x

Х.Тэмүүжин: Улстөрчид шударга ёс яриад эхлэхээр өс хонзон л болдог

Улаан бал & Х.Тэмүүжин: ОНЦЛОХ ЭШЛЭЛҮҮД

УИХ-ын гишүүн, Хуульзүйн сайд асан Х.Тэмүүжин өнгөрөгч мягмар гаригт NTV телевизийн "Улаан бал" ярилцлагын нэвтрүүлэгт оролцож, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, сонгуулийн тогтолцоо болон хуулийн засаглалын талаар сонирхолтой яриа өрнүүлсэн билээ. Ярилцлагад дурьдагдсан гол гол санаануудыг товчлон уншигчиддаа хүргэж байна. 


-Хүний эрх гэдэг бол олон улсын нэр томьёо, хүний тухай ойлголт. НҮБ-ээс гаргасан тунхаг бичиг байна. Хүний эрхийн түгээмэл тунхаглал. Улс орнууд дотоодын хууль тогтоомжоороо, засаглалынхаа бүх салаа мөчрөөр хүний эрхийг баталгаажуулах энэ үзэл санааг түгээгээч ээ гэдэг уриалга. Тунхаглалд нэгдэн орсноор шаардлага болдог. Аль ч Үндсэн хуульт ардчилсан улсад иргэний эрх нэгдүгээрт байдаг. Татвар төлдөг, энэ улсын төр ямар байхыг шийддэг тэр хүмүүсийнхээ эрхийг эхлээд хангах, хамгаалах, баталгаажуулах тухай яриа. Үүнийг “хүний эрх” гэдэг том уутанд хийгээд машиндаж болохгүй. Монгол Улсад иргэний эрхийн асуудал улам бүр доошоо унаж байна. Монгол Улсын Үндсэн хуульд “Иргэний үндсэн эрх, эрх чөлөө” гээд бүтэн бүлэг байгаа. Тэр эрхүүд цаасан дээрээ л үлдээд байна. Тэр эрхээ эдлэх гэж оролдсон оролдлого болгон ардаа ямар нэг хохиролтой, төрийн хязгаарлалт, хүчирхийлэлтэй тулдаг, айдас хүйдэс дагуулдаг жишиг тогтож эхэлж байна.


-1992 оны Үндсэн хуулийг дагуулж хууль тогтоомжийн бүх шинэчлэл явж, иргэний эрхийн тэр заалтуудыг утгажуулж, амилуулах ёстой байсан. Тэгж чадаагүй. Тэр ажлыг Засгийн газар, тэр дундаа Хууль зүйн яам, Хууль зүйн сайд нь манлайлж хийх ёстой. Харамсалтай нь энэ албыг бараг хорин жил хашсан хүн энэ ажлаа хийгээгүй мөртлөө “Хүний эрх дэндээд, ардчилал хэтрээд байна” гэж ярьж байна гэдэг бол 1992 оны Үндсэн хуулийн үзэл санаа энэ хүний толгойд огт байхгүй байна гэсэн үг. Ц.Нямдорж гэдэг хүн сайн сайд байсан байх. Гэхдээ хэзээ ч Хууль зүйн сайд байгаагүй. Тэр бол зүгээр байшин барилга барьдаг, цагдаа хүчний байгууллагуудыг эрүү шүүлтийн сандлаар зэвсэглэж өгдөг Дотоод хэргийн сайд л байсан.


-Үндсэн хуульд ардчилсан улсад хоёр систем ажилладаг. Хувь хүний амьдралынхаа туршид хуримтлуулж, хөдөлмөрөө шингээж, цагаа үрж бий болгосон өмч хөрөнгө үнэгүйдэж алга болохоос сэргийлэхийн тулд нэг систем ажиллах ёстой. Тэр бол Төв банк. Хоёрдугаарт, хувь хүний өөртэй нь цуг төрдөг, хүн хүнээрээ үнэ цэнэтэй, эрх чөлөөтэй байх тэр жам ёсны эрхийг хамгаалахын тулд нэг систем ажиллах ёстой. Тэр бол Үндсэн хуулийн шүүх. Аливаа иргэн Үндсэн хуульд заасан өөрийнхөө эрхийг хамгаалуулахын тулд шүүхээр яваад, цагдаад хандаад, өөрт нь хохиролтой байвал эцсийн арга зам нь Үндсэн хуулийн шүүх. Харамсалтай нь 1992 оны Үндсэн хуулийг хийснээс хойш бид Үндсэн хуулийн цэц гэдэг энэ байгууллагыг улстөрчдийн морг болгосон. Иргэний үндсэн эрхийн баталгаа болгож чадсангүй. Сонгууль яагаад явуулж байгаа юм, СЕХ гэж яагаад байдаг юм? Энэ бол иргэний сонгох, сонгогдох эрхийг баталгаажуулж байгаа болохоос биш хэн нэгэн албан тушаалтныг эрх мэдэл дээр нь дахин дахин залахын тулд байдаг юм биш. Үндсэн хуулийн цэц яг үүнтэй адилхан.


-Хууль зүйн сайд байхдаа Үндсэн хуулийн цэц иргэний үндсэн эрх зөрчигдсөн асуудлыг хянадаг болгох хуулийн төсөл оруулж ирсэн. Тухайн үеийн Ерөнхийлөгч дэмжээгүй. “Үндсэн хуулийн цэцэд таалахгүй байна, тэдний дургүйг хүргэмээргүй байна, ер нь наад хуулиа өргөн барихаа болиод татсан чинь дээр юм биш үү” гэдэг ийм л зөвлөмж өгсөн. Тэр үед би “Том өөрчлөлтийг хийхийн тулд том давалгаа хэрэгтэй юм. Үе солигдохгүйгээр энэ улс оронд юу ч өөрчлөгдөхгүй юм байна” гэдэг дүгнэлтэд хүрсэн.


-Төрийн зүтгэлтэн гэдэг үг бол социалист ойлголт. Дундад зууны маягийн төр дээр суурилсан коммунист систем хүмүүсийг хэн нэгэн удирдагчид үнэнч байлгахын тулд гаргаж ирсэн зүйл. Хүн нийтийн эрх ашгийн төлөө зүтгэх, нийгэмд хувь нэмрээ оруулах гэж байгаа бол түүнийгээ “төрд зүтгэж байна” гэж ойлгохоо болих хэрэгтэй. Үндсэн хуульт ардчилсан улсад парламентыг парламентаар нь, шүүхийг шүүхээр нь, Засгийн газрыг Засийн газраар нь л нэрлэж сурах хэрэгтэй.


Сандра Коннор гэж АНУ-ын Дээд шүүхийн шүүгч байсан. Тэр эмэгтэй 2000 оны эхээр Монголд ирэхэд манай дээд шүүхийн нэг мундаг шүүгч “Төрийн өндөр албан хашдаг шүүгч нар хариуцлагатай ажил хийж байна. Бидний нийгмийн асуудлыг төр шийдэж өгч чадаагүйгээс болоод ажлаа хийхдээ авилгад автах зүйл байна” гэж хэлсэн. Тэгэхэд Сандра Коннор “Та яагаад төр гэдэг үгийг өөрийнхөө овог шиг хэрэглээд байгаа юм бэ. Хэрвээ шүүгч нь төрд ийм их хамааралтай юм бол иргэн хүн яаж шүүх дээр асуудлаа шударгаар шийдүүлнэ гэж итгэж орж ирэх юм бэ. Иргэн, төр хоёр маргахад наад шүүх чинь аль талд нь байх юм бэ. Төрийн шүүх гэдэг ойлготоос дэлхийн нийт салаад 200-300 жил болж байна. Шүүхийг зүгээр л шүүхээр нь нэрлэвэл яасан юм бэ” гэж хэлж байсан. Тиймээс “төрийн зүтгэлтэн” гэдэг бол их осолтой үг.


-Манайд улстөрчийг хардаг хамгийн түгээмэл үзэл бол эрх мэдлийг олж авах чадвар гэж ойлгодог. Эрх мэдлийг янз бүрээр олж авна. Зарим нь хуйвалдана, хор найруулна, худалдаж авна, эсвэл айлган сүрдүүлнэ. Төмсөгдөнө гэж ярьдаг даа, шорон оронд хийнэ гэж айлгаж байгаад кноп даруулдаг. Улстөрч гэдэг бол шийдвэрт нөлөөлөх, эрх мэдэлтэй байх чадвар гэж үздэг. Хоёрдугаарт, улстөрч бол "бодлоготон". Нийгэмд, салбартаа өөрчлөлт авчирах гэж оролддог, тэрийгээ төлөвлөдөг судалдаг, шаардлагатай мэдээллүүдийг цуглуулдаг боловсруулдаг. Ингэхдээ ганцаараа хийх гэхээсээ илүү ижил үзэл бодолтой хүмүүсийг баг болгож ажиллуулдаг. Манайд бодлоготонгууд нь алга, эрх мэдэл дээр очихгүй байна. Бодлоготонгууд бол өнөөдрөөс маргаашийг ярьдаг. Нөгөө хүмүүс бол одоогоос өчигдөр лүү ярьдаг. Хэн нэгнийг буруутгах, дүүжлэх, яллах тухай ярьдаг. Үүнийгээ шударга гэж эндүүрдэг, хөгжил дэвшил гэж харуулах гэж оролддог. Улстөрчид шударга ёс яриад эхлэхээр өш хонзон л амилдаг. Шудрага ёс шүүхийн системээр хангагдах ёстой. Алдаа гаргасан, эсвэл хулгай хийсэн хүмүүст хариуцлага тооцох ёстой. Гэхдээ энд улстөрчдийн үүрэг энд 30-хан хувь, үлдсэн 70 хувь нь хуулийнхны ажил. Шүүхийн системийг улстөрчид орлох гэж оролдохоор цустай заазуур л ажиллана.


-Намайг Хууль зүйн сайд байхад Монгол Улсын төмөр замын бодлого, гадагшаа чиглэсэн экспортын төмөр зам нарийн царигтай байх тухай асуудал Засгийн газар дээр яригдсан. Гэтэл хариуцсан сайд нь алга болчихсон. Тэгээд Эдийн засгийн хөгжлийн сайд, Хууль зүйн сайд хоёр нь дүгнэлт гаргаад “Энэ монгол улсын эрх ашигт нийцэж байна, эдийн засгийн үр ашигтай байна” гэж шийдээд, Засгийн газраар хэлэлцэгдээд, УИХ-д өргөн барьсан. УИХ-аар тогтоолын төслийг хэлэлцэгдэх гэж байхад УИХ-ын нэр бүхий гишүүдийн утасны дугаараас тойргууд руу мессеж явсан. Эх орноосоо урвах нь, ингэх нь тэгэх нь гээд. Хакердаж байгаа биз. Яагаад одоо хүртэл монголчууд төмөр замын хэрүүлтэй, эдийн засгийн хувьд ийм сул дорой, өрөнд ороод, боломжуудаа салхинд хийсгэчихэв гээд харахаар гаднын нөлөө байна аа л гэсэн үг. Энэ нөлөөг дамжуулж оруулж ирдэг гар хөлүүд байсаар байна. Энэ нөлөөг задалж, өөрсдийнхөө эрх ашигт нийцүүлж гаргах хэмжээний төрийн бүтэц манайд байна уу? Үүн дээр манайхан үнэхээр сул байна.


-Монгол Улсын Үндсэн хуульд жишээ нь “төрийн хууль” гэж үг бий. Энэ үгийг Үндсэн хууль судалдаг хүмүүс хэзээ ч ойлгодоггүй. Яагаад зүгээр хууль гээд бичихэж болохгүй, төрийн хууль гэж бичсэн юм. Ардчилсан улсад хуулийг төр тогтоодоггүй. Ард түмнийг төлөөлж байгаа, төлөөлөхөөр сонгогдсон хүмүүс хуулийг тогтоодог. Өөрөөр хэлбэл, иргэд хуулиа тогтоодог болсон. Үүнийг төлөөллийн ардчилал гэдэг. Төрийн хууль гэдэг чинь нөгөө хаант засаглал буюу эзэн өөрийнхөө төрийг бэхжүүлэхэд зориулсан хуулийн тухай ойлголт. Дундад зууны болон социалист төрийн холимог бантан тэнд явж байгаа. Ийм тохиолдлууд зөндөө.


-Би Үндсэн хуулиар мэргэшсэн судлаач. Манай 1992 оны Үндсэн хууль бол шилжилтийн үеийн Үндсэн хууль, тогтвортой үйлчлэх ёстой Үндсэн хууль биш. Манайх арай эрт Үндсэн хуулиа бичсэн. Бидэнтэй цуг шилжилт хийсэн улс орнууд 1994, 1996 оноос Үндсэн хуулиа бичсэн. Тэр хүртэлх шилжилтийг яг манай Үндсэн хууль шиг бичвэр, зохицуулалтаар явсан.


-Манай Үндсэн хуулийн хамгийн сул тал нь үг хэллэгийн хувьд социалист маягийн хэлбэрээр бичигдсэн. Хууль зүйн техник гэж ойлголт байдаг. Ардчилсан, хүний эрх, эрх чөлөөний суурьтай, энэ үнэт зүйлүүдээ тээх чадвартай Үндсэн хууль байхын тулд ядаж тэр ойлголтуудаа илэрхийлж чадах нэр томьёонуудаар бичигдэх ёстой. Гэтэл манай Үндсэн хуулийн үг хэллэг, нэр томьёонууд хоцрогдсон, социалист маягийн хэлээр бичигдсэн. Хоёрдугаарт хамгийн чухал заалтуудаа текстээр бичээгүй. Эрх мэдэл хуваарилалтыг 1992 оны Үндсэн хуулиар хийсэн гэж байгаа боловч хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл нь ийм байна гэдгийг тайлбарласан заалт нь Үндсэн хуульд байхгүй. Энэ нь өөрөө аюултай.


-1992 оны Үндсэн хуульд иргэний үндсэн эрхийг тодорхойлсон заалт хангалттай. Гэхдээ энэ эрхүүдийг хангахын тулд энэ эрх мэдэл оршин байгаа гэдгийг холбосон заалт байхгүй. Германы хууль тогтоомжийн бичвэрийн хэлбэрээс жишээ авахад, Сонгуулийн хуулийг бичих гэж байгаа бол “Үндсэн хуулийн тэдийн тэдэд заасан сонгох сонгодох эрхийг хангахын тулд Үндсэн хуульд заасан энэ зармын дагуу энэ хуулийг гаргаж байна” гэж бичдэг. Манай хуулинд тийм заалт огт байхгүй. Манай хууль бол “энэ харилцааг зохицуулах гэж байна” л гэдэг. Тэгээд нэг байгууллагад зориулсан, байгууллагын дарга ямар эрх мэдэлтэй байх тухай л хууль байдаг. Энэ хууль яагаад гарах гэж байгааг тодорхойлдог эх үүсвэр нь байхгүй. Тийм учраас Үндсэн хуулиасаа тасарчихсан огт өөр хуулиад явж байна.


-УИХ-ын тухай хууль жишээ нь сонгогдсон иргэнээсээ биш, сонгогчоосоо эх үүсвэртэй байх ёстой шүү дээ. Гэтэл манай УИХ-ын тухай хууль УИХ-ын даргын тухай хууль байгаа. Үндсэн хуульдаа философийг нь бичээгүй учраас эрдэмтэд, судлаачид, энд яаж ч тайлбарлаад тэнд Ц.Нямдорж шиг муйхар бодолтой нэг улстөрч орж ирээд дуртайгаараа мушгиж байгаа байхгүй юу.


-Холбооны улсаас бусад улс оронд парламентын гишүүн хүн төлөөлдөг. Хүн төлөөлөхийн тулд ард нь “тэгш” гэдэг зарчим тавьдаг. Ардаа төлөөлж байгаа хүмүүсийн тоо нь ойролцоо байх тухай зарчим. Манайд энэ зарчим байхгүй, яагаад гэвэл Үндсэн хууль дээр бичигдээгүй. Тиймээс манай парламентын гишүүд ихэнхдээ газар нутаг, уул ус төлөөлж байгаа. Би Завханых, би Говь-Алтанйх гэж ярьж байгаа биз дээ. Хүн бол биш. Хүн төлөөлөхөөр хэт зөрөө гарна. Зарим хүний төлөөлж байгаа хүн 5000, 10000. Заримынх нь 50000, 100000. Манай Үндсэн хуульд бичигдээгүй учраас бичигдээгүй зарчмыг хангах боломжгүй.


-Сонгуулийн холимог тогтолцоог Үндсэн хуульд хийхийг би 100 хувь дэмжиж байгаа. Пропорциональ тогтолцоотой улс орнуудын урт хугацаандаа хүрсэн үр дүн мажоритари тогтолцоотой улс орнуудаас хамаагүй илүү байгаа. Харамсалтай нь пропоциональ сонгуулийн элементийг АН үгүй хийсэн. Би өөрөө дотор нь байхад АН энэ элементийг алга болгож чадаж байна. Би байхгүй нам яаж л бол яаж өөрчилж тоглоно гэсэн үг. Тийм учраас үүнийг  өнөө маргаашийн эрх ашгаа харсан албан тушаалтнуудын улс төрийн тоглолтонд үлдээж болохгүй юм байна. Энэ бол миний хувийн итгэл үнэмшил.


-Пропоциональ сонгууль дутагдалтай. Хамгийн их ярьдаг нь “листээ зардаг” гэдэг. Намын сахилга бат, намын үзэл санаа, нам гэдэг институц өөрөө ардчилсан улсад байх ёстой институц биш байна аа л гэсэн үг. МАН-ыг дагаад манайх хүртэл социалист маягийн нам руу уралдаад байна. Социалист намууд гишүүнчлэлээрээ уралддаг, гишүүдээ тэжээхийн тулд мөнгө олох хэрэгтэй. Мөнгө олохын тулд эрх мэдэл авч төсвөөс хулгайлдаг чөтгөрийн тойрог байна. Ийм чөтгөрийн тойрог байгаа учраас хүмүүс пропорциональд итгэхгүй байна. Листээ зарна, хулгайч нарыг хаалгаар гаргаад хөөсөн чинь тооноор ороод ирэх нь гэж ярьж байна. Тэгвэл листийг нээлттэй болгоё. Нам санал болгоод лист бичсэн ч сонгогч хүсч байгаа хүнээ дугуйлаад листийг өөрчилнө.


-Сонгуулийн тухай болон Улс төрийн намын тухай хуульдаа “Эрүүгийн гэмт хэргийн ийм ийм зүйл ангиар шийтгэгдсэн хүмүүсийг листэд оруулахгүй, нэр дэвшүүлэхгүй” гэж болно. Гэхдээ сонгуулийн суурь зарчим байна. Чөлөөт сонгуулийн зарчим бол улс төрийн нам сонгогчийн эрхэнд халдаж болохгүй. Сонгогч бол хулгайчийг ч сонгох эрхтэй. Энэ хүнийг сонгож болохгүй шүү гэж хөндлөнгөөс хэн нэгэн зааж болохгүй. Би дэвшмээр байна гэдэг тэр хүний эрх, хэнийг сонгох вэ гэдэг сонгогчийн эрх. Сонгогч хэр зэрэг бэлтгэгдсэн бэ гэдэг нэг асуудал. Бэлтгэгдээгүй байгаа учраас таны эрхийг бид хулгайлна гэдэг аюултай. Ардчиллын суурийг ухаж нурааж байна л гэсэн үг.


-Намууд төлөвшөөгүй байна гэж байна. Гэхдээ намууд төлөвших дүрмийг бид ажиллуулж үзсэн юм уу? Үзээгүй. 2012 онд нэг удаа ажиллуулах гэж үзсэн. Тэрүед намын листэнд үнэхээр тийм аймаар гэмт хэрэгтнүүд бичигдсэн үү? Хараарай. Тэгээд бүгдээрээ бодохгүй юу. Листэнд бичигдсэн хүмүүсээс хэд яасан ийсэн,  фактаа харж ярих хэрэгтэй л дээ.


-Үндсэн хуулийн өөрчлөлт болгоны ард дагаж гардаг хэрүүл бол Үндсэн хуулийн цэц. Цэц гэдэг Үндсэн хуулийг хувьчлаад авчихсан, Үндсэн хуулийг амьдруулах, хэрэгжүүлэх гэхээр хана хэрэм болоод зогсож байгаа энэ хэсгийг өөрчлөх зориг байна уу? Өөрчлөх гэж оролдвол Л.Оюун-Эрдэнэ өөрөө онхолдож магадгүй. Яагаад гэвэл Цэц цаг ямагт Ерөнхийлөгчтэй түншлэгч байсан. Хэзээ ч Ерөнхий сайдтай түншилдэггүй бүлэг.


-Хэн нэгэн ухаантай болно, илүү төлөвшинө, эрийн цээнд хүрнэ, өнөөдөр байгаагаасаа илүү дээр болно гэж хүлээж, тэр үед нь шийднэ дээ гэж хойшлуулсан бүх юм дандаа хоцрогдол байсан. Хэн хийхээс үл шалтгаалаад “энэ нь зөв” гэдгийг мэдэж байгаа л бол тэрийгээ аргумент, үндэслэл, баримт, алдаагүй логикоор дэмжиж сурах хэрэгтэй. Тэгж байж нийгэм урагшилна. Шинжлэх ухаанд баримт, үндэслэл, тооцоо, алдаагүй логик л хэрэгтэй байдаг. Шийдвэр гаргалтанд ч бас адилхан. Ярьж байгаа сэдвээсээ халиад “тэр тийм хүн учраас, энэ ийм хүн учраас” гээд суугаад байвал нэг ч алхам урагшлахгүй.


-Ардчилал, зах зээл, хуулийн засаглал гэж юм байна. Энэ гурав ажиллахад тоо шаардана. Ардчилал ажиллах уу, амь голтой байх уу гэдэг дээр дохио өгч эхэлдэг зүйл бол хүн амын төвлөрөл. 15-30 мянган хүн төвлөрсөн үед ардчилал амь голтой байх дохио өгнө. 50-100 мянга байвал ардчилал ажиллаж эхэлнэ. 500 сая гэвэл ардчилал айх аюулгүй, дархлаажина. Түүн шиг 15-30 мянган хүн төвлөрсөн үед зах зээл ажиллаж эхэлнэ. 15-30 мянган хүнтэй сууринд хуулийн засаглал ажиллаж эхэлнэ. Гудамж тойроод хамаатантайгаа таарахаас илүү, хэн байхаас нь үл хамаараад хуулийнхаа шаардлагыг тавьж эхэлнэ, тийм  боломжтой болно.


-Парламентад гурван том шинж чанар байгаа. Ардаа байгаа сонгогчдоо төлөөлөх, хууль тогтоох (тогтоосон хууль нь сонирхлын зөрчлөөс ангид, үр ашигтай байх), тогтоосон хуулийнхаа араас хяналт тавих. Энэ гурван зүйл ямар нөхцөлд ажиллах вэ? гэдэг шалгуур байна. Хүн амын тоо хэд байхаас үл хамаараад хамгийн багадаа 100 хүн байж парламент болно. 100-аас доошоо бол сайд нарын зөвлөл, социалист маягийн. 500-гаас дээшээ бол үр ашиггүй байна. Хэт олон хүн цуглахаар асуудлыг эрүүл ухаанаар биш, эмоциороо шийддэг. Хэт цөөн бол эрх ашгаараа шийддэг. Эрх ашиг уу, сэтгэл хөдлөл үү гэдэг хоёр хана байна, тэрний голд бидний сонголт байна.


Угаасаа манай цагдаа зөв ажилладаг байсан юм уу? 5, 10 жилийн өмнө зөв ажиллдаг байгаад өнөөдөр больчихсон юм шиг дүгнэх хэрэггүй. Ганц цагдаагийн байгууллага биш шүү, бүхий л системээрээ. Социализмын үеэс эхлээд манайд хүнийг шударга шүүдэг систем байгаагүй. Зорилго нь зөв бол арга нь хамаагүй, хүн алж байгаад ч гэсэн зорилгодоо хүрнэ гэсэн зарчим үйлчилж байсан. Процессийг үл тоомсородог байсан.


-АТГ-ыг байгуулахдаа соён гэгээрүүлэх, гэмт хэрэгтэй тэмцэх хоёр чиг үүргийг нэг уутанд хийгээд өгчихсөн. Соён гэгээрүүлэхэд хэвлэл мэдээлэл, пропагандистуудтай хамтрах ёстой. Гэмт хэрэгтэй тэмцэхийн тулд нотлох баримт цуглуулна, хуулийг зөв үнэлж дүгнэнэ, прокурор хууль зүйн дүгнэлт өгнө, тэрийгээ шүүхэд аваачина. Гэтэл энэ хоёр чиг үүргийг нэг байгууллагад өгчихсөн чинь  АТГ нь шүүхэд өгдөг ажлаа хэвлэлээр хийдэг болчихсон. Нотлох баримт цуглуулах шүүхэд өгөх ажлууд нь бүгд нурж унадаг болсон. Нотлох баримтаа буруу цуглуулна, хууль зөрчинө. Тэгээд хэвлэлээр “Бид ийм мундаг ажил хийсэн чинь шүүх шийдсэнгүй, муухай” гэдэг пиар явуулдаг. Тэгээд ул төрчид нь шүүх рүү дайрдаг. Тэгсээр байгаад одоо шүүгч нар нь айгаад, юу ч боогоод очсон тэнгэр харж байгаад алхаа цохихоор болж байна. Цохихгүй бол нийгмийн шившиглэлд унах гээд байна шүү дээ. Яагаад гэвэл нөгөө талд нь дадчихсан систем ажиллаж байна. Хэн нэгнийг шүүхээс өмнө гэмт хэрэгтэн болгож яллах хэмжээний пропаганда явж байна. Одоо иргэн биш, шүүгчийг өөрийг нь дүүжлэх хэмжээний эрх мэдэлтэй, нөлөөтэй болсон. Уучлаарай, социализмын үед ийм байгаагүй. Социализм муу байсан, харгис байсан. Гэхдээ пиарчин хуулийн байгууллагатай байгаагүй. Улстөрчдийн пропаганда хуулийн засаглалыг нухчин дарах юм руу явж байна.


-Ардчилал хууль баталж болно. Баталсан хуулийг ардчилж болдоггүй. Энэ хуулийг хэрэгжүүлнэ хэрэгжүүлэхгүй гэдэг дур зорго байх ёсгүй. Ардчилалд сорилт тулгарч байгаа. Тэрнээс илүү хүнд сорилт хуулийн засаглалд тулгарч байгаа. Ер нь цаашдаа хараат бус шүүх байх юм уу?


-Ерөнхий сайд, Засгийн газрын зүгээс гаргасан нэг асуудалд би үнэхээр эмзэглэсэн. Бид сүүлийн 20 жил шүүхийн хараат бус, бие даасан байдал, тэр дундаа шүүхийн дотоод бие даасан байдлын төлөө тэмцсэн. Гэтэл “Нүүрсний хулгайтай тэмэж байна” гэж анхан шатны шүүх рүү хэрэг боочихоод шүүхийн шийдвэр гагаагүй байхад “Яагаад энэ хэргийг шийдэхгүй байгаа юм бэ” гэж Дээд шүүхийн шүүгчийг загнаж байгаа. Бид сүүлийн 20 жил Дээд шүүхийн шүүгч анхан шатны шүүгчийг загнадаггүй байхын төлөө тэмцсэн. Гэтэл өнөөдөр юу болох нь энэ вэ. Шүүх бол гүйцэтгэх эрх мэдэл шиг босоо тогтолцоо биш.. Ерөнхий сайд гаалийн байцаагчийг  загнаж болно, тэр бол босоо тогтолцоо. Харин Дээд шүүхийн шүүгч анхан шатны битгий хэл зэрэгцээд сууж байгаа шүүгчээ загнаж болохгүй. Гэтэл Засгийн газар нь Дээд шүүхийг гүйцэтгэх эрхмэдэл шиг болгох гэж байна. Энэ бол хувь хүн болгоны эрх чөлөөг аюулд оруулж байгаа үйлдэл. Аливаа улсын Үндсэн хууль бол улс төрийн бөгөөд эрх зүйн суурь шинжтэй баримт бичиг. Тиймээс аль болохоор тогтвортой байгаасай гэдэг нь тухайн үндэстний итгэл үнэмшил. Гэхдээ ямар ч суурь шинжтэй баримт бичиг, үзэл санаа 25-30 жилдээ нэг удаа апдейт хийгдэж, шинэчлэгдэж байх ёстой. Яагаад гэвэл нийгэмд байнга үе солигддог, солигдож байгаа үе өмнөх үетэйгээ байнга зөрчилдөж байдаг. Өмнөх үе нь дараа үеэ өөрийнхөөрөө амьдруулах гэж байнга оролддог. Энэ бол хүн төрөлхтний түүх. 2012 онд Н.Алтанхуягийн Засгийн газрыг байгуулахад Засгийн газрын бүтцийг бичихдээ яагаад Хууль зүй, дотоод хэргийн сайд биш, Хууль зүйн сайд гэж бичсэн юм, Дотоод хэргийн их сургуулийг яагаад Хууль сахиулах их сургууль болгож өөрчилсөн юм, яагаад цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагуудыг хууль сахиулах байгууллага гэж нэрлэх гэж оролдсон юм. Тэр чинь хүртэл бодлого байлаа. Явуулдаг үйл ажиллагааг нь яагаад “хууль сахиулах үйл ажиллагаа” гэж хуульчилж, процессжуулах гэж оролдсон юм. Зөвхөн нэр солих асуудал биш байхгүй юу. Сонгуулийн нэг тогтолцоогоор дор хаяж 4-5 удаагийн сонгууль явж байж сонгогчдод дадал үүсдэг. Гэтэл бид сонгогчдодоо огт дадал үүсгэдэггүй, самардаг. Үүнийг яаж зогсоох вэ? Нэг шийдэл нь Үндсэн хуульдаа бичиж байж сонгуулийн нэг тогтолцоогоор дор хяаж 3-4 удаа сонгууль явуулах нь. Сонгогчдод дадал үүсэх нь ээ дээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 17 цаг 36 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 17 цаг 36 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 19 цаг 6 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 19 цаг 34 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 19 цаг 41 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 19 цаг 51 мин 1968 оны Чехословакийн хавар 20 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 20 цаг 32 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 22 цаг 6 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 22 цаг 15 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 22 цаг 36 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 23 цаг 26 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой 23 цаг 36 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Өчигдөр 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Уржигдар 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Уржигдар 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Уржигдар 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Уржигдар 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Уржигдар 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Уржигдар 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ... Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно
Top