Уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч асан Н.Алагаатай ярилцлаа.
-Оюу толгой ордын гүний уурхайг нээхтэй зэрэгцэн өнгөрсөн хугацаанд энэ компани юу хийж ирсэн юм бэ гэдэг асуултыг зарим хүмүүс хөндөх болсон. Нэг ёсондоо өнгөрсөн жилүүдэд Монгол Улсад ашиг өгч ирсэн юм уу гэж эмзэглэх хэсэг байна. Тиймээс хоёулаа өнөөдрийг хүртэлх “Оюу толгой”-н ордын түүхийг товч дурдаж болох уу?
-Эхлээд Оюу толгой нээгдэх боломжтой байсан уу, үгүй юу гэж ярья. 1997 оны Ашигт малтмалын хууль гарахад тэнд маш чухал заалтууд орсон байдаг. Хайгуулын лицензийг гурван жилээр олгоно. Хоёр жилээр хоёр удаа сунгана гэж заасан. Нийтдээ долоон жил гэсэн үг байгаа биз. Хэрэв энэ долоон жилийнх нь хугацаа дуусвал онцгой эрхээр ашиглалтын тусгай эрхийг нөөцгүй ч байсан авч болно. Ашиглалтын лицензээ аваад хайгуулаа үргэлжлүүлж дуусгах зохицуулалт байсан. Хоёрт, ашиглалтын лицензийг нь эхний удаа 40 жил, дараа нь 30, 30 жилээр хоёр удаа сунгана гээд 100 жилээр эзэмшиж болохыг заасан. Дээр нь тусгай зөвшөөрлийг ямар нэгэн хязгаарлалтгүйгээр шилжүүлэх боломжтой хууль байлаа.
Оюу толгойн лиценз эхлээд “Магма коппер”-т, дараа нь“Эрдэнэт” үйлдвэрт байлаа. Дараа нь BHP-д ирлээ. Зэсийн үнэ унахад “Айвенхоу” авч, нээсэн. “Айвенхоу майнз” энэ төслийг босгож чадахгүй. Том төслийг жуниор компаниуд олоод томд нь өгдөг. Ингэснээр энэ орд дээр Англи, Америк орж ирэх байсан уу, Рио орж ирэх үү. BHP нь эргээд ирэх байсан уу, хэн нэгэн үндэстэн дамнасан компани авч таарна. Өөрөөр хэлбэл, тусгай зөвшөөрөл олгодог хязгаарлалт байхгүй, урт хугацаагаар олгогдож байсан нь Оюу толгой нээгдэх боломжийг бий болгосон. Нэг ёсондоо 1997 оны Ашигт малтмалын тухай хууль энэ боломжийг нээж чадсан гэж би хэлнэ. Түүхийг нь яривал Оюу толгой дээр эхлээд тогтвортой байдлын гэрээ байгуулах гэж миний санаж байгаагаар хоёр ч УИХ дамжаад явж байтал Оюу толгой 2006 онд стратегийн ач холбогдолтой ордод багтаад 34 хүртэлх хувийг төр эзэмшихээр болсон. Энэ хуулийн заалтын дор УИХ 2009 онд Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан. Түүнээс хойш Оюу толгой үндсэндээ бүтээн байгуулалтаа эхэлсэн.
Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт эхлээд явж байтал 2011 оны төгсгөлөөр гэрээ муу болсон гэх асуудал гарч, санхүүжилтийг зогсоосон. Ийм байдал нэлээд үргэлжилсэн байх. Ямартай ч эхлээд байсан далд уурхайн ажил гурван жил зогссон байдаг. Эхний хөрөнгө оруулалт 4 тэрбум гаруй ам.доллар шүү дээ. Сүүлд зургаа ч болсон байх. Тэр нь их боллоо, бага боллоо гэж маргаад байдаг. Ер нь гадаадын хөрөнгө оруулалт их байна гээд байдгийг би ойлгодоггүй юм. Орж ирж байгаа доллар болгоны цаана ажил үйлчилгээ, татвар, тэнд хүмүүсийн цалин, худалдан авалт нэмэгдэж байдаг. Их орлоо гээд гаслаад байдаг хэрнээ хөрөнгө оруулалт хэрэгтэй гэдэг. Яг тэр эхний бүтээн байгуулалтын хоёр гуравхан жилийн дотор орсон хөрөнгө оруулалт Монгол Улсын эдийн засгийг маш их томруулсан. Тэр эдийн засаг өнөөдөр яг хэвээрээ байна. Түүнээс хойш томорч чадаагүй. Тэр үед төгрөг чангарч, импортын байгууллагууд ашиггүй болж, англи хэлтэй ажиллах хүчин Оюу толгойн төсөл рүү явж, хүмүүсийн хэлдгээр Голланд өвчний шинж тэмдэг эхэлсэн шүү дээ.
-Тэгээд Дубайн гэрээний асуудал эхэлдэг...?
-2015 онд Сайханбилэгийн Засгийн газар хоёр гэрээний хүрээнд далд уурхайн санхүүжилтийн төлөвлөөг ямар хугацаанд, хэдэн төгрөгөөр, юу хийх вэ гэдгийг тодорхой болгосон. Түүн дээр өмнөх өрийн асуудлыг цайруулсан байдаг.
Ер нь манайд өр гэдэг их асуудалтай. Олон удаа ч хөндөгдлөө. Яагаад гадаадын хөрөнгө оруулалттай компани бүр дээр татварын өр гараад байна вэ гэхээр олон улсын бүртгэлийн стандарт манай улсын стандарт хоёр зөрүүтэй байдгаас үүдэлтэй. Тэр зөрүү л татварын өр болж гарч ирээд байгаа юм. Уг нь бид нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартыг мөрдөнө гээд зарлачихсан. Яг хууль хэрэгжүүлэх дүрэм журамдаа тусгаагүй. Тэр олон улсын стандартыг мэдэхгүй татварын байцаагч акт тавьдаг. Тэгээд л өр болдог.
За Оюу толгойн түүх рүү ороход үргэлжлүүлээд дунд нь баахан мэтгэлцээн үүссэн шүү дээ. Үнэхээр одоо Рио Тинтод олон монголчууд ажилладаг болсон байна. Дээд албан тушаалын түвшинд ч монголчууд орж чадсан. Монголын Засгийн газар баг гаргаад гэрээндээ тодорхой хэмжээгээр өөрчлөлт оруулаад, өрийн асуудлаа шийдэж, ямартай ч төслийг явуулъя гэснээр гүний уурхай сая ашиглалтад орлоо.
1300 метрийн гүнд зөвхөн уул уурхайн олборлолтын ололтоос гадна тэнд өрмийн машин, авто зөөгч, бутлуур, юүлүүр гээд л ил явдаг бүх техник засварын багтайгаа ажилладаг боллоо. Мэдээж аюулгүй байдлын асуудал бүрэн хангагдсан. Бүхэл бүтэн үйлдвэр газар доор бүх тоног төхөөрөмжтэйгөө байгуулагдлаа шүү дээ. Ингэхдээ хамгийн орчин үеийн шийдлээр шүү. Маш олон монгол залуус уул уурхайн шинэ техник технологитой танилцаж, бизнесийн ёс зүй гэж юу болох, бизнес яаж хийдэг, хүмүүс яаж ажилладгийг харж сурч байна. Дэлхийн аль ч оронд ажиллах хэмжээнд шинэ мэдлэгтэй монгол хүмүүс бий болж байна. Хүн нь экспортод гарахад бэлэн боллоо. Үүнийг гайхамшиг гэхгүй бол юуг хэлэх вэ. Эрдэнэт үйлдвэр 20 дугаар зууны манлай үйлдвэр. Тэгвэл 21 дүгээр зуунд Оюу толгойн гүний уурхай ашиглалтад орсон нь Монголын уул уурхайн салбар дахь гайхамшиг гэж би хэлнэ.
-Эрдэнэт үйлдвэр гэж ярьсных Оюу толгойг Эрдэнэттэй жишиж харьцуулдаг. Эрдэнэт том хот байгуулаад байхад Оюу толгой яагаад байгуулахгүй байгаа юм бэ гэдэг...?
-Товчхондоо нийгмийн ялгаа шүү дээ. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагт хувийн хөрөнгө гэж байгаагүй. Бүх хайгуул, уул уурхайн бүтээн байгуулалт, дэд бүтцийг бүгдийг төр засаг хийсэн.
Тэгвэл зах зээлийн бүх оронд эхлээд шууд бүтээгдэхүүн гаргах хөрөнгө оруулалтаа хийдэг. Харин хоёрдугаарт нийгмийн чанартай бусад асуудал яригддаг. Оюу толгойн алсын хараа бол Ханбогдыг 10-15 мянган хүнтэй хот болгож хөгжүүлэх. Хөгжүүлж ч байгаа. Ер нь өнөө үед заавал хот шинээр байгуулах албагүй болсон. Канад Австралид том уул уурхайг дагасан хот байдаггүй. Тэнд хувийн бизнес худалдан авалтыг хөгжүүлэхэд л дэмжлэг үзүүлдэг. 2003 онд Монгол телевиз, УИХ-ын гишүүдээс Зүүн Австралид “BHP”-гийн манай Таван толгой шиг уурхай ажилладаг бүс нутгийг үзүүлж байсныг санаж байна. Тэнд хот байхгүй,нутгийн удирдлагын төлөвлөгөөний дагуу хөрөнгө оруулагчийн дэмжлэгтэйгээр сургууль, цэцэрлэгтээ хөрөнгө оруулалт татаад л явуулж байсан.
Ер нь уул уурхайг дагасан том хот сүүлд нь уурхай зогсоход хүнд байдалд ордог. Барууны орнууд том хот байхгүй учраас уурхай зогсож хаагдахад нэг бол консерваци тавина, эс бол уурхайгаа буулгаад нөхөн сэргээлт хийдэг. Ажилчид нь өөрийнхөө амьжиргааг даагаад сурчихсан хүмүүс учир хэвийн амьдраад л явдаг.
-Тэгвэл гүний уурхайн үр өгөөжийн талаар ярья. Монголын эдийн засагт энэ гүний уурхай ямархуу үр өгөөж өгч чадах вэ?
-Оюу толгой компанийнхан ч өөрсдөө ярьсан байсан даа. Төслийн хүчин чадал гэж бий. Одоо л гүний уурхай нээгдэж байна. Төлөвлөсөн хэмжээнд хүрэхэд хугацаа орно. Одоо 170 мянган тонн зэсийн баяжмал гаргаж байгаа. Үүнийг 450 мянган тонн-д хүргэнэ гэж байгаа.Нээгдээд эхний малталт хийгээд л шууд хүрчихгүй. Аажмаар нэмэгдүүлнэ. Эрдэнэт гэхэд 1978 онд 4 сая тонн баяжмал гаргаж байсан. 16 сая болох хүртэл дөрвөн жил зарцуулсан байдаг. Оюу толгой 2030 он гэхэд төлөвлөсөн хүчин чадалдаа хүрчих болов уу. Тэгж чадвал өнөөдрийн Эрдэнэт үйлдвэр, Оюу толгой хоёроос гарсныг нийлүүлсэн хэмжээний зэсийн баяжмалыг дангаараа гаргах юм. Дээр нь алтны өндөр агууламжтай учраас зүгээр зэсийн баяжмалаас үнэлгээ сайтай байна.
-Тэр өгөөж нь эдийн засагт ямар үр дүн бий болгохыг энгийнээр тайлбарлахгүй юу?
-Доллар чангараад байна шүү дээ. Нэгд, өнөөдөр Монголд орж ирж байгаа ам.долларын хэмжээг 2.5 дахин нэмнэ гэсэн үг. Хоёрт, мэдээж худалдан авалт нэмэгдэнэ.
-Гүний уурхайн үйл ажиллагаа хэвийн явуулах тогтвортой байдлын асуудал чухал байх. Тийм үү?
-Хамгийн сүүлийн хэлэлцээрийг хоёр талаас их хүч гаргаж хийсэн. Одоо тогтворгүй байдал хөндөгдөх хэмжээнд яригдахгүй байх. Ядахдаа бид энэ үр дүнгээ үзэх хэрэгтэй биз дээ.
Ер нь манайхан үр дүнд хүрэхээс өмнө шуугиад л, сонсоод л төсөөллийн сэтгэхүйгээрээ явчихдаг ард түмэн. Төсөөллийн сэтгэхүй гэж нүүдэлчдэд голдуу байдаг. Европчууд бол логик аналитик сэтгэхүйтэй. Аливаа асуудлыг харьцуулж судалж ярьдаг. Манайх бол төсөөлнө. Муухай гэхээр өө тийм байна гэнэ. Нээрээ үнэн үү худал уу гэж харьцуулж шалгахгүй.
-Логик, аналитиктай асуудалд хандах нь их чухал гэдгийг өнөөдөр бид харж байна л даа. Тухайлбал, өнөөдөр газрын тосны “Петрочайна дачин тамсаг” компанийн асуудал хөндөгдөж байна. Үнэхээр тэр олон зээр үхсэн нь ноцтой асуудал. Харин эцсийн шийдвэр дүгнэлт гараагүй байхад газрын тосны үйл ажиллагааг зогсоох ёстой гэсэн хандлага давамгай болж байна шүү дээ. Үүнийг та юу гэж харж байна?
-Газрын тос Монголд хэрэгтэй юу, мэдээж хэрэгтэй. Бид нэг орноос хараат байгаа. Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу бид тодорхой бүтээгдэхүүн тэндээс авч болно. Түүхий газрын тос аваад Дорноговьд газрын тосны үйлдвэр барина гэж байгаа биз дээ. Тэр хэрэггүй юу.
Харин тэнд хууль бус үйл ажиллагаа байгаа бол мэргэжлийн хүмүүс тогтооно. Ажлын хэсэг гарчихсан ажиллаж байгаа юм гэсэн. Би фэйсбүүк, твиттер зэрэг сошиалаар гарсан мэдээлэлд үнэмшдэггүй. Хүлээцтэй хандана. Харин манайд мэргэжилтний үгийг хүлээж авахаа больж дээ. Бүгд мэддэг болчихож, мэдэхгүй сэдэв алга. Мэргэжилтэн хэлэхээр тоохгүй. Хүлээж авахгүй. Тэгсэн хэрнээ өөрсдөө мэдэхгүй. Энэ бол хөгжилд садаа болдог хортой хандлага юм.
Эх сурвалж: Өдрийн сонин