн тэртээ Монголын түүхэнд анх удаа усан дотор, усны мандал дээр, морины давхиан дунд, хоёр гараараа, хөлөөрөө зурах урлагийг нэвтрүүлснээрээ "Монголын гайхамшиг"-ийн тэргүүн шагналыг хүртсэн билээ. Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, Боловсролын тэргүүний ажилтан, Биеийн тамир спортын тэргүүний ажилтан, ОХУ-ын Тува Улсын Гавьяат ажилтан, Дэлхийн зургийн спорт холбооны ерөнхийлөгч Л.Өнөрчимэг өдгөө Монгол цэргийн музейн интерьер дизайнер, сэргээн засварлагч, зураачаар ажиллаж байна.

Түүний зурсан Чингис хааны сэрэг хөрөг, “Алтайн тооройт төгөл”, “Дунгийн хүрхрээ”, “Бурхан Халдун”, “Шилийн Богд”, “Хүннү сүг зураг”, ”Аранзал залуу насаа дурсана” зэрэг олон бүтээл тус музей болон Батлан хамгаалах яамны харьяа байгууллагуудын хойморт заларчээ.


-Та бол тэртээ 1993 онд “Монгол гайхамшиг” наадмаар тодорсон манай анхны гоц авьяастнуудын нэг. Тухайн үедээ ам, хоёр гар, хөлөөрөө зурж дуулиан шуугиантайгаар танигдсанаас хойш чөлөөт сэтгэлгээ, зоримог үйлдэл, уйгагүй зүтгэлээрээ өөрийн орон зайгаа тунхагласан чөлөөт уран бүтээлч. Та Монгол цэргийн музей хэмээх батлан хамгаалах салбарын соёлын байгууллагын нэгэн гишүүн болоод багагүй хугацаа өнгөрлөө. Чөлөөт уран бүтээлчээс төрийн албан хаагч болсон сэтгэгдлийг тань сонирхъё? 

-Ялгаа бол их юм байна аа. Цагт баригдахгүй, чөлөөт сэтгэлгээтэй, салбар бүрт чиглэсэн сониуч зан чанартай, ерөнхийдөө өөрөө өөртөө эзэн явсан би илүү сахилга баттай, багаар ажиллах чадвартай, үүрэг даалгаврыг цагтай өрсөн биелүүлдэг, түмэн олон, улсынхаа төлөө гэсэн ажил үйлс, зорилго нь тодорхой хамт олны нэгэн эд эс болж ажиллаж байна. Ерөнхийдөө амьдралаа бас дахин шинээр эхэлж байна даа. Хүний амьдралын сонирхолтой, өгөөжтэй нэгэн үеийг даван туулж, Монгол Улсынхаа түүхэнд үлдэх, Монгол цэргийн музейгээ дэлхий дахинд таниулах, ард түмнийхээ оюуны болоод урлагийн өв санд хүндтэй байр эзлэх уран бүтээлүүд туурвих эрч хүч, хүсэл зоригоор дүүрэн ажиллаж амьдарч явна даа... 

-Монгол цэргийн музей бол таны хувьд шинэ газар биш байх. Таныг энд томилогдож ирэхдээ хамгийн түрүүнд бага насаа дурссан болов уу гэж бодож байна. 

-Тийм шүү, бага нас минь юуны түрүүнд бодогдсон. Аавынхаа ажлыг үргэлжлүүлэн хийж байгаадаа миний сэтгэл цаг ямагт бахдал, баяр хөөрөөр бялхаж яваа шүү. Монгол цэргийн музей бол хэзээнээсээ миний хоёр дахь гэр байсаар ирсэн. Багадаа аавыгаа дагаж цэргийн бүхий л гар урлал, түүхэн үзмэрүүдийн дунд байсан бол өнөөдөр дурсамж дүүрэн бага насандаа эргэн ирж ажил руугаа тэмүүлж догдолсоор ирдэг. Хүү маань гадаадад, би энд ганцаараа амьдардаг болохоор гэр урландаа гэхээсээ эндээ байх нь илүү сайхан, дотно санагддаг. Миний аав хошууч Б.Лүүрэв Монголын Ардын Армийн Ар талыг удирдах ерөнхий газрын Бэлэг дурсгалын командын захирагч байлаа. Аав минь чөлөөт сэтгэлгээтэй, шинийг санаачлагч маш авьяаслаг уран бүтээлч хүн байсан. Баян-Өлгий аймгийн Урчуудын эвлэлийн анхны салбарын даргаас эхлээд Замын-Үүд, Өвөрхангай, Дорнод, Дорноговь аймгийн Ардын Армийн ангиудын Соёлын төв клубүүдэд эрхлэгчээр ажиллаж, Халхын голын Ерэн баатрын хөшөө, Офицеруудын ордны тойрог дахь гурван онгоцтой хөшөө буюу Монгол ард эскадрилын хөшөө зэргийг бүтээн босгох ажлын ахлагчаар тус тус ажиллаж явсан юм. Байнга шинийг эрэлхийлж явдаг аав минь целлойдон сийлбэр, гипсэн цутгамал, зэс хөөмөл, эвэр урлалын бүтээлүүдийг Монголдоо анхлан хийсэн бөгөөд бүтээлүүдийг нь тухайн социалист орнуудад болон эх оронд маань айлчилсан гадаадын зочид төлөөлөгчдөд бэлэглэж дурсгадаг байсан. Манай орны өнцөг булан бүрээс цугласан ур дүйтэй цэргүүдийг удирдан ажиллах аавынхаа хийж бүтээсэн бэлэг дурсгалын зүйлсийг төрөн бий болохыг нүдээрээ харж, хамтран хийлцэж өссөн хүн дээ, би. Миний анхны багш аав минь байсан. Монгол цэргийн музейд “Азарганы ноцолдоон” баримал, В.И.Ленин, Д.Сүхбаатарын цээж баримал, Ю.Цэдэнбалын усан будгийн хөрөг зураг, маршал Г.К.Жуков болон Оросын алдарт баатруудын зургууд гээд миний аавын маш олон бүтээл байдаг. Түүнээс гадна Ү.Батмөнх, Б.Равсал гуай гээд аавын минь найз, уран бүтээлчдийн уран бүтээлүүдийг харах бүрдээ хайр хүрч байна. Миний бага нас бол гарын уртай, сэтгэлийн уртай, маш их соёлтой, боловсролтой, мөрдэстэй уран бүтээлчдийн дунд өнгөрсөн юм шүү дээ. Энэ ташрамд, уран бүтээлээ төр улсдаа зориулж, аавынхаа гэгээн үйлсийг үргэлжлүүлж, Монгол цэргийн музейд ажиллах боломжийг олгосон Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяртаа талархаж явдгаа илэрхийлье ээ. 

-Хэн байснаа мартаж болохгүйн учрыг та цэцэрлэг, сургуулийн андуудаа дуудан байж цахимд нэг хэсэг шуугиулж байсан нь санаанд орлоо...

-Үнэн, үнэн. Улаанхуарангийн 24 дүгээр ясли, Чулуун-Овооны 62 дугаар цэцэрлэг, Баянзүрх дүүргийн 53 дугаар сургуулийнхан маань бүгд шахуу цэргийнхний хүүхдүүд. Арван жилийнхэн, ангийнхан маань ихэнх нь цэрэг, цагдаагийн сургууль төгссөн байдаг. Өлгийтэйгөөсөө өнөөг хүртэл цэрэг армийнхны дунд амьдарч ирлээ дээ... Цэрэг хүний зан чанар, шударга ёс, хариуцлага, дэг журам, ёс зүйг багаасаа мэдэрч өссөн цэргийн хүний эрх охин л доо, би.

-Багын л урлаг, спортын олон талын авьяастай, оролцсон тэмцээн уралдаан бүрээсээ шагнал, медаль түүдэг сэргэлэн охин байсан талаар бага ангийн багш тань нэгэнтээ дурссан байсан. 

-Офицеруудын ордны хүүхдийн бүжгийн болоод зургийн дугуйлан, МҮЭСТО-ы баримлын болоод зургийн дугуйлан, “Алдар” нийгэмлэгийн цэрэгжилт спортын секц зэрэгт хамрагдан хичээллэж, олон ч тэмцээн уралдаанаас медаль хүртэж байлаа. Бас Монголд бие хамгаалах урлаг каратэгийн үзүүлэх тоглолт хийсэн анхдагч эмэгтэй шүү дээ, би чинь. Гимнастикийн спортын насанд хүрэгчдийн гуравдугаар зэрэгтэй, хөнгөн атлетикийн спортын 100 метрийн зайн гүйлтийн хоёрдугаар зэрэгтэй. Дуулах, бүжиглэх, загвар зохиох, судлах, зурах гээд юм юм л сонирхдог байлаа. Төрөлхийн зан ааш минь ээжийгээ дуурайсан хэрсүү, тайван, голыг нь олоод л хэлчихдэг, чадах юмаа хийчихдэг, ихэмсэг, дургүй хүрсэн үедээ дуугаа хураадаг, асар их тэвчээртэй атлаа харин уран бүтээл хийхдээ яг аав шигээ болчихдог юм. Инээж хөхрөөд, огшоод л... Аав минь их алиа, хошин шогийн мэдрэмж өндөртэй, сониуч, хурдан хөдөлгөөнтэй, дандаа инээмсэглэж явдаг хүн байсан юм.

-Танайхыг их олуулаа байсан гэдэг. Хамгийн хөдөлгөөнтэй, дэггүй, эрх хүүхэд нь та байсан юм биш үү?

-Аав ээждээ маш эрх танхил өссөн дөө, би. Энэ сайхан эцэг эхийн охин нь болж төрсөн хувь заяандаа талархаад баршгүй ээ... Хүний ам юугаар бялхана, амьдрал түүгээр бялхдаг гэдэг үнэн. Ээж, аав минь Баян-Өлгий аймгийн Сүүн гол дээр ирээдүйн амьдралаа төсөөлөн мөрөөдөж, тангараг тавихдаа ээж минь “Хоёулаа олон хүүхэд төрүүлнэ шүү” гэхэд аав минь “Тэгвэл эрэгтэй, эмэгтэйгээр нь сөөлжиж төрүүлнэ, Өнөр гэж нэр өгнө өө” гэсэн гэдэг. Нээрээ л манай төрсөн 10, үрчилж өсгөсөн тав нийлээд 15 хүүхэд бүгд ааваар минь овоглож, Өнөр нэртэй болж, хүйсээрээ сөөлжсөн байдаг. Яахав, манайхнаас би л зургийн багш, зураач мэргэжил эзэмшиж, аавынхаа ажил мэргэжлийг өвлөсөн болохоос манайхан бүгдээрээ гарын ур дүйтэй, зурах дуртай. Гэр орноо тохижуулах, хувцас хунараа дэглэж өмсөх зэрэг нь гаргуун донжтой. Юмхнаар юм хийж үнэ цэнтэй бүтээл болгохдоо маш сайн. Миний зургуудыг ч ер нь “мэргэжлийн нүд”-ээр харна шүү дээ. Үг бүр нь үнэ цэнтэй байдаг. Жаазны сонголтыг хүртэл анзаарна, саналаа хэлнэ. Манай төрсөн ах, эгч дүүс минь урлагийн маш өндөр мэдрэмж, мэдлэгтэй хүмүүс. Таван ах минь инженер, таван эмэгтэй нь багш гээд бод доо. Бид бүгд ясли, цэцэрлэг, дунд сургууль, их, дээд сургуулиар дамжсан. Гэртээ цоожлуулж өссөн хүүхэд байхгүй. Аав ээж минь хэрхэн амжуулж байсныг би гайхдаг. Өөрсдөө өсөж том болоход залгуулаад л ач зээ нар төрж, бүр ч өнөр болон өсөж торнисон. Төдхөн л ам бүлийн тоо зуу гарчихсан. Тавь гартлаа аав, ээжтэйгээ хамт амьдарсан даа, би. 

-Мэргэжлийг нь өвлөөд зураач болоход аав тань маш их баярласан байх?

-Хамгийн их баярласан хүн аав минь. УБДС-ийн дүрслэх урлаг, шугам зургийн багшийн ангид ороод сурч байхдаа мөн каратэгээр хичээллэдэг, урлагийн бүхий л төрлийн бүжгийн уралдаан, эрдэм шинжилгээний хурлуудад идэвхтэй, амжилттай оролцдог оюутан байлаа. Ямартаа л кинодрамын ангийн П.Цэвэлсүрэн, Г.Хайдав багш нар маань жүжигчний ангидаа “урвуулчих” гээд намайг ятгадаг, би бүр тайзны уран чадварын хичээлд нь дуртай суудаг байлаа. Харамсалтай нь зэрэг сурч, хоёр дипломтой төгсөж болдоггүй цаг үе байсан. Ээж минь жүжигчин болохыг дэмжиж байсан ч аав минь “Миний охин, чимээгүй буюу дүрслэх урлаг бол улсдаа хэрэгтэй урлаг юм шүү. Жүжигчин гэдэг хувь хүндээ л алдар нэр, гавьяа цол авчрах ч улс орондоо үнэт өв үлдээх байдлаараа харьцуулшгүй өөр юм даа” гэсэн. Тэгээд л сургуулиа Дүрслэх урлаг, шугам зургийн багшийн мэргэжлээр төгссөн дөө. Мөн Монголын Урчуудын эвлэлийн шавь сургалтад тэнцэж, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын зураач, Төрийн шагналт УГЗ Н.Цүлтэм багшийнхаа гарын шавь байсан азтай хүн дээ, би.

-Монголын анхны гоц авьяастнуудын нэг болж, “Монгол гайхамшиг-1993” наадамд хэрхэн оролцож байснаа өнөөдөр нэг эргэн дурсаач?

-1992 оны өвөл Отгонтэнгэр хайрхныг зурахаар зорьж очих замдаа осгож үхэх шахаад байхад минь олж тэнхрүүлсэн эмээ болон Улиастай хотын залуус, Л.Сүхбаатарын гэр бүлд одоо ч баярлаж явдаг. 1992 оны 12 дугаар сарын 7-ны шөнө сарны гэрэлд хүүхдийнх нь зургийн дэвтэр дээр Отгонтэнгэр хайрхныг Л.Сүхбаатар ахынхаа ярьснаар нь төсөөлөн хөлөөрөө зурсан юм. Завхан аймагт каратэ, бүжиг, дуу, зургийн үзүүлбэр бүхий тоглолт хийгээд, хотоос очсон “Баян Монгол” чуулга, Улсын филармоныхонтой хамтран хэд хэдэн тоглолт хийсэн. Тэгээд Улаанбаатарт ирсний дараа Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн З.Түмэн-Өлзий гуай Отгонтэнгэр хайрхныг хөлөөрөө зурсан гэдгээр маань сураглан олж ирээд, “Монгол гайхамшиг-93” их наадамд оролцохыг хүссэн. Тэр үед хүмүүс миний дээл хувцас, будаг хэрэгсэл, зургийн самбар гээд бүгдийг бэлдээд өгчихсөн. Наадмыг сэтгүүлч А.Авирмэд хөтөлж байсан. Түүнийг зарлахад нь ямар ч бэлтгэлгүй би чинь айдастайгаар тайзнаа гарч байсан. Төдхөн миний зохиосон дуу хөгжим эгшиглэж эхлэнгүүт өөрийн эрхгүй хөглөгдөөд л, хайр сэтгэл тэргүүтэй гоё гэгээлэг сэдвүүдээр анхныхаа зургуудыг үзэгчдийн өмнө хоёр гараараа нэгэн зэрэг зурж, “Монгол гайхамшиг-1993” наадмын тэргүүн байрын шагналыг хүртэж байлаа. 

Дараа нь 1996 онд усан дотор зурж шуугиан тарьсан байх аа.             

-Усан дотор зурах санаа танд хэрхэн төрсөн юм бэ? 

-Дуулдаг, бүжиглэдэг, шүлэглэдэг, хөгжимддөг, басхүү спортлог дэврүүн нэгэн явахад минь Хөдөлмөрийн баатар Н.Цүлтэм багш маань “Чи энэ олон төрлийн авьяасаа нэг л цогц болго. Тал тал тийшээ үсчээд байвал амжилтад хүрсэн зүйлгүй хайран залуу нас чинь өнгөрнө. Нэг л онцгой зүйл сэтгэж ир” гэж даалгавар өгсөн юм. Нэг шөнө би зүүдэндээ өөрийгөө усан дотор зурж байгаагаар харлаа. Өглөө нь хөөрөөд багш дээрээ гүйж очсон. Өөрийн зохиосон дуу хөгжим, аялгуунуудаа усан дотор сонсож буйгаар төсөөлөнгөө зургаа зурж гарч ирээд усны мандал дээр бүжиглэнэ гээд анх удаа таван эрдмийг биедээ цогцлоон байж төсөөлсөн. Усан дотор зурахтай минь холбоотойгоор Хотын боловсролын хүрээлэнд эрдэмтэн судлаачид хэд хэд хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбат гуайтай уулзуулж, Эрдэнэт үйлдвэр анх удаа Гоц авьяастантай хамтран ажиллах гэрээ байгуулж байлаа. Тэрхүү гэрээний дагуу эмчээр хангаж, сувилалд амрааж, бэлтгэл сургуулилт хийлгэх багш нарыг томилсон. Улмаар 1996 оны 7 дугаар сарын 11-ний өдөр усан дотор “Хуягт баатар”, усны мандал дээр хөлөөрөө “Хонгор хүлэг” нэртэй хос таталбар зураг зурсан шилдэг, шинэлэг үзүүлбэр минь зарим хүмүүсийн атаа жөтөө, хэл амыг дагуулж, миний бие баяр, гуниг ээлжилсэн ээдрээтэй амьдралыг туулсан даа. Энэхүү дурсамжууд минь баримтат кино болон мөнхрөн үлдсэн байдаг даа. 1999 онд Монгол туургатан спорт, урлагийн улсын их наадамд аквариумтай усан сан дотор зураг зурж, Монголын нийгэмд өөрийгөө хүлээн зөвшөөрүүлсэн маш том амжилт гаргаж байлаа. Улмаар 2000-2005 онд Хонгконгод ажиллаж амьдарч, Монгол Улсынхаа нэрийг өргөн уудам Хятад оронд чадлынхаа хэрээр дуурьсгаж явлаа. Мөн Тува, Буриадад бие даасан тоглолтуудаа үзүүлж байснаас гадна Монголынхоо бүх суманд очиж тоглолт, үзүүлбэрүүдээ өргөн барьсан. Тоглолтдоо өөрийн зохиосон дуугаа дуулж, шүлгээ уншиж, хөл, гараараа нэгэн зэрэг зураг зурах цогц урлагийг спортлог болгон үзүүлж ирсэн. Энэ нь яваандаа зургийн спорт болж дэлхийд хүлээн зөвшөөрөгдөөд, гадаадын маш олон зураач нар намайг дуурайдаг болжээ. 

-Зургийн спорт гэхээр содон сонсогдож байх чинь... 

-Энэ урлаг манайхаас бусад улсад арт шоу урлаг хэлбэрээр их өндөр хөгжчихсөн. Харин зургийн спорт гэдгийг анх удаа Монголоос дэлхийд гаргаж ирлээ. Энэ бол миний 30 гаруй жилийн хөдөлмөр зүтгэл, судалгааны ажил, хүүхэд залуучуудын дунд явуулсан зургийн сургалт, өөрийн биеэр гадаад дотоодод үзүүлж явсан зургийн спортын 200 гаруй үзүүлбэр тоглолт, 22 удаагийн уран зураг-таталбар зургийн үзэсгэлэнгийн минь үр дүн юм. Гадаад дотоодын 20 гаруй телевизийн нэвтрүүлгүүдэд оролцсон. Энэ хугацаанд зургийн спортын мэргэжлийн болон, шоу төрлүүдийг ангилан нэрлэж, онол арга зүйгээ боловсрууллаа. Дэлхийн зургийн спортын холбооны эрхзүйн бүрэн эрхийг авсан. Дэлхий дахины энэ талын бүх цахим мэдээллийн анхдагч нь болж чадлаа. Холбогдох бүхий л патентуудаа хамгаалж авсан. Энэ патентууд, оюуны өмчид Зургийн спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн явуулах анхдагч эрх, бэлэг тэмдэг, лого, туг дарцаг, онлайн нэр, медалийн хийц загвар, нэрэмжит шагналууд, зургийн спортын дэвжээ, халз мэтгэлцээн, олон улсыг хамарсан томоохон шоу, баримтат кино, телевизийн нэвтрүүлэг, бэлэг дурсгал, эмблем, шүүгчдийн бүрэлдэхүүн болон тамирчдын хувцас хэрэгсэл, багаж материал үйлдвэрлэх технологи, онолын хичээлийн номууд, CD, DVD цомог, клипүүд, баримтат кинонууд, цахим тест ашиглах эрх багтсан байгаа. Түүнчлэн “Үзэгчдийн өмнө зурах гоц авьяас билэг нь оюуны спортын төрөл мөн” сэдэвт докторын судалгааны ажил, мөн зургийн спортын түүхэн намтар, теорем, стандарт, технологи, амжилт, дурсамж, үгсийн сан зэрэг цуврал номоо бэлэн болгож хэвлүүлж байлаа. Одоо бид Монголын оюуны нэгэн гайхамшиг болсон зургийн спортоо зарлах хэрэгтэй байна. Олон улс, улсынхаа хэмжээнд биш юм аа гэхэд батлан хамгаалах салбарынхаа хэмжээнд зургийн спортын уралдаан тэмцээнээ зохион байгуулахыг хүсэж байна.

-Зургийн спортын тамирчин-уран бүтээлчид маань хэрхэн өрсөлдөх болж байна?

-Бид эрдэмтэн судлаачдын хамт зургийн спортын хэд хэдэн төрлийг ангилан нэрлэж, үүсмэл урлагаас зургийн спортыг бий болгож, үндэслэсэн юм. Каллиграф, элсээр зурах, хоёр гараар нэгэн зэрэг зурах, үзэгчдийн өмнө тайзан дээр, цаг хугацаатай уралдаж, спортлог эрсдэлийг даван туулж зурахын зэрэгцээ компьютерын программ дээр ажиллан өрсөлдөх цахим тест боловсруулсан байгаа. Миний хувьд элсээр зурах ширээ, монгол бичгээр бичих эсгий бийр, монгол янтай, босоо том бийр зэрэг багаж, хэрэгслүүдийг зохион бүтээж, үзүүлбэртээ ашигласаар ирсэн. Энэ бүхнээ оюуны өмчөөр баталгаажуулсан. Надад альбом, CD, баримтат кино, нэвтрүүлэг, багаж хэрэгсэл үйлдвэрлэх технологи, таталбар зураг, дүрс бичлэгүүд гээд 10 багц, оюуны 1000 орчим өмч байна. Гагцхүү одоо тэмцээн уралдааныг зохион байгуулахад төр засгийн багахан дэмжлэг, төсөв санхүү л шаардлагатай байна. 

-Хог адил хөглөрч, хаягдах малын түүхий арьсыг урлагийн үнэт бүтээл болгоод байгаа тань бас нэг оюуны өмч биз дээ?

-Би үүнийгээ Дуут уран зураг гэж нэрлэж байгаа. Малын түүхий арьсыг боловсруулаад, 3D, синхрон гэрэлтэй, товгор уран зургуудыг бий болгон төрүүлж байна. Бүтээлүүд минь гэрэлтэнэ, дуугарна, “амилна”. Би лайваар арьсны боловсруулалт, технологио харууллаа, басхүү бүтээлүүдээ туурвилаа. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд адил төстэй хүн гарч ирсэнгүй ээ. 

-Та багагүй хугацаанд Хонгконгод амьдарчээ, бас ОХУ-ын Тува Улс танд гавьяат хэмээх эрхэм цолоо өгчээ. Мөн таны тухай, таны авьяасын талаар хийсэн гаднын олон баримтат кино байдаг юм байна. Таныг гаднынхан их сонирхдог аж, харин гадагшаа зорих бодол хэзээ нэгэн цагт танд төрж байв уу?

-Би Хонгконг, Орост таталбар зураг, зураасан зураг төрлөөр мэргэжил дээшлүүлж, Олон улсын хүүхдийн байгууллагад багшилж байлаа. Япон, БНСУ, Герман, Польш зэрэг орноос уран бүтээлчид ирж миний тухай баримтат нэвтрүүлгүүд хийж байлаа. Гадаадад урилгаар очиж, их ч үзүүлбэр үзүүлсэн. Хонгконгийн иргэн болох санал ч ирж байлаа. Гэхдээ хүний нутагт гансарч уйлаад, ганцаардаад өтлөхөд эх орондоо ирэх нүүргүй, ирж чадахгүй болчихвол аймшигтай гэж бодоод гадаадын иргэн болоогүй ээ. Яахав, мөнгө хөрөнгөөр дутагдахгүй сайхан амьдрах байсан байх л даа... Нөгөө сэтгэлийн аз жаргал маань яах билээ? Мөнгөөр хэмжигдэхгүй үнэ цэн гэж бий шүү дээ?! Би гадагшаа зөндөө явсан. Хонгконгийн нэг сая долларын эзэн болж л байлаа. Зөвхөн тоглолт хийхэд ингэж байгаа юм чинь иргэн нь болоход бүр тэрбумтан болно биз дээ... гэж бодогддог л байсан. Гэтэл миний улсдаа оюуны өв бүтээж өгөх хүсэл мөрөөдөл минь яах билээ? Чи Монголын гоц авьяастан хэр нь ээ энэ сайхан зүйлээ Монголынхоо хүүхэд залууст зааж өгөөгүй гэж өвгөд минь уурлана. Хөгжлөөрөө илүү улс орон намайг ойлгоод, үнэлээд санал тавьж, нөхцөл боломж амлаад байдаг. Гэтэл би гэдэг хүн өнөө орчин цагт галладаг сургууль, гадаа жорлонтой байгаа улс орноо хайрлаад л, хөгжинө гэж итгээд л амьдарч байна даа. Ёстой яалтай ч билээ...

-Үнэлэгдэхгүй байна гэсэн гомдол сэтгэлийн тань мухарт байх шиг санагдаад л асуусан юм аа?

-Хамаагүй ээ хө, хэзээ нэгэн цагт үнэлнэ. Үлдэх үр минь нүүр бардам байна. 


Ийнхүү бардамхан өгүүлсэн түүний амьдралд баяр хөөр, мандан бадралт, уйтгар гуниг, цөхрөл уналт аль аль нь байсан. Тэр даваад л гардаг. Ялангуяа, сүүлийн үед тэр цахим найзуудтайгаа өнгө будаггүй хамт байгаа. Шинэхэн уран бүтээлээ өлгийдөж аваад огшиж, хөөрч бүжиглэж хамт байна. Баяр гунигаа нуулгүй уйлж дуулж хамт байдаг. Гэхдээ л тэр урмын ганцхан сайхан үгэнд, уучлахын гэгээн итгэлд, тэврээд хайрлах үнэнч нөхөрлөлд, тэртээд одсон гэрэлт дурсамждаа сэргэнэ. Тэрээр ханиа алдахын зовлонг туулсан ч хүүгийн ачлалыг мэдэрч жаргасан. Тэр хорт хавдар, хэл ам, атаа жөтөө бүхнийг даван туулсан ч эх орон, элгэн түмэн, зуунд үлдэх бүтээл, зуурдхан олдох амьдрал гэж зоригжсон ийм л нэгэн содон уран бүтээлч бүсгүй. Ёстой л өөрийнх нь хэлснээр “тэнэгийн газар тэнэгтэж, ухаантны газар ургаж яваа хүн сарнай” бөлгөө.

Эх сурвалж: "Соёмбо" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 14 цаг 3 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 14 цаг 3 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 15 цаг 33 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 16 цаг 1 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 16 цаг 8 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 16 цаг 18 мин 1968 оны Чехословакийн хавар 16 цаг 45 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 16 цаг 59 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 18 цаг 33 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 18 цаг 42 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 19 цаг 3 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 19 цаг 53 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой 20 цаг 3 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 20 цаг 42 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Уржигдар 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Уржигдар 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Уржигдар 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Уржигдар 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Уржигдар 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Уржигдар 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ... Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно
Top