Ковид-19 цар тахал, Орос, Украины асуудлын хурцадмал байдлаас хамаарч дэлхий нийтэд тулгамдаад байсан нийлүүлэлтийн гаралтай инфляцаас үүдэлтэй эдийн засгийн хүндрэл манай улсад ч мөн тохиож, эдийн засгийг сэргээх бодлогын арга хэмжээний үр дүнд бодит секторт эерэг үр дүнгүүд гарч, 2022 оны төгсгөлд эдийн засаг 4.8 хувийн өсөлт үзүүлснийг ҮСХ-ноос зарласан билээ.
Тухайн үр дүн гарахаас өмнө буюу өнгөрсөн оны эхний хагас жилийн статистик үзүүлэлтүүдэд тулгуурлан эдийн засгийн цаашдын төлөвийн талаар Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Глобаль файнанс" сэтгүүлд ярилцлага өгчээ.
Уг ярилцлагадаа Төвбанк мөнгөний бодлогын нөлөө, эдийн засгийн төлөвийг өөдрөгөөр төсөөлж, байр сууриа илэрхийлснийг орчуулан хүргэж байна.
Өнөөдрийн байдлаар мөнгөний бодлогын хэрэгжилт зорилтоо хангасан болохыг эдийн засгийн өсөлт цар тахлын өмнөх түвшинд хүрч сайжирснаас харж болох юм. Инфляц хамгийн өндөр түвшин буюу 16 хувиас алгуур буурч, 2023 оны нэгдүгээр сарын байдлаар улсын хэмжээнд 12.3 хувьд хүрэв. Цаашид инфляц оны төгсгөлд 8 орчим хувьд хүрч тогтворжих бол экспортын бодит орлогоос валютын ханш шууд хамаарна гэсэн байна.
-Монголд стагфляц үүсэж магадгүй байна уу?
-Монгол Улс нь БНХАУ, ОХУ-ын дунд оршдог. Тиймээс цар тахлаас үүдэлтэй нийлүүлэлтийн сүлжээний доголдлоос бий болсон инфляцын дарамт манай улсад илүү ихээр мэдрэгдэж байна. Инфляцын 60 гаруй хувийг импортын барааны үнийн өсөлт болоод газрын тосны үнийн огцом өсөлттэй холбон тайлбарлаж болох юм.
Бид цаашид эдийн засгийн идэвхжил алгуур сайжирна гэж харж байна. 2022 оны эхний хагаст эдийн засаг 1.9 хувиар өссөн бол бидний хүлээлтээр энэ оны төгсгөлд 3 хувьд хүрч нэмэгдэхээр байна. Хэдийгээр уул уурхай, тээвэр, барилгын салбаруудад одоог хүртэл идэвхжил сул байгаа боловч үйлчилгээ, худалдаа, боловсруулах салбарууд өсөлтийг тэтгэнэ гэж тооцож байна. Түүнчлэн, 2023 оны эхээр логистикийн асуудлууд бүрэн шийдвэрлэгдэж, улмаар уул уурхай, тээврийн салбар эргэн сэргэх хүлээлт бий.
Хэдийгээр эдийн засаг алгуур сэргэнэ гэсэн хүлээлттэй байгаа ч бодит цалингийн өсөлт бага, эрэлт харьцангуй сул байна. Монголбанк цаашид инфляцыг бууруулж, зорилтот түвшинд авчрахын тулд бодлогын шаардлагатай арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. 2021 оноос хойш бодлогын хүүг 4 нэгж хувиар нэмэгдүүлж, заавал байлгах нөөцийн хэмжээ болон макро зохистой бодлогын шаардлагуудыг чангаруулсан. Сүүлийн төсөөллөөр 2023 оны төгсгөлд инфляц Монголбанкны зорилтот түвшинд хүрч буурахаар байна.
-Монгол Улсын дунд хугацааны өсөлтийн төлөвийг хэрхэн харж байна вэ?
-Хэдийгээр богино хугацааны сорилтууд байгаа ч дунд болон урт хугацааны эдийн засгийн төлөв өөдрөг хэвээр байна. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Монгол Улсын Засгийн Газар эдийн засгийн өсөлтийг хурдасгах шинэчлэлийг хэрэгжүүлж буй юм. Энэхүү шинэчлэлийн хүрээнд манай улс БНХАУ руу чиглэсэн хоёр төмөр замыг 2022 онд барьж ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
Эдгээр төмөр замууд бүрэн ашиглалтад орвол экспортын биет хэмжээ нэмэгдэх, тээврийн зардал буурах боломж бүрдэх юм. Үүнээс гадна, 2023 оны эхний хагасаас Оюу толгойн зэсийн уурхайн тогтвортой үйл ажиллагаа эхэлж, цаашид оргил үедээ хүрэхэд зэсийн экспортын хэмжээ одоогийнхоос 3 гаруй дахин нэмэгдэхээр байна. Зэс, нүүрс, алт, төмрийн хүдэр зэрэг түүхий эдийн эрэлт тогтвортой үргэлжилж, голлох тээврийн дэд бүтцийн ажлууд дууссанаар дунд-урт хугацаанд Монголын эдийн засгийн өсөлт өндөр байхаар хүлээгдэж байна.
Эх сурвалж: Өдрийн сонин