“Алтан тариа” ХХК-ийн захирал П.Цэнгүүнтэй цөөн хором ярилцлаа. ШӨХТГ-аас тус компанид торгууль тавьсантай холбоотойгоор “Алтан тариа” гурилын үнийг нэмэгдүүлнэ гэж тэрбээр мэдэгдээд байгаа юм.
-ШӨХТГ-аас “Алтан тариа” ХХК-ийг торгосныг тодруулахгүй юу?
-ШӨХТГ-аас манайхыг гурилын үнийг нэмсэн гэж өнгөрсөн оны есдүгээр сараас хойш шалгаж байгаа. Шалгалтанд шаардлагатай баримт материалыг цаг тухайд нь бид гаргаж өгөөд явсан. Саяхан шийдвэр нь гарлаа. Тэр шийдвэр нь биднийг гурилын үнийг үндэслэлгүй нэмсэн, хэрэглэгчийг хохироосон хууль бус худалдааны арга хэрэглэсэн гэж торгосон. ШӨХТГ-ын энэ торгууль нь Монгол Улсын хуульд огт нийцэхгүй, хууль бус шийдвэр болсон гэж үзэж байгаа.
-Торгуультай холбоотойгоор бүтээгдэхүүнийхээ үнийг нэмнэ гэсэн таны байр суурь олон нийтийн анхаарлыг нэлээд татаж байна. ШӨХТГ-ын үйлдэл яагаад гурилын үнэ нэмэхэд хүргэчихэв?
-Монгол Улсад мөрдөгдөж байгаа хууль дүрмээр бол аливаа хувийн хэвшил, компани бараа бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэхийг хориглодоггүй. Нэмсэн тохиолдолд компани тэр үндэслэлээ тайлбарлах шаардлага ч байдаггүй. Хэрэв тэр компани зах зээл дээр давамгай байдалтай биш бол. Манайх давамгай байдалтай компани биш. Тиймээс бид тэр үндэслэлийг тайлбарлах ямар ч шаардлага байхгүй. Тиймээс ШӨХТГ-ын торгууль бол хууль бус шийдвэр. Нөгөө талаас хэрэглэгчийг хохироосон хууль бус үйл ажиллагаа явуулсан гэж юу яриад байгааг ч ойлгохгүй байна.
-Тэгээд та гурилынхаа үнийг яг нэмчихсэн үү?
-Яахав, бага хэмжээгээр дохио болгож нэмсэн. Нэгдүгээр гурилын үнэ 20 төгрөгөөр нэмэгдсэн. Энэ бол “Та нарын үйлдэл чинь хууль бус” гэдгийг харуулсан дохио. Цаашдаа ч дураараа дургиж, хуульд байдаггүй үйлдлийг төрийн байгууллагууд хийж болдоггүй юм шүү гэдгийг ойлгуулах үүднээс үнээ нэмсэн.
-Мэдээж үнийн асуудал манай улсад олон жил яригдаж байгаа сэдэв. Аливаа салбарыг чөлөөт зах зээлээр нь хөгжүүлэх ёстой гэж ярьдаг. Гэхдээ гурил бол стратегийн бүтээгдэхүүнд орно. Тиймээс үнийн асуудал олон нийтийн эрх ашиг болоод явчихна шүү дээ...?
-Энэ асуудлаар олон нийтийн дунд өрнөсөн, хүмүүсийн талцаж хуваагдсан асуудал их сонирхолтой зүйлийг давхар харууллаа. Манай нийгэм өөрөө хуучин сэтгэлгээтэй, хуучны үзэл барилтай, социалист үеэрээ сэтгэдэг хүмүүс их байна. Нэг ёсондоо төр бүхий л зүйлд оролцож байна. Гэтэл өнөөдөр бид зах зээлийн эдийн засагтай улс. Үнэ гэдэг бол зөвхөн зах зээлийн эрэлт нийлүүлэлт дээр явагдана гэдгийг ойлгох цаг нь болсон байх.
-Гол нь энэ явдалд хэрэглэгч буруугүй биш үү. Үнийн нэмэгдэл хэрэглэгчийн нуруун дээр л ирнэ?
-Өмнө нь хэлсэн. Ямар ч татвар, НӨАТ, нийгмийн даатгал, онцгой албан татвар, хураамж, ер нь төрөөс хурааж байгаа бүх төрлийн мөнгийг бизнесмэнүүд барааныхаа үнэ өртөгт шингээж явдаг. Тиймээс энэ хэцүү, хямралтай байгаа үед бизнесмэнүүдийг ингэж торгоно гэдэг бол эцсийн дүнд хэрэглэгчдэд ч хүнд тусдаг, давхар торгууль ногдож байгааг ойлгоосой гэдэг үүднээс энэ асуудлыг хөндсөн.
-Та шүүхэд хандана гэв үү?
-Шүүхэд хандана. Шүүхэд хандаад яаж тайлбарлахыг харъя. Монгол Улс хууль дүрэмтэй. Түүнийхээ дагуу шийдэх байх. Ер нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийг хамгаалах ёстой байгууллага нь огт эсрэг, тэсрэг юм хийгээд байгаа юм. Хэрэглэгчийг хамгаална гэчихээд өрсөлдөөнийг маш ихээр боомилдог. Хэрэглэгч бол байнга хямд үнийг сонгож авдаг. Гэтэл хямд үнэтэй байх ёстой гээд үнэ бууруулаад хуйвалдаад байвал зах зээл дээр өрсөлдөөн байхгүй болно. Шинэ санаачилга, шинэ бүтээгдэхүүн, шинэ үйлдвэрлэгч, шинэ хэрэглэгч, шинэ нийлүүлэгч огт гарч ирэхгүй. ШӨХТГ өөрөө өрсөлдөөнийг хааж боомилсон, эсрэг байгууллага болж хувирчихаад байна.
Эх сурвалж: Өдрийн сонин