x

Б.Баабар: Би улс төрөөс зугтдаггүй. Учир нь тийм бололцоо хэнд ч байхгүй

Зууны шилдэг нийтлэлч, Непко компанийг үүсгэн байгуулагч Б.Баабарын 10 гаруй жилийн өмнө "Өдрийн сонин"-д өгсөн ярилцлагыг нийтэлж байна.

-Та яагаад УИХ-д нэрээ дэвшүүлсэнгүй вэ?

-Намайг дэвшүүлүүлж яах нь вэ?

-Нийгэмд тань шиг хүн хэрэгтэй байна. Ялангуяа өнөөдрийн төрийн хямрал болж байгаа үед хариуцлага хүлээх хүн маш чухал байна.

-Би хүний өмнөөс хариуцлага хүлээх ер нь дургүй. Манай нийгмийн иргэн болгон бусдын гэхээсээ өөрийнхөө өмнө хариуцлага хүлээж чаддаг болох юм бол нийгэм маань болоод явчих юм байгаа юм шүү дээ.

-Таны нэрийг дэвшүүлэхгүй гэж Фортуна Батбаяр ална хядна гэж дайрсан юм биш үү?

-Тэр ч гол нь миний буруу л даа. Өвчтэй хүнийг өдөж юмыг нь хөдөлгөчихөөр аргагүй шүү дээ.

-Эхнэр хүүхдийг чинь хүртэл ална гэж занасан юм биш үү?

-Өөр юм ярья. Согтуу хүний үгээр үг хийж хэрэггүй байх.

-Тэгвэл сонгуулийн талаар ярилцъя. Аль нам ялах бол?

-Ялахын хувьд Ардчилсан нам ялах болов уу. Гэхдээ үнэмлэхүй олонхи суудал авч чадахгүй байхаа. Гурав дахь талаас гэвэл МАХН, Иргэний Зориг хоёр суудал авах байх. Гэхдээ аль алин нь бүлэг байгуулах хэмжээнд суудал авахгүй болов уу. Нэг үгэндээ гуравдахь хүчин байхгүй, дангаараа засаг барих хүчин бас байхгүй. Үүнд ч муу юм байхгүй л дээ. Хүчтэй хяналт үүснэ. Гэхдээ шийдвэр гаргахад л хүндрэлтэй болох байх даа.

-Та сая АН-ын сонгуулийн нэр дэвшүүлэх хуралд “Ялагдах эрхгүй сонгууль” гэсэн илтгэл тавьсандаа АН ялахгүй бол улс төрийн тайзнаас арчигдана гэж хэллээ.

-МАХН, за яахав МАН болог, энэ улсын төрийн эрхийг 86 жил барилаа шүү дээ. АН буй болсон 22 жилдээ 4 жилд нь энэ намын хатуу хяналт, хяналт ч гэж дээ сүрдүүлэг дор засгийн эрх барьж байсан. Ингэхээр АН нь энэ олон жил хязгааргүй хүсэлтэй ч импотентийн дүртэй харагдаж байгаа биз? АН-ын шахалтаар 1990 онд нийгмийн хувьсгал болж манай орон хөгжлийн цоо шинэ зам мөр сонгосон. Өмч хувьчлал, банк санхүүгийн тогтолцооны шинэчлэл, иргэдийг өмчжүүлэх, мал орон сууцыг эздэд нь өгөх, чөлөөтэй зорчих гээд олон юмыг АН хийсэн. Энэ болгоныг МАХН тухай бүрд нь улдан эсэргүүцэж байсан. Шинэчлэл болгоныг эсэргүүцээд байдаг, тэгсэн мөртөө хуучин руугаа орчихгүй зүгээр л хөгжлийг боогдуулдаггүй юм гэхэд үргэлж удаашруулж байдаг хухугийнхныг би ерөөсөө ойлгодоггүй юм. Чөлөөт зах зээлийн замаар явбал явсан шиг урагшлаад, эсвэл буцсан шиг буцаад эргээд социализмаа байгуулаад унаж болдоггүй юм байх даа? Дандаа төрийн эрх барьж байсан, шийдвэр гаргах бүрэн эрх нь байна, тэгээд хаашаа явах гээд байгаа нь ер ойлгогдоггүй. Зах зээлийг боогдуулж төрийн оролцоог социализмын үеийнх шиг том болгочихоод дараа нь зах зээлийн тогтолцоогоо муулан АН-ыг буруутгана, тэгсэн мөртөө төвлөрсөн эдийн засгийн тогтолцоо руугаа орохгүй. Авилгатай тэмцлээ гэж АН буруутна, ардчилал эрх чөлөө гэлээ гээд АН буруутна. Тийм л гоё байсан юм бол эргээд тэр коммунизм руугаа буцаад Хойд Солонгос болооч дээ. Хаашаа авч давхих эрхийг нь ард түмэн олгосон, эрх нь байна. Дүлэгнээд зогсоод байхаар хөдлөөч.

-Тэгвэл яагаад одоо АН ялагдвал түүхийн тавцангаас арчигдана гэж?

-Хухугаа дагаад бас л нэг шийдвэргүй нам болж хувирч байна. Хуху нь үзэл суртлын хувьд үеэ өнгөрөөсөн бүлэглэл болж авилга эрх мэдлийн сонирхол дээр тогтсон бүтэц боллоо. АН нь болохоор шинэ үзэл сурталтай боловч тэрийгээ хэрэгжүүлж чаддаггүй, ингэж олон жил явсны эцэст уусах хандлагатай болж ирж байна. Иймээс одоо ялж өөрийн үзэл суртлыг хэрэгжүүлнэ, эсвэл уусан замхрана гэсэн салаа замын уулзварт байна.

-МАН ялвал түүхийн тавцанд үлдэх үү?

-Чухам энэ л сонирхолтой асуулт. Өнгөрсөн 10 жилд Монголын эдийн засаг 10 дахин өслөө. Ирэх таван жилд дахиад бараг арав дахин өсч ч магадгүй. Нийлбэрээрээ 15-20 жилд бараг л 70 дахин өсөх гээд байгаа биз? Гэтэл энэ хэрээрээ авилгын сүлжээ өргөсөж, тоо хэмжээ нь мянга дахин өсч байна. Энэ бол ард түмнээ худалдаад авчих их мөнгө. Энэ бол байгалийн баялагтай зарим орныг хөтөлсөн зам. Тухайлбал нефтийн асар их баялагтай Нигери. Тэнд эрх мэдэлтнүүд нь асар их баяжсан ч шоронд байгаа юм шиг амьдардаг. Өндөр хүчдэлтэй төмөр тороор хамгаалуулсан гурван метр өндөр хэрэм дотор хэдэн давхар зэвсэглэсэн цэргийн хамгаалалтан дунд баячууд нь амьдарч байна. Гадуур явахаараа салаа цэргээр хамгаалуулна. Эрхбиш их баялагтай болохоор иргэд нь зэргэлдээ орнуудаа бодвол амьдралын төвшин хавьгүй өндөр л дөө. Гэхдээ л эрх баригчдаа хэзээ ч дийлэхгүй боловч, ивээлд нь амьдраад сурчихсан ард түмэн үргэлжийн гомдолтой. Тэднийгээ чөлөөт сонгуулиар хусаад хаячих зориг байдаггүй, тэгсэн мөртөө ганц нэгээрээ явж байвал дээрэмдэх зодох алах зоригтой. Ингээд нийгэм нь зохицчихсон. Ардчилсан сонгууль болдог болохоор ардчилсан юм шиг, авилгадаа идэгдсэнийг нь бодохоор мафийн дэглэмтэй ч юм шиг. Манайхан “Африк, Латин Америкийн замаар орлоо” гэж ярих их дуртай. Тийм зам байдаггүй юмаа. Африкт Ботсвана, Намиби гээд хөгжлийн үлгэр жишээ үзүүлсэн орон нэг бус. Латин Америкт Чили, Аргентин, Урагвай гээд зөв гольдирлоор яваа орон зөндөө. Дэлхийн хөгжлийн нэг том үлгэр жишээ бол Бразил шүү дээ. Туршлагагүй дээр нь боловсролгүй, тэгээд омог отгоороо хоорондоо зөрчилтэй зарим орнууд гэнэт байгалийн их баялагтай болонгуут хоорондоо мөнгөө булаацалдаад энэхүү Нигери маягийн зам буй болгосон юм. Үүнийг л байгалийн баялагийн хараал гээд байгаа юм шүү дээ. Нийтээрээ арчаагүй, тэнэг, шунахайдаа нийгмээ ялзруулчихаад буруутан хайн гадаадын хөрөнгө оруулагчдыг яллаж, эцэст нь муу дээр муухай муухай дээр улцан болдог ийм л зам даа. Хэрэв бид энэ замаар орвол МАН дангаар үлдэх магадлал бий л дээ.

-Та сая “19” гээд кино хийлээ. АН түүхийн тавцангаас арчигдахгүйн тулд сонгуулийн өмнө үүнийг хийсэн үү?

-Энэ ямар ч сонгууль, улс төртэй хамаагүй асуудал. Саяхан хухугийнхан “Долоон бурхан харавдаггүй” гээд сонгуулийн кино хийснийг нь би түүх хэтэрхий гуйвуулсан байна гээд харавчихсанаас л болох шиг боллоо. Тэрний л хариу байх. Надад шинэ санаа орж ирсэн. Энэ нь кино урлагийн түүхэнд урьд нь байгаагүй санаа. Энэндээ хөөрөлхөөд л өч төчнөөн хөрөнгө үрж хийсэн юм. Дараалсан нэг үйл явдлыг гурван өөр зохиолчоор бичүүлж, гурван өөр найруулагчаар найруулуулж, гурван өөр прадакшнд үйлдвэрлэх. Энэ бол цэвэр урлагийн бүтээл Энэ бол найруулагчийн өөрийгөө илтгэсэн илэрхийлэл. Цаг хугацаа нь тэгэж таарсан юм. Киноны бүх зураг авалт хаврын муухай тэнгэр доор болох ёстой. Зун болчихоор цэцэг ногоо ургаад байгаль дэлхий гоё болчихдог, энэ нь киноныхоо үндсэн санаатай зөрчилдөнө. Иймээс киночид маань гурван долоо хоногийн дотор бүх зураг авалтаа дуусгасан. Хаврын хавсрага дуусахаас өмнө амжих гээд буй хэрэг шүү дээ.

-Энэ том найруулагчдыг яаж нэг дор цуглуулж чадав?

-Гол нь нэг дор цуглуулаагүй байхгүй юу. Эд кино нээлтэн дээр л анх цуглаж биенийхээ киног анх удаа үзсэн. Миний хайртай, үнэхээр чадалтай, өөрийн гэсэн өнгөтэй мундаг найруулагчид. Би санал тавьсан. Нямгаваа бүр Америкаас хүрээд ирсэн шүү дээ. Балжинням гуайг бүгдээрээ мэднэ. Баатар бол ховор авъяастай хүн дээ. Дэлгэцэнд зөвхөн найруулагчийг л харуулна гэж бид эхнээсээ тохирсон. Уран бүтээлд нь ямар ч цэнзүүр тавихгүй гэсэн. Зохиолд байгаа санааг яаж харж яаж илэрхийлэхээ өөрөө чөлөөтэй шийд л гэсэн. Харин улс төр тийш нь болбол битгий чангаагаарай гэж хувиараа гуйсан. Би улс төрч биш, кино улс төртэй хамаагүй.

-Тийм байхад сонгуулийн кино гээд л байх юм.

-Олон хүн атаархалгүйгээр амьдарч чаддаггүй шүү дээ. Би 1996 онд “Нүүдэл суудал Монголын түүх” номоо дуусгасан. Маш их хөдөлмөр орсон миний насны бүтээл. Сонгуульд зориулаад бичсэн гээд л баахан шуугисан. Ингэж дургүй хүргэж байгаа бол би атаархагчдын санаанд ороогүй юм хийнэ дээ. Бүр одоо.

-Юу хийх гэж?
-Мэдэхгүй. Жишээ нь зурагтаар хавтгай үзүүлчиж болно шүү дээ.

-Таны оролцсон Зууны шилдэг хүмүүс билүү, яагаав Лхагвасүрэн гуай хөтөлдөг нэвтрүүлэг бас л сонгуульд зориулсан гэж шуугилдаад хаагдсан даа.

-Тэр нэвтрүүлэгт уригдахдаа би зохион байгуулагчдаас нь сонгууль, улс төртэй хамаагүй биз гэж асууж байж орсон. Сүүлд нь тийм шуугиан үүссэн л байна билээ. Хаагдсан бол тэнд лав миний буруу байхгүй.

-Та аль болохоор улс төрөөс зугтаадаг болж дээ?

-Иргэний хувьд би зугтаахгүй. Зугтах боломж ч үгүй. “Та улс төрөөр оролдохгүй бол улс төр танаар оролдоно” гэж үг их үнэн шүү. Би татварт өөрийнхөө хэмжээгээр асар их мөнгө өгдөг. Мэдээж Эм Си Эс, Бодь, Эрдэнэт шиг ихийг өгч чадахгүй л дээ. Гэхдээ л дүүргийн тэргүүний татвар төлөгч гэсэн жаазтай бичгээр шагнуултлаа их татвар өгдөг. Олон арван саяар нь шүү. Ном хийдэг жижиг оврын компани шүү дээ. Ингэхээр миний өгсөн мөнгө юунд зарцуулагдаж байна гэдгийг сонирхох шалгаах эрхтэй. Авилгачдын цалин цавуу хөнгөлөлтийг нь өгөөд дээр нь хулгайлах юмыг нь бас төлж байна гээд бодохоор гутах юм. Миний мөнгөөр амьдарч байгаа төрийн зүтгэлтнүүд миний мөнгийг ямар хамаагүй юманд үрэн таран хийж байгааг харахаар уур хүрч хармын сэтгэл төрөх юм. Ийм учраас би иргэний байр сууринаас улс төрөөс зугтаахгүй.

-Тэгвэл өөрөө тэр захиран зарцуулагч нь болоод энэ бүхнийг засах гэж зүтгэх хэрэгтэй юм биш үү?

-Үгүй юм билээ. Би өөрөө гардаж 1998 онд энэ улсад хамгийн том реформын нэгийг хийсэн. Энэ бол банк санхүүгийн шинэтгэл. Энэгүйгээр ёстой балрах байлаа. Гэтэл яаж гүтгэж доромжилж гутаалаа даа. Энэ тухай би “1998 он” гэсэн цуврал өгүүлэлд тодорхой бичсэн. Улс төрч хүн гэдэг бол ямар ч бэрхшээлийг туулан эцсийн зорилгодоо хүрч чаддаг, үүндээ олон түмнийг татан оролцуулж чаддаг хүн байх ёстой. Би тийм биш. Би нэг мөсөн гомдсон. Магадгүй би хэтэрхий эмзэг хүн байх л даа. Би өөрийгөө төрд хэрэгтэй, төрд тус болж чадна гэдгийг мэднэ. Харин төр надад ямар хэрэгтэй билээ гэсэн асуултанд тийм ч сайн хариулт олдохгүй байна. Би эрх чөлөөнд дуртай. Би хүний сүүдэрт амьдарч чадахгүй. Би эрх чөлөөгөөр дутаж байсан. Эрхчөлөө олохын төлөө зөндөө тэмцсэн. Надад Монголын ард түмний нэгэн адил өнөөдөр эрх чөлөө байна. Одоо яаж амьдрах нь миний л хэрэг. Нээлттэй нийгэмд амиа аваад явж чадахгүй тураад үхвэл миний л хохь. Үүний төлөө би хэнийг ч буруутгахгүй. Нөгөөтэйгүүр миний бүтээл тууривал хийж байгаа нь нийгэмдээ тус болж буй хэрэг биш, өөртөө тус болж байгаа юм. Харин татвар төлж байгаа нь нийгэмдээ тус болж буй хэрэг. Энэ бол миний үүрэг. Татвар ахиу төлснөөр олон хүний амь амьдралыг авч явна. Иймээс би нийгмийн амьдралаас зугтаагч, хар амиа бодогч биш байгаа биз дээ?  Сонгуульд нэрээ дэвшүүлэхийн бас нэг гутамшигтай юм нь сонгогдохын тулд худлаа ярьж өөрийгөө доош нь чихдэг явдал. Хүн байхын нэг утга бол эрхэмсэг оршиж амьдралын богино хугацаагаа нэр төртэй өнгөрөөх явдал. Гол нь өөрийгөө хуурахгүй, өөрөөрөө байж насыг барах. Би л лав тэгэж боддог.

-“Аалзны тор - 6” гээд нэг том нийтлэл  гарчээ. Тэнд таныг Энхбаяртай далдуур холбоотой, бичиг цаас солилцдог гээд биччихсэн байна.

-Би уншсаан. 1998 онд банкны реформ хийж байхад Энхбаяртай байнга уулздаг байсан. Би тэдний, тэр манай өрөөгөөр орж ирдэг байлаа. Миний хийж байгааг их дэмжинэ. Хожим мэдэхнээ цаагуураа тэр ажлын эсрэг гүтгэлэгийн компанийг зохион байгуулдаг байсан юм билээ. Түүнээс хойш бараг уулзаагүй дээ. Харин би түүнийг сүүлд нь хамгийн том шүүмжлэгч болсон. Эргээд харвал би зарчим ярьж байсан болохоос хувийн өс хонзон гэх юм байхгүй. Би тэрэнтэй Улааны тухай баримт солилцож байсан гэдэг ч арай халуудах байхаа.

-Доктор Ганбат гэж хэн юм бол?

-Лав л надад дургүй нэгэн бололтой. Тийм атаархагчид хаа сайгүй л байдаг даа. Нэрээ нуусан хатгагчид ч өөдтэй амьтан бадаггүй юм даа. Би дотроо тагнуулынхан ч юм уу, цагдаагийнхан байх гэж боддог. Аль нэгэн баримт цуглардаг газрынх л байх. Бичсэн юмных нь хагас нь би ч мэдэх баримт байна билээ. Зарим нь итгэхийн аргагүй. Бат-Эрдэнэ аварга руу утасдаагүй, тэр өөрөө утасдсаныг жишээ нь санаж байна уу? Фридландаас зул сарын баярын өдөр 50 сая доллар гаргуулсан гэдэг юу л бол. Тэр үеэр Христийн орнууд байтугай Хятад, Японд ч гүйлгээ хийдэггүй юм.

-Таныг бас Фридландыг магтаж бичдэг, аягүй бол мөнгө авдаг гэсэн байна билээ.

-Би тэр Фридландыг чинь амьдралдаа хараагүй. Жаахан галзуу л байх, гэхдээ Монголд асар том баялаг нээж өгсөн хүн шүү дээ. Ийм их баялагийг нээж олж илрүүлэхэд асар их хөрөнгөнөөс гадна олдохгүй бол бүх мөнгөө алдах аймаар эрсдэл дагадаг. Дэлхийн хамгийн том уул уурхайн компани болох Би Эйч Пи хаяад явчихсан газар Фридланд шиг галзуу хүн л азаа үзэх байх даа. Хэрэв тэр байгаагүй бол бид одоо болтол Оюутолгойн ордын тухай мэдээгүй л явах байсан. Өнөөдөр Оюутолгой ашиглалтанд ороогүй байгаа мөртөө манай зах зээлд эргэлдэж байгаа гурван төгрөг тутмын нэг нь Оюутолгойтой холбоотой. Мөнгө тараах нь зөв гээгүй л дээ, гэхдээ энэ тарааж байгаа мөнгө чинь ашиглалтанд арай ороогүй байгаа Оюутолгойн мөнгө биш гэж үү? Би Фридландыг барон Унгернтэй зүйрлэсэн юм. Унгерн галзуу л байх, гэхдээ Монгол орныг чөлөөлсөн хүн. Тэр байгаагүй бол өнөөгийн бидний тусгаар тогтнол эргэлзээтэй л байх байсан. За яахав би бичээд мөнгө авдаг гэж саная. Хэд байхав? Сая доллар уу, эсвэл 100 мянган цаас уу? Тийм их мөнгө өгдөг юм бол цөмөөрөө бичицгээгээч. Эсвэл 100 мянган төгрөг аваад л орой нь гэрээрээ ресторанд орж хөлсөө арчаад л уу? Сэтгэлгээ нь дэндүү болхи санагдахгүй байна уу? Надад зүгээр л ахиухан мөнгө хэрэгтэй бол юм бичиж ядарсан хэдэн төгрөг олох ямар хэрэг байна? Шууд л хотын төвийн газар, уул уурхайн орд, том тээндэр хусвал чадна шүү дээ. Цаадуул чинь надад өгөхгүй гэж хэлж чадна гэж үү? Албан тушаал хэрэгтэй юм бол ядахнаа нэг дунд сургуулийн захирлын ажил олдолгүй дээ. Мэдээж би Оюутолгой, Тавантолгойг бушуухан ашиглалтад оруулахын төлөө байдаг. Барууны хөрөнгө оруулалт Монголд хөрөнгө гэдгээсээ гадна аюулгүй байдлын асар их ач холбогдолтой гэж үздэг. Гэхдээ би энэ талаар шийдвэр гаргадаг нь биш шүү дээ. Би эх оронч хүн. Эх орныхоо төлөө үг хэлэх саналаа илэрхийлэх эрхтэй эрх чөлөөт хүн.

-Гадаадын хөрөнгө оруулалт гэхээсээ илүүтэй дотоодын хөрөнгө оруулалт чухал гэж сая Энхсайхан хэлсэн байна?

-Дотоодын хөрөнгө оруулалт гэж байдаггүй юмаа. Энэ бол нэг хармайнаасаа нөгөө хармай руу мөнгө хийж буй хэрэг. Энд “оруулаад” байгаа юм алга. Чи дэлгүүр нээх гэвэл байгаа гуанзаа зарна, эсвэл байр байшингаа зарна. Эвсэл зээл авна. Энэ улс дотор л явж буй дотоод гүйлгээ байгаа биз дээ. Хөрөнгө шинээр орж ирэхгүй байна. Гадаадын хөрөнгө оруулалт гэдэг нь энэ саван дотор төлөвлөөгүй байсан хүний мөнгө орж ирээд капитал үүсгэлцээд эхэлж байна шүү дээ. Гаднаас орж ирсэн тэр мөнгө эргэлдээд ашигаа өгөхөөр цаад эзэнд нь ч ашигтай, оруулсан улсад ч ашигтай. Иймээс л аливаа улс орон гадаадын хөрөнгө оруулалтын төлөө үхтлээ зүтгэж булаацалддаг юм даа. Өнөөдөр гадаадын хөрөнгө оруулалтыг хамгийн их татсан орон АНУ. Хоёрдугаарт Хятад ордог. Үүнийг тэр том эдийн засагч ойлгохгүй байна гэж үгүй л дээ. Харин манайд ялангуяа барууны хөрөнгө оруулалтыг хаах хавчих гүтгэх гутаах явдал нийтийг хамарсан нь цаанаасаа захиалгатай тоглоом болов уу гэж харддаг. Ингэх нь хэн нэгэнд, аль нэг улсад хэрэгтэй болоод л ингэж байгаа. Хийрхэгчид нь, хөөрхийдөө захиалагчаа ч танихгүй мэдэхгүй яваа шүү дээ.

-Н.Энхбаярын шүүх хурал болох гэж байна. Та энэ талаар юу хэлэх вэ?

-Н.Энхбаярын талаар гэхээсээ түүний буй болгосон тогтолцооны талаар би урьд нь хангалттай шүүмжилсэн. Одоо би юугаа хэлэх вэ дээ. Харин сая болж өнгөрсөн явцын дундаас монголчууд бол хүнлэг сэтгэлтэй, хүнээрээ байгаа нийгэм юм гэдгийг л олж харлаа. Арабууд Каддафиг яалаа? Тамлаад зовоогоод тарчлаагаад сэтгэл нь ханахгүй олны үзмэр болгож байна. Шүүхэд аваачиж өгөхгүй өөрснөө хувиараа шийтгэх гэж булаацалдаад л. Гэтэл 1500 жилийн иргэншилтэй, соёлтой гэх ертөнц шүү дээ. Манай ард түмэн Энхбаярыг буруушаахын зэрэгцээ өрөвдөж, хүний хувьд нь хайрлаж хүнтэй зүй ёсоор харилцахыг шаардаж байна. Бид зэрлэгүүд биш. Бид энэрэнгүй хүмүүс. Үүнийгээ харуулж чадсанд би хүмүүст их талархаж байна. Ийм сайхан ард түмнийг доромжилж басамжилж хуурдаг хүмүүс л муухай.

-Танд ч ийм юм тохиолдвол ард түмэн өмгөөлнө дөө?

-Би ийм юманд орооцолдохгүй байхаа. Хууль хичнээн таалагдахгүй байсан ч би хуулийн дор амьдрах үзэл бодолтой. Энэ бол миний итгэл үнэмшил. Хуулийг зөрчиж болохгүй, хуулийг тойрч болно гэж тэртээ 22 жилийн өмнө нийтийн өмнө хэлж байсан үгэндээ би одоо ч үнэнч. Ер нь хүмүүс надад таагүй ханддаггүй шүү дээ. Би машин барьж чаддаггүй болохоор явган их явна, автобусаар явна, дэлгүүр хэснэ. Залуучууд хамт зургаа их авахуулна, гарын үсэг зуруулна. Хөгшчүүл улс төр ярих гэж их чангаадаг юм. Миний бичсэн өгүүллийг долоо хоногт 100 мянган хүн уншдаг. Надад дургүй нь хүрээд л уншаад байдаггүй байлгүй дээ. 100 мянган хүнээс 15-20 гар байнга хараалын сэтгэгдэл бичнэ. Тэдний хагас нь миний сайн таньдаг улс. Энэ бол байх ёстой тоо. Харин ч том амжилт. Яагаад гэвэл хорвоо чинь дан өнгөнөөс тогтддоггүй шүү дээ.

Ярилцсан Д.Оюунтуяа /2012.06.02/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 17 цаг 3 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 17 цаг 3 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 18 цаг 33 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 19 цаг 1 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 19 цаг 8 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 19 цаг 18 мин 1968 оны Чехословакийн хавар 19 цаг 45 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 19 цаг 59 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 21 цаг 33 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 21 цаг 42 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 22 цаг 3 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 22 цаг 53 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой 23 цаг 3 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 23 цаг 42 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Уржигдар 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Уржигдар 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Уржигдар 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Уржигдар 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Уржигдар 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Уржигдар 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ... Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно
Top