x

Шарын шашны хутагт хувилгаад тодруулах ёсон ба геополитикийн интервенц-I

Түүхэн урьдач нөхцөл

1640 онд Халх, Ойрадын ноёд Баруун Монголын Тарвагатайн нутаг хэмээх газар хуран цуглаж, хүчирхэгжин буй Манж гүрний эсрэг нэгдсэн холбоо байгуулах нөхцөл боломжийн талаар хэлэлцэх үед уг чуулганд мөн Ойрад болон Халх Монгол дахь Далай ламын элч төлөөлөгч болох Манзушри хутагт, Цагаан номын хан нар оролцжээ. Шарын шашны том зүтгэлтэн төдийгүй нэр алдар нь ихэд түгсэн эрдэмтэн лам Зая Бандид Намхайжамц /1599-1662/ Баруун Монголоос мөн залран ирсэн байлаа. Баруун Монголын нөлөө бүхий Баавхан ноёны хүү Намхайжамц нь Төвдийн шарын шашны дацан хийдэд хориод жил шавилан сууж, бурхны номонд нэвтэрхий боловсроод номч мэргэн хэмээгдсэн нэгэн байлаа.

Хаад ноёд дээрхи чуулганд оролцохдоо шарын шашны мяндагтан лам нарын нэгэн адилаар мөн нэг талаар эрх мэдлээ нэмэгдүүлэх, сүр хүчээ тэлэх завшаан хайж байлаа. Уг чуулганд Монголын ноёд Манжийн эсрэг нэгдсэн холбоо байгуулахыг эн тэргүүнээ зорьж байх чухам энэ үед лам нар харин геополитикийн гэж бараг хэлж болохуйц сонирхлоо хэрэгжүүлэх тухай л бодож байв. Манжийн хаад шарын шашинд анхнаасаа л ээлтэй хандаж байсны учир лам нарын хувьд бараг аюултай биш байсан болов уу. Харин ч Халх Монголд шарын шашныг улам хүчтэй дэлгэрүүлэх таатай боломжийг лам нар олж харсан бөгөөд Тарвагатайн нутагт хуралдсан ноёдын чуулган нэгэн сонирхолтой хандлагыг бий болгосон. Тухайлбал даяар монголчууд бүгдээрээ заавал дагаж мөрдөх ёстой цаазын бичгийг хэлэлцэн гаргахаар чармайлт тавьж байсан нь лам нарт тун дөхөмтэй байлаа. Зөвхөн лам нар бичиг номын хүмүүс байсныхаа хувьд уг чуулганы үеэр хууль цаазын бичгийг найруулан бичихэд гол нөлөөг үзүүлж чадсан юм. Бүх монголчууд бултаараа зайлшгүй дагах ёстой цаазын бичиг нь шарын шашны үзэл сургаалыг монголчуудын амьдралд гүн бат оруулж өгөх хамгийн таатай нөхцлийг бий болгосон юм. 

Зая Бандид уг чуулганы дараа Засагт ханы заллагаар Халх Монголд морилон саатсан бөгөөд тэрээр Монголын энэ чухал нутагт шарын шашныг дэлгэрүүлэн мандуулах үйлс зогсонги байдалд ороод байсныг дахин сэргээх хүсэл давхар өвөрлөж байв. Далай лам 1614 онд төвдийн эрдэмтэн лам Mайдар хутагтыг шарын шашныг дэлгэрүүл хэмээн Халх Монгол уруу явуулсан байна. Тэрээр Халх Монголд 1634 /1635?/ онд таалал төгсөх хүртлээ тэнд олон жил суужээ.

Зая Бандидыг залран ирэхэд Халх Монголын хамгийн том ноёд болох Түшээт хан, Сэцэн хан нар түүнийг хүлээн авсан. Эдгээр хаадыг их улс гэрийг нэгэнтээ үүсгэн байгуулж асан Чингис хааны /1162-1227/ удмын онцгой нөлөө бүхий хаад хэмээн үздэг байлаа. Иймд эртний монгол хаадын ордон харш сүндэрлэн байсан Хархорумын туурь балгас бүхий нутгийг захиран суусан Түшээт ханы нугун үр л 1640 онд Mайдар хутагтын залгамжлагч болон Халх Монголын шашны тэргүүнээр /?/ өргөмжлөгдсөн нь санамсаргүй явдал байж боломгүй мэт. 

Дээр өгүүлсэн түүх улс төрийн далд санаа агуулагдаагүй гэх аргагүй тул зарим нэг тайлбар хийх шаардлагатай юм. Улс төрийн овсгоо сайтай Сэцэн хан бээр Занабазарыг мэндлэхийн өмнө Түшээт ханыд айлчилжээ. Тэрээр айлчлах үедээ хэлсэн нь: ”Тэнгэр язгуурт Чингис хааны алтан ургийн хөвгүүн, бид бүгдийн эзэн болох нэгэн сайн хүү Халхын хан, ван, ноёдын эртний сайн ерөөлийн хүчээр танайд мэндлэх юм байна гэж миний санаанд байнга буух боллоо.”Сэцэн ханы зөгнөн хэлсний дараахан буюу 1635 онд Занабазар мэндэлж, гурван наснаасаа тарнийн ном унших болсон гэх агаад тоглохдоо ч хүртэл буян номын газар болох дуган хийдийн /Эрдэнэ Зуу хийд байж магадгүй/ ойролцоох газрыг сонгодог байсан тухай түүхэн шастир бичигт дурдсан байдаг. Түүнд 1638 онд Увш сахил хүртээж, 1640 онд Зая Бандидыг Халх Монголд саатах тэр үед Халх Монголын хамаг ноёдыг цуглуулан тийн гарсан (равжүн)-ы сахил хүртээж, Дамбийжанцан /буюу Лувсандамбийжалцан/ хэмээх сахилын нэрийг хайрлажээ. Гэвч тэрээр судар шастирт Өндөр Гэгээн Занабазар гэдэг нэрээрээ алдаршсан юм. Дээрхи сахил хүртээх ёслолд Халх Монголын хамаг ноёд хүрэлцэн ирсэн нь уг ёслолын ажиллагаа зохион байгуулалттай байсныг харуулж байна. Занабазар 1649 онд Төвд орноо морилж очоод, 1650 онд Банчин ламаас гэцэл сахил хүртсэн бөгөөд мөн тэр үед 5-р Далай лам түүнийг Дарнад-Жавзандамбын хувилгаан дүр болохыг тодруулжээ. Халх Монголын Жавзандамба ингэхэд ер нь чухам хэний хувилгаан дүр байв гэдгийг ойлгоход бэрх хэмээн английн эрдэмтэн Бауден тун зүйтэй үзжээ.Учир нь Жавзандамбын удаахь дүрүүд өөрийгөө Майдар хутагт хэмээсэн нь 4-р Далай ламын Монголд элч төлөөлөгчөө болгон явуулсан 1-р Майдар хутагтын хойд дүр гэж түүнийг таамаглан үздэгтэй илүү дөхүү юм. Гэсэн хэдий ч энэ нь түүхэн баримт сурвалжаар бараг нотлогдоогүй зүйл билээ. 

Сэцэн хан, Түшээт хан нар олон ноёдыг урьж Халх Монголын шашны тэргүүнээр Занабазарыг өргөмжлөхдөө цаанаа ямар бодлыг агуулж байв? Тэд шарын шашны сүсэгтэн нар бараг байгаагүй, гэвч тэдэнд Зая Бандидын нэр нөлөө, шашны сүр хүч магадгүй ихээхэн сэтгэгдэл төрүүлсэн байх. Урд зүгт Манж гүрэн хүчирхэгжин буйн улмаас халх монголчууд юу хийх шаардлагатай болов? Тэд үндэс угсаа, овог аймгаа нэгтгэх хэрэгтэй байсан, хэдийгээр ханыхаа өмнө ноёд алба хүлээдэг байсан ч ноёд харьцангуй бие даасан байдалтай болсны улмаас тэднийг ингэж нэгтгэнэ гэдэг боломжгүй зүйл байлаа. Харин нэгэн шашнаар зангидан нэгтгэх нь хавьгүй илүү боломжтой байв. Халх монголчуудыг шарын шашнаар холбон нэгтгэхэд “Чингис хааны алтан ургийн”-хан их улсыг удирдах тавилангаа анхнаас нь зөв ашиглахаас л энэ асуудлын хувь заяа шийдэгдэх байлаа. Чингис хаан монголчуудын хувьд үлгэр дууриал болсон Их Хаан байснаас гадна “бурхны номыг дэмжин тэтгэгч, ивээн хамгаалагч” хэмээгддэг байсан нь тухайн нөхцөл байдалд дөхөм болох байлаа.Дарнат Жавзандамбын хувилгаан дүрээр ханы хүү тодорсноор Чингисийн удмынхны их улсыг удирдах тавилан хаа нэгтээ ямар нэг аргаар хутагт хувилгаадын дунд орж ирсэн. Жавзандамба хутагтыг ихэс ноёд анхнаасаа л туйлын ихээр дэмжиж хүлээн зөвшөөрсөн юм. Ноёд түүнд албат иргэд, адуу мал өргөж байсан бөгөөд энэ нь Жавзандамба хутагтын хожмын зартай их хөрөнгө сангийн уг үндэс нь болсон юм. 

Халх Монголын 1-р Жавзандамба буюу Өндөр Гэгээн Занабазар бээр Баруун Хүрээ, Шанхын Хүрээ, Хэрлэнгийн Зүүн Хүрээ мөн хожмын нийслэл хот Их Хүрээний сүм хийдүүдийг байгуулсан бөгөөд ихэс ноёд түүнд шавь ард, мал хөрөнгө, бэлчээр нутгийг ч өргөл болгон барьж, ашдын буяныг үйлдэж байлаа. Манжийн хаад ч мөн энэ байдлыг улам өөгшүүлж, алба татварын хувьд сүм хийдэд тусгай нөхцөлийг эдлүүлж байв. Занабазар “гучин зургаан жилийн турш үргэлжилсэн бясалгал”-аа төгсгөөд 17-р зууны 70-аад оны эхээр соёмбо үсгийг зохиосон бөгөөд Монголын өнөөгийн төрийн далбаан дээр намирч байх соёмбо үсэг эртний бэлэгдэл ёсоор Монголын төр маш бөх, шашин маш арвин, олноороо эвтэй байхыг бэлэгшээж байна. Жавзандамба богино хугацааны дотор Далай лам, Банчин Эрдэнэ нартай бараг эн дүйцэхүйц шарын шашны хутагт лам болсон ажээ. Лхасын дээд багш лам нараас ангид шарын шашны төвийг Халх Монголд байгуулах гэсэн санаа зориг Жавзандамбад түүний өвөг дээдсээс уламжлагдан хэр зэрэг шингэсэн байв гэдгийг наанадаж судалж үзүүштэй юм. Өндөр Гэгээн Занабазарын эцэг Түшээт ханы харъяа нутагт 1586 онд үндэслэн байгуулсан Эрдэнэ Зуу хийд бүх л хугацааны туршид Халх Монголын 1-р Жавзандамбын хувьд онцгой бэлэг дэмбэрэлтэй газар байлаа. Олон зууны тэртээ дэлхийн талыг эзлэн оршсон Монголын их гүрний хаадын ордон харш хажууханд нь оршин байсан энэхүү газарт Чингисийн удмынхны их улсыг удирдах тавилан, шарын шашыг мандуулах гэсэн хүсэл санаа хоёр өвөрмөц байдлаар хоорондоо холбогдсон юм. Шарын шашныг дэмжин тэтгэгч Автай Сайн Хан, Түшээт Хан Гомбодоржнарыг мөн эл газарт нутаглуулжээ. 

Өндөр Гэгээн Занабазарын дараа Жавзандамбын хувилгаан дүрээр Түшээт Хан Чахундоржийн ач хүү болох Чин ван Дондовдоржийн дөтгөөр хүү тодорчээ.Үүнээс үзэхэд Чингисийн удмын Түшээт ханыхан Жавзандамбын “хувилгаан дүрийг” цаашид ч гэр бүлийн хүрээнээсээ тодруулж байх нь тодорхой байлаа. Бээжин дэх “Гадаад мужийг засах яам”/Li-fan-yuan/-наас Монголын ноёдын талаар нэгд нэгэнгүй нямбайлан хөтөлдөг угийн бичиг “Илтгэл шастир”-аас үзэхэд 1741 онд Манжийн Тэнгэрийн тэтгэсэн /Qianlong/ хааны зарлигаар их хувилгааныг хамгаалуулахаар Дондовдорж, Түшээт Хан Дондандорж нар Жавзандамбын өргөө байрлах Их Хүрээний зүг явж байжээ гэсэн дүгнэлтийг хийж болохоор байна. Жавзандамбын хувилгаан дүрүүд Түшээт ханыхны гэр бүлийн хүрээнээс тодорсоор буйд Манжийн хааны ордныхон улам эвгүйцэж байлаа. Энэ хугацаанд Жавзандамбын нөлөөн дор умард Монголд бүхэлд нь тархсан 65 хүрээ хийд, тун олон дуган сүм, чөлөөтэй хэрэн бадарчлах лам нар багтах болсон байлаа. Хошууны засаг ноёдыг томилох, аймаг хошуудыг дахин жижиглэн хуваах замаар хаад, ноёдын хүчийг сулруулах, өөрийн харъяат газраа зөвшөөрөлгүйгээр орхин явахыг хориглох зэрэг засаг захиргааны арга хэмжээнүүдийг Манжийн хаан сүүлийн жилүүдэд авах болсноор ихэс ноёдын улс төрийн чөлөөт байдлыг арай ч бүрэн үгүй болгочихоогүй ч ихээхэн хэмжээгээр хязгаарласан байхад харин Манжийн хааны хайр ивээлийг байнга хүртдэг шарын шашныхан “Гадаад мужийг засах яам”-наас гаргасан төрийн хууль цаазаас гадуур үйл ажиллагаагаа явуулж буйд Манжийн хааны ордныхон арга хэмжээ авах шаардлагатай болсныг ойлгож байлаа. Энэ нь Манжийн Эзэн хааны итгэлийг маш ихээр хөсөрдүүлсэн хэрэг болжээ. Монголын Амарсанаа, Чингүнжав нар зэвсэгт бослого /1755-1757/ гаргах үед Жавзандамба ил далд их бага ямар нэгэн хэмжээгээр тэдэнд талтай байгаа тухай мэдээг Бээжин авмагцаа Жавзандамбын хойт дүрийг тодруулахад Бээжин оролцож байх, ингэснээр урьдчилан сэргийлэх шаардлагатайг Манжийн Эзэн хаан ойлгожээ. Тэрээр их цэргээ хөдөлгөж зэвсэгт бослогыг нухчин дарсан 1757 онд 2-р Жавзандамба таалал төгсчээ. 

Жавзандамбын Төвдөөс тодорсон хувилгаан дүрүүд

Жавзандамбын хойт дүрийг эдүгээгээс эхлэн зөвхөн Төвдөөс тодруулна хэмээн Манжийн хаан зарлиг гаргажээ. Энэ нь Халх Монголын шарын шашны тэргүүн болон алтан урагийн хаадын хооронд хувь хүмүүсийн харьцаа тогтох явдлыг таслан зогсоох гэсэн манж нарын далд санааг тодоос тод харуулж байв.

Төвдийн түшмэл Данзангомбо болон түүний хятад эхнэрээс мэндэлсэн хүүг 1758 онд Жавзандамбын хувилгаанаар тодруулж Ишдамбийням /Лувсандамбийням/ гэдэг сахилын нэр хайрласан бөгөөд 1763 онд л түүнийг Их Хүрээнээ Богдын сэнтийд залжээ. Түүнийг сэнтийд залахын урьдаар Манжийн эзэн хаан Жавзандамбын улс төрийн хэрэгт оролцох боломжийг хамгийн бага хэмжээнд хүртэл хязгаарлахад чиглэгдсэн арга хэмжээг авсан байлаа. Жавзандамбын эзэмшлийн газар нутгийг 1758 онд Их Хүрээний амбанд мөн захируулах болсон. 1761 онд Хүрээнд манж амбан сууж, төрийн өдөр тутмын бүх л хэргийг захирах болжээ. Баттай эх сурвалжаас үзэхэд “Зарлигаар томилогдон Их Хүрээнээ сууж хэргийг шийтгэх” дээрхи хоёр амбан сайд Жавзандамбын баруун зүүн гар нь болж түүнд “тусалж” байх шийдвэрийг Манжийн эзэн хаан гаргажээ. Ингэснээр Жавзандамбын төрийн хэрэгт оролцох боломж үгүй болж зөвхөн шашны хэргээ л эрхлэх болсныг хянаж чадах болжээ.

Эдүгээгээс эхлэн зөвхөн Төвдөөс хувилгааныг тодруулна гэсэн Манжийн эзэн хааны зарлигийг Монголын язгууртан ноёд тун таагүй хүлээн авсан тул Манжийн эзэн хаан тэднийг тайтгаруулах зохих арга хэмжээг авах хэрэгтэй байлаа. Тэрээр 1764 онд Жавзандамбын Их Шавийг улсад гувчуур төлөх алба, хилийн болон өртөө улааны зэрэг гол үндсэн албанаас чөлөөлсөн. Уг арга хэмжээ ямар нөлөө үзүүлэв гэдэг талаар өнөөг хүртэл нэг ч шинжлэх ухааны судалгаа хийгдээгүй байна, гэвч Жавзандамбын мэдэлд байх сүм хийдийн гэх мэт эд хөрөнгө маш ихээр арвижсан нь Манжийн хааны энэхүү зарлигаас үүдэлтэй юм. 

Шашнаар дамжуулж монгол үндэстнийг нэгтгэх боломж хамгийн доод цэгтээ хүртэл буурсан. Төвдөөс тодорсон Жавзандамба болон түүнийг хүрээлэх ихэд төвдөжсөн том лам нар монголчуудад тулгараад байгаа нарийн төвөгтэй асуудлыг сонирхох ч үгүй байлаа. Тэд нэг талаас монголчуудын хэл, сэтгэхүйд нэвтэрч бараг чадахгүй байсан, нөгөө талаас эдгээр “шарын шашны бодь сэтгэлтэн” нарын улс төрийн сонирхол нэг улс үндэстний хил хязгаараас хэдийнээ халин гарсан байв. Төвдөөс тодорсон Жавзандамба болон төвдөжсөн дээд лам нар, нөгөө талаас олон монгол энгийн лам нарын хоорондох зөрчил хэрхэн яаж бий болов гэдэг асуудал миний бодоход шинжлэх ухааны судалгааны нэг чухал сэдэв байж болзошгүй юм. 

Үүнээс дараа дараагийн Жавзандамбыг монголчууд ихэд сүсэглэн шүтэж байсан гэдэг нь эргэлзээтэй. Төвдөөс тодорсон хувилгаад наад зах нь тун богино насалсныг Позднеев харуулсан байна. 3-р Жавзандамба арван зургаахан насласан бол 5-р Жавзандамба хорин долоо, 6-р Жавзандамба зургаа, 7-р Жавзандамба арван есний сүүдэр дээрээ таалал төгсчээ.Манжийн хааны ордныхон ч гэсэн тэдгээр Жавзандамбад зайлшгүй хүндэтгэлийг л үзүүлэх төдийхнөөр хязгаарлаж байжээ. Төвд эсвэл Бээжин орох зөвшөөрөл хүссэн бичигт /тухайлбал 5-р Жавзандамбын/ удаа дараа татгалзасан хариу өгч байжээ. 

Халх Монголын Жавзандамба нарын нэрсийн жагсаалт 

  Он сар өдөр Нэрс
1-р Жавзандамба 1635-1723 Өндөр Гэгээн Занабазар
2-р Жавзандамба 1724-1757 Лувсандамбийдонме
3-р Жавзандамба 1758-1773 Лувсанишдамбийням
4-р Жавзандамба 1775-1813 Лувсантүвдэнванчиг
5-р Жавзандамба 1815-1841 Лувсанчүлтэмжигмэддамбийжалцан
6-р Жавзандамба 1842-1848 Лувсанбалдандамбийжалцан
7-р Жавзандамба 1849-1868 Жавзаннаваанчойживанчигпринлэйжамц
8-р Жавзандамба 1870-1924 Агваанлувсанчойжинямданзанванчиг

Удалгүй хэдэн жилийн дараа Манжийн хаан хутагт, хувилгаадыг тодруулах шинэ журмыг зохих хууль зүйлийн бичигт тусган оруулсан. Манжийн Тэнгэрийн тэтгэсэн /Qianlong/ хаан 1793 онд Төвдийн бүх том лам нарын /Далай лам, Банчин Эрдэнэ нарыг оролцуулаад/ хойт дүрийг Лхасын хятад амбангийн хяналтан дор шавга татаж тодруулна хэмээн зарлиглажээ. Үүнтэй ижил төстэй утга бүхий зарлигийг Манжийн хаан тухайн онд мөн монголчуудад буулгасан. Монголын шарын шашны бүх хувилгаадыг зөвхөн Бээжин дэх “Гадаад мужийг засах яам” бүртгэн батламжлах болжээ. Жавзандамбын удаахь хувилгаан дүрийг Төвдөөс тодруулж байх талаар хааны зарлигт тодорхой заажээ. 1815 онд гаргасан “Зарлигаар тогтоосон гадаад мужийг засах яамны хууль зүйлийн бичиг”/манжаар: hese-i toktobuha tulergi golo-be dasara jurgan-i kooli hacin-i bithe/-т багтах “Лам нарын хууль”-ийн 58-р дэвтэрт: “Монгол Фанзегийн аймгаас хутагт ихээхэн ламын хувилгаан дэлгэрэв хэмээн өргөн мэдүүлвээс сул тайж эс бөгөөд албат ард /манжаар: albatu urse/ жич Тангудын харц хүмүүний хөвгүүдийн дотроос заалгуул. Далай лам, Банчин Эрдэнийн төрөл ураг, жич олон монгол хан, ван, бэйл, бэйс, гүн, засаг тайж нарын хөвгүүд ач нарын дотроос хувилгаан заахуйг нийтээр цаазлагтун”хэмээн заасан байдаг. Жавзандамба бээр Далай лам, Банчин Эрдэнэ нартай эн сацуу бөгөөд Манжийн хааны ордонд эдгээр шарын шашны мяндагтан лам нарыг хүлээн авах ёслол хоорондоо төдий л их ялгарахгүй байх тухай “Лам нарын хууль”-д тогтоон өгчээ. 

8-р Жавзандамба

8-р Жавзандамба Агваанлувсанчойжинямданзанванчиг нь 1870 онд Төвдийн нэгэн чинээлэг түшмэлийн хүү болон мэндэлжээ. Ийнхүү Жавзандамбын хувилгаан дүрийг Төвдөөс тодруулсан нь монголын хаад, ноёдын дургүйцлийг туйлын ихээр хүргэсэн. Засагт хан Цэрэндэндэвбээр ёслолын ажиллагаанд оролцох урилгын бичгийг Төвдөд хүргэх ёстой байсан ч өвчтэй гэдгээр шалтаглан үлдсэн ажээ. Үүнийхээ төлөө тэрээр Манжийн эзэн хаанаас хатуу донго хүртжээ. Монголын хаад ноёдын бодол санаа маш хүчтэй өөрчлөгдөж байлаа. Хятадыг эсэргүүцсэн үзэл бодол дээд давхаргынханд улам бүр шингэж байв. 1863 онд Монголын ноёд Хэрлэн голын хөвөөнөө Чингис хааны тахил тайлгын сүмийг бариулсан. Монголчууд ийнхүү аугаа их эзэн Чингисээ дурссан нь улс үндсээ тусгаар тогтнуулж, туурга тусгаар болгох тухай бодсон хэрэг байлаа.Ийм нөхцөл байдалд Жавзандамба 1875 онд Их Хүрээнээ Богдын сэнтийд залагдав. 

8-р Жавзандамба ээж, эгч дүү нарын хамтаар Хүрээнд ирсэн нь Жавзандамбын Төвдөөс тодорсон өмнөх дүрүүдээс ялгагдаж байлаа. Түүний дүү Лувсанхайдав нь удалгүй шарын шашны чойжин лам болжээ. Далай лам бээр Ёнзон ламыг Жавзандамбын багш болгон дагалдуулан явуулсан.

Шинэхэн өргөмжлөгдсөн шарын шашны тэргүүн ихээхэн зөрүүд, дуулгаваргүй нэгэн болох нь төдөлгүй танигджээ. Тэрээр архи ууж, авгай хүүхэн эргүүлэхдээ тун дуртай төдийгүй Манжийн хааны ордноос гаргасан хууль журмыг хүлээн зөвшөөрөхгүй байж ч бараг чадахаар байлаа. Тэрээр Их Хүрээнээс гарахын урьдаар Хүрээн дэх амбанаас тусгай зөвшөөрөл авах ёстой байв. Тухайлбал тэрээр 1887 онд Эрдэнэ Зуу хийд, 1889 онд Амарбаясгалант хийдэд очихдоо тусгай зөвшөөрлийг авсан байна. Гэвч 8-р Жавзандамба энэ журмыг цаашид дагая гэж бодсонгүй. 1890 онд тэрээр зөвшөөрөлгүйгээр хоёр ч удаа Амарбаясгалант хийд рүү явсан байна. Оросын консул Шишмарев Оросын анхны консулын газрыг 1872 онд Гадаад Монголд нээсэн бөгөөд Жавзандамбыг Манж-Хятадын өндөр тушаалтан ноёдтой сөргүүлэхийн тулд тэрээр ухаалаг маш нарийн тооцоотойгоор турхирч байсныг дурдалгүй орхиж болохгүй. Гадаад Монголд Орос хэдийнээс илтэд тусгай сонирхолтой байсан бөгөөд монголын хаад ноёд манжийн засаг захиргаанд хүлэгдсэн байх тул тэднийг бодвол Жавзандамба арай онцгой байр суурьтай төдийгүй түүний нөлөөний хүрээ нь улс даяар тархсан байх тул Оросын тал Жавзандамбыг өөртөө татахаас өөр яах билээ. Оросын консулын газрын ажилтнууд дараа дараагийн үйл явдалд зөвлөх, залах үүргийг их л болгоомжлонгуй гүйцэтгэж байсан шиг санагддаг бөгөөд энэ нь тэдний хувьд магадгүй тийм ч хэцүү бус байсан байх. Монголчуудаар улсын алба гувчуурыг эрүүдэн төлүүлэх нь нэмэгдсэн, нөгөө талаар Монголыг хятадчилах ажлыг төвөөс удирдан эрчимтэй явуулах болсон нь Монголын ихэс ноёд, дээд лам нарын Манж-Хятадын эсрэг тэрсэлдэн тэмцэх явдлыг улам дэвэргэж өгсөн. 1911 онд Хятадад хувьсгал ялахтай зэрэгцэн Монголын ихэс ноёд, дээд лам нарын Манж-Хятадын эсрэг тэмцэх явдал дээд цэгтээ хүрсэн байв. Гадаад Монголын ихэс ноёд VIII Жавзандамбад Богд Хаан /Гэгээн/ хэмээх цол өргөж, Монголын хаанаар өргөмжилсөн. Жавзандамбыг Монголын хаанд өргөмжилсөн нь зайлшгүй алхам байсан, учир нь тэрээр халх монголчуудын дунд ямар ч эргэлзээгүйгээр улс төрийн хамгийн чухал нэр хүндтэй зүтгэлтэн байсан төдийгүй мөн Халхын шарын шашны тэргүүн болох түүний нөлөө Буриад, Өвөр Монголд тархсан байлаа. Үүнээс гадна түүнийг хаан ширээнд суулгах өөр нэг чухал үндэслэл байсан нь 1-р Жавзандамба болох Өндөр Гэгээн Занабазар нь Түшээт Ханы хүү байсны учир Чингисийн алтан ураг болох бөгөөд харин одоогийн Богд Гэгээн нь Жавзандамбын хувилгаан дүрүүдээр дамжин түүнтэй нэгэнт холбогдох болсон явдал юм. Иймд Богд Гэгээнийг хаанд өргөмжилснөөр Чингисийн алтан урагт төрийн алтан жолоо дахин шилжлээ гэсэн үг юм.

Богд Гэгээнтэй холбогдох бэлэг тэмдэг мөн үргэлжилсээр байлаа. Богд хааныг “Монгол улсын эзэн, шашин төрийг хослон баригч Богд Хаан”хэмээн алдаршуулах болсон. “Шашин төрийг хослон баригч...” гэдэг өргөмжлөл нь Хятадыг эзлэн оршсон Монголын Юань гүрнийг үүсгэн байгуулагч, Монголын их хаан Хубилай /төр барьсан хугацаа:1260-1294/ Пагва ламыг “Улсын их багш”-аар залж улсыг удирдаж байсныг монголчуудын хувьд санагдуулдаг. 

Шарын шашинтан нарын үзэж буйгаар Богд хааныг хаан ширээнээ залсан нь шарын шашны ялалт амжилт байсан бөгөөд мөн тэдний бодлоор энэ нь үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний нэгтгэн зохион байгуулагч хүчин болсон юм. Улаанбаатар дахь Гандан хийдийн хамба Чойжамц энэ тухайд: “Үндэсний тусгаар тогтнолын төлөө тэмцэл хөдөлгөөн нийгмийн бүх анги давхаргыг хамран өрнөсөн 20-р зууны эхэн үеийн түүхэн тодорхой нөхцөлд шашин шүтлэг нь нийт үндэстний хүсэл эрмэлзлэл хүч чадлыг нэгтгэх хүчин зүйл болжээ. Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн нь юуны урьд шашнаа мандуулж, үндэстний улс төрийг сэргээн босгох уриан дор өрнөсөн бөгөөд түүнийг толгойлогч бэлэг тэмдэг нь Богд гэгээн болж, Монголын ард түмний 1910-1911 оны үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний үр дүнд шашин төрийг хослон барих олноо өргөгдсөн Богд хаант төр тогтжээ.”гэсэн дүгнэлтийг хийсэн байна. 

Оросын өмгөөлөл дор оршин байсан Монголын хаант улсын хувь заяа эгзэгтэй хэвээр байлаа. Оросод хувьсгал гарч, үймээн самуунд автсны хойно хятадууд энэ сиймхийг ашиглан 1919 оны 11-р сарын 17-нд Монголын засгийн газрын гишүүдийг Монголын тусгаар тогтнолыг Хятадад шилжүүлэх тухай бичигт гарыг үсэг зурахыг албадан тулгасан.

Барон фон Унгерн-Штернбергийн цагаантны цэргүүд Монголд бөөн бөөнөөрөө дайжин орж ирээд 1921 онд хятадуудыг Хиагт хүртэл үлдэн хөөжээ. Унгерн-Штернберг 1921 оны 2-р сарын 26-нд Богд Гэгээнийг Монголын хаан ширээнд дахин залсан байна. Оросын большевикуудын эсрэг тэмцэхдээ Гадаад Монголыг түшиц газар, бэхлэлт болгон ашиглахаар Унгерн-Штернберг тооцоолж байлаа. Зөвлөлтийнхөн хариу арга хэмжээ болгон Унгерн Штернбергийг барьж устгахаар шийдсэн. 1921 оны 8-р сарын 22-нд түүнийг барьсан бөгөөд түүний цэргүүдийг Зөвлөлт Оросын болон Монголын цэрэг бүрмөсөн устгасан. Ингээд Зөвлөлтийн нөлөөн дор орших монголын “Ардын түр засгийн газар” засгийн эрхийг барих болжээ. Нийслэл хүрээг чөлөөлсний дараагаар 1921 оны 7-р сарын 11-нд Богд Гэгээнийг Монголын хаан ширээнээ дахин залсан. Энэ нь үндэсний тусгаар тогтнолын бэлэг тэмдэг Богд Гэгээнд оршиж байдаг хэмээн ойлгох монголчуудын итгэл үнэмшилд нэг талаас нийцэж байсан ч энэ нь бас нөгөө талаар Гадаад Монголыг БНХАУ-ын салшгүй нэг хэсэг хэмээн үзэж буйгаа Хятадын төвийн Засгийн газарт удаа дараа илэрхийлж байсан Зөвлөлтийн гадаад бодлогын далд төлөвлөгөөтэй тохирч байв. 1921 оны 11-р сарын 1-нд “Ардын засгийн газар” Богд Гэгээнтэй “Тангаргийн гэрээ” байгуулж, уг гэрээний ёсоор “хэмжээлшгүй эрхт хаан”-ы улс төрийн бүх эрх мэдлийг хүчингүй болгосон. Үүнд: “Нэгдүгээр зүйл: Монгол улсын Богд хаан Жавзандамба хутагт, шарын шашны богд эзэн болох тул улс төрийн хэрэгт холбогдолгүй, шашны бүх хэргийг хязгааргүй эрхэлбэл зохино.”гэж заасан байдаг. Үүнээс хэдхэн сарын дараа буюу 1922 оны 4-р сарын 14-нд Жавзандамбын багш бөгөөд дээд лам нарын шилдэг төлөөлөгч болох Ёнзон хамбын бүх л тусгай эрх ямбыг Ардын засгийн газар хүчингүй болгосон нь ардын засгийн газрын цаашдын бодлогын нэг чиглэл гэж ойлгогдож байв. 1924 оны 5-р сарын 20-нд Богд Гэгээн таалал төгссөн нь Зөвлөлтийн ээлжит далд явууллага байсан болов уу гэсэн сэжгийг төрүүлж байна. ЗСБНХУ ба БНХАУ-ын төлөөлөгчид 1924 оны 5-р сарын 31-нд хоёр улсын хоорондын “асуудлыг шийдэх ерөнхий зарчмын тухай хэлэлцээр”-т гарын үсэг зурж, уг хэлэлцээрт Зөвлөлтийн засгийн газар Гадаад Монголыг “БНХАУ-ын нэг хэсэг” гэдгийг дахин хүлээн зөвшөөрчээ. Үүнээс нэг хоногийн хойно буюу 1924 оны 6-р сарын 1-нд Зөвлөлтийн засгийн газрын Нийслэл Хүрээн дэх дипломат төлөөлөгч “БНМАУ”-ыг тунхаглан зарлахыг монголчуудад зөвлөж байжээ. Энэ нь Богд Гэгээнийг таалал төгссөний дараагаар бий болсон шинэ нөхцөл байдалтай холбоотой байв.

Богд Гэгээнийг таалал төгссөнөөс хойш 21 хоногийн хугацаанд улс даяар гашуудал зарлах үеэр тусгай мэргэшсэн оточ лам нар Богд Гэгээний лагшинг давсаар занданшуулж хатаагаад, хуудсан алт, мөнгө сэлтээр чимэн шууж, Гандан хийдэд залжээ. Гандан хийд бол Амарбаясгалант хийд /1., 4-р Жавзандамба/, Дамбадаржаа хийд /2., 3., 6-р Жавзандамба/-ийн нэгэн адил Жавзандамбын шарилыг залсан цөөн хэдхэн газрын нэг нь юм. Энд мөн 5, 7-р Жавзандамбыг нутаглуулжээ.

Богд Гэгээнийг таалал төгссөний дараа Нийслэл Хүрээн дэх дээд лам нар Жавзандамбын хувилгаан дүрийг тодруулах ажлыг бэлтгэж эхэлсэн. Жавзандамба монгол хүний дүрд хувилж тодорно гэдэгт дээд лам нар санал нэгдсэн. Энэ явдлыг мөн нэлээд яаравчилж байв. Жавзандамбыг дахин тодруулах нь чухал биш гэдгийг Коминтерний зөвлөгч нар тэдэнд сануулж байлаа. БНМАУ байгуулагдсаныг зарлан тунхаглаж, төр шашны хэрэг тусдаа байхаар үндсэн хуулиндаа заасан нь засгийн газрын бодлогын чиглэл өөрчлөгдсөнийг тодорхой илтгэж байна.Шинэ хууль тогтоомжийн дагуу лам нар Улсын Их Хуралд сонгох сонгогдох эрхгүйөөрөөр хэлбэл улс төрийн хувьд ямар ч эрхгүй болжээ. 1925 оны 4-р сарын 3-нд засгийн газар Их Шавийн засаг захиргааны бүтцийг хүчингүй болгож, бие даасан аймгийг байгуулсан. Мөн төдөлгүй Монгол Ардын Хувьсгалт Нам /МАХН/-ын 4-р Их Хурлаас Богд Гэгээний хөрөнгийг хурааж улсын мэдэлд шилжүүлэх шийдвэрийг гаргасан.Ийнхүү Монголын шарын шашны хамгийн том эрх мэдэлтэн болох Богд Гэгээний хөрөнгийн үүсвэрийг үгүй болгосон. 1924 оны статистикийн мэдгээгээр Монголын бүх малын 20 орчим хувь буюу 2.912.520 толгой мал сүм хийдийн мэдэлд байсан бөгөөд Жавзандамбын Их Шавийн /1912 оны дараа89.362 шавь ардтай байсан/ данстай 609.000 орчим толгой мал, Нийслэл Хүрээний хийдүүдийн мэдэлд 293.000 орчим толгой мал тоологдсоноос үзэхэд Жавзандамба 902.000 толгой малыг толгой мэдэн зарах эрхтэй байсан нь түүнийг эдийн засгийн хувьд нөлөөгүй этгээд байгаагүйг гэрчилж байна.

Богд-Хан Уулын аймгийн /одоогийн Сэлэнгэ аймгийн Зүүнхараа сум/ Ноён-Уул хошууны Ялбаг хэмээх газар ээжтэйгээ амьдрах Түдэвийн Лувсандорж гэдэг хүүг Жавзандамбын хувилгаан хэмээн лам нар тодорхойлжээ. Ардууд түүний ээжийг далдыг хардаг гэхийн сацуу “Хараагийн мэргэн хүүхэн”хэмээдэг байжээ. Хүүг Жавзандамбын хойт дүр болохыг Далай лам, Банчин Эрдэнэ нараар аль болох түргэн батламжлуулах хэрэгтэй байсан. Үүнд удалгүй нэг сайхан завшаан тохиожээ. 1926 оны эхээр Монгол Ардын Засгийн газар гүн Л. Гомбо-Идшинг Лхас /Төвдийн/ хотноо суух элчингээр томилсон. 1926 оны 9-р сарын эхээр түүнийг Төвд үрүү явах үедМонгол Ардын засгийн газрын зөвшөөрлөөр Гэндэнсоном, Жанчивринчен нар дагалдан явжээ. 1926 оны 9-р сард Японы улс төрийн хүрээнийхэн “Азийн орнуудын ард түмнийг нэгтгэе”, “Большевизмын эсрэг тэмцье” уриан дор Нагасаки хотноо Өвөр Монголын ноёд, лам нарын бага хурлыг зохион байгуулсан. Энэ бага хуралд Банчин лам ч гэсэн оролцсон байна.Монголын лам нарын дотор “Ардын хувьсгалын ололт амжилтанд аюул учруулахуйц” “хувьсгалын эсрэг хүчин” нуугдаж буйг Москва ойлгомогцоо ихэд түгшиж байлаа. 1926 оны 9-р сарын 16-нд хуралдсан МАХН-ын 5-р Их Хуралд Коминтерний Гүйцэтгэх Хорооны Алс Дорнодын нарийн бичгийн дарга нарын газраас илгээсэн баярын бичигт: “Энэ тухайд лам нар нь хамгаас илүү хортой мэт бөгөөд бөгөөд одоо ч гэсэн Богд Гэгээнийг дахин буй болгох зэргээр оролдож буй ажгуу.”гэж онцлон заажээ. Намын тус Их Хурал дээр Зөвлөлтийн зөвлөх нарын шахалт дарамтын дор ерөнхий сайд Цэрэндорж өөрийн хүсэл зоригоос гадуур ex offcio буюу нэгэн мэдэгдэл хийсэн нь Богдын хойд дүр хэмээн тодруулааад байгаа хүүгийн аав сурвалжит язгууртан байсан бөгөөд /тухайн үед язгууртан сурвалжит гаралтай байх нь бараг үхлийн ялтай нүгэл мэт тооцогддог байсан/ хүүгийн ээж нь Ардын засгийн газрыг дайрч давшлан, Банчин Эрдэнэ 80.000 цэргээ дагуулан дайлахаар ирж явна хэмээн ярьсан гэжээ.Улсын 3-р Их Хурлын шийдвэрт “Богд Жавзандамба хутагтын дараагийн есдүгээр дүрийг залах явдал үгүй боловч үүнээс хойш залах түүх байхгүй гэж учир хэрхэн болгохыг Далай ламд айлтгаж явуулсан нь зүйтэй болжээ.” гэж заажээ.

Л. Гомбо-Идшин тэргүүтэй төлөөлөгчидтэй Лхас хотноо Далай лам, Банчин Эрдэнэ нарт бараалхаж, Жавзандамбын хойт дүрийг батламжилж өгөхийг хүссэн. Энэ хүсэлтийн учир төвд хэлээр бичсэн албан бичиг захидлыг 15 лангийн мөнгөн ембүүн хамт Банчин Эрдэнэд өргөн барьжээ. Ингээд Банчин Эрдэнэ хүүг Жавзандамбын хойт дүр мөн гэдгийг батламжилсан тамга тэмдэг бүхий албан бичиг гардуулсан ажээ. Гомбо-Идшин Монголд эргэн ирээд 1927 онд уг тамга бүхий албан бичгийг 8-р Жавзандамбын багш асан Ёнзон Хамба ламд өргөвэй. Тэрээр үүнийг цааш нь Ардын засгийн газарт барьжээ. Зөвлөлтийн зөвлөх нар шахалт үзүүлсний улмаас Ардын засгийн газар 9-р Жавзандамбыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзав. 1928 онд Гэндэнсоном, Балдан, Найдансүрэн зэрэг лам нар нөхцөл байдлыг нааштайгаар эргүүлэхээр дахин дахин оролдсон боловч бүтэлгүйтсээр байлаа. Үндэсний ардчилсан үзлийг тууштай баримтлагч ерөнхий сайд Б. Цэрэндорж 1928 оны 2-р сарын 13-нд нас барснаар зөвлөлтийн зөвлөх нарт Монголын дотоод бодлогод гүн гүнзгий нэвтрэн орж, нөлөөлөх өргөн дэлгэр боломж цэлийтэл нээгдсэн ажээ. Дотоодыг хамгаалах газар 1928 онд тэдээр лам нарыг баривчлан гурван жилийн хугацаанд шоронд хорьжээ.

1930 оны 9-р сарын 28-нд БНМАУ-ын Дээд Шүүх Гомбо-Идшинг “хувьсгалын эсрэг гэмт хэрэгт оролцсон” гэдэг хэргээр цаазаар авах ял оноож, ялыг гүйцэтгэсэн байна. 

Жавзандамбын хувилгаан хэмээн “тодорхойлогдсон” Т. Лувсандорж Сэлэнгэ аймагт мал маллан амар тайван шиг амьдарч байгаад 1948 онд насан нөгчжээ. Уламжлалт шарын шашинтай байсан орчинд өсөж хүмүүжсэн Монголын “коммунистууд” Жавзандамбын хувилгаан дүрд муу зүйл хийхээс айж байсан эсэхийг хичнээн судлавч мэдэх аргагүй юм. 

Бидэнд мэдэгдэж байгаа баримтуудад түшиглэн дүгнэж хэлбэл 1929 оны 2-р сарын 15-нд л Засгийн газар албан ёсоор эцсийн шийдвэрийг гаргаж, Богд Гэгээн зэрэг хутагт хувилгаадын хойт дүрийг энэ өдрөөс эхлэн цаашид хүлээн зөвшөөрөхгүй болохыг мэдэгдсэн байна.Энэ мэт хууль бүгд хүчингүй болсон гэх боловч хутагт, хувилгаадын тухайд л хүчинтэй байгаа юм шигээр өнөөгийн төр засаг хандаж байгаа нь хачирхал төрүүлдэг.

30-аад он гэхэд Монголд шарын шашин бараг устгагдсан байв. Шарын шашны хувьд сталинч аллага гол арга хэрэгсэл нь болж байлаа. Дотоодыг хамгаалах газрын Зөвлөлтийн зааварлагч М. Ф. Чибисов Монголын бүх сүм хийдүүдийн байрлах газрыг нарийвчлалтайгаар тэмдэглэсэн газрын зургийг үйлджээ. 1937 онд Монголын 750 гаруй сүм хийдийг төлөвлөгөөний дагуу шат дарааллан устгасан бөгөөд үүнд зөвлөлтийн НКВД-ийн болон Монголын тусгай ангиуд оролцсон байна. Үүнд хичнээн лам хэлмэгдсэнийг нарийн хэлэхэд төвөгтэй. МАХН-ын хуучин мэдээгээр 1937 оны хэлмэгдлээс өмнө Монгол 80.000 ламтай байжээ

Дашзэвэг ламын хуучилснаар 1937/1938 онд Зөвлөлтийнхөн Гандан хийдийн дэргэдэх гурван ногоон сүм дуганг эвдлэн сүйтгэсэн бөгөөд уг сүм дуганууд дотор 5, 7, 8-р Жавзандамбын занданшуулсан шарилыг шуумал дүрээр нандигнан хадгалж байжээ. Шуумал дүрий+г задлах үед дотроос нь занданшуулсан шарилууд гарч ирсэн. Уг үйл ажиллагааг гардан удирдаж явуулсан Зөвлөлтийн офицер энэ тухай Монголын ерөнхий сайд асан Х. Чойбалсанд мэдэгдээд, эдгээр шарилуудыг Баруун Наранд нутаглуулахыг тушаасан гэдэг. 

Хутагт хувилгаад нь шарын шашинд маш чухал үүргийг гүйцэтгэдэг билээ. Гадаад Монголын түүхнээ Жавзандамба хутагт нар онцгой байр суурийг эзэлж байсанд хэн ч эргэлзэхгүй биз ээ. Халх Монголд шарын шашин дэлгэрсэн нь Өндөр Гэгээн Занабазарын амьдралтай юутай ч атугай холбогдож байхад харин 2-р болон 8-р Жавзандамба нар шашны хэргийг эрхлэхээс гадна Хятадаас туурга тусгаар үндэсний улсаа байгуулахыг эрмэлзэж байв. 8-р Жавзандамба бээр Богд Хааны ширээнд залагдсаны хойно тамгатай хутагт нарыг батламжлах онцгой эрх ямбыг мөн түүнчлэн эдлэх болжээ. Харин тэр үеийг хүртэл Бээжин дахь Li-fan-yuan буюу Гадаад мужийг засах яам энэ эрхийг ганцхүү өөртөө хадгалсаар ирсэн байна.

Орчин үед Монголын шарын шашны сүм хийдүүд хутагт хувилгаад үгүй бөгөөд олон шавь нар сэлтийг хураасан шашны лидерүүд урьдын адил үгүйлэгдсээр л байна. Ийм ч учраас Далай ламаар батламжлагдчихаад байгаа Жавзандамбын есдүгээр дүр өнөөг хүртэл Энэтхэгт амьдарч буй нь зарим монголчуудад нэгийг бодогдуулах биз ээ.

Монголд шарын шашин дэлгэрсэн нь

Улс төрийн өөрчлөлт гарч, ардчиллын үйл явц эхэлснээр Монголын ард түмний нэлээд хэсэг нь уламжлалт шарын шашнаа дахин сэргээх боломжийг олсон юм. Шашин төр хоёрын хоорондын харилцааг ардчилсан нийгмийн зарчимд нийцсэн байдлаар зохицуулах болсон. Шашин шүтлэгийг чөлөөтэй болгосон нь цаашлаад төрөөс хүндэтгэн үзэх иргэний үндсэн эрхэд хамаарагдах болсон юм.

Улаанбаатар дахь Гандан хийд болон 1991 онд байгуулагдсан Монголын Бурхан шашинтны төв нь шарын шашныг дахин дэлгэрүүлэх үйл явцыг таван үндсэн чиглэлд явуулж байна.

1. Сүм хийдүүдийг сэргээн засварлах буюу дахин шинээр барьж, шашны үйл ажиллагаагаа дахин сэргээсэн. 

Энэ зорилгоор сүм хийдүүдийг соёл түүхийнх нь ач холбогдол болон тухайн нутагт оршин суугаа хүн амын нягтшилийн дагуу гурван категорид хувааж байна.

а) Аймгийн төвүүд болон томоохон суурин газруудад байрлах соёл, түүхийн үнэ цэнэ бүхий Эрдэнэ-Зуу, Дамбадаржаа, Амарбаясгалант, Баруун Хүрээ зэрэг сүм хийдүүд (нийт 32 сүм хийд)

б) 5000-аас доошгүй хүн амтай суурингийн төвүүдэд байрлах сүм хийдүүд. 

Жишээлбэл: Өлгийн хийд, Баруун Чойр, Балдан Брэйвүн, Онгийн Хүрээ, Уянгын хүрээ, Лу Гүний Хүрээ, Уянга, Тарни, Рашаант, Ховдын Булганы хийд

в) Ач холбогдлоор багавтар жижиг сүм, хийдүүд. 

2. Лам нарт зориулж сургалтын тогтолцоог бий болгосон. Социализмын үед үндэслэн байгуулсан Шашны Дээд Сургуулийг ”Өндөр Гэгээн Занабазар”-ын нэрэмжит Бурхан шашны их сургууль болгон өөрчилсөн бөгөөд түүнд жил бүр 120 орчим оюутан суралцаж байна.

Уг их сургууль нь хөдөө орон нутгийн сүм хийдүүдээс ирсэн лам нарт зориулж хоёр жилийн эрчимт курсыг зохион байгуулан хичээллүүлэх болж, бурхан шашны үндсэн мэдлэг, хурлын дэг жаяг зэргийг зааж сургаж байна. Урьд Гандан хийдийн нэрийг өргөж явсан дацангуудын баялаг уламжлалыг сэргээж, Дашчоймбол дацан, Гунгаачойлон дацан, Ядгаачойлон дацанг тус тус нээн ажиллуулах болсон. Дашчоймбол дацан гэхэд л 100 гаруй шавилан суралцагчидтай. Мөн Улаанбаатар хотноо Бурхан шашны дунд сургууль үүд хаалгаа нээсэн бөгөөд энэ нь шавь сурагчиддаа 60%-ийн ерөнхий боловсрол, 40%-ийн шашны боловсролыг олгодог байна.

3. Сүсэгтэн олны шашны боловсролыг дээшлүүлэх болсон. Нийгмийг шашнаас ангижруулах явц нь олон арван жилийн туршид үргэлжилж, шарын шашны сүсэгтэн нарт ч мөн нөлөөгөө үлдээлгүй хоцорсонгүй. Социализмын үед хурал номын үйл ажиллагаа төрийн хатуу хяналтан дор зөвхөн Улаанбаатарт явагдаж байсан. Шарын шашны ном судрууд бараг үгүй болсон байв. Энэ нь сүсэгтнүүд судар номын утгыг эцэг эхийнхээ хүрээнд зөвхөн амаар уламжлан ухаарна гэсэн үг юм. Бурхан шашны номлолын учир утгыг тодорхой мэдээд ирэхлээр шашны тухай ард түмний бүдэг бадаг ойлголтын түвшинд сүсэг бишрэлийг ойлгон хүлээн авах нь нэлээд багассан. Ийнхүү улс төрийн өөрчлөлтийн дараа бурхан шашны номын утгыг таниулах явдал нь Монголын бурхан шашинтны төвийн эн тэргүүний үүрэг болсон билээ. Дээрх төвөөс бурхан шашны ном судруудыг (Ганжуур, Данжуур) судалж, зохих зарим ном, сэтгүүлүүдийг (жишээлбэл Лавайн эгшиг, Бурхан шашны сэдвээр улирал тутамд гарах сэтгүүл; Билгийн мэлмий, шарын шашны сонирхогч нарт зориулсан сэтгүүл) хэвлүүлэн гаргаж, Гандан хийдийн номын сан хөмрөгийг баяжуулахын хамт радио телевизийн нэвтрүүлгээр байнга сүсэг бишрэлийн асуудлыг хэлэлцүүлж байна.

4. Гандан хийд болон Монголын Бурхан шашинтны төв нь олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлж эхэлсэн. Монголын бурхан шашинтнууд Дэлхийн Буддистын холбооны үйл ажиллагаанд оролцохын хамт, Улаанбаатарт төвтэй Азийн буддистуудын энх тайвны бага хурлын ажлыг удирдаж, тухайлбал Азийн Бурхан шашны дээд лам нарын Киотогийн уулзалтанд оролцсон байна. Далай ламын өөрөөр хэлбэл Энэтхэгийн шашны боловсролын байгууллагуудтай (Диалектикийн Их Сургууль, Сэра дацан, Гоман дацан болон Варанашийн Их Сургуульд монгол лам нар суралцаж байна) хамтран ажиллаж байгаа нь онцгой ач холбогдолтой юм.

5. Гандан хийдийн удирдлага нь Монголын бурхан шашинтны төв зэрэг төвлөрсөн бүтэц бий болоход бүр эхнээс нь түлхэц өгсөн билээ. Энэхүү бүтэц бий болоогүй байхад дахин шашныг дэлгэрүүлэх үйл явцын талаар мэдээж бодохын ч хэрэггүй байсан байх болов уу.

Сүүлийн 10 жилийн хугацаанд нийт 2500 ламтай 154 сүм, хийд үйл ажиллагаагаа сэргээн явуулах болсон. Сүм хийдүүдийн хооронд харьцангуй сайн зохион байгуулагдсан янз бүрийн харилцааны сүлжээ бий болж байна. 1996 онд улсын шүтээн Мигжид Жанрайсигийг шүншиглэн залжээ. Шарын шашны уламжлалыг дахин сэргээсэн явдал нь эрт орой хэзээ нэгэн цагт шарын шашны хутагт хувилгаадын тухайлбал мөн IX Богд Жавзандамбын хойд дүрийн тухай асуудлыг зайлшгүй хөндөх болсон. Энэ асуудал улам бүр хурцаар тавигдах болж, Жавзандамба өөрийн 9 дүгээр хувилгаан дүрээрээ тэнд амьдарч буйг Дармасалагаас зарлан мэдэгджээ.

(үргэлжлэл бий)

Copyright Udo B. Barkmann 2005 /baabar.mn/ 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ 22 мин Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо 37 мин Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв 1 цаг 27 мин "Болор цом 42” наадмын тэргүүн найрагчаар А.Лхагва тодорлоо 1 цаг 45 мин Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна 2 цаг 0 мин Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 22 цаг 7 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 23 цаг 18 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Өчигдөр 11 цаг 09 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв Өчигдөр 11 цаг 00 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Өчигдөр 10 цаг 37 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо Өчигдөр 09 цаг 52 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна Уржигдар 14 цаг 10 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй Уржигдар 13 цаг 48 мин 1924 оны Үндсэн хууль Уржигдар 12 цаг 07 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв Уржигдар 11 цаг 56 мин Энгийнийг ухаалгаар Уржигдар 11 цаг 49 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна Уржигдар 10 цаг 21 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ Уржигдар 09 цаг 09 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ Уржигдар 08 цаг 55 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв Уржигдар 08 цаг 48 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ... Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шү... Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгд... ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов
Top